Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 09

 

2017,2,2                         №09

Г.Золбаяр, А.Өлзий-Орших, П.Оюунбат нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0010/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 
Шүүх хуралдаанд: 
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам, 
Прокурор: Н.Эрдэмбилэг,
Хохирогчийн өмгөөлөгч: Т.Хүдэр /онлайнаар/,
Хохирогч: Г.Урнаа/онлайнаар/,
Ялтны өмгөөлөгч: Х.Даваасүрэн,
Ялтан: Г.Золбаяр, А.Өлзий-Орших /онлайнаар/  нар оролцов. 
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарын давж заалдах гомдлоор Г.Золбаяр, А.Өлзий-Орших, П.Оюунбат нарт холбогдох эрүүгийн 201417000264 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсрол бүрэн бус дунд,   мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй гэх Боржигон овгийн Ганбаярын Золбаяр /РД:ЖЯ91100510/
Монгол Улсын иргэн, 1990 онд Хэнтий аймгийн Дадал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жимс ногоочин мэргэжилтэй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг Баян-Овоонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй гэх Боржигон овгийн Алтанцэцэгийн Өлзий-Орших /РД:СЙ90121716/
Монгол Улсын иргэн, 1988 онд Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварын инженер мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрхийн 1-61 3-24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй гэх Цагаач овгийн Пүрэвсүрэнгийн Оюунбат /РД:СП88011810/ 
 Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19А дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Боржигон овгийн Ганбаярын Золбаяр, Боржигон овгийн Алтанцэцэгийн Өлзий-Орших нарыг танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, бүлэглэн, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж бусдыг санаатай алсан, шүүгдэгч Цагаач овгийн Пүрэвсүрэнгийн Оюунбатыг бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15-д зааснаар шүүгдэгч Г.Золбаярыг 25 /хорин тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.6, 91.2.11, 91.2.12, 91.2.15-д зааснаар шүүгдэгч А.Өлзий-Оршихийг 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар шүүгдэгч П.Оюунбатыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т заасныг журамлан ялтан Г.Золбаярт оногдуулсан 25 жилийн, ялтан А.Өлзий-Оршиход оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялуудыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.5-т заасныг журамлан ялтан П.Оюунбатад оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан Г.Золбаярын цагдан хоригдсон 819 хоног, ялтан А.Өлзий-Оршихын цагдан хоригдсон 819 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцож, ялтан П.Оюунбат 153 хоног цагдан хоригдсоныг дурдаж,
2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар ялтан П.Оюунбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж,
Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан Мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 34-13 ХЭҮ улсын дугаартай Тоёото Спринтер маркийн цагаан өнгийн машиныг хурааж улсын орлого болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар ялтан Г.Золбаяраас 2.831.995 төгрөг, ялтан А.Өлзий-Оршихоос 11.995 төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багт оршин суух Орлой овгийн Гомбодоржийн Урнаад олгож, үндэслэлгүй нэхэмжилсэн 10.278.464 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаагийн нэхэмжлэлээс талийгаачийн аав Өлзийбаярын тэжээгчээ алдсан тэтгэмжинд гаргуулах 1.629.744 төгрөг, оршуулгын зардалтай холбоотой 6.481.100 төгрөг, нийт 8.116.840 төгрөгийн нэхэмжлэлүүдийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, ялтан П.Оюунбат хохиролд 500.000 төгрөг өгсөнийг тус тус дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины дугуй 1 ширхэг, цемент чулуутай барьцалдаж хатсан зүйл 1 ширхэг, хүрз 2 ширхэг, машины шалавчны тасархай 2 хэсэг, ялтан А.Өлзий-Оршихын өмсөж явсан саарал өнгийн пүүз 1 хос, хар канттай чернилэн ягаан жамц 1 ширхэг, саарал бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, ялтан Г.Золбаярын өмсөж байсан бор шаргал өмд 1 ширхэг, улаан пүүз 1 хос, хөх бэлтгэлийн цамц 1 ширхэг, ялтан П.Оюунбатын өмсөж байсан саарал гутал 1 хос, саарал өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цэнхэр эрээн цамц 1 ширхэг, гар утасны батарей 1 ширхэг, цагаан өнгийн шалны алчуур 1 ширхэг зэргийг устгаж, СD-ийг хэрэгт хадгалж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан П.Оюунбатад урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэжээ.

