Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Батням,

          улсын яллагч Ц.Амгаланбаатар,

          шүүгдэгч Н.З, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.З холбогдох яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809046351073 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 49-1166 тоотод оршин суух,

          2005 оны 06 дугаар сарын 02-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 100 цаг албадан ажил хийлгэх ялаар,

          2005 оны 09 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

          2017 оны 6 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хорих ялаас чөлөөлөгдсөн, Н.З,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Н.З нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг Багшийн дээд автобусны буудлын орчим нийтийн тээврээр зорчин явсан Б.Отгончимэгийн халааснаас самсунг гранд макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Н.З шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Багшийн дээдийн урд талын шар хад руу явдаг автобусны буудал дээрээс 20 гаран насны эмэгтэй хүний баруун талын халаасанд нь байсан гар утсыг автобусанд суух үед чихэвчийг нь салгаж авсан.…” гэсэн мэдүүлэг /хх-24/,

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Отгончимэгийн “…Би 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах багшийн дээдийн автобусны буудалд байхдаа өөрийн самсунг гранд макс маркийн гар утсаа өөрийн өмсөж явсан хар өнгийн гадуур хүрэмнийхээ зүүн гар талын гадна халаасанд хийсэн байсан. Би халдварт орох автобусанд суухад маш их хүнтэй байсан ба шахцалдаж орсон. ...Хавдар судлалын автобусны буудалд буухаар голын хаалга руу дөхөх үедээ өөрийн гар утас байхгүй байгааг мэдсэн…”  гэсэн мэдүүлэг /хх-9/,

 

Гэрч А.Энх-Амгалангийн "...ажил үүргээ гүйцэтгээд явж байхад 3, 4 дүгээр хорооллын эцэст явж байхад урьд халаасны хулгайн гэмт хэрэгт бүртгэлтэй байсан Н.З, Гэрэлчимэгийн хамт явж байхаар нь биед нь үзлэг хийхэд Гэрэлчимэгийн халааснаас цагаан өнгийн гар утас гарч ирсэн бөгөөд хаанаас авсан талаар асуухад ...СБД-ийн 1-р хороо МУБИС-ын автобусны буудал дээрээс үл таних эмэгтэй автобусанд сууж байх явцад халааснаас нь гар утсыг нь хулгайлан авсан гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-14/,

 

Гэрч Д.Гэрэлчимэгийн "...2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ...өөрийн хамтран амьдрагч Н.Зтой 4 дүгээр хороололд Дүүхээ төвийн ойролцоо уулзсан юм. Тэгэхэд Н.З надад нэг гар утас өгсөн одоо ямар утас байсныг нь санахгүй байна. ...Хорооллын эцсийн автобусны буудал дээр бид хоёр хамт харих гээд зогсож байсан чинь халаасны төлөөлөгч Энх-Амгалан бид хоёрыг харчхаад хүрч ирээд саатуулаад үзлэг хийсэн …” гэсэн мэдүүлэг /хх-29/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/,  Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-6/, эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-7/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-38-51/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-31, 52/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Н.З нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг Багшийн дээд автобусны буудлын орчим нийтийн тээврээр зорчин явсан Б.Отгончимэгийн халааснаас самсунг гранд макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан насанд хүрээгүй хохирогч Б.Отгончимэг, гэрч А.Энх-Амгалан, Д.Гэрэлчимэг нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Зыг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Зыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Энэ гэмт хэргийн улмаас Б.Отгончимэг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр Самсунг гранд макс загварын гар утасны үнэлгээ 380.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хулгайд алдагдсан гар утсыг буцаан авсан байх бөгөөд тэрээр гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           

Шүүгдэгч Н.Зын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Н.Збусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай агийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Зыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.З нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Н.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Зод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР