Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 837

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Б.Дэлгэрмаа;

шүүгдэгч: Л.О (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Оид холбогдох эрүүгийн 1803000010409 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Ар булаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютер электроникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 3 дугаар гудамжны 294 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 1 дүгээр гудамж 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистерийн дугаартай, Халиугчин овогт Л.О.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Л.О нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны 11 цаг 58 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 32-ын тойргийн хойд талын явган хүний гарцан дээр “Hyundai Sonata-6” маркийн 99-41 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Н.Ариунгэрэлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О мэдүүлэхдээ: Хавтаст хэрэгт үнэн зөвөөр тодорхой мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-7/, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/, хохирогч Н.Ариунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 17-18/, хохирогч Н.Ариунгэрэлийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 21-27/, Л.Оийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30, 49-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12848 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 747 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/, Л.Оийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/, Л.Оийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 53-61/, хохирогч Н.Ариунгэрэлийн хүсэлт /хх-ийн 64, 67/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Л.О нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн хойд замд “Hyundai Sonata-6” маркийн 9941 УНХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс явган хүний гарцаар зам гарч байсан явган зорчигч Н.Ариунгэрэлийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

 хохирогч Н.Ариунгэрэлийн /хх-ийн 17-18/: “... Би 32-ын тойргийн хойд талд байдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахдаа автомашинд мөргүүлээд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан. ...Энэ ослын улмаас миний аарцагны яс хугарсан. Мөн умайн баруун, зүүн яс цуурсан гэж гарсан байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Л.Оийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 29-30, 49-51/: “... 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1 дүгээр хорооллоос хоёр зорчигч аваад Дамбадаржаа орох гээд 32-ын тойргийн хойд замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо зүгт зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байтал 32-ын тойргийн хойд талын явган хүний гарцны зүүн талд хэсэг хүмүүс зогсож байхаар нь би явган хүний гарц руу ортол гэнэт замын зүүн талаас нэг эмэгтэй шууд миний урдуур гүйгээд ороод ирсэн. Би хараад шууд тоормос гишгээд, дуут дохио өгөөд зогсох агшинд уг явган зорчигчийг мөргөөд зогссон...” гэх мэдүүлгээр,

 

Н.Ариунгэрэлийн биед “ууц ясны баруун дэлбэн, хоёр талын умдаг ясны дээд, доод салааны сэлтэрхий үүсгэсэн зөрөөтэй хугарал, баруун өвдөгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл” учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дүугаар сарын 29-ний өдрийн 12848 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 33/,

 

“... Х.Соната-6 маркийн 99-41 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Лүндээ овогтой Отгонцоож нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Нарантуяа овогтой Ариунгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 747 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 44-45/ болон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-7/, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Оийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Л.О нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны 11 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг, 32-ын тойргийн хойд замд явган хүний гарц дээр “Х.Соната-6” маркийн 9941 УНХ дугаартай автомашиныг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчиж явган зорчигчийг мөргөж хүндэвтэр гэмтээсэн гэж шүүх дүгнэв.

 

Л.О нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар явж буй явган зорчигчид зам тавьж өгөлгүйгээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Л.Оийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Ариунгэрэлийн “… хохирлоо барагдуулсан тул цаашид гомдол, санал байхгүй” гэсэн хүсэлт хэрэгт хавсаргагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Харин хохирогч Н.Ариунгэрэл өөрийн хүндэвтэр гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг нэхэмжилнэ гэсэн тул энэ эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Л.Оийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Халиугчин овогт Л.Оийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Л.О урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Н.Ариунгэрэл нь цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардлаа энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Оид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