| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лоолгойн Нямдорж |
| Хэргийн индекс | 204/2023/00022 |
| Дугаар | 204/МА2023/00019 |
| Огноо | 2023-10-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 204/МА2023/00019
2023 оны 10 сарын 19-ний өдөр Дугаар 204/МА2023/00019 Өвөрхангай аймаг
Б.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2023/00285 дугаар шийдвэртэй
Б.Б-ийн нэхэмжлэлтэй Г.Д-д холбогдох “ гэм хорын хохирол нийт 18 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Г.Д-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Би Г.Д-тай найзууд байсан. 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ хоёр том хүүхэдтэйгээ хувцас угаагаад байж байтал Г.Д манай найз залуу нэг дэх өдөр ирнэ гэж байсан боловч гэнэт хагас сайны орой наашаа гарлаа гэнэ. Тиймээс түүнийг тосоод Эрдэнэсант сум орж ээж, аав дээр хүүхдээ хүргэж өгөөд ирнэ гэж гуйсан учир бид хоёр хамт явах болсон.
Уг нь тухайн үед цаг орой болсон шөнө байсан учир би хоёр эмэгтэй хүн хол замд явах хэцүү машин барих эрэгтэй хүнтэй явъя гэж хэлсэн боловч Г.Д тэр хүнтэй чинь би энерги таардаггүй гээд зөвшөөрөхгүй аймгаас явахдаа бид хоёр маргалдаад гарсан. Эндээс явахдаа би өөрөө машинаа бариад явсан. Харин Г.Д-ийн хүүхдийг хүргэж өгөөд буцах замд Г.Д жолоо барьсан. Өмнө нь Г.Д Өвөрхангай аймгийн төвд миний автомашиныг надаас аваад унаад явдаг байсан. Тухайн үед Эрдэнэсантын наана буюу 50 км орчимд 130 км цагийн хурдтай явж байхаар нь чи болиоч ээ, хурд хэтрүүлээд байна. Би дөрвөн хүүхэдтэй ганц бие ээж, би хүүхдүүд дээрээ эсэн мэнд очмоор байна болиоч ээ гэхэд Г.Д чи надад машин барихыг заах болоогүй шүү гэсэн. Тэгээд нүд ирмэх зуур осол болсон.
Ослын дараа Сансарын цагдаад хэлэхэд өөрсдөө гайгүй бол хоорондоо учраа ол гэсэн. Мөн Г.Д шүүх, цагдаа хэрэггүй намайг хохиролгүй болгож өгнө гэж гуйсан учир би хамт ажилладаг хүний хувьд хүн чанар гаргаж зөвшөөрсөн.
Ингээд Г.Д миний Toyota Prius 30 маркийн *** улсын дугаартай автомашиныг Улаанбаатар хот оруулан зараад бичиг баримтыг шилжүүлэн авсан. Үүний дараа надад орж ирсэн Toyota Prius 30 маркийн автомашин зээлээр авч өгсөн боловч зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас зээл өгсөн газар нь тухайн автомашиныг хураагаад авсан.
Би Toyota Prius 30 маркийн *** улсын дугаартай өөрийн автомашиныг 15,500,000 төгрөгөөр худалдан аваад 975,000 төгрөгөөр зөндөө засвар үйлчилгээ хийлгэсэн бөгөөд тэр зардлуудаа нэмж тооцсон. Мөн дээр нь Г.Д-ийн банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн зөрүү сард 305 000 төгрөгийг таван сарын хугацаанд хийж 1 525 000 төгрөг болсон.
Иймд Г.Д-аас нийт 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэжээ.
2. Хариуцагч Г.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Б-ийн нэхэмжлэл болон тайлбартай санал нийлэхгүй байна. Нэхэмжлэл дээр бичсэн зүйлийн 50 хувь нь буруу байсан. Сая намайг чи надад машин жолоодохыг заахгүй гэсэн гэж байна. Би огт тэгж хэлээгүй. Мэдээж хоёр эмэгтэй хүн, шөнийн 03 цагт явж байсан нь үнэн. Хурд хэтэрсэн асуудал мөн байгаагүй. Харин зөөлөн яваарай гэж хажуугаас сануулсан. Аймгаас яагаад тийм орой гарсан гэхээр өөрөө 11 цаг болж байхад дэлгүүрээ хаасан. Хамт явна гэсэн хүн нь архи уучихсан согтуу байсан болохоор би архи уусан хүнтэй явахгүй гээд бид хоёр маргалдаад гарсан нь үнэн. Хамт явах гэж байсан хүн нь манай ангийн хүүхэд байсан юм.