Ялтан А.Өлзий-Орших нь давж заалдах гомдолдоо: ... Би энэ хэргийг гарах үед өөрийн ухаангүй болтлоо архи хэтрүүлэн уугаад машинд унтаж байсан. Юу болсон талаар огт мэдээгүй. Оюунбат намайг унтаж байхад татаж сэрээгээд, буугаад ир өргөлц гээд дийлэхгүй унаад байсан. Золбаяр, Оюунбат нар хоорондоо юм яриад байсан. ... Би өөр юу ч ойлгоогүй. Золбаярыг буулгалц гэхээр нь буулгалцсан. Маргааш өглөө нь Золбаярыг явъя гэхэд хамт явж нуулцсан. Би үүнээс өөр хэрэг хийгээгүй. Намайг согтуу юу ч мэдэхгүй байсан болохоор Оюунбат гүтгэж байна. Хилсээр шийтгүүлж байгаадаа үнэхээр харамсаж байна.  Иймд энэ хэргийг шударгаар, үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Ялтан Г.Золбаяр нь давж заалдах гомдолдоо: ... Би хүний аминд хүрч гэмт хэрэг хийсэн минь үнэн. Гэхдээ энэ гэмт хэргийг үйлдэхдээ бусадтай бүлэглэж үйлдээгүй. Би хүний аминд хүрэх гэж байгаагаа Өлзий-Оршиход мэдэгдэхгүй, харуулахгүй, сонсгохгүй гэж бодож л машинд ор гэж хэлсэн. Өлзий-Орших намайг хүн ална гэж байгааг мэдээгүй машинд орсон. Миний үгэнд орж сурсан болохоор машинд ор гэхэд минь орсон. Намайг арай хүн алчихна гэж бодоогүй байх. ... Эд мөрийн баримтын талаар гэвэл анх цагдаад байцаалт өгөхөд гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж байсан цустай хувцаснуудыг эд мөрийн баримт болгож хураалгасан юм. Миний өмсөж байсан энгэр дээрээ хар өнгийн дугуй хээтэй цэнхэр өнгийн цамц прокурор дээр байхад алга болсон. Гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх биш байсан. Дээрх бүх зүйлийг тодруулж, дахин шалгах хэрэгтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Золбаяр, А.Өлзий-Орших нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 11 цагаас 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд байрлах “Эргэн дурсахуй” баарнаас иргэн Ө.Сугарыг  дагуулан гарч 34-13 ХЭҮ улсын дугаартай “Тоёота Спринтер” маркийн тээврийн хэрэгсэлд суулган, үл ялих зүйлээр шалтаглан түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, сумын төвийн хойд талд хээр аваачин гар, хөлөөрөө цохих, өшиглөх, 12 кг 85 грамм жинтэй автомашины запас дугуйгаар цохих зэргээр зодож, улмаар биеэ хамгаалах чадваргүй болсон үед нь тээврийн хэрэгслийн багажинд хийж зөөвөрлөн Баяндэлгэр сумын төвд “Жишиг” хороололд байх эзэнгүй хашаанд аваачиж 9 кг 90 гр жинтэй цементтэй барьцалдаж хатсан чулуугаар толгой нүүрний орчимд цохиж биед нь баруун хөмсөгний гадна буланд шарх, баруун чихний дээд хэсэгт урагдсан шарх,  баруун хацар, дух шанаа, чих овойж хавдсан, зүүн нүд, зүүн чих, хацар, духны зүүн хэсэгт овойж хавдсан, зулгаралт, цус хуралт, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, зүүн гарын бугалга шуу, сарвуу, мөр, баруун гарын бугалга шуу, мөр, биеийн ар хэсэг нуруунд нэлэнхийд нь өнгөц  зулгаралт, баруун хөлийн өвдөгт, зүүн хөлийн өвдөгт улаан хүрэн шалбаралт, баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, хуйхан доор, гавлын булчинд нэлэнхийд нь цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж, танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, бүлэглэн, онц харгис, хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан, 
