Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 204/МА2023/00020

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2023/00333 дугаар шийдвэртэй

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй Г.Д-д холбогдох “4283177.81 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              1. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр найзууд. Найз нөхдийн журмаар бүх юм эхэлсэн. Тэр үед Г.Д-ийн хүсэлтээр Эрдэнэсант руу яваад хүүхдийг нь хүргэж өгөөд буцах замдаа машинтай осолдсон. Энэ машиныг төлж өгнө, найзыгаа хохиролгүй болгоно гээд Г.Д унасан машиныг аваад хот руу явсан. Хотод очоод ченж нарт 2000000 төгрөгөөр өгсөн гэж хэлсэн. Банк бус санхүүгийн байгууллагаас үерхэж байсан найз залуугийнхаа нэр дээр надад машин авч өгсөн. Миний унаж байсан машинаас Г.Д-ийн авч өгсөн машин дөнгөж орж ирсэн, он залуу машин болохоор үнийн зөрүү гарч үнийг зөрүүг би өөрөө төлье гэдгээ зөвшөөрөөд сард 305000 төгрөгийг би төлөөд, 463000 төгрөгийг Г.Д төлье гэж тохиролцоод төлөөд явж байсан. Тэгээд 10 сараас хойш зээлээ төлөхөө больсон. Яагаад гэхээр Г.Д өөр зээлийн асуудалтай болсон, одоохондоо чиний машины зээлтэй манатай байна гэсэн хариу өгсөн. Би тэр үед нь хараад яваад л байсан. Сүүлд бас гар утасны төлбөрт 150000 төгрөг төлөх ёстой байснаа ч төлөхөө больсон. Тэгэхээр нь би өөрөө санхүүгийн асуудалд орж байгаа, гар утасны зээл миний нэр дээр гарсан болохоор, банкинд хар данстай болсон. Тэгээд машины зээл төлөгдөхгүй явсаар байгаад 2023 оны 01 дүгээр сард банк бус санхүүгийн байгууллага нь машинаа хураагаад авчихсан. Би өөрөө машины зээлд ямар ч хамааралгүй хүн байсан учраас эсэргүүцэх эрхгүй өгөөд явуулсан. Машины зээлийг төлөх гэж хүнээс 1500000 төгрөг зээлсэн. Тэр 1500000 төгрөгийг би өөрийнхөө зээлд хийгээгүй, Г.Д өөрийн машины зээл 400000 мянган төгрөгийг төлөх ёстой байсан тэрэндээ төлсөн. Би өөрөө аваад нэг ч төгрөг хэрэглээгүй учир Г.Д-аас гарах нь зөв гэж бодож байгаа. Гар утасны зээлийг болохоор Г.Д зөвшөөрсөн. Тэрхүү 1500000 төгрөгийг би дүүгийнхээ найзаас зээлчихсэн байсан болохоор ах, дүү хамаатан садны хооронд маргаан үүссэн. Анх авахдаа 10 хувийн хүүтэй зээлье гэж авсан байсан учир нөгөө хүн нь надаас хүүтэй нь нэхсэн болохоор би хүүтэй нь төлчихсөн. 12 сард Г.Д-ийн урд нь төлөөгүй байсан хүүг шинэ жилээс өмнө тэр охин нь нэхэхээр нь 2 сарын хүү 300000 төгрөг өгсөн. Би өмнө нь тэр охиноос 1000000 төгрөг хүүтэй зээлснээ төлчихсөн байсан. Тэгсэн та тэр Г.Д гэдэг хүнээсээ мөнгө авч өг гэдэг. Тэгээд Г.Д-д хэлэхээр би чиний машины зээл рүү хийгээ биз дээ юу яриад байгаа юм, төлөхгүй гээд ерөөсөө ямар ч төлье гэсэн сэтгэл байгаагүй. Мөнгө зээлсэн охин маань манай нөхөр Солонгос улс руу явах гэж байгаа, мөнгө хэрэгтэй байна, та нар өөрсдөө учраа олчихооч ээ надад хэцүү байна гэдэг байсан. Манай дүү бас надад уурлаад та найздаа авч өгчихөөд ямар сонин юм бэ? гээд ах дүү хамаатан саднуудын хооронд, гэр бүлээрээ манай аав, ээж, ах, эгч нар дээр очоод маргаан үүсээд байсан учраас би тэр мөнгийг нь хүүтэй нь хамт 1900000 төгрөг төлсөн. Төлсөн баримтаа хэрэгт хавсаргасан. Б охиноос авсан байсан. Машины эргэн төлөлтийн 300000 төгрөгийн хувьд надад үлдсэн машин байхгүй, машинаа хураалгачихсан. Өөрийн хуучин машиныхаа төлбөрийг гаргаж авч чадаагүй. Тийм учраас би Г.Д-аас нэхэмжилсэн. Тэр 300000 төгрөгийг ямар ч шаардлагагүй төлсөн байгаа. Өөрөө хохирсон дээрээ хохироод л яваад байна. Иймд Г.Д-аас автомашины үзлэгийн төлбөр гэж шилжүүлж байсан 1225000 төгрөг, гар утас зээлээр авч өгсний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1158177,81 төгрөг, хүнээс бэлэн зээлж авч өгч буцааж хүүгийн хамт шилжүүлсэн 1900000 төгрөг нийт 4283177,81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