Тэгээд Эрдэнэсант ороод буцаад наашаа явж байхад нүх дайраад автомашины дугуй буудсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. Гэхдээ энэ хүнийг бодоод шөнө оройн цагаар явж байгаа, найз нөхөд, тохиролцоод хамт явж байгаа юм даа гэж бодоод автомашиныг нь барьсан. Миний хувьд жолоо барих эрхгүй, мэдлэггүй байсан. Хол замд гээд өөрийнх нь гуйлтын дагуу жолоо барьсан.
Осол болсны дараа Сансарын цагдааг дуудахад цагдаа нар авч хэлэлцээгүй, өөрсдөө л зүгээр бол хоорондоо шийд гээд орхисон. Аймаг дээр ирээд даатгалаас мөнгө төгрөг гаргуулах гэхэд тэр машин нь даатгалгүй байсан.
Би Б.Б-ийн Toyota Prius 30 маркийн *** улсын дугаартай автомашиныг өөрөөсөө зардал гаргаж Улаанбаатар хот оруулан зараад дээр нь мөнгө нэмээд 5 000 000 төгрөгийн урьдчилгаа гаргаж сард 768 000 төгрөгийн төлөлттэй хотод амьдардаг найзынхаа нэрээр автомашин авч өгсөн.
2022 оны 10 сараас хойш Б.Б ч төлөлтөө хийгээгүй, би ч төлөлтөө хийгээгүй хоёр талаас төлөлтөө хийгээгүй учир 3 сарын дараа автомашиныг нь хураагаад авч явсан. Тийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би өөрийнхөө зүгээс 10 000 000 төгрөгийн хохиролтой явж байгаа. Энэ автомашиныг авахдаа хүнээс мөнгө зээлээд төлөлт хийгээд явсан. Би чадах чинээгээрээ найздаа хохирол үүсгэхгүй гээд хэл амгүйгээр ажлаа орхиод хот явж 7 хоногийн дотор автомашин авч өгсөн. Чиний явж байсан машин 3 жил явсан машин байсан, миний авсан машин орж ирсэн Toyota Prius 30 маркийн машин байгаа болохоор үнийн зөрүү нь ийм гарч байна гэхэд Б.Б хүлээн зөвшөөрч сард 300 000 төгрөгийн төлөлт хийж байсан. Би найз нөхдийн хувьд хажуудаа аваад, сургаад бие биедээ түшиг болно гээд явж байгаад гэнэт 10, 11 дүгээр сараас надтай харьцахаа болиод, төлөлтөө яах талаар ярилцахгүй хоёр тийшээ харж яваар байгаад автомашинаа хураалгасан. Тийм учраас нэхэмжлэлийг миний зүгээс төлөх боломжгүй, төлбөрийн чадваргүй. Би бараг буцаагаад машинд төлсөн мөнгөө нэхэмжилмээр байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Д-аас 14 000 000 төгрөг гаргуулан Б.Б-д олгож, 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Г.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2023/00285 шийдвэрийг иргэний хэргийн хариуцагч Г.Д би 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна.
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2023/00285 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй шийдвэр болж чадаагүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг баримталж шийдвэр гаргаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна. Шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэх хүсэл зоригтой байсан бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг баримтлах ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн бас нэг ноцтой алдаа нь хариуцагч Г.Д намайг машин жолоодох эрхтэй байсан эсэхийг нотлогдоогүй гэж дүгнэж байгаа нь бүр ч ойлгомжгүй байна. Намайг машин жолоодох эрхтэйг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй байхад эрхтэй мэт дүгнэлт хийж байгаа нь нэг талд үйлчилж байна. Авто осол болсон нотлох баримтгүй ч хариуцагч нь машин жолоодож явсан нь маргаангүй гэх зэргээр ойлгомжгүй дүгнэлт олноор хийж хариуцагч гэж Г.Д намайг өндөр төлбөрт орууллаа.
Иргэний хэргийн хариуцагч Г.Д би 2022 оны 4 дүгээр сард болсон авто ослын хохирлыг надаар 100 хувь төлүүлэх гэж байгаа нь шударга бус гэж үзэж байна. Тухайн осол гарах үед би Б.Б-ийн хүсэлтээр жолоо барьж яваад машиныг нь осолдуулсан нь үнэн боловч машины төлбөрийг бүрэн хариуцах хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Би машин жолоодох эрхгүй, машин жолоодох эрхгүй тул албан журмын даатгалд хамрагдаагүй байсан. Харин Б.Б өөрөө машины өмчлөгч, бас машин жолоодох эрхийн үнэмлэхтэй тул албан журмын даатгалд хамрагдсан байх ёстой. Хэрэв хамрагдаагүй бол эрсдэлээ өөрөө хүлээх ёстой гэж үзэж байна.
