Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2019/0231

 


 

 

2019 оны 04 сарын 24 өдөр 

 

Дугаар 221/МА2019/0231

 

Улаанбаатар хот

 

О.М-гийн  нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0096 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, О.М-гийн  нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Санхүүгийн хяналт, шалтгалтын улсын байцаагч Д.Совд, Б.Алтанцэцэг, С.Сонгууль, тус яамны Гүйцэтгэлийн аудит хариуцсан мэргэжилтэн А.Нансалмаа нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0096 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № 13/13-01/01 тоот актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч О.М-гийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүхийн 128/ШШ2019/0096 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭЛ хэсэгт "Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь сангийн шинэ бүтцийг баталснаар орон тоо хасагдаагүй, нийт 24 орон тоотой байсныг 24 орон тоотой хэвээр нь баталсан буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” дугаар А-09 тоот тушаалаар орон тоо хасагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ба хасагдсан гэх албан тушаалуудын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн эсэх асуудалтай маргаагүй болно" хэмээн алдаатай дүгнэжээ. /ШШ-ийн 9 дэх тал/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2016 оны 8 дугаар сарын 29- ний өдрийн А-09 дугаартай тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог уг тушаалын хавсралтаар баталсан байдаг. Энэхүү тушаалын захиргааны хэрэгт хавсаргасан хавсралтад 24 хүний бүтэцтэй байхаар хийгдсэн хувилбарыг хавсаргасан байна.

Гэтэл миний бие Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бичиг хэрэгт очиж үзэхэд 17 хүний бүтэцтэй байхаар баталсан уг тушаалын өөр нэг хавсралт байна. Уг хавсралтыг нотлох баримтын шаардлага хангуулан авах гэхээр уг байгууллага зөвхөн эрх бүхий байгууллагын шаардсанаар олгоно гээд надад өгөхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн  шүүх хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж заасны дагуу шүүх энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ байна.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирал гэдэг албан тушаалтан нь ажлын байрны тодорхойлолтын дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын шууд удирдлага дор өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үрэг бүхий этгээд юм.

Сангийн гүйцэтгэх захирал өөрөө дур мэдэн сангийн бүтэц, орон тоог тогтоох, өөрчлөх эрхгүй бөгөөд тогтоож өгсөн бүтэц, орон тооны хүрээнд үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй юм.

Тийм ч учраас О.М нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А-09 дугаартай тушаалаар 17 хүнтэй байхаар баталсан сангийн шинэ бүтцийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн ажилтнуудтай ярилцаж, санал бодлыг нь солилцож 16 хүнийг ажлаас чөлөөлсөн юм.

Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-28 дугаартай тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 24 байхаар тогтоож, бүтэц, орон тоог хавсралтаар шинэчлэн баталсан байдаг

Энэ тушаалыг хэрэгжүүлж гүйцэтгэх захирал О.М  хуучин ажиллаж байсан 2 хүнийг буцааж ажилд нь авч, мөн шинээр цөөн тооны ажилтан ажилд авсан байдаг.

О.М  нь байгууллагын бүтэц, орон тоог тогтоодог, баталдаг этгээд

биш харин батлагдсан бүтэц, орон тооны хүрээ хязгаарт үйл ажиллагаа явуулах үүрэгтэй албан тушаалтан гэдгийг шүүх анзаараагүй.   

Шүүхээс нэхэмжлэгч талыг энэ нөхцөл байдлын талаар маргаагүй мэтээр дүгнэсэн нь үнэнд нийцэхгүй юм.

 Учир нь Шүүхийн 0096 дугаартай шийдвэрийн 3 дах тал дээр “...Миний бие ХХААХҮ-ийн сайдын 2016 он 08 дугаар сарын 19-ны өдрийн Б-09 дугаар тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх"-ийн захирлаар томилогдон ажиллах болсон. Улмаар ХХААХҮ-ийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А-09 дугаар тушаал гарч тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасны дагуу...ажилласан” хэмээн маргасан байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь улсын байцаагчид акт гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, актыг гардуулаагүй, мэдэгдээгүй, Санхүүгийн хяналт шалгалтын холбогдох стандартыг мөрдөөгүй гэх үндэслэлүүдийг гаргаж маргасан байдаг. Шүүх дээр дурдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн хирнээ “...2018 оны № 13/13-01/01 дүгээр акт нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх тул" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.Шүүх улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж үзсэн нь сонирхолтой.