              2. Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 05 сард явсан аав ээж дээрээ хүүхдээ хүргэж өгөх гэж явж байгаад тийм зүйл болсон. Яагаад шөнө гарсан бэ? гэвэл Б.Б дэлгүүрт ажилладаг байж байгаад дэлгүүр нь оройтож тараад, тарсных нь дараа хүлээж байгаад явсан. Замдаа явсаар байтал буцаад шөнийн 3 цагт гарах болсон. Учир нь өглөө эрт ажилтай, явах зайлшгүй шаардлагатай, надад ч гэсэн ажил байсан болохоор хоёулаа явахаар болсон. Энэ хүн ядраад байна гэсэн шалтгаанаар би машиныг нь жолоодсон. Надад тэр үед машин жолоодох эрхийн үнэмлэхгүй, туршлагагүй байсан. Тэгээд наашаа явж байгаад том нүх дайраад дугуй нь буудчихсан. Явахаасаа өмнө нь би Б.Б-д дугуй чинь хавантай байна шүү гэж анхааруулж хэлж байсан ч за гээд засаагүй. Нүх дайраад өнгөрөхөд л дугуй нь буудаад замын хажуу руу юу юугүй машин нь 3, 4 өнхрөөд осол болсон. Бид хоёр аймагт ирээд маргааш өглөө нь би чамайг хохиролгүй болгож өгнө, би л жолооны ард сууж байсан нь үнэн юм чинь гэж бодоод хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэлгүйгээр том машин 600000 төгрөгөөр хөлсөлж унасан машинаа ачуулаад оруулсан. Тэр унасан машин нь 3, 4 өнхөрчихсөн, авах юмгүй болчихсон, приус машин өөрөө хямдхан мотор, кроптой болохоор ченж нар үнэ унагасаар байгаад 2000000 төгрөгөөр зараад ачааны хөлс 600000 төгрөгийг хасаад 1400000 төгрөг үлдсэн. Тэр үед ажлаа хаяад 7-10 хоног явсан. Би Өвөрхангайн харьяалалтай болохоор банк бус санхүүгийн байгууллагаас зээл гарахгүй, хотын харьяалалтай хүнд зээл гардаг гэсэн. Тэр зээлийнхээ урьдчилгаа болгож би хүнээс 4000000 төгрөг зээлээд, машин зарсан үлдэгдэл 1400000 төгрөгийг нэмээд 5500000 төгрөгийн урьдчилгаа банк бус санхүүгийн байгууллагад өгөөд 24500000 төгрөгөөр дөнгөж орж ирсэн, номер зүүгээгүй машин Б.Б-д авч өгсөн. Авахаасаа өмнө Б.Б-тэй утсаар яриад ийм үнэтэй машин авах гэж байна, чиний машин яваад 3 жил болчихсон үнэлгээ нь өнөөдрийн байдлаар ийм байна, зөрүү гарах гээд байна, чи цоо шинэ машинтай болж байгаа учир гээд хэлэхэд Б.Б зөвшөөрөөд ирэхээр чинь хоёулаа хоёулаа төлөлтөө тохиръё гэсэн. Тэрийг нь тооцоод үзэхэд надад 463000 төгрөгийн төлөлт, Б.Б-д 305000 төгрөгийн төлөлт гарч байсан. Тэр үедээ найз нөхдийн итгэлцэл байсан. Би ч гэсэн хүний хохирол барагдуулаад өгье гэсэн сэтгэлтэй явж байсан болохоор ямар ч нотариатаар батлуулах, машинаа ингэж авлаа, тэгж авлаа, зөрүү ийм байлаа гэсэн баримт үйлдээгүй. Манай найзууд тийм юм хийгээрэй, дараа нь хэцүү байдаг шүү гэсэн ч би за яахав дээ гээд цагаахан сэтгэлтэй явж байсан. Сүүлд нь Б.