Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 204/МА2023/00023

 

 

 

 

“ТНТ” ХХК, захирал Ч.Д-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 146/ШШ2023/00240 дугаар шийдвэртэй

 

“ТНТ” ХХК, захирал Ч.Д-ийн нэхэмжлэлтэй С.С-т холбогдох хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулж, албадан чөлөөлүүлэх, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг Хаан банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,  хариуцагч С.С-ын 107.727.554 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч С.С-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ийн захирал Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.С, Ч.Д бид 2-ын хооронд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 0414 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 0413 бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00293 дугаартай шийдвэр, Өвөрхангай аймгийн давж заалдах шатны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 204/МА2022/00004 дугаартай магадлал , Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт гишүүдийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/00383 дугаартай тогтоолоор С.С-тай байгуулсан эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож миний эзэмшилд хэвээр үлдээсэн Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 146/11132022/00509 дугаартай шүүгчийн захирамж, 146/ГХ 2022/00066 дугаарт гүйцэтгэх хуудасны шийдвэрүүдийг үл тоомсорлож биелүүлэхгүй байна. Иймд миний эзэмшлийн Өвөрхангай аймгийн *** сумын *** багийн ***-ийн *** тоотод байрлалтай *** гэрчилгээний дугаартай 192 м2 талбайтай байшинг, *** гэрчилгээний дугаартай 500м2 талбайтай эзэмшлийн газрыг С.С нь өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж сайн дураараа чөлөөлж өгөхгүй байгаа тул албадан чөлөөлж өгнө үү. Мөн С.С нь миний эзэмшлийн газар үл хөдлөх хөрөнгө байшинг Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан байгаа тул банкны барьцаанаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ийн захирал Ч.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ....С.С бид хоёрын хоорондын энэхүү маргаан нь 2020 оны 08 дугаар сараас эхэлсэн. Дээд шүүхийн шийдвэр гарсан байхад хэрэгжихгүй л явж байна. Дээд шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна гэдэг хууль үйлчлэхгүй байна гэж л харж байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгчид би хүсэлт гаргасан. Тэгтэл миний хүсэлтийг аль хэзээний шийдвэрлэгдсэн хэрэг байна гээд хүлээн авахаас татгалзсан. Улаан цайм хүмүүсийн нүдэн дээр луйвар хийгээд байхад шийдээд өгч чадахгүй заяа нь хаясан шүүхтэй юм бэ. Бодит байдал дээрээ шийдэгдсэн байхад хариуцагч тэр газар нь амьдраад, худалдаа наймаагаа хийгээд байдаг. Гэтэл би гудамжинд амьдраад байдаг. Бодит байдал дээр дээд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байна. Намайг болон миний ард түмнийг тайвшруулаад энэ хэргийг түргэн шийдвэрлэж, зөвөөр ойлгуулаад өгөөч. Иймд хариуцагч С.С-ын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулах, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг Хаан банкны барьцаанаас албадан чөлөөлүүлж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч С.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Би Ч.Д гэдэг хүний саналыг хүлээн авч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэрнээс би луйвардаад авсан юм биш. Нэхэмжлэгчийн саналаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авсан. Үл хөдлөх хөрөнгө миний нэр дээр нэгэнт шилжсэн учир засвар үйлчилгээ хийсэн. Тэгтэл сүүлд нь намайг Ч.Д-ийг луйвардсан мэтээр яриад яваад байсан. Миний нэр хүндийг унагаж байна. Нэхэмжлэгч бол аман гэрээгээр 60 гаран сая төгрөгөөр зарна гэж байсан боловч татвараас зугтах шалтгаанаар бага дүнгээр үнэлгээ хийлгэн гэрээ байгуулсан. Би энэ эд хөрөнгийг худалдан авснаараа давхар хохирч байна ... гэв.

 

4. Хариуцагч С.С шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа: “ТНТ” ХХК буюу Ч.Д-т засвар, тээвэр, дулааны шугамд зарцуулсан 57,550,116 төгрөг, шүүхийн шийдвэрийн өр барагдуулсан 11,043,337 төгрөгийг тухайн үед шүүхийн шийдвэрийн өрийг дарах гэж зээл авч дарсан. Зээлийн хүү 2,692,366 төгрөг, татвар, цахилгааны төлбөр, өөрт нь өгсөн бэлэн мөнгө нийлээд 4,987,575 төгрөг, 2022 оны дээд давхарт засвар хийсэн 8,208,000 төгрөг, агуулах барьсан зардал 23,246,410 төгрөг, нийт 107,727,554 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

5. Нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ийн захирал Ч.Д сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж гаргасан тайлбартаа: ...Үл хөдлөх хөрөнгө шинээр барьсан агуулахын тухай яригдаж байна. Миний объектыг өөрчилж, нурааж, гал голомтыг гаргаж хаясан нь шүүхийн үзлэгээр илэрсэн. Шүүхэд анх 2022 оны 08 дугаар сард нэхэмжлэл гаргаад, энэ үедээ засвар хийгээд байсан. Маргаан дундуур ийм юм хийж болдог юм уу. Энэ хэрэг шийдэгдсэн байхад Хаан банканд барьцаанд тавьсан. Төрийн банкнаас бага зээл авч байсан. Энэ бүхэн нь санаатайгаар ийм төлөвлөгөөтэй байсныгаа бүхэлд нь нотлоод байдаг юм. Би улсдаа татвараа төлөөд явдаг аж ахуй нэгжтэй явлаа. Энэ хүн надаас аж ахуй нэгжтэй нь авна гэсний үндсэн дээр түүнээс хойш манай аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулаагүй. Миний тамга, тэмдэг, гэрчилгээ бүгд энэ хүнд байгаа. Аж ахуй дампуурна гэдэг чинь Монгол улс оршин тогтнохоо больж байгаагийн асуудал. Би татвар төлөх дуртай, баяр хөөртэйгөөр төлдөг. Өнөөдөр би татвар төлөх нь битгий хэл, амьд явах нөхцөлгүй болсон байна. Төрд хувь нэмэр болох боломжгүй болсон. Өөрсдөө 2020 оны 08 дугаар сард маргааныг эхлүүлчхээд маргаан дундуур засвар хийгээд явж байгаа. Одоо хүртэл яагаад дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгааг ойлгохгүй байна. Би агуулахыг булаацалдаагүй. Юу ч нэхээгүй. Явцын дунд энэ эд хөрөнгийг битүүмжилж болох байтал битүүмжлээгүй. Би эцсийн дүгнэлтээ хэлж мэдэхгүй байна. Би энэ хүмүүсээс юу ч нэхээгүй. Манай байшинг чөлөөлөөд өг л гэсэн. Би эрх чөлөөгөө алдаад 3 жил болж байна. Хоног хоногоор миний нас явж, хөдөлмөрлөх чадвар буурч байна. Гэтэл энэ хүмүүс улам баяжаад байна. Би эрх чөлөөгөө үнэлүүлэх юм бол хязгааргүй үнэлгээ гарна гэж бодож байна. Хүний эрх чөлөөг үнэлдэг газраараа үнэлүүлээд ир. Бүх дэлхий дээр амьдарч байгаа хүний эрх чөлөө адилхан нэг л гарна. Хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй байсан ч хамаагүй дэлхий дээрх 8 тэрбум бүх хүний эрх чөлөө адилхан гарна. Энэ хэрэг явдлыг дуусгавар болгож өг. Миний материалаар агуулах барьчхаад надаас нэхээд байдаг. Өөрсдөө бага зэрэг материал нэмсэн байх. Би эрх чөлөөгүй болчхоод байна. Би өөрийнхөө амийг хорлох юм уу. Сайн дураараа чөлөөлөх ухамсаргүй хүмүүстэй ингээд сууж байгаадаа айж байна. Өөрсдөө маргааныг эхлүүлчхээд 3 жил гаран болсон байхад маргаан дундуур засвар хийгээд яваад байдаг. 2020 оны 08 сард надад хандаж нэхэмжлэл гаргасан. Санаатайгаар банкны барьцаанд мөнгөн дүнгээ нэмэгдүүлээд 2 дахинаас илүү зээл авсан байсан. Үүнийг би хуйвалдаан гэж бодож байна. Шүүх хуралдааныг ээлжилж хойшлуулаад байгаа нь хуйвалдаан. Энэ хэргийг нэг хоногийн өмнө ч болов шийдээд өг гэж хүсэлт гаргаад байхад миний хүсэлт шийдэгдэхгүй. Хариуцагч талын хүсэлтийг л шийдээд байдаг. Иргэний амь нас, эрх чөлөөнд халдаад байна. Монгол хүн хязгааргүй үнэтэй. Хязгааргүй үнэтэй гэдгээ мэддэггүй. Надаас өөр хүнд ийм зүйл битгий тохиолдоосой. Би өөрийнхөө амьдралаар баримтад кино хийнэ гэж боддог. Монголын ард түмэн ийм л байдалтай байна. Ийм хүмүүс байгаа болохоор төрийн алба нь завгүй байна. Хүн хүндээ хайртай байх хэрэгтэй. Энэ байдлыг битгий удаан үргэлжлээсэй гэж бодож байна гэв.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Д.Н нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн тайлбартай холбогдуулан тайлбар хэлнэ. Өмгөөлөгч мэдээж үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хамгаалах нь зүйн хэрэг. Хуулиараа боломжгүй зүйлийг боломжтой юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хариуцагч С.С-ыг эхлээд Ч.Д-ийг залилаад дараа нь Хаан банкийг залилсан гэж байна. Өнөөдрийн байдлаар Хаан банк С.С-т залилуулсан гэвэл эрүүгийн хэргээр цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаагүй. Залилах үйлдэл чинь өөрөө гэмт хэрэгт хамаардаг. Нэхэмжлэгчийн зүгээс Хаан банк залилуулсан гэдэг нь үндэслэлгүй юм. Хаан банкны болон Х.Э, С.С нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээг өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл энэ талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр гараагүй. Ийм шийдвэр гарах тохиолдолд зөвхөн гэрээний оролцогч нарын шаардлагаар хэлэлцэгдсэн асуудал.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ. Өөрөөр хэлбэл 110 сая төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалсан барьцааг хуульд заасны дагуу банкны зүгээс улсын бүртгэлд бүртгүүлж ипотек үүснэ. Ипотек үүснэ гэдэг маань тэргүүн ээлжид тухайн барьцаа эд хөрөнгөөр хангуулах эрх нь банканд үүсэж байгаа юм. Тэрнээс биш ипотект бүртгүүлсэн нь нэхэмжлэгч Ч.Д-ийн нэхэмжлэлийн хангах үндэслэл болохгүй. Би тайлбартаа тодорхой хэлсэн. Нэхэмжлэгч Ч.Д уг барьцаа эд хөрөнгийг авъя гэж байгаа бол С.С-ын зээлийн өрийг төлчхөөд ав гэдэг. Бид Хаан банкнаас зээл аваагүй байж зээл авсан биш төлөхгүй гэдэг биш. Нэгэнт хуулийн хүрээнд бид ярих ёстой. Хуулийн дагуу үйл ажиллагаа явагдах ёстой. Баталгаат ипотект барьцаалагдсан барьцааг хэн нэгэн нэхэмжлээд авч байдаг бол Монгол улсын иргэн бүр улсын бүртгэлд бүртгүүлсэн, захиран зарцуулалтад хязгаарлалт тавьсан тохиолдолд маш замбараагүй зүйл болно. Хуульд энэ зүйлийг хязгаарлаад өгсөн байдаг. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бусд тооцсон ч барьцааны хөрөнгийг албадан чөлөөлүүлэх эрхтэй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Би тайлбарт тодорхой хэлсэн. Ямар ч тохиолдолд зээлийн гэрээг дагадаг. Эхлээд зээлийн гэрээ хүчингүй болсноор барьцааны гэрээ хүчингүй болно. Зээлийн гэрээ 100 хувь хүчингүй болсон болж барьцааны гэрээ 100 хувь хүчингүй болдог. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд ямар ч тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлсэн бол барьцаа хөрөнгөнөөс албадан чөлөөлөх үндэслэл байхгүй. Хаан банкны барьцаанд байгаа эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх үндэслэлийг харах гэхээр үндэслэл харагддаггүй. Өнөөдрийн албадан чөлөөлөх барьцаан дээр нэмэлт тайлбар гараагүй. Нэмэлт тайлбар гаргахгүй байгаа нь өөрсдийн шаардлага үндэслэлгүй байна гэдгийг батлаад байгаа юм. Үнэхээр үндэслэлтэй шаардлага байх юм бол ямар хуулийн заалтын дагуу, ийм гэрээний дагуу гэдэг ч юм уу үндэслэл бүхий шаардлага гаргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлнэ юуг үндэслэсэн бэ гэхээр худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Тийм учраас банк барьцаанаас чөлөөлөх ёстой гэж дураараа нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Тэгэхээр энэ бол үндэслэлгүй юм.. Бусад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тухайд Хаан банканд хамааралгүй учраас ярих боломжгүй. Хаан банкны барьцааны зүйлийг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дэмжиж тайлбараа гаргана. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан хэм хэмжээнд явагдах ёстой. Энэ бүгдээс авч үзвэл нэхэмжлэгч, хариуцагчийн дунд үүссэн эд хөрөнгийн эрх, үүрэгтэй холбоотой маргааныг энэ хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудал биш байна гэж дүгнэж байна. Яагаад ингэж дүгнэсэн бэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дүгээр хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гаргасан асуудал болох эд хөрөнгийг шүүхийн хүчин шийдвэрлэгдсэн шийдвэрийг дахин хэлэлцэхгүй гэсэн заалттай байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргаан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 298 дугаартай шийдвэрээр нэгэнт эцэслэгдсэн шийдвэрлэгдсэн. Өнөөдөр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээг хүчингүйд тооцвол эд хөрөнгийн гэм хор зэрэг асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэхгүй. Хэрэв байсан бол Ч.Д тухайн үед гаргаж байсан нэхэмжлэлдээ өөрт учирсан гэм хорыг нэхэмжлэх, хариуцагч 3 жил хууль бусаар эд хөрөнгө дээр олж байсан бүх ашиг орлогыг нэхэмжилж болох байсан. Хэрэг хянан шийдвэрлэх журамд захирагдан ийм нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр юуг шийдвэрлэх гэж байгаа гэхээр өмчлөлийн асуудал шийдвэрлэгдсэн хөрөнгийг суллаж өгөхгүй байгаа учир үүнийг албадан чөлөөлүүлэх, тэр эд хөрөнгө оршин байгаа газрын гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл байгаа. Тухайн хариуцагч талд маргах зүйл байдаг байх. “ТНТ” ХХК-тай хамаарахгүй гэдэг зүйл ярьдаг юм билээ. Ч.Д нь тэр компанийн захирал юм. Тийм учраас энэ хэрэгт яригдаж байгаа сөрөг нэхэмжлэл өнөөдрийн шүүх хуралдаанаар яригдахгүй. Худалдах, худалдан авах гэрээ хууран мэхлэх шинжтэй байсан бол, гэм буруугийн хор арилгах үүрэг хүлээхгүй гэж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.7 дахь хэсэгт заагаад зохицуулсан байсан. Ийм учраас өнөөдрийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчийн удаа дараа гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх асуудал биш. Сөрөг нэхэмжлэлийн тухайд эхний 84 сая төгрөг бол аль эрт шийдвэрлэгдсэн. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 23,246,110 төгрөгийг объект бол Ч.Д-т өгөөгүй. Ч.Д нэхэмжлээгүй. Огт хамаарахгүй зүйл. Агуулахын тухайд урьд хэлэлцэгдээгүй шинэ зүйл учир өнөөдрийн шүүх хуралдаанаар ярьж болно. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад зөвшөөрөхгүй байна вэ гэхээр тэрнээс хүлээн авсан, надад хүлээлгэж өг гэсэн ямар ч баримт байхгүй. Гэтэл өөрийнхөө халаасанд байгаа утсыг хэн нэгнээс нэхэж байгаа юм шиг нэхэмжлэл гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг эвдэх, энэ хуулиас гадуур ажиллах, хүсэл зоригоо тулгах зэргээр нэхэмжилж байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Яагаад өнөөдөр шүүгчийн асуулт болгонд асуултгүй, шинжлүүлэх нотлох баримт байхгүй гэсэн бэ гэхээр энэ бүх маргааныг энэ шүүхээр авч хэлэлцэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй байгаа учраас хууль бус зүйлтэй зууралдаж үүнийг ч судлуулна, уншуулна гэх шаардлага байхгүй. Үүнийг хэлэлцэх хууль зүйн үндэслэлтэй байсан бол хариуцагч талын тэр олон нотлох баримт бүрд нь тайлбар хийвэл хуулийн хүчинтэй, хүчингүй олон асуудлууд байж байгаа. Гэхдээ энэ бол хууль бус гэж үзэж байгаа учраас шууд үүнийг орхиод явсан. Эцэст нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хэлэхэд нэхэмжлэгч, хариуцагч хоёрын хоорондын дунд үүссэн маргаан бол Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн. Үүнийг зохигчдын гомдлоор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2022 онд хянан хэлэлцэж анхан шатны шийдвэрийг бүхэлд нь хэвээр үлдээсэн. Энэ гомдлыг зохигчид эсэргүүцэж Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж Улсын Дээд шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хүлээн авахаас татгалзсан. Бүрэн шийдвэрлэгдсэн хэрэг. Мөн хариуцагч уучлаарай гэхдээ ер нь хүнийг залилаад сурсан мэргэшсэн хүн гэж байсан. Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан учир Хаан банкийг залилах ажилд шилжиж байгаа юм. Бусдын эзэмшилд шилжсэн хөрөнгийг барьцаалж Хаан банкнаас хууль бусаар зээл авсан. Би банкны ажилтныг С.С-ын заль, мэхийг мэдсээр байж хуйвалдаад зээл олгосон гэж дүгнэж чадахгүй. Гэхдээ Ч.Д-ийг залилсан шигээ Хаан банкийг залилсан байгаа юм. Тэгэхээр Ч.Д өөрийнхөө өмчийг Хаан банкнаас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. С.С-ын зээлийг Ч.Д төлөөд барьцаанаас эд хөрөнгийг чөлөөлнө гэсэн зүйл байхгүй. Ч.Д Хаан банканд нэг ч төгрөгийн зээлгүй байж С.С-ын төлөх ёстой зээлийг төлөө гээд сууж байгаа нь хууль нийцэхгүй байгаа учраас няцааж байна. Дүгнэлт болгоод хэлэхэд нэхэмжлэлийн 3 шаардлагыг хангаж өгнө үү. Тэр нь нэгд албадан чөлөөлөх, хоёрт газар эзэмших эрхийг шилжүүлэх, гуравт хууль бусаар Хаан банканд барьцаалсан барьцаа хөрөнгийг Хаан банкны барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ шаардлага бол хуулийн дагуу зүйл. Тэрнээс гуравдагч этгээдийг хохируулах, хууль бусаар ашиг орлого олох санаа нэхэмжлэгч Ч.Д-т байхгүй. Хэрэв Хаан банкнаас энэ хүн 1 төгрөг ч болтугай авсан байсан бол яаж нэхэх вэ дээ гэх бодол байж болно. Гэтэл тийм зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн 3 шаардлагыг дэмжиж байна. Өвөрхангай аймгийн давж заалдах шатны 05 дугаар сарын 12-ны өдрийн магадлалд бол гуравдагч этгээд буюу Хаан банкны төлөөлөгчийн бүрэн эрхийг хангаагүй байна. Тэр эрхийг ханга гэсэн. Өөрөөр хэлбэл зохигчдын хэргийн материалтай танилцах, санал, гомдлоо гаргах эрхийг ханга гэсэн болохоос маргаанд бүхэлд нь нөлөөлөх дүгнэлт өгсөн, шинэ нотлох баримт бүрдүүлэх заалт өгсөн ийм зүйл огт байхгүй. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин хэлье Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хэм хэмжээнд заасны дагуу явуулах учраас хариуцагчийн удаа дараагийн сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой гэж ярьсантай санал нэг байна. Гэхдээ нэхэмжлэгч талаас тухайн маргаан нь 298 дугаартай шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж яриад байна. Тухайн маргаанд 2 зүйл л байгаа. Нэг нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцэл, газар шилжүүлэх хэлцэл байсан л байсан. Тухайн 298 дугаартай шийдвэр нь зөвхөн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус тооцсон байдаг. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөөгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар яригдаж байсан асуудал. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ гаргахгүй юм уу. Яагаад сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлээгүй юм бэ гэх тухай шүүх хуралдааны тэмдэглэл дээр байдаг. Энэ утгаараа газрын хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэгч талаас газрыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан учир сөрөг нэхэмжлэл болох 107,727,550 төгрөгийг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсоны дараах үр дагавар зэргийг заасан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг. Мөн иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна гээд зохицуулаад өгсөн байдаг. Гэтэл тухайн эд хөрөнгө болон газрыг нэр дээрээ шилжүүлэн авсны дараа нэхэмжлэгч тал амьдрах орчин нөхцөлөө бүрдүүлэх үүднээс дулааны шугам, цэвэр усны шугам татуулсан, байшинд 1, 2 давхарт засвар хийсэн. 2 давхартаа өөрсдөө амьдраад, 1 давхартаа дэлгүүрийнхээ үйл ажиллагааг явуулж байгаа. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй гэж үзэж байна. 2-рт Банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг давхар гаргасан байгаа. Энэ бол гуравдагч этгээд Д.Н манай банк бол шударга барьцаалагч, банкны барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Ч.Д гаргах эрхгүй. Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. *** сумын ***-ийн *** тоот газар нь 5000 метр квадрат газрыг анх С.С авсан. Гэтэл сүүлд яагаад 5128 метр квадрат болсон бэ. Үл хөдлөх эд хөрөнгийн 196 метр квадрат байж байгаад 222 метр квадрат гээд хэмжээнүүд өөрчлөгдөөд байна. С.С нь би өөрөө хашаагаа урд айлын газраас авч барьсан. Цаад хүнтэй нь ярилцсан байгаа. Кадастрын зураг нь маргаантай үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 3-рт Хавтаст хэргийн нотлох баримт шинжлэн судлахад дурдсан хавтаст хэргийн 60-72 дугаар хуудсанд гүйлгээний хуулга байгаа. Уг гүйлгээний хуулга дээр хариуцагч болон Х.Э нарын данснаас гарсан бүх зарлага баримт байгаа, мөн хавтаст хэргийн 175-198, 139-243 дугаар хуудсанд Х.Э-гийн данснаас гарсан бүх зарлагыг харж болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлүүлсэн өр, зарим нэг гүйлгээ тодорхой байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Ийм учраас хариуцагч С.С-т холбогдох хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 107,727,550 төгрөг гаргуулах тухай дэмжиж тайлбар гаргаж байна гэв.