Шалгалтын зорилго нь О.М-ийг буруутайд тооцох байсан юм болов уу?

Нэхэмжлэгчээс, эсвэл хариуцагчаас шүүхэд хандаж улсын байцаагчийн актыг зорилгодоо нийсэн, бодит нөхцөлд тохирсон эсэхийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, хүсэлт огт гаргаагүй байхад ийм хачирхалтай дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд буруу гэж үзэж байна.

Шүүхийн 0096 шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "...бодит байдалд орон тоо хасагдаагүй байхад үндэслэлгүйгээр орон тоо хасагдсан гэж үзэж 17 албан хаагчийг ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон болох нь нотлогдож...” гэжээ.

Орон тоо бодитоор хасагдсан болохыг дээр өгүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл орон тоо хасагдсан нотлох баримтыг шүүх хэрэгт цуглуулж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн зөрчил илэрсэн.

Нөгөөтээгүүр, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д "Лэрзахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ: 128.1.2. ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол” гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилтныг ажлаас халсан, өөр ажилд шилжүүлсэн бол тэрээр энэ гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ зүйл, заалтад заасан маргааныг шийдвэрлэх харьяаллыг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д "Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж тусгайлан зааж өгсөн байна.

Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас чөлөөлөгдсөн нэг ч иргэн шүүхэд болон өөр бусад эрх бүхий байгууллагад үндэслэлгүйгээр халагдсан талаар маргаан үүсгээгүй. Өөрөөр хэлбэл халагдсан ажилтан ажлаас халсан шийдвэрийг хуульд нийцсэн, зөв шийдвэр гэж үзсэн гэж ойлгогдохоор байна. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан эсэх маргааныг үүсгэх эрх нь хуулиар гагцхүү “Ажилтан”-д өөрт нь олгогджээ.

Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчид шүүхийн өмнүүр орж хэн нэгэн ажилтныг хууль бусаар халагдсан мэтээр дүгнэлт хийж, түүнийг нь захиргааны хэргийн анхан шатны шүүх мөн зөвтгөж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч иргэний хэргийн шүүхийн шийдвэрлээгүй байгаа асуудлын хүрээний дүгнэлтийг хийсэн нь хуульд нийцэхгүй байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 1 дэх хэсгийн заалтыг баримтлан ажилтныг ажлаас чөлөөлсөн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1 2.,40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг тул ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд тэтгэмж олгосон асуудал хуулийн дагуу хэрэгжүүлэх ёстой ажил олгогчийн үүрэг юм.

Төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлж байна гээд нөгөө талдаа ажилтны эрхийг шамшигдуулж болохгүй гэдгийг шүүх анхаарна гэж найдаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 128/ШШ2019/0096 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу /гомдлын хүрээнд/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 96 дугаар шийдвэртэй хэргийг  хянав. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн № 13/13-01/01  дүгээр актаар бүтцийн өөрчлөлт орон тоо хасагдсан нэрийдлээр өмнө ажиллаж байсан албан тушаалтнуудыг чөлөөлж дээрх орон тоонууд дээр шинээр ажилтан авч ажиллуулан чөлөөлөгдсөн албан хаагчдын тэтгэмжид 58,792.1 мянган төгрөг олгож, төсвийн хөрөнгийг хэмнэлттэй үр ашигтай зарцуулах зарчмыг алдагдуулж, төсөвт учруулсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнуудаар нөхөн төлүүлж, төсвийг хохиролгүй болгох нь зүйтэй гэж үзсэн байна. 