Б ахынхаа дэлгүүрт ажиллаж байгаад бэр эгчтэйгээ муудалцаад ажлаасаа гарчихлаа яана аа гэхэд нь би чи миний хажууд ирээд ажиллаа, би чамайг сургаад хажуудаа ажиллуулна гээд өөрийнхөө мэддэг чаддагийг зааж өгөөд, хот руу дагаж яваад, Б.Б надад мөнгө төгрөг зээлсэн гэж байгаа шиг би бас найз нөхдөөсөө мөнгө зээлээд бүх барааг нь татаад, өөрийнхөө нүдээр харж өгөөд, сонгоод хамт яваад ирсэн. Хот руу явах зардлыг хүртэл би өөрөөсөө гаргасан. Чиний ажлын төлөө явж байна шүү гэж нэг ч удаа хэлж зардал, хоол унд даагаарай гэж хэлээгүй. Сэтгэл гаргаад хажуудаа суулгаад ажлынхаа хүнээс хүртэл түрээсийг нь жаахан багасгаж өгөх боломж байна уу? манай найзыг жаахан дэмжээд өгөөч ээ, би л энэ хүнийг ингэх ёстой гэж явж байсан. Тэр хүнээс 1500000 төгрөг зээлж өгсөн гээд байгаагийн хувьд хамт сууж байгаад, найз нь санхүүгийн асуудал байгаад байна гээд ярилцаж байгаад машины зээл 2 сар төлөгдөөгүй байсан болохоор 1500000 төгрөгийг 09 дүгээр сарын 25-ны өдөр Б.Б дүүгээсээ авлаа гээд өөд өөдөөсөө харж сууж байгаад машиныхаа зээл рүү буюу 5206 Г гэсэн зээлдэгчийн данс руу шилжүүлсэн. Би хувьд 100 төгрөг ч хэрэглээгүй. Б.Б-ийн нэхэмжлэл гаргаж байгаа шиг надад бас буцаад найз нөхдөөсөө зээлсэн хүүтэй 4000000 төгрөг болон хүүтэйгээ яваад байгаа. Би одоо хүртэл төлж чадаагүй. Машин хураалгах хүртэл 468000 төгрөг төлөх гэж маш их хичээсэн, хоёрын хоёр хүүхэд чирч яваа, түрээсийн байранд амьдардаг, зээл төлдөг, ажлын түрээс төлдөг зэрэг их санхүүгийн дарамт байсан. 1 сарын 1-нд амраад 2, 3-ны өдөр нь намайг хөдөө байхад Б.Б над руу залгаад машиныг чинь хураагаад аваад явчихлаа гэсэн. Тэгэхэд нь би чи наад машинаа унаж явсан юм бол яагаад хураалгачихаж байгаа юм бэ? би чамаас гуйсан биз дээ, миний санхүүгийн байдлыг мэдэж байсан биз дээ гээд маргаан үүссэн. Тэгсэн өөдөөс би чамаас машиныхаа төлбөр 18000000 төгрөгийг нэхэмжилнэ өөр яриад байх юм байхгүй гээд салгасан. Тэрнээс хойш намайг шүүхэд өгчихсөн байсан. Тэгэхээр нь би хоёулаа эвлэрч болох байсан. Дараа нь гар утасныхаа зээлийг төл, мөн хүнээс авсан 1500000 төгрөгөө төл гэхэд нь чи надаас 18000000 төгрөг бүтнээр нэхсэн, би чиний машиныг засах гээд хохиролтой, өрөнд орчихсон байхад би чамд ямар ч мөнгө төлөхгүй, шүүх хурал болтол, шүүх ямар шийдвэр гаргана тэр хүртэл би чамд мөнгө төлөхгүй байх эрх надад байгаа, үнэнийг нь шүүх олж өгөх байлгүй дээ. Эвлэрч чадаагүйн улмаас 14000000 төгрөг төлөх шийдвэр гарсан. Энэ бол цэвэр машины мөнгө. Надад 8-9 сая төгрөгийн хохирол гарчихлаа гээд өмгөөлөгчтэйгөө эргүүлээд нөгөө банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгсөн хүнээ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар ярьж байгаа. Тэр мөнгө нь над руу биш банк бус санхүүгийн байгууллага руу ордог байсан, өөрөө тэр машиныг 05 дугаар сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл унаад, эдэлсэн. 