    Шүүгдэгч П.Оюунбат нь Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын төвд Ө.Сугарыг бүлэглэн зодож, түүнийг амь биед нь аюултай нөхцөл байдалд оруулсан байхад нь тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс Ө.Сугарын амь нас хохирч, хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Ялтан Г.Золбаярын мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Талийгаачийн ээж болон гэр бүлээс нь дахин дахин уучлалт гуйж маш их гэмшиж байгаагаа хэлье. ...Би нүүрэндээ цохиулаад сэрсэн. Би зүрх муутай, түргэн ууртай, нэг уурлахаараа муухай ширүүн уурладаг. Тэгээд нүүр рүү цохихоор нь уурлаад шууд талийгаачийг цохиод, хавсарч унагаад дээр нь суугаад цохисон. Тэгэхэд намайг араас нэг хүн татсан. Хаана ч байгаагаа мэдэхгүй талийгаачийн найз нөхөд юм байх гэж бодоод эргэж хараад цохих гэтэл Оюунбат байсан. Одоо болио гээд Оюунбат ах намайг машинд суулгасан. Би машинд рулийн ард сууж байхдаа тамхи татах гээд салгалаад чичрээд байсан. Би тамхи татах гээд шүдэнз хайж байхад Оюунбат талийгаачтай “чи одоо яваа чамайг алчихна ш дээ, чи харж байгаа биз дээ” гэж ярьж байсан. Талийгаач “алвал ална л биз, та нар хэний нутагт яваагаа мэдэж байна уу? алахыг нь харъя, та нарыг бүгдийг чинь маргааш ална” гэж хэлж байсан. Тэрийг сонсоод миний уур хүрээд багаажнаас дугуй гаргаж ирээд талийгаач руу шидсэн. Багаж онгорхой байсан. Цохих юм хайж байгаад дугуйг авсан. Анх дугуйг шидээд би талийгаачийг оноогүй. Оюунбат ах бид хоёрын дунд гараа алдлаад зогсож байсан. Би наадахыг чинь алчихья гэж хэлсэн. Оюунбат талийгаачийг “яв пизда минь чамайг аллаа ш дээ” гэж хэлж байсан. Талийгаач “алвал ална л биз, маргааш та нарыг би ална”  гэж хэлэхэд Оюунбат “чи муу ямар овоо юм ярьдаг юм” гэж хэлээд уурлаад талийгаачийг цохисон. Намайг хорьж байсан гараараа цохисон. ...Эмнэлгийн урд талд машинаа унтрааж зогсоод очоод юу гэж хэлэх гэж байгаад гудамжнаас оллоо гэж хэлье гээд орох гэж байснаа хувцсаа солиод эргэж эмнэлэгт авчирч өгөхөөр болсон. Тухайн үед хүн зодсоноо хүнд мэдэгдэхгүйн тулд энэ нь надад зөв юм шиг санагдаад гэртээ очиж хувцасаа солих гээд гэр рүүгээ орсон. Хувцсанд талийгаачийн цус нэвтрээд биед наалдсан байсан. Хувцасныхаа ханцуйг норгож байгаад бие дээр байгаа цусаа арчаад бүгдийг нь цэнхэр цамцанд хийгээд Өлзий-Оршихыг машинд хийчих гээд өгсөн. Өлзий-Орших бид хоёр түрүүлж гарсан. Оюунбат газраар ор засаад хувцасаа тайлаагүй хөнжил нөмрөөд сууж байсан. Явъя гэхэд Оюунбат “Олуулаа очоод дэмий, та хоёр гудамжнаас оллоо гэж хэлээрэй” гэсэн. Тэгэхээр нь юу ч бодолгүй за за гээд бид хоёр явсан. Эмнэлгийн гадаа очоод зүүн тийшээ хараад зогссон. Гэтэл нэг машины гэрэл гарахаар нь цагдаа мэдчихсэн юм болов уу гэж бодоод зугтаад явсан. Тэр чигээрээ явж байгаад нэг хоосон хашаа байхаар