Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 204/МА2023/00021

 

 

 

 

Т.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145/ШШ2023/00358 дугаар шийдвэртэй

 

Т.Д-ийн нэхэмжлэлтэй Ц.Д, М.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг 15122000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Ц.Д /цахимаар/, М.А /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 09 дүгээр сард хариуцагч Ц.Д, М.А нарт 6-н удаагийн гүйлгээгээр өөрийн данснаас 20000000 төгрөгийг нотариатч А.Д-ээр баталгаажуулан шилжүүлсэн. Хариуцагч нар өдрийн 1 хувиар мөнгө хүүлдэг, 20000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй авъя, барьцаа хөрөнгө байхгүй, бид хоёр итгэлтэй, чиний мөнгийг сарын 10 хувийн хүүгээр өсгөж өгнө гэхэд нь би ямар ч байсан хоёрын хоёр хүнд өгч байгаа юм чинь гэрээ хийх нь зөв гээд 20000000 төгрөгөө өгсөн. Тэгсэн юун нөгөө хүү, сохор зоос ч байхгүй болсон. Нэг нэг рүүгээ чихээд эзэн тогтоогдохгүй байна. Энэ хоёроос 20000000 төгрөг битгий хэл хүү энэ тэр аваагүй. Би өөрөө банк болон хүнд өртэй болсон. Өмнө нь шүүхэд хандахад эрүүгийн хэргээр явж байгаа бол дуусгасны дараа манайд ханд гэж миний нэхэмжлэлийг аваагүй, Д.Цэцэгээ шүүгч шийдэхдээ гэрээтэй болохоор иргэний журмаар шийдүүл гээд миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Би олон жил 20000000 төгрөгөө авч чадахгүй хохирч байгаа. Анх нэхэмжлэл гаргахдаа 20000000 төгрөг нэхэмжилсэн. Манай найз М.А-т мөнгөний өглөгтэй гэхээр нь надад өгчих би авлагатай гэж хэлээд 4500000 төгрөгийг авсан. Тэрнээс биш энэ хоёр надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Тийм болохоор би авсан мөнгөө хасаад 15122000 төгрөгийг Ц.Д. М.А нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

              2. Хариуцагч Ц.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр миний хувьд ял эдэлж байгаа хоригдол хүн. Т.Д-ийн яриад байгаа зүйл зөв. Тэрнийхээ төлөө би ял эдэлж байгаа хүн. Одоо юу яриад байгааг чинь би үнэхээр ойлгохгүй байна. Т.Д, М.А хоёр намайг энд ял эдэлж байгаа хоригдол гэдгээр нь далимдуулж Дээрэлхэж доромжилж байгаад үнэхээр их гомдож байна. Т.Д надаас нэхэмжилсэн мөнгөө эрүүгийн хуулиар авсан биз дээ. Шийтгэх тогтоол дээр тэр нь байгаа. М.А иргэний хариуцагч болсон шүү дээ. Яс юман дээр М.А ч гэсэн адилхан хоригдож болох байсан. Адилхан л залилан хийсэн шүү Дээ. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял авч 12 дахь сараа ял эдлээд сууж байгаа. Та нар арай дэндүү юм. Т.Д М.А руу мөнгө шилжүүлсэн учир М.А-оос мөнгөө авах боломж байгаа.

 