7, 8 сар эдэлсэн эдэлгээ гэж байна. Тийм байхад хий мөнгө төлөөд явган яваад байсан юм шиг нэхэмжлэл гаргаад байгаа болохоор би хүлээн зөвшөөрөхгүй. Утасны хувьд бол би машин авч өгснийхөө дараа манай ажлын нэг хүүхэн миний утсыг эвдлээд хаячихаар нь би өөрөө утсаар л ажлаа зохицуулдаг болохоор Б.Б-д миний утсыг ингээд эвдлээд хаячихлаа гэсэн чинь би нэг юм бодно гэсэн. Тэгээд найз нь чамд лизингээр утас авч өгье гээд сард 105000 төгрөгийн төлөлттэй утас 1 жилээр авлаа шүү гэсэн. Гэхдээ төлөлтөө машин хураалгах хүртэл хийгээд л явж байсан. Тэгээд би асуудалд ороод хот руу яваад утасны зээл, машины зээл хоёроо төлж чадахгүй болоод 2 сар төлөөгүй зээлээ төлөөгүй. Машинаа хураалгасны дараа Б.Б-ийг машины хохирол барагдуулаад чиний хохирсон хэмжээ ийм байгаа гэдгийг бодолцоорой, найз нөхдийн журмаар эргэж ирээд уулзсан бол би чадахгүй, төлөхгүй, мэдэхгүй гээд буруу хараад суух хүн биш. Тэр үед Б.Б тэгээгүй. Б.Б нь ч гэсэн тэр үед төлөлтөө хийгээгүй. Хоёулаа яг адилхан сарын төлөлтөө хийгээгүй явж байгаад 3 дахь сар дээрээ машинаа хураалгасан. Тэгж байхад Б.Б чиний болон миний ч гэсэн буруугаас машин хураагдчихлаа одоо надад ийм гаргалгаа байна, би энэ машиныг арай өөр аргаар авчихвал чи төлөх боломжтой юу? болохгүй бол нотариатаар батлуулаад төлөөд явъя гэсэн санал тавьсан бол би тэгье гэнэ шүү дээ. Би тэр үед өр ихтэй тэвдээд хэцүү байх үед намайг шүүхэд өгсөн болохоор Б.Б-д маш их гомдож байсан. Тэгээд би найз нөхдийн хувиар надад авч өгсөн утасны мөнгийг төлж чадна. Учир нь би чиний унаж эдэлж явсан машинд 463000 төгрөг сар болгон төлж явсан, мөн урьдчилгаа өгөхөд 4000000 төгрөгийн өрөнд орчихсон, зээлийг чинь төлж чадахгүй хүнээс хүртэл мөнгө зээлсэн гэсэн иймэрхүү хэрүүл бид хоёрын дунд гарч байсан. Тийм болохоор би утасны 1100000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж байгаа ч би 150000 төгрөгөөр 9 сар хийсэн байсан. Нэмэгдүүлсэн хүүтэйгээ 1100000 төгрөг гарсан байх. Би тэр утсыг нь эдэлж хэрэглэж л байсан юм чинь хүлээн зөвшөөрч байгаа. Утаснаас өөр бусад нэхэмжлээд байгаа мөнгө буюу өмнөх шүүх хуралдаантай холбоотой машины зээлд цэвэр орж байсан мөнгө болохыг би ч мэдэж байгаа, Б.Б ч гэсэн мэдэж байгаа гэв.