нь ухарч орж зогсоод талийгаачийг машинаас буулгасан. Тэгээд би Өлзий-Оршихыг машиндаа ороод чихээ таглаад, нүдээ аниад сууж бай гэж хэлсэн чинь Өлзий-Орших гүйгээд яваад өгсөн. Тэгээд чулуу хайж байгаад нэг чулуу олоод талийгаачийг цохисон. Тэгээд машиндаа суугаад сумын төв дотуур явсан. Би одоо яах уу, юу хийчихвээ гэж бодоод нилээд явсан. Бараг 10-аад км явсан байх. Өлзий-Орших унтаад байгаа юм уу, юу ч дуугарахгүй цонхон тал руугаа хараад байсан. Тэгээд зам салахаар нь зогсоод авч явсан хувцаснуудаа буулгаснаа хэрэггүй юм байна гээд буцаагаад машиндаа хийгээд аваад явсан. Буцаад сумын төв рүү ороод Мобикомын антены ойролцоо хашааны гадна машины хуучин дугуй харагдахаар нь хувцаснуудаа тэр дотор хийгээд орхисон. Буцаад байрлаж байсан газраа ирэхэд Оюунбат, Цолмонбаяр ах хоёр унтаж байсан. Гэртээ ороход “Яасан” гэхээр нь зүгээр гэж хэлээд унтсан. Тэр шөнө нойр хүрээгүй. Юм бодсоор байгаад өглөө болгосон. Маргааш өглөө нь би эхлээд талийгаачийг орхисон газраа очиж харсан. Талийгаачийг хашааны аман дээр орхисон байсан. Би хараад л сандраад буцаад явсан. ...Өлзий-Оршихыг сэрээхэд Өлзий-Орших арай гэж боссон. Би Өлзий-Оршихыг машинд хүрз хий гэхэд Өлзий-Орших тухайн үед ажилдаа хэрэглэж байсан 3 хүрзийг машинд хийсэн байсан. Би цагдаа нарт хэрэглэсэн 1 хүрзээ л өгсөн. Тэгээд Өлзий-Оршихыг авч яваад талийгаачийг орхисон газраасаа аваад машинтайгаа голын шавартай газар очоод нүх ухаж булсан ... гэх, /1 хх-166 х/
Ялтан А.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Г.Золбаяр, П.Оюунбат бид 3 явж Баяндэлгэр сумын төвд байх “Эргэн дурсахуй” гэдэг бааранд 15 цагийн үед ороод хүний нэг нэг пиво аваад дээрээс нь 0.75 граммын шилтэй Улаанбаатар архи авч ууцгаасан. Энэ үед Г.Золбаяр баарны бармен хүүхэнтэй танилцаад юм ярьж байгаад утасных нь дугаарыг аваад явсан. ...Бид нар бааранд ороод 0.75 граммын шилтэй Улаанбаатар архи аваад сууж байхдаа нөгөө бармен охинтой цуг бүжиглээд байж байсан. Тэгээд байж байхдаа би нэлээн согтсон байсан. Баарнаас гараад машин руугаа суухад нэг танихгүй залуу Г.Золбаяр, П.Оюунбат нарын хамт сууж байсан. Тэгээд намайг машинд суутал Г.Золбаяр машинаа шууд асаагаад сумын төвөөс хойшоо яваад зогссон. Машинд явж байхдаа баарны хүүхнээс болж муудаад хэрэлдээд зогссон. Тэгээд машинаас буугаад Г.Золбаяртай зодолдохоор нь би Г.Золбаярын талд орж нөгөө залууг элбэж зодсон. Энэ үед Оюунбат голоор орж ирээд салгаад байсан. Тэгээд зодолдохоо больж П.Оюунбат бид хоёрыг наад хүнээ эмнэлэг рүү аваад яв гэхээр нь хохирогчийг Г.Золбаяр бид 2 машиныхаа багаажинд хийгээд хөдөлсөн.  Тэгээд шууд байрлаж байсан байр руугаа иртэл П.Оюунбат буулаа та 2 наад хүнээ эмнэлэгт аваачиж өг гээд үлдсэн. Тэр үед Г.