Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

                        нарийн бичгийн дарга Б.Батням,

                        улсын яллагч Н.Уранбайгаль,

            шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох эрүүгийн 1803008750454 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:     

Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/6 дугаар байр 44 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Сурагчийн 17-279 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Э,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 11 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс” супермаркетын баруун замд С.Бүүвээбаатарын эзэмшлийн Accent Verna маркийн 69-54 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /30 настай, эрэгтэй/ Б.Бархасыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би хүүхэд уйлаад байхаар нь эмнэлэг рүү явахаар Үүрийнцолмонгоос автомашиныг нь түр гуйгаад аваад гэр рүүгээ явж байх замдаа тээврийн осол гаргасан. ...надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би жолооны курс төгсөөгүй. Зам тээврийн осол гаргаснаас хойш би автомашин бариагүй…” гэсэн мэдүүлэг /хх-46/,

 

хохирогч Б.Бархасын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 15-ны 11 цаг өнгөрч байхад би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд гэр рүүгээ харихаар 17-н авто угаалгын зүүн талын зохицуулдаггүй явган хүний гарцаар баруунаас зүүн тийш зам хөндлөн гарсан. 1, 2 эгнээнд гарцан дээр автомашинууд зогссон байхаар явж байтал 3 дугаар эгнээнээс нэг автомашин орж ирээд миний зүүн өвдөгний орчимд мөргөхөд би уг автомашины хамар дээр ойчоод газар унасан. Толгой, мөр хэсгээр автомашиныг мөргөж унасан. Намайг мөргөсөн автомашины жолооч бууж ирээд та зүгээр үү гэхлээр нь алив гараа өгөөдөх түшээд босъё гэтэл би өөрөө босож чадахгүй байсан, би баруунаас зүүн тийш явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарсан. Жолооч эмчилгээний зардалд 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад гомдол санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-11-15/,

 

гэрч Б.Мягмарын “…2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд өөрийн эзэмшлийн 41-87 СЭА дугаартай автомашинаа унаад хайлаастаас 32 тойрог орохоор Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Макс” супермаркетын баруун замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр хойноосоо урагшаа чигтээ явж байгаад толиндоо хартал араас ямар нэгэн автомашин байгаагүй. Тэгээд явган хүний гарц руу дөхөж явтал нэг залуу авто угаалгын орчмоос явган хүний гарц руу алхаж явсан. Би зогсоод зам тавьж өгөхөд тэр залуу баруунаас зүүн тийш зам хөндлөн гарсан. Тэгээд би явган зорчигчийг өнгөрөөгөөд хөдлөхөд ард түг хийх чимээ гарсан. Тэгэхээр нь би тормоз гишгээд зогссон. Тэгтэл араас ирсэн автомашин эхлээд миний автомашины зүүн хойд буферийг мөргөөд хөндлөн дараад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хүнийг мөргөөд зогссон. Автомашинд мөргүүлсэн залуу копуд дээр ойчоод даваад газар унасан. Би автомашинаасаа буугаад хартал мөргүүлсэн залуу гарцан дээр хэвтэж байсан.Миний автомашинд бага зэргийн зураас гарсан байсан тул би цагдаагаар шалгуулах шаардлагагүй тул хөдлөөд явсан. Явган хүний зохицуулдаггүй гарц байсан...” гэсэн мэдүүлэг /хх-19/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹12944 тоот актын “…Б.Бархаст зүүн шаант, тахилзуурын дээд 1/3-ын далд, сэлтэрхийт хугарал тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, мөргөх үед үүсгэгдэнэ. …Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-24/,

 

Техникийн шинжээчийн 771 тоот актын “Ассеnt Vегпа маркийн 69-54 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Бархас нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3. Зам тээврийн осол гарахад замын байгууламж, тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл байхгүй болно”...” гэсэн дүгнэлт /хх-35-36/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-8/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-8/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-8/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-74/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-67/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-69/, хохирогчийн өвчний түүх /хх-54/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /77-78/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө 11 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс” супермаркетын баруун замд С.Бүүвээбаатарын эзэмшлийн “Ассеnt Vегпа” маркийн 69-54 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бархасыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Бархас, гэрч Б.Мягмар нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹12944 тоот актын дүгнэлт, Замын цагдаагийн албаны шинжээчийн 771 тоот дүгнэлт, шүүгдэгч Г.Эийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, улмаар Б.Бархасын биед хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Эийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бархаст 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ба хохирогч нь “цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Эийн дээрх үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.   

 

Шүүх шүүгдэгч Г.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Г.Эийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Эийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4.Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР