Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00813

 

Д.Уламсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00202 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр магадлалтай,

Д.Уламсайханы нэхэмжлэлтэй,

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, Д.Эрдэнэсувд нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Уламсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Спорт ордоны нарийн бичгээр 2006 оны 08 сарын 28-ны өдөр ажилд орсон бөгөөд 2016 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл нийт 10 жил тасралтгүй ажилласан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан. Би 2016 оны 07 сарын 06-ны өдөр дарга Ш.Цогтбаатараас 2016 оны 09 сарын 01-ны өдрөөс 2016 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаас чөлөө олгож өгөөч гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тухайгаа хэлэхэд дарга хүлээн зөвшөөрч чөлөө олгосон. Чөлөөний хугацаа дуусч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа ирээд ажлаа хийж байтал ажлаас халсан. Гэтэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1300 дугаартай тушаалаар ажлаас 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас халсан. Ийнхүү ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа миний амьдралын байдал, чөлөө авсан зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Спорт ордоны нарийн бичгийн албан тушаалаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Уламсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, эмнэлгийн бичгийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан нь Тамгын хэлтсийн архивын товчооны даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн илтгэх хуудас, ажилтан Д.Уламсайхны 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тайлбар зэргээр тогтоогдсон. Д.Уламсайхан нь компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1, 8.9.4 дэх заалтууд мөн түүнтэй байгуулсан 43/43 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.4.3 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1300 тоот Ерөнхий захирлын тушаалаар цуцалсан болно гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00202 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Дорлиг овогтой Уламсайханыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Спорт ордны нарийн бичиг-бичээчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 4.801.734 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас гаргуулан нэхэмжлэгч Д.Уламсайханд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтээс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 161.978 төгрөг гаргуулж, төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00202 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.978 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, Д.Эрдэнэсувд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болон хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

Шүүх хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эрх зүйн байдал, оршин байгаа газар,  Гүйцэтгэх удирдлагыг буюу Ажил олгогчийг тодорхойлсон, томилсон нотлох баримтууд, компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулж хэрэгт авалгүйгээр,  хэргийн харьяаллыг  шууд тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.5, 28 дугаар зүйлийн 28.1, Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

Нэхэмжлэгч Д.Уламсайхантай хөдөлмөрийн гэрээг ажил олгогч талаас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий Захирал Ч.Ганзориг байгуулсан, гэтэл ерөнхий захирал Ц.Даваацэрэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б\1300 тушаалаар уг хөдөлмөрийн гэрээг цуцалсан баримтуудыг буюу ажил олгогч талыг шүүх эргэлзээгүй талаас нь нотлох баримтын үндсэн дээр тогтоолгүйгээр хөдөлмөрийн харилцааны хүрээнд үүссэн ажил олгогч, ажилтан хооронд гарсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2, дахь заалтуудыг зөрчсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн итгэмжлэлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлыг төлөөлж Д.Шинэбаатар, Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурсан баримтуудыг хууль, журамд нийцсэн эсэхийг холбогдох нотлох баримтаар тогтоолгүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн ажлаас чөлөө хүссэн өргөдөл, эмнэлгийн комиссын шийдвэр зэрэг нь БНСУ-д байхдаа УБ хотод эмчлүүлж байгаа байдлаар илэрхий хуурамч нотлох баримт байхад шүүх тэдгээрийг үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж шийдвэр, магадлалын үндэслэл болгосон.

Нэхэмжлэгч Д.Уламсайханы 2016 оны 09 дгээр сарын 23-ны өдрийн болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тайлбар ирэх хүртэл хугацаанд Д.Уламсайхан нь Орхон аймагт, Улаанбаатар хотод, БНСУ-д зэргээр чухам хаана байгаа нь, өвчтэй эмчлүүлж байгаа эсэх зэрэг нь тогтоогдохгүй байсан бөгөөд түүнийг “Ажил тасалсан зөрчил” гаргасан болохыг илрүүлж тогтоосон бөгөөд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтыг зөрчөөгүй болно.  Нэхэмжлэгч нь “Чөлөө хүссэн” 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн өргөдөл болон 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тайлбартаа: “2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлсэн, УБ хотод эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул БНСУ явсан, чөлөө хүссэн” гэж бичсэн нь нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжийн амралтаа ажлын 20 хоногоор биеэр эдэлсэн, ээлжийн амралт нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа орох байсан боловч холбогдох баримт, зөвшөөрөлгүй боловч ажилдаа ирээгүй, гэвч түүнийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31 -ны өдрийг дуустал хугацаанд нь түүнийг ажилласнаар бүртгэж, цалинг бүрэн хэмжээгээр олгосон. Эрдэнэт үйлдвэр ХХК нь ажилтанд чөлөө олгохдоо Хөдөлмөрийн дотоод журмын 6.10-т зааснаар: "Журмын дагуу бичгээр гаргасан хүсэлт болон удаан хугацаагаар чөлөө авахад заавал чөлөө авах шалтгааныг нотолсон баримтыг ирүүлсний дараа эдгээр баримтыг үндэслэн онцгой тохиолдолд Ерөнхий захирлын тушаалаар чөлөө олгодог" журамтай. Энэхүү журмыг нэхэмжлэгч нь Спорт Ордны даргын нарийн бичиг бичиг хэргийн ажил эрхэлдгийн хувьд мэдэж байсан боловч санаатайгаар холбогдох нотлох баримтыг урьдчилан ирүүлээгүй, түүнд чөлөө олгоогүй, тушаал шийдвэр гараагүй байхад дур мэдэн ажил тасалж БНСУ-д 3 сарын хугацаагаар байсан ноцтой зөрчлийг Шүүх нэхэмжлэгч талд илт ашигтайгаар тайлбарлаж, хууль зөрчиж шийдвэр гаргасан. Шүүх "Машинистка-секретарь" гэж орос хэл дээр бичсэн цалингийн тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлж, түүнийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, цалинг олгохоор шийдвэрлэж хууль зөрчсөн.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.08-ны өдрийн 142/ШШ2017/000202 дугаартай Шийдвэр болон Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.24-ний өдрийн 71 дугаар магадлалыг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.  

Нэхэмжлэгч Д.Уламсайхан ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө  ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Б/300 дугаар тушаал гаргаж, Д.Уламсайханыг Спорт ордны нарийн бичиг-бичээчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.4.3 дах заалтыг үндэслэл болгожээ.

Ажил олгогч нь  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон байх шаардлагатай.

Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн  гэрээний 4.1, 4.4.3-т “ажлын 3 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцална гэжээ.  

Д.Уламсайхан нь гадаадад эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг сарын цалинтай чөлөө хүссэн, Спорт ордны захиргаа чөлөөг журмын дагуу олгохыг зөвшөөрчээ /хэргийн 14 дүгээр тал/.

Нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ.

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 5.1.8-д зааснаар ажилтан ар гэрийн гачигдал, эрүүл мэнд, сургалттай холбоотойгоор тэтгэмжтэй болон тэтгэмжгүй чөлөө авах эрхтэй бөгөөд Д.Уламсайхан энэхүү журмын дагуу чөлөө хүсчээ. Харин уг чөлөөг Ерөнхий захирлын тушаалаар шийдвэрлээгүй явдалд ажилтныг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагчийн зүгээс өөрийн төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэхээс бусад эрх үүргийг эдлэхээр олгосон  нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасныг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныгудирдлагаболгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2017/00202 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 71 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувд, Ж.Отгонбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 161.978 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