Би осол болсны дараа, Б.Б-ийн тоёота 30 маркийн *** авто машиныг өөрөөсөө зардал гаргаж Улаанбаатар хот оруулан зараад дээр нь мөнгө нэмж 5 000 000 төгрөгийн урьдчилгаа төлж зэлээр машин авч өгсөн. Тэр машины үнийн дутууг сар бүр Б.Б 768 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байсан. гэтэл Б.Б төлбөрөө хийхгүй байснаас шалтгаалж машиныг эзэн нь буцаан авч явсан байхад надаас машины төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж, шүүх түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь миний эрх ашигт ноцтой хохирол учруулж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна.
Анхан шатны шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх идэвхтэй үйл ажиллагаа явуулсангүй. Энэ маргаанд машинаа буцааж авсан этгээд болон өөрийн нэрээр гэрээ байгуулж машин авсан М.Г нарыг татан оролцуулах ёстой байхад ийм ажиллагаа явуулахын оронд надад бүх төлбөрийг хариуцуулж байгаад гомдолтой байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2023/00285 шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч Г.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Д миний зүгээс *** гэсэн улсын дугаартай авто машиныг Б-тэй харилцан тохиролцож ББСБ-аас зээлээр авч байсан нь үнэн. ББСБ-ын төлөлтийг бид хоёр аль аль нь сүүлийн 3-н сар төлөлтийг нь хийгээгүй явж байгаад машинаа хураалгасан. Машинаа хураалгачихаад надаас гарсан урьдчилгаа мөнгө, зээлийн төлөлт гээд 10,000,000 төгрөгийн хохирлыг хүлээж авахгүйгээр буцаагаад надаар машиныхаа мөнгийг бүрэн төлүүлнэ гэсэн нэхэмжлэл гаргаж шүүхэд өгсөн. Үүнээс болоод маргаан үүссэн.
Би Өвөрхангай аймгийн харьяат гээд Улаанбаатар хотоос ББСБ-аас машин зээлээр авах гэсэн чинь заавал Улаанбаатарт амьдардаг хүнд зээл гаргана гэхээр нь хотод амьдардаг найзынхаа нэр дээр ББСБ-аас тухайн машиныг зээлээр авч байсан. Тэгэхээр энэ хэрэгт гуравдагч этгээд оролцох ёстой гэж бодож байна. Учир нь гуравдагч этгээд рүү миний урьдчилгаа мөнгө 5,000,000 төгрөг орсон. Бид хоёр нийттэй төлсөн нэг сарын 768,000 төгрөгийг 5-н сарын хугацаанд төлсөн. Машин хурааж авсан ББСБ эсхүл машины үндсэн зээлдэгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлттэй байна.
Б.Б 18,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Үнэндээ машинаа 13,500,000 төгрөгөөр авч байсан. Өөр машин тэргэндээ 3-4-н сая төгрөгийн юм хийсэн гээд 18,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Бид хоёр найзууд байсан. Тухайн үед би хүчээр жолоог булааж аваагүй. Шөнийн 2, 3-н цагийн үед явж байсан болохоор ядраад чи жолоо барих уу? гэхээр нь баръя гээд зөөлөн яваарай гэдэг зүйлийг сануулсан. Хэрэгт байгаа шиг 130 кмц хурдтай явсан зүйл огт байхгүй. Хэзээ ч шөнө оройн цагаар эмэгтэй хүн 130 кмц-ийн хурдтай давхина гэж байхгүй. Урьд нь Б.Б-ийн машины дугуй хавантай, бууддаг шүү гэж нэг хүн сануулж байсан. Эрдэнэсантын тэнд жаахан нүх дайрахад дугуй нь буудаад би жолоо барих эрхгүй, туршлагагүй байсан болохоор сандраад рулыг нь дараад машин нь 3, 4 хөрвөөд тийм осол болсон. Тэр үедээ Сансрын цагдаа дуудахад өөрсдөө зүгээр бол эмнэлэгт үзүүлчих, завгүй байна, очиж чадахгүй гэсэн. Тийм болохоор тэр үедээ хуулийн байгууллагад хандалгүйгээр өөрөөсөө мөнгө гаргаад 600,000 төгрөгөөр хот руу ачуулаад сэлбэг, засварт өгье гээд засвараас асуухад 10,000,000 төгрөгөөр засна гэсэн.