              Яагаад над руу дайраад байгаа юм бэ? Намайг юу ч үгүй болсныг нүдээрээ харж, мэдэж байгаа. М.А ч гэсэн бүгдийг нь мэдэж байгаа. Эцсийн эцэст гав ганцаараа энд хоригдоод, ямар байдалтай, яаж байгааг та нар бүгд мэдэж байгаа. Би М.А, Т.Д хоёрт үнэхээр гомдолтой байна. Яагаад та нар надаас авсан мөнгөө буцааж нэхээд байгаа юм. Эрүүгийн хуулиар чамд иргэний хариуцагчаас гаргаж өгөхөөр шийдсэн шүү дээ. М.А иргэний хариуцагч болсон. Би та хоёрт дансны хуулгаараа ч тэр, аль ч байдлаараа өргүй болсон. М.А, Т.Д та хоёр хоорондын тооцоогоо байгаа болохоор нэг нь өгөөд, нэг нь авч болдоггүй юм уу? Эрүүгийн шүүх хуралдаан Дээр прокурор ял сонсгоход 3 хүүхдийг нь бодооч ээ гэж хэлчихээд яагаад одоо ингэж хэлж байгаа юм бэ? ойлгохгүй байна. Би хэдий чамд өглөгтэй, авлагатай ч надад өгөөд байх юм байхгүй. Гэхдээ би чамд ямар ч өглөг, авлага хуулиар байхгүй. Эрүүгийн хуулиар ялаа эдлээд энд байгаа. Та нарт яагаад хүн чанар гэж юм байдаггүй юм бэ? Та нар эрүүгийн журмаар шийдэгДээд авчихсан мөнгөө яагаад ахиад надаас нэхээд байгаа юм бэ? наад 20000000 төгрөгийг чинь би аваагүй, М.А дансаараа авсан. Тэрийг чи мэдэж байгаа.

 

              Яагаад М.А-той хоорондоо ярилцаад авч болдоггүй юм. Яагаад энэ их мөнгийг авчихаад ахиад мөнгө нэхээд байгаа юм бэ? Эрүүгийн журмаар чиний хохирсон мөнгийг чинь олгохоор болоод одоо төлөгдөж байгаа гэсэн биз Дээ. Би үнэнДээ хоригдож байгаа болохоор юу ч мэдэхгүй байна. Би 2022 оны 08 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял эдэлж байгаа, 164 дугаартай шийтгэх тогтоолоор Т.Д-ийн хохирлыг чамд гаргуулахаар шийдвэрлэсэн. Аудитын шинжээчийн дүгнэлтээр М.А надаас илүү мөнгө авсан байна гэж гарсан болохоор иргэний хариуцагч болгосон шинжээчийн дүгнэлт байгаа. Ийм байхад яагаад намайг ингэж байгаа юм бэ? Та хоёр хоорондоо учраа олж болдоггүй юм уу? Үнэхээр хүн байсан юм бол та хоёр өөрсдөө учраа олж болдоггүй юм уу? би та хоёрын яриад байгаа мөнгөний ялыг эдэлж байгаа. Би одоо эрүүгийн хэргийг ярихгүйгээр иргэний хэргийн талаар ярих юм бол би Т.Д-д өгөх ёстой мөнгөө эрүүгийн журмаар гаргуулж өгсөн. М.А надад мөнгө өгөх ёстой болохоор иргэний хариуцагчаар тогтоогдсон. Би М.А, Т.Д хоёрт гомдож байна гэжээ.

 

              3. Хариуцагч М.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд Ц.Д-тай хүнд мөнгө зээлүүлж өсгөж олох санал болгон хамт хийж байх хугацаанд Ц.Д-ын ятгалгаар Т.Д-тэй холбогдож гурвуул хамт уг ажлыг хийх нэрийн дор мөнгийг Ц.Д-д дамжуулж өгсөн. Улмаар Ц.Д-ын яриа худал залилан байсныг мэДээд болих саналыг Т.Д-д хэлсэн боловч Ц.Д, Т.Д нар хоёул уулзаж уг ажлаа хийх болсон байсан ба дахиж энэ хоёртой холбогдоогүй. Энэ хоёр 3 сар гаруй хэн хэнДээ амлалт өгөн хамтарч ажиллаж байгаад Ц.Д нь Т.Д-ийн мөнгийг улам их болгон өртэй болж өгөөгүй хэмээн хэрэг үүссэн байсан. Т.Д уг хүнтэй намайг холбуулж өгсөн хэмээн удаа дараа дарамталж Дээрх мөнгөний талыг нэхэж 4 жил болж байна. Миний хувьд аваагүй мөнгөнийхөө төлөө Т.Д-д 5000000-6000000 төгрөг өгсөн. Иймд уг мөнгийг Ц.Д-аар төлүүлэх хүсэлттэй байна гэжээ.       