 

   9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.1.10, 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.6-т зааснаар хариуцагч С.С-ын хууль бус эзэмшлээс Өвөрхангай аймгийн *** сумын *** баг, ***-гийн гудамж, *** тоотод байрлах Улсын бүртгэлийн *** дугаар бүхий 192 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “ТНТ” ХХК-д олгож, албадан чөлөөлж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 0413 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** гудамж, *** тоотод байрлах газрын эзэмших эрхийн *** нэгж талбарын дугаартай 5000м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч “ТНТ” ХХК-д шилжүүлж, хариуцагч С.С-ын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг Хаан банкны зээлийн гэрээнд барьцаалсан барьцааны гэрээг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч “ТНТ” ХХК-аас 35,767,313 төгрөгийг гаргуулж хариуцагч С.С-т олгож, үлдэх хэсэг 71,960,241 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С-аас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТНТ” ХХК-д олгож, хариуцагч С.С-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “ТНТ” ХХК-аас 336,787 төгрөгийг гаргуулан хариуцагч С.С-т олгохоор шийдвэрлэжээ.

 

10. Хариуцагч С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ТНТ” ХХК нь С.С надад холбогдуулан хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулж, албадан чөлөөлүүлэх, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг Хаан банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч С.С-ын 107.727.554 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхээс энэхүү хэргийг 2023 оны 09 сарын 26-ны өдөр хэлэлцээд 146/ШШ2023/00240 дугаартай шийдвэрээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.1.10, 171 дүгээр зүйлийн 171.1, 172 дугаар зүйлийн 172.6-т зааснаар хариуцагч С.С-ын хууль бус эзэмшлээс Өвөрхангай аймгийн *** сумын *** баг, ***-ийн *** тоотод байрлах *** дугаар бүхий 192 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “ТНТ” ХХК, захирал Ч.Д-т олгож, албадан чөлөөлж, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 413 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** *** тоотод байрлах газар эзэмших эрхийн *** нэгж талбарын дугаартай 5000 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч “ТНТ” ХХК-д шилжүүлж, хариуцагч талын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч “ТНТ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг Хаан банкны зээлийн гэрээнд барьцаалсан барьцааны гэрээг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний зүгээс нэхэмжилсэн 107 727 554 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар нэхэмжлэгч “ТНТ” ХХК-иас 35 767 313 төгрөгийг гаргуулж надад олгож, үлдэх хэсэг 71 960 241 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг миний бие эс зөвшөөрч байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хэрэгт авагдсан зарим дансны хуулга, зарлагын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тамга тэмдэггүй, хэрэгт хамааралгүй, хэзээ хаана ямар үл хөдлөх хөрөнгөд ямар ажил ямар засварыг хийхэд ямар материал ямар зардал гарсан нь тодорхойгүй байна. “ТНТ” ХХК-ийн татварын тооцоо, тог цахилгааны төлбөрийг ямар үндэслэлээр шаардаж байгаа үндэслэлээ хариуцагч нотлоогүй, иймд “ТНТ” ХХК-иас цэвэр бохир, дулааны шугам төвийн халаалт тавиулсан агуулахын барилга барьсан, засвар үйлчилгээ хийсэн зардал 24 723 976 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өр 11 043 337 төгрөг, нийт 35 767 313 төгрөгийг гаргуулан хариуцагч С.С-т олгож, үлдэх хэсэг 71 960 241 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ...” гэж дүгнэсэн байна. Гэтэл манай зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотлох зорилгоор дараах баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн.

 

Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг миний бие худалдан авсанаас хойш буюу 2020 оны 05 сарын 22-ны өдрөөс хойш

  1. маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд засвар шинэчлэлт хийсэн зардлыг нотлох дансны хуулга, зарлагын баримт,
  2. цэвэр бохир, дулааны шугам тавиулсан тухай гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга,
  3. “ТНТ” ХХК-ийн татварын өрийг төлсөн тухай татварын хэлтсийн лавлагаа /С.С гэсэн нэрээр/,
  4. Ч.Д-ийн хувийн өрийг төлсөн тухай баримтууд,
  5. ЭБЦТС ХХК-д төлөх цахилгааны өрийн үлдэгдэлийг төлсөн тухай дэлгэрэнгүй баримт,
  6. Ч.Д-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлөх ёстой байсан өрийг Ч.Д-ийн хүсэлтээр төлж өгсөн тухай дансны хуулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүгчийн захирамжаар авсан албан тоот баримтууд,
  7. бэлэн болон бэлэн бусаар Ч.Д-т шилжүүлсэн дансны хуулга,
  8. Агуулахын барилга шинээр барьсан зардлын баримтууд зэрэг 107 727 554 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр зардал, баримтуудаа давхар нотлох зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 146/ШШ2021/00159 дугаартай шийдвэр бүхий иргэний хэрэг /2 хавтас/, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00298 дугаартай шийдвэр бүхий иргэний хэргүүдээс нотлох баримтуудыг Шүүхийн тамгын газарт хүсэлт гарган, хэрэгт хавсаргуулсан байдаг ба тухайн үл хөдлөх эд хөрөнгөд шүүхээс үзлэг хийсэн тухай баримтууд, хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан байдаг. Мөн Ч.Д-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өр 11 043 337 төгрөгийг манай талаас төлж өгсөн, бэлэн болон бэлэн бусаар мөнгө авч байсан асуудлыг хүлээн зөвшөөрдөг, дансны хуулгуудаар ч нотлогддог.

 

Мөн илтэд засвар шинэчлэлт хийгээд өөрчилж 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 222 м.кв болгон томруулсан, 5000 м.кв талбай бүхий газрыг 5128 м.кв болгон нэмэгдүүлсэн, тухайн газрыг оролцуулан шинээр 120 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдпөх хөрөнгө барьж бий болгосон, татвар цахилгааны өр төлбөрийг бүрэн төлж барагадуулсан зэрэг зүйлүүд байсаар атал анхан шатны шүүхээс ямар баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, ямар баримтууд нь хангаж байгаа тухай нарийвчлан дүгнээгүй. Зарим сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг давхар нотлох зорилгоор “ЭБЦТС” ТӨХК-ийн санхүүгийн албанаас цахилгааны өр төлбөр тухай дэлгэрэнгүй баримт гаргуулах, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Татварын албанаас “ТНТ” ХХК-ийн татварын өрийн үлдэгдлийг 2020 оноос хойш хэн хэзээ хэдэн төгрөгийг төлсөн тухай дэлгэрэнгүй баримт гаргуулах, Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд засвар хийсэн болон, шинээр агуулах барьсан асуудалд хэдэн төгрөгийн зардал гарсан байж болох талаар хөрөнгийн үнэлгээний байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах, засвар хийсэн болон Ч.Д-т бэлэн мөнгө шилжүүлсэн, өр төлбөрүүдийг төлж өгсөн асуудлыг нотлох зорилгоор гэрчүүдийг асуулгах зэрэг хүсэлтүүдийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараа гаргасан боловч эдгээр хүсэлтүүдийг зөвхөн хэрэгт хамааралгүй байна гэх хууль бус үндэслэлээр хүлээн авахаас удаа дараа татгалзсан. /гомдол гаргах эрхгүй гэсэн захирамжууд байсан/           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан байдаг. Манай зүгээс эдгээр нотлох баримтуудыг өөрсдөө олж авах ямар ч боломжгүй нэхэмжлэгч талын өмчлөлд байгаа хуулийн этгээдтэй холбоотой баримт, нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй тул эдгээр хүсэлтүүдийг гаргаж байсан.

