Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1398

 

Ч.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03498 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Нямсүрэнгийн

Хариуцагч “НВЦ” ХХК-д холбогдох

 

Тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн,

Ч.Нямсүрэнг “НВЦ” ХХК-д ажиллаж байгаагүй болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 1 680 190 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

 

Нэхэмжлэгч Ч.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ч.Нямсүрэн “НВЦ” ХХК-д 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс борлуулагчаар ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Байгууллагаас миний 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөс 2014 оны 4 дүгээр сарны 09-ний өдөр хүртэлх хугацааны цалинг олгоогүй ба кассын нярав Г.Пүрэвдэмбэрэл намайг дуудаж уулзаад тус саруудын цалингийн цэсэнд гарын үсэг зуруулсан мөртлөө цалн хөслийг өгөөгүй. Яагаад ингэж байгаа талаар асуухад танай эхнэрахирлын дүүтэй байрны маргаантай байгаа учир битгий өг гэсэн гээд өгөөгүй болно. Ингээд ажил үүргийг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш хийлгээгүй, хийх нөхцөл боломжоор хангаагүй бөгөөд ажлаас халсан тушаал шийдвэр өгөөгүй. Миний бие ажлаас халагдах хүртлээ “НВЦ” ХХК болон “Нэст Хас” ХХК-ийн хоёр байгууллагын ажлыг хийдэг байсан. Миний бие ажлаас ямар үндэслэлээр халагдсанаа өнөөдрийг хүртэл мэдэхгүй, тушаалаа гардаж аваагүй бөгөөд шүүхэд өгснөөр л тушаал гаргасныг мэдсэн болно. Би тушаалаа авъя гэхээр чамайг халсан тушаал гаргаагүй гээд байх юм. Тэгсэн мөртлөө ажил олгогч ажлаар хангахгүй өнөөдрийг хүртэл явуулсаар миний бие цалин мөнгөгүй хөдөлмөрлөх эрхээрээ хохирсоор явна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2014 оны 02 дугаар сарын цалинг гаргуулж өгнө үү.

Ч.Нямсүрэнг хариуцагч байгууллага 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажилд авсан болон 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалуудыг 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 112 тоот тушаалаар хүчингүй болгосон байна. Иймд хариуцагчийн 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох тухай 112 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Харинуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч “НВЦ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Баатарбилэг шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Нямсүрэн нь манай компанид 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл борлуулагчаар ажиллаж байсан. Ч.Нямсүрэнгийн эхнэр Я.Энхмөнх нь манай компанид 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс төлбөр тооцоо хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа харилцагч нараас борлуулалтын орлого болох нийт 85 928 618 төгрөгийг бэлнээр авч, хувьдаа завшсан нь дотоод аудитын шалгалтаар илэрсэн учраас 2014 оны 3 дугаар сард ажлаасаа халагдсан юм. Ч.Нямсүрэн нь эхнэрийнхээ үйлдсэн дээрх хэрэг илэрсэн үеэс хойш ажилдаа идэвхи санаачлагагүй болж, хамт олноосоо дөлж, ганцаардмал зожиг байдалтай болсон. Ч.Нямсүрэн өөрийн хүсэлтэээр “Нэст Хас” ХХК-д ажиллах болсон тул 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн. Иймд Ч.Нямсүрэн нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг манай компаниас бус хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаасаа нэхэмжлэх нь зүйтэй юм. Ч.Нямсүрэнгийн 2014 оны 02 дугаар сарын цалин 576 100 төгрөг, ээлжийн амралтын олговор болох 86 392 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ажлаас чөлөөлөх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах тухай журмын холбогдох заалтуудыг баримтлан хууль зүйн үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэхь хэсэгт заасан үндэслэлээр ажлаасаа халагдаагүй тул тэтгэмж авах боломжгүй юм.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ Ч.Нямсүрэн нь “НВЦ” ХХК-д ажиллаж байгаагүй, манай компанитай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд ямар нэгэн цалин авч байгаагүй. Ч.Нямсүрэнгийн эхнэр болох Я.Энхмөнх гэгч нь манай компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн нөхөр болох Ч.Нямсүрэнг хашаа байшингийн зээл авахад нийгмийн даатгал төлсөн байх шаардлагатай байна гэж хүний нөөцийн менежер н.Санчир, ерөнхий нягтлан бодогч н.Баярмагнай нараас гуйж, 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр ажилд орсон тушаал гаргуулан нийгмийн даатгалыг хууль бусаар төлүүлж байсан болохыг түүний шүүхэд нэхэмжлэл өгснөөр мэдсэн. Ч.Нямсүрэн нь манай компанитай ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэж байгаагүй тул тэрээр ямар ч үндэслэлгүйгээр, хууль бусаар 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 02 дугаар сар хүртэл нийт 1 680 190 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг манай компаниар төлүүлж, хохироосон байна. Иймд Ч.Нямсүрэнг манай компанид ажилладаггүй байсан болохыг тогтоож, үндэслэлгүйгээр нийгмийн даатгалын санд төлүүлсэн 1 680 190 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Нямсүрэнгийн “НВЦ” ХХК-ийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “НВЦ” ХХК-ийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаар “Ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Нямсүрэнг “НВЦ” ХХК-ийн борлуулагчийн ажилд  эгүүлэн тогтоож,  