Тэгэхээр нь ингэж мөнгө зарлагдаж байхаар найзыгаа хохиролгүй болгоё гээд ББСБ-гаас машин авч өгсөн. Би ганцаараа шийдвэр гаргаагүй. Мэдээж Б.Б-ийн саналыг асуусан. Чиний явж байсан машины урьдчилгаа 50 хувь гээд байна. Шинэ машиных болохоор 20 хувь юм байна. Найзынх нь боломж ийм байна. Чи хүлээн зөвшөөрөх үү. Шинэ машины зөрүү төлөлт гэдэг зүйл гарч ирнэ шүү дээ гэхэд Б.Б би зөвшөөрч байна гээд утсаар яриад тухайн машиныг 24,500,000 төгрөгөөр авсан. Зээлийн зөрүү төлөлт 300,000 төгрөгийг Б.Б, би 468,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож манай найзын нэр дээр ББСБ-аас авсан. Миний нэр дээр зээл нь гарсан бол миний нэр дээр тодорхойлолт гаргаад өг гэх байсан.
Гэтэл Г гээд залуугийн нэр дээр зээл нь гарсан учраас тэр хүнийг албан ёсоор шүүхэд оролцуулахаас өөрөөр ББСБ-аас надад ямар нотлох баримт өгөх боломжгүй байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийнхөө хийсэн үйлдлийнхээ хариуцлагыг тодорхой хэмжээгээр үүрсэн. Би чамайг хохиролгүй болгоод өгье гэж хэлсэн. Хэрэгт энэ талаараа хэлсэн байсан. Г.Д хуулийн байгууллагаар яваад яах юм бэ. Зүгээр хамт ажилладаг байсан болохоор нь хуулийн байгууллагад хандаагүй гэсэн үндэслэлгүй зүйл яриад байна. Тэр үед хамт ажилладаг байгаагүй. Тэгэхэд нь би нэг ч удаа шүүх, цагдаагаар битгий яваарай гэж гуйгаагүй. Би өөрийнхөө хариуцлагыг хүлээх үүднээс хот руу явж сайхан найз нөхдийнхөө дэмжлэгээр машин босгоод аваад ирсэн.
Тэрний хариуцлагыг бид хоёр хоёулаа хүлээх ёстой байсан. Мэдээж машиныг унаж яваа эзэмшигчээс машиныг хураах гэж байхад над руу яриад энэ машиныг чинь хураах гээд байна шүү. Одоо хоёулаа зээлийн төлөлтөө яах уу гэж ярихгүй. Зүгээр л шууд өгч явуулчихаад над руу яриад би машинаа хураалгачихлаа. Би чамайг шүүхэд өгнө гээд өөр юу ч ярихгүй утсаа тасалсан. Тэгэхэд эхлээд над руу яриад би энэ машиныг аваад үлдчихмээр байна. Хоёулаа мөнгө төгрөгөө дундаасаа босгох уу. Найз нөхдийн харилцаа тасарсан ч гэсэн энэ хариуцлагаа хүлээж чадах уу гээд ярьсан бол би мэдээж өөрөөсөө мөнгө төгрөг хүч хөдөлмөр зарцуулж авсан байсан болохоор тэгье л гэж хэлэх байсан. Осол гарахаас өмнө бид хоёр зүгээр хамт ажилладаг хүмүүс байгаагүй. Бид хоёр найз нөхөд байсан. Осол гарчихаад би машин тэрэг авч өгчихөөд явж байгаад бид хоёрын харилцаа нэлээд сайжирсан. Тэгээд би Б-д хэлж байсан. Найз нь ийм чадвартай юм чинь миний найз хүний дэлгүүрт ажиллахаа больчихоо. Найз нь чамайг сургаад авъя. Би чамд мэддэг чаддаг бүх зүйлээ заагаад өгье гэж хэлж байсан. Гэтэл энэ дээр бичигдсэн хамт ажилладаг хүнээ гэж бодоод шүүх, цагдаад мэдэгдээгүй гэж бичсэнийг нь тайлбарлаж хэллээ гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр учир дутагдалтай болсон. Учир нь нэхэмжлэгч Б.Б тэр машинаа ББСБ-даа буцааж өгсөн гэх нотлох баримт байхгүй. Жолоо барих эрхгүйгээ нотлоогүй гэж байгаа. Жолоо барих эрхтэйгээ нотолсон нотлох баримт ч хэрэгт байхгүй. Гэтэл жолоо барих эрхтэй гэж бодсон нэхэмжлэгчийн саналыг шүүх хүлээж авсан мөртлөө жолоо барих эрхгүй байсан гэсэн хүнийг нотлоогүй. Тэгвэл жолоо барих эрхтэйг нотолж байгаа хүн нь нотлох баримтаа гаргаж өгөх байсан. Энэ маргааны хохирлын талаар үнэн зөв шийдээгүй. Гарцаагүй эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээд мэдэж болох зүйл. Өөрөөр хэлбэл Б.Б тэр машиныг буцааж өгсөн үү өгөөгүй юу. Эсхүл өөр тийш нь зарсан уу хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан машиныг буцаагаад аваад явчихлаа гэсэн. 10,000,000 төгрөг төлсөн байхад тэр тооцоог хийлгүйгээр машиныг буцааж өгсөн бол ББСБ, Б.Б хоёр хоорондоо тохиролцсон байна гэж хардах үндэслэл байна.