 

Гэтэл хүсэлтүүдийг хэрэгт ач холбогдолгүй хамааралгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас удаа дараа татгалзаж шийдвэрлэсэн хэрнээ нотлох баримтаа бүрдүүлээгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дийлэнх хэсэг буюу 71 960 241 төгрөгийг шууд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн шүүхийн өмнө эрх тэгш байх буюу 4.1-т заасан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана, 6 дугаар зүйл. Мэтгэлцэх зарчим буюу 6.1-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. 6.4-д зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэсэн зарчмууд ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

 

Манай зүгээс “нэхэмжлэгч нэгэнт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байгаа тул дээр дурдсан зардлуудыг “ТНТ” ХХК, Ч.Д-оос нэхэмжлэх хүсэлтэй байна” гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 56.6.Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэсний дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд буюу “ТНТ” ХХК, Ч.Д-оос надад учруулсан хохирол баримтаар бүрэн нотлогдсоор байтал ихэнх хэсгийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

 

Иймд “ТНТ” ХХК, Ч.Д нараас үл хөдлөх эд хөрөнгийн засвар шинэчлэлт хийсэн зардал, цэвэр, бохир, дулааны шугам, төвийн халаалт тавиулсаны зардал 57 550 166 төгрөг, Ч.Д-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өр 11 043 337 төгрөг, шийдвэр гүйцэтгэх албаны өрийг зээл авч төлж өгсөн бөгөөд зээлийн хүүг миний бие өөрөө төлсөн тул зээлийн хүү 2 692 366 төгрөг, татварын албанд урьд төлөх байсан тооцоо, тог цахилгааны өрийн үлдэгдэл, бэлэн өгсөн мөнгө 4 987 575 төгрөг, 2022 онд тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн ажлын хөлс, бусад зардал 8 208 000 төгрөг, граш буюу агуулах барьсан зардал 23 246 410 төгрөг, нийт 107 727 554 төгрөгийг манай талд гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

 

2. Мөн анх үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай “ТНТ” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн маргаан бүхий обьектийн эргэн тойрны 5000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрын эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж Ч.Д-т шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг иргэн Ч.Д гаргасан байдаг.

 

Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг, *** *** тоотод байрлах газар эзэмших эрхийн *** нэгж талбарын дугаартай 5000 м.кв талбайтай газар нь анх надад шилжихээс өмнө “ТНТ” ХХК-ийн эзэмшилд байгаагүй, иргэн Ч.Д-ийн нэр дээр байсан, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 413 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Ч.Д, бид нар хоорондоо байгуулсан байдаг. Энэ талаар нотлох баримтууд болох газар эзэмших эрхийн лавлагаа, гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар нотлох баримтаар хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцоогүй Ч.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг “ТНТ” ХХК-ийн нэхэмжлэл мэтээр хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж манай талд хохиролтойгоор шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа юм.

 

Дээрх 5128 м.кв газарт миний сүүлд нэмэгдүүлсэн түүний эзэмшлийн бус газар ч мөн адил хамаарч байгаа ба нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа тухайн газрын хэмжээ, байршлын талаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхой болгож нотлоогүй, Ч.Д эсхүл “ТНТ” ХХК аль нь нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байхад “ТНТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хамааруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн шаардлагатай гэж үзвэл сөрөг нэхэмжлэлийг шинжээч томилох болон хөрөнгийн үнэлгээчнээр үнэлгээг дахин гаргуулах, Хархорин сумын газрын албыг ч шинжээчээр томилж үзлэг хийлгэж дүгнэлт гаргуулах зэргээр давхар нотлох боломжтой байсан ба энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүхээс олгоогүй хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэж байна.

 

Иймд хуульд заасан тэгш эрхийн зарчим, мэтгэлцэх зарчим алдагдсан, сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмууд алдагдсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулж /сөрөг нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.       

 

11. Нэхэмжлэгч Ч.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 146/ШШ2023/00240 дүгээр шийдвэрт гомдол гаргасан хариуцагч С-ын гомдолтой танилцаад нэхэмжлэгч “ТНТ ХХК”ийн Ч.Д би Өвөрхангай аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын дундаж энэ маргаан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00298 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч С нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж “ТСТ” ХХК-д шилжих ёстой үл хөдлөх хөрөнгийг нууцаар Хаан банкинд барьцаалж их хэмжээний зээл авч ажил үйлдвэрлэл явуулж нэхэмжлэгч “ТНТ” ХХК-г хохируулсаар байгаа тул тус компани Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд үл хөдлөх хөрөнгө болон газраа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч С нь шүүхэд ор үндэслэлгүй асуудлаар удаа дараа сөрөг нэхэмжлэл гаргаж шүүх хуралдааныг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хойшлуулсаар арай гэж 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүх хуралдааныг хийлгэсэн. Асуудлыг удаашруулж ашиг хонжоогоо нэмэгдүүлэхийн тулд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 146/ШШ2023/00240 дүгээр шийтгэвэрт гомдол гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. 

            Хариуцагч С.С-ын манай компаниас нэхэмжилж байгаа 107.727.554 төгрөгийн асуудал бол сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00298 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТСТ” ХХК С.С-ын залилан мэхэлж хийсэн гэрээний үр дагаврыг хариуцах ёсгүй. Манай компанийн үл хөдлөх хөрөнгийг залилан мэхэлж авахаасаа өмнө хариуцагч С.С нь өөрийн гэсэн орон байр, эрхэлсэн ажилгүй банкны өр зээлтэй байсан хүн. 107.727.554 төгрөгийн хөрөнгө оруулалтыг ямар эх үүсвэрээр олсноо шүүхэд нотлохын оронд манай компанийн харилцан тооцоотой байсан ковид өвчнөөс болж үйл ажиллагааны доголдол үүссэн байсан баримтуудыг хуурамч байсныг анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

            Хариуцагч С.С үл хөдлөх хөрөнгийн талбайг 30м2 газрыг 128м2 –аар нэмэгдүүлж 120м2 бүхий агуулах барьсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна. Ингэж өргөтгөл хийснээ сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00298 дугаартай шийдвэр гарсан. Шүүх хуралдаан дээр хэлэлцүүлэхгүй байж 2 жилийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр ярьж хуурамч баримтууд шүүхэд гаргаж тэр хууль бус үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. С.С-ын 128м2 газар, 120м2 талбай бүхий агуулахыг манай компани өөрийн мэдэлд авна гэсэн ямар ч нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байхад сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь түүний ээлжит заль мэт гэж үзэж байна.

            Хариуцагч С.С нь газар бол Ч.Д-ийн эзэмшлийн газар байсан. “ТСТ” ХХК-д энэ газар хамаарахгүй гэж маргаан үүсгэж байгаа нь ор үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.Д миний бие газраа эзэмших эрхээ авч тухайн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барьж аж ахуй нэгж байгуулсан байхад намайг хөндлөнгийн хүн мэт бичиж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан нь зөвхөн С.С-ын хүсэлттэй холбоотой байсан. Үүнээс өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болсон Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаанд өөрөө ирж оролцоогүй байж өнөөдөр миний эрхийг хангаагүй гэж гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 146/ШШ2023/00240 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

12. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон миний зүгээс гэрч асуулгах, шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг удаа дараа гаргахад хэрэгт хамааралгүй байна гээд гомдол гаргах эрхгүй захирамжуудыг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдах ёстой. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа нэхэмжлэгчийн оршин суугаа хаяг, нэр зэргийг тодруулж авах ёстой. Гэтэл Ч.Д, С.С гэдэг хоёр хүний нэр дээр байсан газрыг эрх шилжүүлэх гэрээгээр хүчин төгөлдөр бусад тооцож өөр субъект болох Ч.Д, “ТНТ” ХХК гэсэн хоёр этгээд байхад шууд компанийнх нь нэр дээр шилжүүлж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Газрын хэмжээтэй холбоотой асуудалд 120 м2 бүхий агуулахын барилга шинээр барьсан. Энэ талаарх баримтыг хангалттай гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас манай эд зүйлийг эвдэлж гэмтээсэн гэдэг нь харагдсан гэдэг боловч үзлэг хийх хүсэлтийг манайх гаргаад С.С-ын хувьд засвар үйлчилгээ хийсэн үү, дулаан цэвэр, бохирын хоолой татсан уу гэдгийг үзлэг хийгээд үзлэгийн тэмдэглэл дээр тодорхой тусгасан. Нэхэмжлэгч талаас манай эд хөрөнгийг барьцаанд тавиад банктай хуйвилдаж өндөр үнэтэй зээл авсан гэж ярьдаг. Ганцхан хашааг барьцаанд тавиад зээл авсан юм биш, өчнөөн зуун сая төгрөгийн үнэ бүхий агуулахад байгаа барааны үлдэгдлийг банкинд барьцаалж зээл авсан байгаа. Эдгээр нөхцөл байдлуудаас харахад анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй зүйл харагдаж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэв. 

13. Нэхэмжлэгч Ч.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.С Төрийн банкнаас 2-3-н удаа зээл аваад дараа нь банкаа солиод дээд тал нь 40-н сая төгрөгийн зээл аваад хаасан байсан. Дээд шүүхийн тогтоол болон бүх шийдвэр гарсны дараа дахин барьцаанд тавьсан байсан. Энэ хүнийг би Хаан банктай хуйвилдсан байх магадлалтай байна. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж намайг хохироож байна. Миний зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 146/ШШ2023/00240 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Энэ хэрэгт худалдан худалдан авах гэрээний бүх маргаан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 298 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдэж энэхүү шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хяналтад хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Зөвхөн үл хөдлөх хөрөнгө, газрыг чөлөөлөх гэсэн маргаан байсан гэтэл хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргаж түүнийг шүүх авч хэлэлцэж байгаа нь хууль хэрэглээний талаасаа буруу гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д энэ маргааны талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол авч хэлэлцэх ёсгүй байсан. Худалдах худалдан авахтай холбоотой маргаан аль эрт эцэслэн шийдвэрлэгдсэн. Хариуцагч тал сайн дураараа эд хөрөнгийг шилжүүлж өгөхгүй байгаа учраас албадан чөлөөлүүлэхтэй холбоотой маргаан байгаа юм. Хариуцагч С.С нь 3-н шатны шүүхийн шийдвэртэй эд хөрөнгийг хүлээлгэж өгөхөөс татгалзаад зогсоогүй нууцаар Хаан банкинд барьцаанд тавьж олон сая төгрөгийн зээл авч 2 жил хууль бусаар эзэмшиж  байгаа хүн юм. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Ч.Д нь тодорхой хэмжээний газрыг эзэмших эрхийг авч тэр газартаа үл хөдлөх хөрөнгөө барьж байгуулсан үйл явдал байж байхад “ТНТ” ХХК нь Ч.Д гэх хүнд хамаагүй гэж маргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

15. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д-ийн үл хөдлөх хөрөнгө байшин барилга зэргийг банкны барьцаанаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг манай банкнаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнөх шүүх хуралдаануудад бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэгтээ дэлгэрэнгүй дурдсан учир тайлбаруудаа дэмжиж оролцож байна гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

            17. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагч С.С-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

            18. “ТНТ” ХХК, захирал Ч.Д нь хариуцагч С.С-т холбогдуулан хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг гаргуулж, албадан чөлөөлүүлэх, газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгө болон газрыг Хаан банкны барьцаанаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,  хариуцагч С.С нь Ч.Д-оос 107.727.554 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, нэхэмжлэгч нар эс зөвшөөрч маргасан.