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.А-оос 7561000 төгрөг, хариуцагч Ц.Д-ээс 7561000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.А-оос 116780 төгрөг, Ц.Д-ээс 116780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

            5. Хариуцагч Ц.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145/ШШ2023/00358 дугаартай шийдвэрийг иргэний хэргийн хариуцагч Ц.Д би анхан шатны шүүхийн шийдвэрийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн аваад эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргаж байна.

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07-р сарын 31-ний өдрийн 145/ШШ2023/00358 дугаартай шийдвэр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасан зүйлийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч Т.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй шийдвэр болж чадсангүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч, Т.Д М.А бидний хооронд гэрээ хийгдсэн ч гэсэн би мөнгийг хүлээж аваагүй. Тухайн мөнгийг М.А өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан учир дангаараа хариуцах ёстой гэж үзэж байна.

            Миний бие бусдыг залилсан хэмээх ял шийтгүүлж одоо ялаа эдэлж байна. Намайг ял эдэлж байгаа учир энэ хэрэгтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөх боломжгүйг ашиглаж нэхэмжлэгч Т.Д болон хариуцагч М.А нар намайг төлбөрт оруулж байгааг зөвшөөрөхгүй байна. Миний эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор М.А-ыг иргэний хариуцагчаар тогтоосон хүчин төгөлдөр шийтгэх тогтоол байхад анхан шатны шүүхийн шийдвэрээр дахин хэрэг үүсгэж надад төлбөр оногдуулж байгаа нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

            Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145/ШШ2023/00358 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж надад оногдуулсан 7.561.000 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Ц.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдлоо дэмжиж оролцож байна. Би нэг үйлдэл Дээр хоёр ял эдлэх ёстой юм болов уу, ойлгох оо байлаа. Гайхаж байна. Эрүүгийн хэрэг л яригдаж, яг л тэр процесс явагдсан юманд дахиад яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм бэ. Авдаг аа аваад өгдөг өө өгчихсөн биш билүү. Би үнэхээр гомдолтой байна. Аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийг яагаад нотлох баримтаар оруулж өгөөгүй юм бэ. Би уг нь нотлох баримтаар гаргуулъя гээд шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нотлох баримт гаргаж өгөөгүй гэсэн. Аудитын дүгнэлтийн хугацаа яригдаж байгаа процесстой таарч байна. Тэгээд яагаад нотлох баримтаар аваагүй юм бэ гэв

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Өнөөдөр нэхэмжлэгч Т.Д-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийг авч хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 154 дугаартай тогтоолд хохирогч Т.Д-ийн нэхэмжилсэн 21,820,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан. Өнөөдөр хариуцагчаар оролцож байгаа Ц.Д холбогдолгүй болохыг энэ тогтоолоор баталж байгаа юм. Нэгэнт Эрүүгийн хэргийн шүүх хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэргийн шүүх зүгээр ч нэг Ц.Д-ын саналаар хэрэгсэхгүй болгоогүй. Хэрэгт авагдсан аудитын дүгнэлтээр хэрэгсэхгүй болгосон. Анхнаасаа иргэний журмаар нэхэхэд эрүүгийн журмаар шалгаж байгаа учраас тэрийг шийдэгдсэний дараа гээд Иргэний хэргийн шүүх хүлээж аваагүй. Тэгээд эрүүгийн хэргийн шүүх шийДээд хэрэгсэхгүй болгосон байхад иргэний шүүх одоо тэгвэл гаргаад өгье гэж байгаа юм шиг шийдэж байгаа нь хууль хэрэглээнийхээ үүднээс буруу гэж үзэж байгаа учраас Ц.Д холбогдох заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