Золбаяр бид 2 гэрт ороод өмсөж байсан цустай хувцсаа тайлсан. ... сумын зүүн талд баригдаж байгаа Жишиг хорооллын голын эгнээний баруун талаасаа 3 дахь даймангүй эзэнгүй хашаанд орж зогсоод Золбаяр бид 2 нөгөө залууг багаажнаас өргөөд машинаас буулгасан чинь ёолоод байж байсан. Тэгтэл Золбаяр намайг машиндаа ороод нүдээ аниад байж бай гэхээр нь би машиндаа ороод суутал түс хийх чимээ гарсан. Би харсан чинь Золбаяр гартаа том чулуу барьчихсан харагдаж байсан. Тэгээд би Золбаярыг талийгаачийн толгой руу цохичихлоо гэж ойлгосон. Өглөө Золбаяр 07 цаг өнгөрч байхад намайг унтаж байхад сэрээгээд нөгөө залуу чинь үхчихсэн байна хүн амьтан харчих гээд байна аваачиж нууя гэж хэлээд намайг босгоод барилга дээрээс хүрз аваад явсан. Бид хоёр ухсан нүхэндээ хийж булсан ...гэх/ 1 хх-174х/
Шүүгдэгч П.Оюунбатын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Золбаяр, Өлзий-Орших нарын хамт Золбаярын 34-13 ХЭҮ улсын дугаартай “Тоёота спринтер” маркийн машинтай “Эргэн дурсахуй” бааранд 15 цагийн үед орж архи, пиво авч уусан. Золбаяр тэр баарны үйлчлэгч охинтой танилцсан гэж байсан. Тэгээд бид нар юм аа ууж дуусаад гарцгаасан. Оройны 20 цаг өнгөрч байхад дахин тэр баар руу орсон. ... Золбаяр намайг явъя гэхээр нь дагаад гарсан чинь нэг танихгүй залуутай машинд сууж байсан. Машинтай хойшоо явж байхдаа хүүхэн дээрээсээ болоод муудаад гарсан. Тэгээд сумаас нэлээн яваад машинаа зогсоогоод Золбаяр, Өлзий-Орших нар нөгөө залууг машинаасаа буулгаад хоорондоо зодолдоод гарсан. Би тэд нарыг салгах гээд хорих үед Золбаяр машин руугаа гүйж ирээд арынхаа багаажийг онгойлгоод запас дугуйгаа аваад нөгөө залууг цохих гээд далайхаар нь би өмнүүр нь орж дугуйтай нь цааш түлхсэн. Энэ үед Өлзий-Орших нөгөө залуутай зодолдоод байхаар нь салгатал Золбаяр дугуйгаа барьж ирээд дугуйгаар 2-3 удаа цохисон. Яг хаана цохисныг хараагүй. Би очоод та нар хүн аллаа болиоч гэж хориод салгасан. Намайг энэ хоёрын нэгийг нь салгахаар нөгөөдөх нь очоод талийгаачийг зодоод дийлдэхгүй байсан. Тэгээд би та нар хүн аллаа шүү дээ одоо наад хүнээ эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн. Тэгээд байж байтал Золбаяр Өлзий-Орших нар талийгаачийг машиныхаа багажинд өргөөд хийсэн. Энэ үед талийгаач ёолоод байгаа сонсогдсон. Тэгээд тэр 2 шууд гэр рүү давхиад хүрээд ирсэн. Би гэртээ ирээд наад хүнээ эмнэлэг рүү хүргэж өг гэж тэр хоёрт хэлсэн. Тэр 2 хувцсаа сольж өмсөж байсан. Тэгээд би унтсан. Өглөө 8 цагт сэрэхэд Золбаяр, Өлзий-Орших нар байгаагүй ...гэх /1 хх- 182-186 х/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урнаагийн мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Би маш их гомдолтой байна. ... шууд ба шууд бус хохирол нийлээд 25.719.294 төгрөг нэхэмжилж байна. Миний хувьд энэ гурав гурвуулаа алуурчин. Цолмонбаяр миний данс руу Золбаярын нэр дээр 1.000.000 төгрөг, Оюунбатын нэр дээр 500.000 төгрөг, Өлзий-Оршихын нэр дээр 500.000 төгрөг шилжүүлсэн. Өлзий-Оршихын ээж нь эхлээд 2.000.000 төгрөг өгсөн. 2015.09.15-ны өдөр 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Өлзий-Оршихын төлбөр 3.820.000 төгрөг болсон. Эд нар нийт 5.320.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа дүнгээсээ хасаагүй байгаа ...гэв.