             

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.Д-аас 3058177,81 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Г.Д-д холбогдох 1225000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г.Д-аас 63881 төгрөг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар орон нутгийн орлогын 10010000091 тоот данснаас 33950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83481 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

            4. Хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны /шийдвэрийн огноог 2022 гэж буруу бичсэн/ 07-р сарын 20-ны өдрийн 145/ШШ2023/00333 дугаар шийдвэрийг иргэний хэргийн хариуцагч Г.Д-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн би 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна.

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2023/00333 дугаар шийдвэрийг иргэний хариуцагч Г.Д-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн би 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2023/00333 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч Б.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндсэнд хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй шийдвэр болж чадсангүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Д нарын дундах машины үнэтэй холбоотой маргааныг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ/2023/00285 дугаар шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад энэ шүүх хурлаас 12 хоногийн дараа нэхэмжлэгч Б.Б шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг ноцтой зөрчиж зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалах зорилгоор нэг хэргийн талаар хоёр шийдвэр гаргаж, хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх үндсэн хуулийн заалтыг зөрчиж хариуцагч Г.Д-ийн эрх ашгийг хохируулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжилж байгаа 1.900.000 төгрөгийг хариуцагч Г.Д өөртөө авч ашигласан ямар ч нотлох баримт байхгүй. Б.Б-ээс шилжиж ирсэн мөнгийг тухай бүр холбогдох хүнд нь буюу Г-т шилжүүлж байсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад үнэлэхгүй байгаа нь нэг талыг хариуцагчийн эрх ашгийг хохируулж байна.

            Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07-р сарын 20-ны өдрийн 145/ШШ2023/00333 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж  1 900 000 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдлын хувьд энэ хоёрын машины асуудал нэг мөр шийдэгдэх ёстой. Анхан шатны шүүх хуралдаан болоод 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор Б.Б 12 хоногийн дараа дахин шүүхэд өгчихсөн чинь шүүх тэрийг нь аваад шийдчихэж байгаа нь буруу гэж үзэж байна. Учир нь нэгэнт хүчин төгөлдөр шийдвэр байж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан заалтыг зөрчсөн. Иймд утаснаас бусад төлбөрийг Г.Д хариуцах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

6. Хариуцагч Г.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-ээс 1,500,000 төгрөгөөр утас авахуулаад тэрийг нь эдэлж хэрэглэсэн нь үнэн. Утаснаас бусад хүнээс зээлсэн хүүтэй мөнгө төгрөг нь бид хоёрын дунд албан ёсны гэрээ хэлцэл хийгдээгүй асуудал. Би тэр хүнд Б.Б хэдэн төгрөгийн хүү төлснийг нь мэдэхгүй. Тэр мөнгө яг тайлбар дээр авагдсан шиг Б.Б-ээс над руу орж ирээд надаас 1,350,000 төгрөгөөр Г-ийн данс руу буцааж шилжсэн. Дансны хуулгаар хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас 18,000,000 төгрөг дээр дахин 4,000,000 төгрөгийн төлбөр гарчихаар надад хохиролтой санагдаж байна. Би утасны хувьд эдэлж хэрэглэж байсан юм чинь би төлнө. Харин бусад зүйлийг нь хэрэглээгүй болохоор үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнээс зээлсэн 1,900,000 төгрөгийг машины зээл рүү хийсэн гэж байгаа боловч машины зээл, төлбөр дээр нэмж нэхэгдээгүй төлбөр. Тийм учраас энэ мөнгийг нэхэх ёстой гэж бодож байна. Г.Д намайг чи найздаа хүүтэй мөнгө олоод өгчих, танай дүүгийн чинь найз мөнгө зээлүүлнэ гэсэн биз дээ. Тэрийг аваад өгчихөөч ээ гэхээр нь би авч өгсөн. Харин Г.Д-д 10 хувийн хүүтэй юм байна шүү гэдгийг хэлсэн. Тэр нь мессеж чатаар нотлогдож байгаа. Буцаагаад тэр хүн надаас хүүтэй нэхээд байгаа юм. Өдөр шөнөгүй өр нэхэгдээд, ББСБ-аас утасны зээлээ төлөөч гээд нэхээд байдаг. Мөн тэр мөнгө зээлсэн хүн бас чи хүүтэй аваа биз дээ, хүүтэй мөнгөө өгөөч гээд нэхээд байдаг.