Тийм учраас анхан шүүхэд энэ хэргийг буцааж байж гуравдагч этгээдийг татан оролцуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. Ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн машиныг барьж яваагүй. Зөвшөөрч барьсан. Тэгээд жолоодох эрхгүй хүнд машинаа шилжүүлсэн. Мөн албан журмын даатгалтай байх ёстой. Даатгалгүй байсан уу? эсхүл аль эсхүл даатгалаас тооцоо нийлсэн зүйлээ тусгахгүй байгаа юу? Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар 18,000,000 төгрөгийн ядаж 7,000,000 төгрөгийг нь өгчихсөн байгаа шүү дээ. Тийм байхад бүтэн мөнгө нэхнэ гээд байгаа. Тэгээд нэхэмжлэгч нь машин тэргийг нь унаж эдэлж байгаад гэнэт л буцаагаад өгчихсөн байсан. Гэтэл буцааж өгсөн баримт нотолгоо энэ хэрэгт байдаггүй учраас буцааж өгсөн үү гэдгийг мэдэхгүй учраас хариуцахгүй гэж байгаа юм. Тийм учраас хэргийг анхан шатанд буцааж үнэлэлт дүгнэлт хийвэл хэн хэндээ хохиролгүй болох байх гэж үзэж байна гэв.
7. Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг ББСБ-тай хардаж байна. Би ББСБ-тай анхнаасаа ямар ч холбоогүй, миний оролцоо байхгүй байсан учраас хардаад байх шаардлагагүй. ББСБ мөн тэр нэр дээр нь зээл авсан Ганпүрэв гэдэг хүнтэй ямар ч холбоогүй. Гуравдагч этгээдээр татан оролцуулна гэж байгаа бол надад айж эмээгээд байх зүйлгүй. Машин онхолдуулчихаад авч явахдаа Г.Д над руу ярьж байсан. Хотод очоод машин авахдаа үнэндээ миний үгийг сонсоогүй. Юу юугүй хашгичаад, найз залуу нь гээд нэг залуу, мөн дүү нь гээд залуу ирдэг. Тэгснээ тэр дүү нь хүний найз ийм байдаг юм уу. Чи миний эгчийг ийм байдалд орууллаа гэдэг. Би энэ хэргийг маш хурдан шийдүүлмээр байна. Өөрийнхөө хохирлыг маш хурдан хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч Б.Б-ээс хариуцагч Г.Д-д холбогдуулан гэм хорын хохирол 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч Г.Д-аас 14 000 000 төгрөг гаргуулан Б.Б-д олгож, 4 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
10.а. Хариуцагч Г.Д нь хэрэгт хамааралтай гэж үзсэн дөрвөн асуудлыг тодруулахаар “***” ББСБ-ын захирал Э.Б-ийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, шүүх хүсэлтийг хангахаар шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/.
Гэвч хариуцагчийн хүсэлтэд дурдсан асуултыг гэрчээс бүрэн тодруулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ биелүүлээгүй, зохигчдын хүсэлтийг бүрэн хангаагүйгээс нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Хариуцагчаас шүүхэд хандан гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, захирамж гаргасан боловч уг захирамжид заасан ажиллагааг гүйцэд хийгээгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсгийг зөрчжээ.
10.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.6.-д “Тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж, оролцуулна.” гэж заасан. 2023 оны 06 сарын 06-ны өдөр ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнд томилогдсон Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяаг ээлжийн амралттай гэсэн үндэслэлээр Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэлээр сольж томилжээ. Ингэж томилохдоо адил шатны ерөнхий шүүгчтэй зөвшилцсөн эсэх нь тодорхойгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах шүүгч нь хуульд заасан журмын дагуу томилогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.
Дээрх нөхцөл нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4.-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.
11. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
12. Хариуцагч Г.Д хуульд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 07-ны өдрийн 145/ШШ2023/00285 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хариуцагч Г.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.