Нэхэмжлэгчээс дээрх үйлдлээ  “Миний бие ХХААХҮ-ийн сайдын 2016 оны 08 дугаар 19-ны өдрийн Б-09 дугаар тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар томилогдон ажиллах болсон. Улмаар ХХААХҮ-ийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А-09 дугаар тушаал гарч тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заагдсанаар буюу бүтцийн нэгжээс тодорхой тооны албан тушаалууд хасагдаж үүний дагуу албан тушаал нь бүтцэд байхгүй болсон албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэсгийг үндэслэж ажлаас халагдсаны тэтгэмжийг хуульд нийцүүлэн олгож ажил олгогчийн үүргээ биелүүлсэн” гэж тайлбарлаж байна.

Энэхүү маргааны тухайд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц орон тоо өөрчлөгдөөд үнэхээр, бодитойгоор орон тоо цөөрсөн эсэх, тухайн ажилтнуудыг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох үндэслэл байсан эсэхийг тогтоох нь чухал ач холбогдолтой байна.

О.М ийг анх тус сангийн захирлаар томилогдох үед Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай дугаар 187 дугаар тушаал хүчин төгөлдөр үйлчилж байжээ. 

Уг тушаалд тус санг 24 орон тоотой байхаар баталсан байна. Ө.М ийг томилогдоод 8 хонож байх үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” дугаар А-09 дүгээр тушаалаар гарсан байна. 

Гэвч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн орон тооны тухайд  ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Энэ нь тухайн 2 тушаалаар тодорхой нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын “Ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны холбогдох тушаалуудаар нэр бүхий 17 албан хаагчийг орон тоо өөрчлөгдөж хасагдсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д тус тус заасныг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажлаас халагдсаны тэтгэмж олгох ямар ч нөхцөл шаардлага байгаагүй ажээ.

Энэ байдал нь нэхэмжлэгч О.М  нэр бүхий ажилтнуудыг “орон тоо цөөрсөн” гэх шалтаг хэлж чөлөөлснийхөө дараа 

Овог нэр

Ажилд томилсон тушаал

Албан тушаал

1.

Б.Ариунаа /6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон/



 

2016.11.17 Б/47 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, шилжүүлэн томилсон

Төвийн бүс хариуцсан мэргэжилтэн

2.

Сабит овогтой Жавхлантөгс

2016.09.01 Б/24 

Баруун бүс хариуцсан мэргэжилтэн

3.

Дашням овогтой Мөнхзул

2016.09.01  Б/23

Мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

4.

Буян овогтой Мөнхтулга

2016.09.01 Б/21

Зүүн бүс  хариуцсан мэргэжилтэн

5.

Нэргүй овогтой Номин

2016.09.01 Б/18

Захирлын туслах /түр тушаал/

6.

Цогт овогтой Ариунжаргал

2016.09.01 Б/26

Ерөнхий нягтлан бодогч

7.

Алзахгүй овогтой Амаржаргал

2016.09.01 Б/27

Мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

8.

Шагдар овогтой Сугар

2016.09.01 Б/28

Гэрээ, хэлцэл хариуцсан мэргэжилтэн

9.

Цэрэнбалжир овогтой Ганчимэг

2016.09.01 Б/29

Хүний нөөцийн мэргэжилтэн

10.

Төртогтох овогтой Үүрцайх

2016.09.01 Б/30

Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн

11.

Янгуг овогтой Содсоёмбо

2016.10.05 Б/36

Тайлан төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн

12.

Пэрэнлэйжамц овогтой Довчинсамбуу

2016.10.20 Б/39

Зээлийн төслийн албаны дарга

13.

Эрдэнэ овогтой Тэгшбаяр 

2016.10.24 Б/43

Хангайн бүс хариуцсан мэргэжилтэн

14.

Батжаргал овогтой Цогтбаяр

2016.11.01 Б/44

Мэдээ, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн

15.

Бадам овогтой Алтаннар

2016.11.01 Б/45

Гэрээ хэлцэл хариуцсан мэргэжилтэн

16.

Баярсайхан овогтой Одгариг

2016.11.01 Б/46

Зээлийн батлан даалт хариуцсан мэргэжилтэн

17.

Шагдар овогтой Сугар

2016.11.01 Б/47

Гэрээ, хэлцэл хариуцсан мэргэжилтнээс Захиргаа хууль зүйн албаны дарга

18.

Ренчин овогтой Гантөмөр

2016.12.06 Б/56

Санхүүгийн албаны дарга

гэсэн тушаалуудыг гаргаж нэр бүхий ажилтнуудыг авсан байдлаар тогтоогдож байна. Энэ тухайд анхан шатны шүүх үзлэг хийж тухайн тушаалуудыг цахим хэлбэрээр баримтжуулан авсан байна.

Дээрх байдлаас нэгтгэн дүгнэхэд 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/01, 2016 оны 08 дугаар  сарын 26-ны өдрийн Б/02, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б10, Б/11, Б12, Б/13, Б/14, Б/15, Б/16, Б/17, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б/33 дугаар тушаалууд, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/31 тоот 17 албан хаагчид 61 708 000 төгрөгийн тэтгэмж олгох, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/49 дугаартай 4.540.200 төгрөгийн тэтгэмж олгох шийдвэрүүд нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан” Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” зарчмыг алдагдуулж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэхээр байна.

О.М-гийн  дээрх ажилтнуудыг шинээр ажилд авсан тушаалын огноо дугаараас дүгнэхэд  нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолдоо дурдаж байгаа 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-28 дугаартай Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын  тушаалаар /давж заалдах шатны шүүх хуралдаанд мөн тайлбарласан/ буцаад 24 орон тоотой ажиллах болсон, ийм учраас шинээр ажилтан авсан гэдэг тайлбар нь үгүйсгэгдэж байна. 

Анхан шатны шүүх “улсын ахлах байцаагчийн 2018 оны № 13/13-01/01 дүгээр актын тухайд  ...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”  зарчимд нийцсэн гэж дүгнэсэн байгааг “Хууль хэрэглээний алдаа гаргасан” гэж давж заалдах гомдолд үзжээ. Захиргааны хэргийн шүүх маргаж буй захиргааны актын талаар үнэлэлт, дүгнэлт өгөөд хууль, зарчимдаа нийцээгүй, үндэслэлгүй бол хүчингүй болгох бөгөөд яагаад ингэж үзсэнээ шийдвэртээ тусгагдаг нэгэн адил хэрвээ захиргааны актыг үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй гэж үзсэн бол яагаад ийнхүү дүгнэсэн болохоо шийдвэртээ бичих нь зүй ёсны юм. Энэ нь хууль хэрэглээний алдаа гэсэн ойлголтод хамаарахгүй.

Тухайн ажилтнуудын хэн ч хууль бусаар ажлаас халагдсан тухай нэхэмжлэл гаргаагүй,  маргаан үүсгээгүй. ... гэтэл улсын байцаагч шүүхийн өмнүүр орж хэн нэгэн ажилтныг хууль бусаар халсан мэтээр дүгнэлт хийж, түүнийг нь шүүх зөвтгөж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж давж заалдах гомдолд мөн дурджээ. Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзэхэд “хэн нэгэн ажилтныг буруу халжээ, иймд тухайн ажилтанд цалинг гаргуулж олго” гэсэн агуулгаар бус гагцхүү төрийн байгууллагын орон тоо цөөрөөгүй байхад ажилтнуудыг чөлөөлж тэдэнд тэтгэмж олгосноос төсөвт хохирол учирсан, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан зарчим зөрчигдсөн гэж үзсэн нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гол үндэслэл болжээ.

Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажил нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсан, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А-67 дугаартай Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээ хийх тухай тушаалаар батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамж”-н дагуу хийгдсэн, уг тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр явуулсан тус байгууллагын орон тоо, бүтэц, зохион байгуулалт, цалин хөлс тогтоолт, олголтын байдалд хэсэгчлэн дотоод аудит хийсний дүнд тавьсан болох нь тогтоогдсон байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон, 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2019/0096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-ын  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                         Г.БИЛГҮҮН

                   ШҮҮГЧ                         Э.ЗОРИГТБААТАР