 

Тэгэхээр би энэ хүний өмнөөс өрийн дарамтад орчихож байгаа юм. Дараа нь учраа олчих байлгүй дээ гэж бодоод 1,900,000 төгрөгийг нь хүүтэй хийсэн. Тэрийг нь дансны хуулгаар нотолж хэрэгт хавсаргасан. Тэр мөнгийг хүнээс аваад Г.Д-д өгсөн учраас нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Гар утасны төлбөрийг өөрөө зөвшөөрч, төлнө гэдэг боловч одоог хүртэл төлөөгүй байна. Тэр нь бас л надад нэхэгдээд байгаа. Би одоо өөрөө ямар ч зээл авах боломжгүй болсон байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

           Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

           9. Нэхэмжлэгч Б.Б-ээс хариуцагч Г.Д-д холбогдуулан автомашины үнийн зөрүү төлбөр гэж шилжүүлж байсан 1225000 төгрөг, гар утас зээлээр авч өгсний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 1158177,81 төгрөг, хүнээс бэлэн зээлж авч өгч буцааж хүүгийн хамт шилжүүлсэн 1900000 төгрөг нийт 4283177,81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зармыг нь эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх хариуцагч Г.Д-аас 3058177,81 төгрөг гаргуулан Б.Б-д олгож, 1225000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

          10. Хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлийн машиныг унаж явах үедээ осол гаргаж түүний эд хөрөнгөнд хохирол учруулсан, энэ хохирлоо төлөх зорилгоор нэхэмжлэгчид 24500000 төгрөгийн үнэтэй машиныг Г гэдэг хүний нэр дээр зээлээр авч өгч, 305000 төгрөгийг Б.Б, зөрүү мөнгийг нь Г.Д нар сар бүр төлөхөөр тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй, мөн Б.Б Г.Д-д гар утас зээлээр авч өгсөн, энэ зээлийн төлбөр болох үндсэн зээл, хүүгийн төлбөр 1158177.81 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

          Харин нэхэмжлэгч Б.Б бусдаас зээлж авч  Г.Д-д өгсөн, үүний үндсэн зээл 1500000, хүү 400000, нийт 1900000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “..1500000 төгрөгийг машины зээл төлөх зорилгоор Г гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Өөртөө ашиглаагүй...” гэж маргажээ.  

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Б 2022 оны 9 сарын 25-ны өдөр 1500000 төгрөгийг ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн *** тоот данснаас Г.Д-ийн Хас банкины *** тоот данс руу /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, мөн өдөр Г.Д нь Хас банкин дахь өөрийн эзэмшлийн *** тоот данснаас /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/ Г гэх утгатай 1387590 төгрөгийн гүйлгээ хийжээ.

            Гэвч Г энэ маргаанд ямар хамаарал, оролцоотой болох нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, 24500000 төгрөгийн үнэтэй машиныг Г гэдэг хүний нэр дээр зээлээр авч, зээлийн төлбөрийг түүн рүү шилжүүлж байсан эсэх нь тодорхойгүй байна.            

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг гүйцэд тодруулсны эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

            Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.  

            Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бус байх гэдэгт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй байх, шийдвэрт тусгагдсан нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байх нөхцөл нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог.

            11. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            12. Хариуцагч Г.Д нь хуульд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

13. Анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2023/00333 дугаар шийдвэрийн огноог 2022 оны гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 145/ШШ2023/00333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хариуцагч Г.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.