8. Хариуцагч М.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Д-гээс Ц.Д бид хоёрт 20,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Энэ 20,000,000 төгрөг нь яаж шилжсэн юм бэ. Эхлээд 2, 3 сая төгрөгийг өгөөд аваад би энэ хоёр хүний дунд гүүр болж явсан юм. Тэгээд Ц.Д, Т.Д-гээс авсан мөнгөнд чинь ингэж хүү өгнө, тэгж хүү өгнө гэсэн амаар хэлсэн хүү оролцуулан 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн гээд гэрээ хийсэн. Гэрээг эхний 10 өдрийн дараа Ц.Д эхний удаа 2,000,000 төгрөг өгнө гэдэг яриа бид 3-ын дунд яригдсан. Тэгээд 10 өдөр болсон чинь алга болчихсон. Тэгэнгүүт гурвуулаа уулзъя гэж ярилцаад юу болоод байгаа юм бэ Д-аа гээд Т.Д бид хоёр Ц.Д-ыг дуудаж уулзаад яасан юу болоод байна гэсэн чинь тэр мөнгө чинь байгаа. Ашиг авсан хүн нь өгөхгүй байна. ГэхДээ өнөөдөр мөнгө орж ирнэ гэж хэлээд Т.Д-г дагуулж явахаар нь би энэ хоёрыг мөнгө төгрөгөө авалцаж байгаа юм байхдаа гэж ойлгосон.

 

Тэгээд би Т.Д-тэй уулзахад Ц.Д надад 8,000,000 төгрөг өгсөн. Гэхдээ буцаагаад эргэлдүүлнэ гээд авсан гэхээр нь одоо хэрэггүй, чи одоо ямар ч яриагүйгээр мөнгө ав аа. Хоёулаа хамтраад энэ мөнгөнүүдээ авъя гэсэн. Чиний өгсөн мөнгө, миний өгсөн мөнгө аль аль нь байгаа. Одоо тэгээд энэ үйл ажиллагаагаа зогсооё гээд хэлсэн. Тэгтэл Ц.Д, Т.Д хоёр хоорондоо уулзалдаад М.А-оор яах юм бэ хоёулаа цаашаа энэ мөнгөө өсгөөд явъя гэсэн. Т.Д харин гурвуулаа мөнгөө өсгөе гэхэд нь би дахиж ийм үйл ажиллагаанд оролцохгүй, худлаа байдаг юм байна. Харин оруулсан мөнгөө ямар нэгэн аргаар буцааж авмаар байна гэж хэлэхэд Ц.Д бид хоёр тэдэн төгрөгийн авлагатай, чи өгөх ёстой гээд маргаан үүсээд эхэлсэн. Тэгээд бид хоёр дахиж хэзээ харьцахгүй гээд өгөх авахаа ярилцаад би авах ёстой хэмжээнээсээ үнэхээр доошоо авсан.

 