 

            19. Анхан шатны шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

   20. Хариуцагч С.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг миний бие худалдан авсанаас хойш буюу 2020 оны 05 сарын 22-ны өдрөөс хойш үл хөдлөх эд хөрөнгөд засвар шинэчлэлт хийсэн зардлыг нотлох дансны хуулга, зарлагын баримт, цэвэр бохир, дулааны шугам тавиулсан тухай гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга, “ТНТ” ХХК-ийн татварын өрийг төлсөн тухай татварын хэлтсийн лавлагаа /С.С гэсэн нэрээр/, Ч.Д-ийн хувийн өрийг төлсөн тухай баримтууд, “ЭБЦТС” ХХК-д төлөх цахилгааны өрийн үлдэгдэлийг төлсөн тухай дэлгэрэнгүй баримт, Ч.Д-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлөх ёстой байсан өрийг Ч.Д-ийн хүсэлтээр төлж өгсөн тухай дансны хуулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүгчийн захирамжаар авсан албан тоот баримтууд, бэлэн болон бэлэн бусаар Ч.Д-т шилжүүлсэн дансны хуулга, агуулахын барилга шинээр барьсан зардлын баримтууд зэрэг 107 727 554 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр зардал, баримтуудаа давхар нотлох зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 146/ШШ2021/00159 дугаартай шийдвэр бүхий иргэний хэрэг /2 хавтас/, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 146/ШШ2021/00298 дугаартай шийдвэр бүхий иргэний хэргүүдээс нотлох баримтуудыг Шүүхийн тамгын газарт хүсэлт гарган, хэрэгт хавсаргуулсан байдаг ба тухайн үл хөдлөх эд хөрөнгөд шүүхээс үзлэг хийсэн тухай баримтууд, хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан байдаг. Мөн Ч.Д-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өр 11 043 337 төгрөгийг манай талаас төлж өгсөн, бэлэн болон бэлэн бусаар мөнгө авч байсан асуудлыг хүлээн зөвшөөрдөг, дансны хуулгуудаар ч нотлогддог...” гэжээ.

 

            Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд тухайлбал С.С нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын тооцооны төвөөс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 215 976 төгрөгийн бэлэн мөнгийг /1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудас/ ямар зориулалтаар авсан тодорхойгүй, мөн нэхэмжлэгч Ч.Д-ийн “...өөрийнхөө нэр дээр болгохын тулд татварыг нь би төлнө гэж өөрөө хэлсэн...” гэсэн тайлбар нь /3 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр хуудас/ 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аж ахуйн нэгжийг шилжүүлэн авах хэлцэл хийсний дараа /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/ татварын албаны нэхэмжлэхийн дагуу /1 дүгээр хавтаст хэргийн 115, 116, 117, 118,  дугаар хуудас/ “ТНТ” ХХК-ны газрын төлбөрийг төлсөн /1 дүгээр хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас/ баримтууд, банкнаас зээлийн зориулалтаар Монголын татварын албанаас гаргасан тодорхойлолтууд /1 дүгээр хавтаст хэргийн 121-123 дугаар хуудас/   зэргээр нотлогджээ.

 

             “ТНТ” ХХК-ийн цахилгааны төлбөр төлөгдсөн баримтууд  /хавтаст хэргийн 134-141 дүгээр хуудас/ байгаа боловч түүнийг С.С төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн гаргаж өгсөн дансны хуулгууд нь засвар шинэчлэлт хийгээд 192 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 222 м.кв болгон өөрчилж томруулсан, 5000 м.кв талбай бүхий газрыг 5128 м.кв болгон нэмэгдүүлсэн, тухайн газрыг оролцуулан шинээр 120 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьж бий болгоход зарцуулагдсан гэдгийг хангалттай нотолж чадаагүй байна.

 

            Хариуцагч С.С “...маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд засвар хийсэн болон, шинээр агуулах барьсан асуудалд хэдэн төгрөгийн зардал гарсан байж болох талаар хөрөнгийн үнэлгээний байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах, засвар хийсэн болон Ч.Д-т бэлэн мөнгө шилжүүлсэн, өр төлбөрүүдийг төлж өгсөн асуудлыг нотлох зорилгоор гэрчүүдийг асуулгах зэрэг хүсэлтүүдийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараа гаргасан боловч эдгээр хүсэлтүүдийг зөвхөн хэрэгт хамааралгүй байна гэх хууль бус үндэслэлээр хүлээн авахаас удаа дараа татгалзсан...” талаар гомдолдоо дурджээ.

 

   Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтүүдийн заримыг нь хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

            Мөн “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэсний дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд буюу “ТНТ” ХХК, Ч.Д-оос надад учруулсан хохирол баримтаар бүрэн нотлогдсоор байтал ихэнх хэсгийг шийдвэрлээгүй гэж үзэж байна...” гэжээ.

 

            Аливаа этгээд хэлцэл хийхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хэлцэл хийх, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн бол хэн буруутай нь бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

            Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар Ч.Д хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн буруутай этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо “...Иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцоогүй Ч.Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг “ТНТ” ХХК-ийн нэхэмжлэл мэтээр хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн...” гэжээ.

 

            Ч.Д нь “ТНТ” ХХК-ийг 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, 2009 оны 05 сарын 26-нд гишүүний тоо нэг болж өөрчлөгдсөн, гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийг хэрэгжүүлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар /1 дүгээр хавтаст хэргийн 4-5, 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудас/ тогтоогдсон. 

 

            Анхан шатны шүүх хариуцагч С.С-ын хууль бус эзэмшлээс үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “ТНТ” ХХК-д олгож, албадан чөлөөлж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, худалдаа үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч “ТНТ” ХХК-д шилжүүлж, хариуцагч С.С-ын хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлж шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байна.

 

            17. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

           

            Иймд хариуцагч С.С-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            18. Гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч С.С-аас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 517752 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 146/ШШ2023/00240 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч С.С-аас заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517752  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.