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “НВЦ” ХХК-иас 2014 оны 02 дугаар сарын цалин 576 100 төгрөг, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 189 350 төгрөг нийт 4 765 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нямсүрэнд олгох, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч “НВЦ” ХХК-д даалгаж,

Хариуцагч “НВЦ” ХХК-ийн “...Ч.Нямсүрэнг ‘НВЦ’ ХХК-д ажиллаж байгаагүй болохыг тогтоолгох, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 1 680 190 төгрөгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын “...2014 оны 3, 4 дүгээр сарын цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Нямсүрэнгээс 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 124 800 төгрөгийг буцаан олгох, хариуцагч “НВЦ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураажид 91 197 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603002523 дугаар дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Ч.Нямсүрэнг "ажилд авах тухай" 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 267401 тушаал, “хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай" 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 21 тушаалуудыг хүчингүй болгож, 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр "ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгох тухай" 112 тушаал гарсныг нэхэмжлэгч мэдэж байсан болох нь уг тушаал гаргуулах хүсэлт шийдвэрлэсэн 2015 оны 6 сарын 13-ны 102/Ш32015/16255 дугаар шүүгчийн захирамжид дурдсан мөн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаснаар буюу тухайн хэргийг хянан хэлэлцэх үед мэдэж байсан нь тус хуралдааны 102/ШШ2015/07538 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт "НВЦ" ХХК-ний захирлын 112 дугаар тушаалд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна..." гэж дүгнэсэн дүгнэлт, өөрөө 2014 оны 4 дүгээр сарын 9, 10-д ажилд оруулаагүй гэх тайлбар, зэрэг баримтаар нотлогдож тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч "НВЦ" ХХК-ийн захирлын 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн "ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгох тухай" 112 тушаалыг хүчингүй болгуулахаар 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Дээрх цаг хугацааны аль ч цаг хугацаанаас авч үзэхэд нэхэмжлэгч өөрийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад анхан шатны шүүх "... 112 дугаар тушаал гарсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн, ... " гэж хугацааг хэдий үеэс тооцож байгаа нь тодорхойгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх "... 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаалыг гардуулаагүйн улмаас нэхэмжлэгч Ч.Нямсүрэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул 21 тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож хэргийг хянан шийдвэрлэсэн гэжээ. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 2014 оны 02  дугаар сарын 28-ны өдрийн 21 тушаалын талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй, өнөөдөр хүртэл хүчинтэй хэвээр байхад нэхэмжпэлийн шаардлагаас ангид асуудалд дүгнэлт өгч шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийг зөрчсөн байна.

3. Шүүх хуралдааны үед хариуцагч нэхэмжлэгчтэй эвлэрэх санал болгож 2014 оны 02 дугаар сарын цалинг өгөөд эвлэрч болно гэдэг тайлбарыг гаргасан. Гэтэл шийдвэрт "...хариуцагч 2014 оны 02 дугаар сарын цалин 576 100 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн мэтээр буруу ташаа дүгнэлт хийжээ.

4. Анхан  шатны  шүүх "...нэхэмжлэгч 2014 оны 3, 4 сарын цалин гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталсан атлаа 2014 оны 1, 2, 3 дугаар сарын цалингийн дундажаар тооцож 4 189 350 гаргуулсан нь ойлгомжгүй байна.

5. Нэхэмжлэгчийн эхнэр өөрийн нөхрийн нэр дээр тушаал гаргаж цалин олгосон мэтээр нийгмийн даатгалын бичилтийг хийж, ажлын үнэмлэх олгож улмаар банкнаас зээл авахын тулд тодорхойлолт гаргуулан авсан асуудлыг "НВЦ" ХХКомпаний удирдлага мэдээд Ч.Нямсүрэнтэй холбоотой тушаалыг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй.