Тэрнээс гадна Ц.Д, Т.Д хоёр мөнгөө цаашаа өсгөхөөр болсон. Тэгээд явж байгаа үйл ажиллагаа нь ч энэ хоёрын данс Дээрээс харагдана. Тэгээд Ц.Д, Т.Д хоёр нь цаашаа энэ үйл ажиллагаагаараа 3 сар явж байгаад Т.Д нь гэнэт Ц.Д-ээ мөнгө авч чадахаа болингуут энэ хүнээс мөнгө авч чадахгүй байна. Гэрээн Дээр гарын үсэг зурсан энэ хүнээс авна гэдэг. Тийм болохоор энэ мөнгийг би ерөөсөө аваагүй. Надад өгөө ч үгүй. Би дамжуулж өгсөн нь үнэн. 2019 онд хүмүүс гэрээ хийгээд мөнгөө алдчихлаа гэсэн зүйл яригдаад шүүх хурал явагдаад эхэлсэн. Тэгэхэд Ц.Д-ын хэрэг нь шийдэгдээгүй байсан. Т.Д-ийн найз надаас тэгнэ, ингэнэ гэж мөнгө авчихсан байж байгаад тэр мөнгөө авч чадаагүй. Тэгэнгүүт Т.Д бид нар оролцсон хэрэг шийдэгдтэл энэ хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болголоо гээд хэрэгсэхгүй болгосон чинь чи миний мөнгийг энэ хүүхэнд өгч алдсан гээд Т.Д над руу дайраад чи манай найзад мөнгө өгөх ёстой тэрийг чинь би өгүүлэхгүй. Цугтаа шүүхийн гадаа зогсож байгаад чи тэр мөнгөө авахгүй гээд хэлчих. Тэгвэл би тэр мөнгийг чинь авчихна гэсэн. Тэр шүүхэд юу гэж ярьсан гэхээр Ц.Д, М.А хоёр энэ 20,000,000 төгрөгийг 10, 10 саяар нь төлөх ёстой гээд ярьж байсан.

 

Тэгээд чи төлнө, төлье гээд л хэлчих гэхэд би үнэхээр аваагүй юм чинь төлөхгүй гэж хэлсэн. Тэгээд шүүх хурал дууссан. Гарч ирээд Ц.Д надад Ц.Д, Т.Д хоёр надад би тэр найзаас авна гээд байсан мөнгийг чинь авна гэсээр байгаад авчихсан гэсэн. Ер нь яг үнэндээ тэр мөнгө Ц.Д, Т.Д хоёрын хэнийх нь ч мөнгө биш. Миний мөнгө байгаа юм. Би өөрөө 20,000,000 төгрөг алдчихаад хохирчихоод явж байхад надад их хэмжээний мөнгө яригдаад байна. Тэр гэрээ хийснээс 15 хоногийн дараа Ц.Д, Т.Д хоёр хоорондоо мөнгөө өсгөлцөөд явсан. Тэр дансных нь хуулгаар мэдэгдэж байгаа. Тэр хуулгаар Д надад өгөөд би Д руу өгөөд тэгээд Д надад өгөөд би Д рүү өгсөн ганц ширхэг ч гүйлгээ хийсэн хуулга байхгүй. Үүнд би оролцоогүй.

 

            Мөн Т.Д-гээс Ц.Д руу 2 сая төгрөгийг хоёр удаа зээл авч өгч байсан. Эхний зээлсэн мөнгийг нь Ц.Д буцааж өгсөн учраас би Т.Д-д дахин өгсөн. Тэгээд дараагийн удаа дахин гуйхад би өгөөд байсан учраас Т.Д надад өгсөн. Би хувийнхаа зүгээс гэрээ хийгээд 2 сая төгрөгийн зээл авч өгсөн. Тэрийгээ ч надад төлөх ёстой. 1 сарын хугацаанд зээл хөөцөлдөөд зээл орж ирэнгүүт би Д-д хамгийн сүүлд өртэй байсны үлдэгдлээ өгсөн. Одоо бол ямар ч өр байхгүй гэв. Тэрнээс хойш Д надаас авсан мөнгө бол өртэй байж байгаад өгсөн мөнгө огт биш. Зүгээр л Д-ээс мөнгөө авч чадахгүй болонгуутаа чи гарын үсэг зурсан. Чи төлөх ёстой гэсэн дарамтыг үүсгээд надаас авсан гэв.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

            9.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

            10. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

11. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Ц.Д, М.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15122000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

            12. Нэхэмжлэгч Т.Д нэхэмжлэлийн шаардлагаа “...Миний бие 2018 оны 09 дүгээр сард хариуцагч Ц.Д, М.А нарт 6-н удаагийн гүйлгээгээр өөрийн данснаас 20000000 төгрөгийг нотариатч А.Д-ээр баталгаажуулан шилжүүлсэн. ...Анх нэхэмжлэл гаргахдаа 20000000 төгрөг нэхэмжилсэн. Манай найз М.А-т мөнгөний өглөгтэй гэхээр нь надад өгчих би авлагатай гэж хэлээд 4500000 төгрөгийг авсан. Тэрнээс биш энэ хоёр надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Тийм болохоор би авсан мөнгөө хасаад 15122000 төгрөгийг Ц.Д, М.А нараас гаргуулах...” гэж тодорхойлсон.