Гэрч Ц.Цолмонбаярын мөрдөн байцаалтанд  өгсөн: 2014 оны 9 дүгээр сарын 10-ны шөнө намайг унтаж байхад 01 цагийн үед байх энэ хэд орж ирсэн. Тухайн үед би унтаж байсан болохоор цагаа нарийн сайн хараагүй. Тэгтэл Золбаяр надад хандаж “ бид нар сая бааранд зодоон хийчихлээ “ гэсэн. Тэгэхээр нь “ хүн амьтан нь гайгүй юм уу, хүн амьтныг нь эмнэлэгт үзүүлсэн юм уу “ гэсэн чинь гайгүй байлгүй гэж хэлсэн. Оюунбатыг байхгүй болохоор нь асуусан чинь гадаа машинд унтаж байгаа гэсэн. Тэгээд би гараад хартал Оюунбат гадаа машины арын суудал дээр унтаж байсан. Би түүнийг оруулж ирээд унтуулсан. Би Оюунбатыг оруулахад нөгөө 2 зөрөөд машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэд нарыг харахад өмд цамц нь цус болсон байсан ... гэх,
Гэрч Б.Золзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Сугарсүрэнг танина. Энэ залуутай үерхээд 1 сар орчим болж байгаа. 2014 оны 9-р сарын 10-ны орой  намайг ажил дээр байхад  21 цаг 50 минутын үед гадны 3 залуу орж ирсэн. Тэд баруун талын ширээний хойноосоо 2 дахь ширээнд суугаад архи ууж байсан. Тэгсэн Сугарсүрэн орж ирээд нөгөө залуусын ширээнд суугаад надад хандаж “ би архи уух уу “ гэхээр нь “ надад хамаагүй “гэж хэлсэн.Тэгсэн нөгөө залуучууд гарахаар нь Сугарсүрэн хамт гараад гадаа тамхи татчихаад орж ирээд дөрвүүлээ талбайд гараад бүжиглэсэн. Тэгээд хамт гарцгаасан түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй” ...гэх / 1 хх- 41-42 х/
Гэрч А.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: Би өөрөө Баяндэлгэр сумын төвд өөрийн ахтай хамтран “Эргэн дурсахуй” баарыг ажиллуулдаг юм. ...Тэгээд нэг харсан барны гадаа байсан ХЭ серитэй жижиг цагаан машинд нөгөө залуус ороод суусан харагдсан. Тэгээд удаагүй буухаар нь би наанаас очиж “ одоо дүү нар харь “ гэхэд нэг залуу нь нэрээ хэлээд ахтай танилцана. Машинд суучих гэхээр нь ах нь юу гэж суух бэ та нар харь гэж хэлсэн. Нөгөө залуучууд буцаад машиндаа суугаад нэг харсан Баяндэлгэр сумын Сугараа гэдэг залууг суулгачихсан, та суучих танай нутгийн залуу байна гэж нөгөө 3 залуу ярьж байсан. Хэдийд нь Сугараа очоод суучихсан юм анзаараагүй” тэгээд хөдлөөд хойшоо зам чиглээд явж байсан. Би ч баар руу орсон ...гэх мэдүүлгүүд /1хх-39-40/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл / 1хх- 3-6, 7х/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-16 х/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл   /1 хх-19 х/ 
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-21х/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл 1хх-31х/
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 45 тоот: ....  Ө.Сугарын биед үүссэн баруун тал бөмбөлөгийн зулай хэсгийн тархи няцрал, их тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорхи цусан цусан хураа, хуйхан дор, гавлын булчинд цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай  хүнд зэргийн гэмтэлд хамаарах нас барснаас хойш газарт булсан байх боломжтой, түүний амьсгалын замын эрхтэнээс гадны биет шороо зэрэг зүйл илрээгүй ...гэх / 1хх- 84-87 х/
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9456, 57, 58, 59 тоот дүгнэлт / 1хх- 115 х/
Шүүхийн Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 76 тоот дүгнэлт  /1хх- 61 х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийн зүйлчлэл тохирсон анхан  шатны шүүх нэхэмжлэлийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Г.Золбаярын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн машиныг хурааж улсын орлого болгосон нь хууль зөрчөөгүй байх тул А.Өлзий-Орших, Г.Золбаяр нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах буюу ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүсч давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
 Иймд ялтан Г.Золбаяр, А.Өлзий-Орших нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 19А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан нарын  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                          О.БААТАРСҮХ
                                                                                                   Б.СҮХГОМБО