         6. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримт, шүүхийн журмаар гаргуулсан бичгийн баримтуудыг ямар нэгэн байдлаар үнэлж дүгнэхгүйгээр шийдвэрээ гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:                                                           

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

          Нэхэмжлэгч Ч.Нямсүрэн нь хариуцагч “НВЦ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Ч.Нямсүрэнг “НВЦ” ХХК-д ажиллаж байгаагүй болохыг тогтоолгож, түүний нийгмийн даатгалын шимтгэлд  төлсөн 1 680 190 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

 

Ажил олгогч “НВЦ” ХХК-ийн захирлын  2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн  267/101 тоот тушаалаар Ч.Нямсүрэнг борлуулалтын албаны борлуулагчаар ажилд авсан, 2014 оны 02 дугаар сарын 28-ны  өдрийн 21 тоот тушаалаар ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн  37 дугаар зүйлийн 37.1.1-т заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн, 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаар тушаалаар Ч.Нямсүрэнг ажилд авсан, ажлаас чөлөөлсөн дээрх  тушаалуудыг  хүчингүй болгосон тушаалыг гаргасан байна.

 

          Хариуцагч “НВЦ” ХХК-иас нэхэмжлэгч Ч.Нямсүрэнг 2010 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанид ажиллаж байгаагүй, ажилтанг ажилд авсан тушаал нь хуурамч гэж маргасныг анхан шатны шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болно. Учир нь  хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон нийгмийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэх, зарлагын падаан зэрэг бичгийн нотлох баримтаар ажилтан Ч.Нямсүрэн нь 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогч “НВЦ” ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан нь тогтоогдсон байх ба анхан шатны шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлжээ.

 

          Хэдийгээр талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулагдсан гэх баримтгүй боловч энэ нь нэхэмжлэгчийг тус компанид борлуулагчаар ажиллаж байсан талаар буюу нотлох баримтыг үгүйсгэхгүй бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн үүрэг юм.

 

Ажил олгогч “НВЦ” ХХК-ийн захирлын  2014 оны 02 дугаар сарын 28-ны  өдрийн 21 тоот тушаалд “талууд харилцан тохиролцсон” гэх үндэслэлийг зааж ажилтан Ч.Нямсүрэнг ажлаас чөлөөлсөн байх боловч дээрх үндэслэлийг нэхэмжлэгч үгүйсгэн маргажээ.

 

Хариуцагч байгууллага нь дээрх тайлбараа харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн гэх нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т дурдсан, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Нямсүрэнг борлуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан ба ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгсөн нь баримтаар тогтоогдоогүй, гардуулж өгөөгүй талаар талуудын хэн аль нь тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзэх боломжгүй юм.

 

          Гэтэл  анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Нямсүрэнгийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн нь алдаатай болсон байна.

 

        Түүнчлэн, шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахдаа талуудын тайлбар, нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасантай нийцээгүй байна. Тодруулбал, хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчид 2014 оны 2 дугаар сарын цалингийн зөрүүд 86 392 төгрөг, ээлжийн амралтын олговорт 576 100 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нэхэмжилсэн байхад шүүх 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш тооцож гаргуулсан нь буруу болжээ.

 

         Иймд 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт /11 сар х цалингийн дундаж 264 597 төгрөг/= 2 910 534 төгрөг, хариуцагчийн зөвшөөрсөн цалин, ээлжийн амралтын олговор 662 492 төгрөг, нийт 3 573 026 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид нь олгох зүйтэй байна.

 

          Мөн шүүх хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн  2014 оны 3, 4 дүгээр сарын цалин гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг шийдвэрлэхдээ холбогдох хууль баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулав.  

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03498 дугаар шийдвэрийн

 

          1 дэх заалтыг хүчингүй болгож,

 

          3 дахь заалтын “…4 765 450 төгрөг…” гэснийг “… 3 573 026 төгрөг…” гэж,

 

          4 дэх заалтын “Хариуцагч…” гэсний өмнө “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар” гэж нэмж,

 

          5 дахь заалтын “Нэхэмжлэгчийн…” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар…” гэж нэмж,

 

          6  дахь заалтын “…91 197 төгрөг…” гэснийг “…72 118 төгрөг…” гэж,

 

          “2” дахь заалтыг “1”, “3” дахь заалтыг “2”, “4” дэх заалтыг “3”, 5 дахь заалтыг “4”, “6” дахь заалтыг “5”, “7” дахь заалтыг “6” гэж дугаарлан тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.          

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 197 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийнИнйтыгжуиашши хужашша дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                              

                                                                                                  Д.БАЙГАЛМАА