            Хариуцагч Ц.Д “...Т.Д М.А руу мөнгө шилжүүлсэн учир М.А-оос мөнгөө авах боломж байгаа. ...эрүүгийн журмаар шийдэгДээд авчихсан мөнгөө надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй...” гэж, хариуцагч М.А “...Миний бие 2018 онд Ц.Д-тай хүнд мөнгө зээлүүлж өсгөж олох санал болгон хамт хийж байх хугацаанд Ц.Д-ын ятгалгаар Т.Д-тэй холбогдож гурвуулаа хамт уг ажлыг хийх нэрийн дор мөнгийг Ц.Д-д дамжуулж өгсөн. Улмаар Ц.Д-ын яриа худал залилан байсныг мэДээд болих саналыг Т.Д-д хэлсэн боловч Ц.Д, Т.Д нар хоёулаа уулзаж уг ажлаа хийх болсон байсан ба дахиж энэ хоёртой холбогдоогүй. ...Иймд уг мөнгийг Ц.Д-ээр төлүүлэх хүсэлттэй байна...” гэж маргасан.

            13. Т.Д 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Д. М.А нартай 20000000 төгрөгийг 2019 оны 11 сарын 27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулжээ.

            Зохигчид нь мөнгө зээлдүүлэх, мөнгө зээлж авах хүсэл зоригоо илэрхийлж, зээлэх мөнгөний хэмжээ, зээлийн хүү, хугацааг харилцан тохирч бичгээр гэрээ байгуулж гарын үсгээ зурснаар тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Харин гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй бол зээлдэгч буюу хариуцагч нь мөнгө буцааж төлөх үүрэггүй.

            Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “...гэрээний дагуу 22000000 төгрөгийг хариуцагч Ц.Д. М.А нар өгсөн үйл баримт тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн Дээр...хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалт нь гэрээ байгуулагдсан эсэхийг бус гэрээний дагуу мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн эсэх, гэрээний дагуу үүрэг үүсэх эсэхийг зохицуулсан ба гэрээ байгуулагдсан талаар болон гэрээний хэлбэрийг зохицуулаагүй. Зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанд зээлдүүлэгч гэрээ байгуулж мөнгө шилжүүлснээ, зээлдэгч мөнгийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй. Гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, эсвэл шилжүүлээгүй гэх байдал нь талуудын хоорондох зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй, зохигчийн тайлбар, хэргийн бусад баримт, талуудын мэтгэлцээнийг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр шаардах эрх үүсэх эсэхийг шүүх дүгнэнэ.

            Нэхэмжлэгч Т.Д 6-н удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Хариуцагч Ц.Д-ын хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй, харин зохигчийн хооронд зээлийн гэрээний байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч гэрээний дагуу буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

            14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 168 дугаар зүйлийн 168.1-т заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            15. Хариуцагч Ц.Д хуульд заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 145/ШШ2023/00358 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч М.А-оос 7561000 төгрөг, хариуцагч Ц.Д-аас 7561000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Д-д олгосугай.”  гэснийг “1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Д-ийн хариуцагч М.А, Ц.Д нараас 15122000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.”  гэж, 2 дахь заалтын “...хариуцагч М.А-оос 116780, Ц.Д-ээс 116780 нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг “2. Нэхэмжлэгч Т.Д-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлДээсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй. 

            2. Хариуцагч Ц.Д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гарданавах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.