Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 4457

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2016/04457

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ривер стоун хотхон, 26А дугаар байр, 610 тоотод оршин суух, Сүхболд овогт Дагвабүслүүрийн Мөнхдэлгэр /РД: СМ70061003/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Эрэлийн 47В дугаар байр, 5 тоотод оршин суух, Боржигон овогт Радийгийн Өлзийсайхан /РД: УХ53101067/-д холбогдох,

 

1 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Өлзийсайхан нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 1 400 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу гэсэн. Тухайн үед миний бие зээл авч байсан учир 1 400 000 төгрөг нэмж аваад түүнд шилжүүлсэн. 2, 3 дугаар сард хүү 70 000 төгрөг шилжүүлээд хугацаагаа нэг, нэг сараар сунгаач гэсэн. 4 дүгээр сард хүү төлөөгүй бөгөөд надаас мөнгө нь нэхэгдээд байгаа тул үндсэн зээл 1 400 000 төгрөг, 4, 5 дугаар сарын хүү 140 000 төгрөг, нийт 1 540 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Р.Өлзийсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Мөнхдэлгэрт 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 400 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. 2 сарын хүү болох 140 000 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.Өлзийсайханы гаргасан тайлбартай танилцлаа. Р.Өлзийсайхан нь надад 1 000 000 төгрөгийг өгсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 400 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 140 000 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр нь хариуцагч Р.Өлзийсайханд холбогдуулан 1 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагаа 140 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Р.Өлзийсайхан нь 1 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлсөн бөгөөд 400 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Д.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй, Р.Өлзийсайханд холбогдох, 1 540 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 140 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Р.Өлзийсайхан нь 1 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төлсөн, үлдэх 400 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 600 төгрөгийн тал хувь болох 19 800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19 800 төгрөгийг, хариуцагч Р.Өлзийсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 37 350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхдэлгэрт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН