| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0882/Э |
| Дугаар | 871 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч: Р.Батнасан (томилолтоор);
нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг;
иргэдийн төлөөлөгч: Ч.Оюунтуяа;
шүүгдэгч: Э.О, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрднэбилэгийн Оюу-Эрдэнэд холбогдох 1809029500650 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн үс заслын За анги, мөн үс заслын технологичийн ангид тус тус сурч байгаа, ам бүл 3, нагац ах, бэр эгчийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 3-1853 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистерийн дугаартай, Харчин овогт.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Өсвөр насны яллагдагч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 6-16 тоотод иргэн С.Батзаяагийн эрүүл мэндэд хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж 1 удаа хутгалж хэвлийн хөндийн өмнөд ханаар нэвтэрч Эс /S/ гэдэс, чацархайг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд 2 литр цус хуралдалт бүхий хүнд гэмтлийг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 2018 оны 6 дугаар сарын 27-нд гэрээсээ гараад Батзаяагийн гэрт шөнийн 1 цагт очсон. Намайг очиход Номин эгч, Батзаяа, Гантулга 3 архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Номин эгч намайг “чи маргааш ажилтай юм чинь унт” гээд ор засаж өгөөд би хэвтэж байсан. Гантулга, Батзаяа хоёр дахин архи уух гээд Номин эгчээс гуйгаад байсан. Тэгээд архи, пиво авч ирээд Батзаяа ах Номин эгч, эгчийн найз Ану, бид гурвыг “архинаас уучих” гэсэн. Номин эгч намайг “архи уухгүй, пиво л уу” гээд бид гурав пиво уусан. Тэгээд дараа нь Гантулга унтлаа гээд утсаа оролдоод байж байсан. Шөнийн 4 цагийн үед би маргааш ажилтай босохгүй юм байна нэг мөр унтахгүй байж байя гээд архийг нь багахан уугаад үлдсэн. Нэг харахад Номин эгч найз Анугаа зодоод эгчийн найз залуу Батзаяа “ядаргаатай хоёр пизда вэ” гээд хөөгөөд Номин эгч “чи намайг хөөж байгаа юм уу” гээд хутга бариад гарныхаа судсыг ханасан. Би санамсаргүйгээр айсандаа хутга барьсан. Эгч өөрийгөө бэртээх гээд байхаар нь би хутга барьсан. Миний барьсан хутганд Батзаяаг орно гэж мэдээгүй. Би гэмт хэрэг үйлдээд тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надад өөр мэдүүлэх зүйлгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19/, цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-45/, хохирогч С.Батзаяа /хх-ийн 46-50, 218-219/, гэрч Б.Гантулга /хх-ийн 64-69, 220-221/, Б.Ану /хх-ийн 75-76/, Д.Баасанхүү /хх-ийн 85-87/, Я.Пүрэвсүрэн /хх-ийн 88-90/, Д.Цэрэнпил /хх-ийн 91-92/, Х.Сэргэлэнбаатар /хх-ийн 93-95/, Э.Одгэрэл /хх-ийн 96-99/, Б.Гомбо /хх-ийн 102-105/, Т.Дөлгөөн /хх-ийн 107-109/, Б.Нарантуяа /хх-ийн 110-112/, Б.Номин-Эрдэнэ /хх-ийн 114-115/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8199 тоот дүгнэлт /хх-ийн 125/, Э.Оюу-Эрдэний насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 159/, өсвөр насны шүүгдэгч Э.Оюу-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 162-165, 178-185/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 166-170/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 194/, Э.Оюу-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 160,195-202/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 204-206/, С.Батзаяагийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 209/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Э.О нь 2018 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 6 дугаар гудамжны 16 тоотод “эгчийг маань гэрээсээ хөөлөө, пизда гэж хараалаа” гэж уурлан С.Батзаяагийн хэвлийд нь хутгалж түүнийг хүнд гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:
хохирогч С.Батзаяагийн /хх-ийн 47-50/: “... манай найз охин Номин “манай дүү гэрээсээ хөөгдсөн байна, дэлгүүрийн гадаа байна, хонох газаргүй юм чинь дуудчих уу” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. 01 цагийн орчимд Номингийн дүү Оюу-Эрдэнэ ганцаараа ирэхэд Номин надад “жоохон юм уучих уу хайраа” гээд байхаар нь найз Гантулгын хамт гэрээс гараад “Rich” гэх караокеноос 0,75 граммтай архи 1 шил, 2,5 литрийн пиво 1 ширхэг, том кола ундаа 1 ширхгийг зээлээр авсан. Өмнө нь Гантулга, найз охины найз Номин бид 3 нэг шил архи хувааж уусан байсан. Би худалдаж авсан архинаас 2-3 удаа татаад, түрүүлээд унтаж амарсан. Намайг унтахад найз Гантулга, Номин, дүү Оюу-Эрдэнэ, найз Номин нар нь пиво, архийг уугаад үлдсэн. Тэгтэл хүмүүс хашгиралдаад байхаар нь сэртэл манай найз охин Номин нь найз Номингоо үсдээд цохиж байхаар нь би дундуур нь ороод найз охин Номинг “болиоч ээ одоо” гэхэд найз охин Номин “чи яахаараа дандаа энийг өмөөрдөг юм” гээд хашхираад байсан. Би түүнд “чи өөрөө авч ирчихээд, ямар ядаргаатай юм, пизда чинь” гэж хэлэхэд Оюу-Эрдэнэ гээд дүү нь “чи манай эгчийг пизда гэдэг хэн бэ” гээд гал тогооны хэсгээс үзүүртэй жижигхэн хутга автал эгч Номин дундуур нь орж хорьсон. Оюу-Эрдэнэ нь эгчийнхээ хажуугаар барьж байсан хутгаа явуулаад миний хэвлийн зүүн урд хэсэгт 1 удаа хутгалсан. Тэр үед миний бие гайгүй байх шиг байхаар нь би зогсож байхад Оюу-Эрдэнэ намайг “алчихъя” гээд дайраад байсан чинь Номин дүүгээсээ хутгыг нь булааж аваад “би үхээд өгье, чи ямар ядаргаатай юм” гээд Номин баруун гартаа барьсан хутгаараа цээж хэсэг рүүгээ 3-4 удаа өөрийгөө дүрсэн. Тэгэхэд дүү нь хажууд зогсож байсан. Миний толгой эргээд доошоо харахад гэдэснээс цус годогдоод гарч байхаар нь би газар дээшээ хараад хэвтсэн. Тэр үед Гантулга нь Номин, Оюу-Эрдэнэ нартай хэрэлдээд байхаар нь би “Гантулгаа наад хоёртойгоо хэрэлдээд яахав, би үхэх гээд байна, түргэн тусламж дууд” гэж хэлэхэд Гантулга гараад явсан. Тухайн үед найз охин Номин нь “чамаас боллоо” гээд найз Номингоо зодоод байсан. Тэр үед найз охин Номин “энийг алаад өгье” гээд найз Номингийнхоо зүүн мөрөн дээр 2-3 удаа хутгалсан. Тэр үед миний толгой эргээд ухаан балартаад байсан нэг мэдсэн чинь Номин миний хажууд хэвтчихсэн “хайраа” гээд хэлээд байсан. Нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн хажууд найз охин Номин “хайраа” гээд байх шиг байсан. Тэгээд хагалгаанд орсон юм шиг байна лээ. 2018 оны 06 дугаар сарын 29-ний өглөө найз охин Номин нас барсан талаар мэдсэн. Номин өөрийнхөө цээжинд 3-4 удаа хутгалсан. Дүү Оюу-Эрдэнэ нь намайг “ална” гээд дайраад байхад Номин “би үхээд өгье” гээд өөрийгөө хутгалсан. Номинг хүн хутгалсан асуудал байхгүй. Номин Оюу-Эрдэнэ 2 нилээн согтуу байх шиг байсан. Харин Гантулга эрүүл найз Номин нь гайгүй байсан. Би өөрөө бараг эрүүл болчихсон байсан. Би Номингийн дүү Оюу-Эрдэнэд гомдолтой байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Гантулгын /хх-ийн 66-69/: “...Номин надад “манай дүү хамт амьдардаг эгчтэй маргалдсан гэж байна, танайд очъё гэхээр нь би тэг, тэг гээд хэлчихлээ” гэж Батзаяа бид нарт хэлсэн. Шөнийн 01 цагийн орчимд Номингийн дүү Оюу-Эрдэнэ ганцаараа ирсэн. Бид нар пиво уухаар болоод Батзаяа бид 2 паб руу орж 1 том пиво, 0,75 граммтай “Улаанбаатар” архи, нэг ундаатай авсан. Батзаяа бид 2 өглөө ажилтай байсан учир авсан архинаасаа нэг, нэг удаа уугаад үлдсэн шил архиа далд хийсэн. Харин худалдан авсан пивийг Батзаяагийн найз охин Номин, түүний найз Номин, Оюу-Эрдэнэ нар хувааж ууж эхэлсэн. Батзаяа орон дээр хэвтээд шууд унтаж амарсан. Би гар утсаараа хэсэг оролдож байгаад унтаж амарсан. ... Нэг сэрсэн чинь Батзаяагийн найз охин Номин нь Батзаяатай унтаж амрах гээд орруугаа орж байхаар нь би Номингоос “чи унтаж амрах гэж байгаа юм уу” гэхэд Оюу-Эрдэнэ цаанаас нь “үгүй үгүй, одоо 30-40 минутын дараа ажилдаа явлаа” гэж хэлсэн. Тэгээд би унтах гээд хэвтэж байтал Батзаяагийн найз охин Номин нь Батзаяаг унтаж байхад сэрээгээд “чи миний найз эмэгтэй Номинтой явалддаг” гээд элдэв үгээр дайрч доромжлоход Батзаяа босоод шууд уурлаад найз охин Номинд “тийм юм гэж юу байдаг юм бэ” гэж хэлээд Номинг дүү Оюу-Эрдэнэтэй цуг “манай гэрээс яв” гэж хөөсөн. Дүү Оюу-Эрдэнэ нь “миний эгчийг хөөдөг чи хэн юм, би эгчийгээ аваад зайллаа” гэхэд Батзаяагийн найз охин Номин нь найз Номинг хэвтэж байхад нь үсдэж босгож ирээд шууд нуруу гэдэс орчимд нь гараараа цохиод байсан. Би орноосоо босоод тэр хоёрыг салгасан. Тэр үед Батзаяа Оюу-Эрдэнэ 2 гал тогооны хэсэгт хоорондоо хэрэлдэж байсан. Намайг Батзаяа “Гантулгаа” гээд дуудахаар нь би эргээд харахад “намайг хутгалчихлаа” гэсэн. Оюу-Эрдэнэ хутга барьсан байхаар нь би шууд гүйж очоод Батзаяаг түшиж аваад суулгахад Батзаяагийн бэлхүүсэнд 1 удаа хутгалсан байсан. Батзаяа “түргэн, цагдаа дуудаарай” гэхэд би гар утсаа аваад үүдний амбаар руу гараад 102, 103 дуудлага өгөөд эргээд ороод ирэхэд Батзаяагийн найз охин Номин нь Номин гэх эмэгтэйг “энэ бүхэн чамаас болж байгаа шүү” гээд найзынхаа зүүн мөр рүү нь хутгаар дүрсэн. Би тэдэнд “та нар яагаад байгаа юм бэ” гээд ороход Батзаяагийн найз эмэгтэй Номин нь “чамд хамаагүй, эндээс гар” гэсэн. Би дахин 103-т дуудлага өгсөн. Тэгтэл Батзаяа “би нэг л болохоо байгаад байна, аав ээжид хэл” гэж хэлэхээр нь байшингаас нь гараад яг хажуу талын хашаанд амьдардаг Батзаяагийн хамаатны Цэрэнпил ахад “Батзаяа хутгалуулчихлаа, та яаралтай аав, ээжид нь хэлээд өг” гэхэд “за” гэхээр нь би буцаад байшин руу гүйгээд орсон. Тэгтэл Оюу-Эрдэнэ гэх эмэгтэй эгч Номингоо өвөр дээрээ хэвтүүлчихсэн уйлаад сууж байсан. ... Би унтаад босоод ирэхэд нилээн гайгүй, бараг эрүүл шахуу байсан. Батзаяа мөн адил гайгүй байсан. Түүний найз охин Номин, түүний найз Номин, Оюу-Эрдэнэ нар нилээн согтолттой байсан. Батзаяаг Оюу-Эрдэнэ хэвлий хэсэгт 1 удаа хутгалсан, харин найз Номинг талийгаач Номин зүүн мөр рүү нь 1 удаа хутгалсан. Талийгаач Номинг хэн хутгалсан талаар хараагүй, дэргэд нь байгаагүй учраас мэдэхгүй байна. Найз Номин нь хэлэхдээ “талийгаач Номин өөрөө өөрийгөө хутгалсан” гэсэн. Тухайн үед бид 5-аас өөр хүн байгаагүй. Оюу-Эрдэнэ эгчийнхээ найз Номинг зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Анугийн /хх-ийн 75-76/: “... Намайг найзууд маань Номин гэж дууддаг. Би 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр найз Номингийнд ирсэн. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Номин бид хоёр тэднийд байж байхад оройн 23 цагийн үед Номингийн найз залуу Батзаяа ажлаа тараад ирсэн. Тэр үед Батзаяагийн найз Гантулга бас ирсэн. Тэгээд 00 цаг 40 минутын үед Номингийн төрсөн дүү Оюу-Эрдэнэ орж ирсэн. Ингээд байж байтал Батзаяа, Гантулгатай цуг гараад 0,75 литрийн “Улаанбаатар” архи 1 шил, 0,5 литрийн “Улаанбаатар” архи 1 шил, 2,5 литрийн “Нийслэл” пиво 1 савтайг тус тус авч ирсэн. Авч ирсэн 0,5 литрийн архийг задлаад Батзаяа, Гатулга бид 3 хувааж уусан. Батзаяа, Гантулга хоёр өглөө ажилтай гээд унтаад өгсөн. Үлдсэн архийг дуусгачихаад Номин “за унтъя” гээд хэвтэцгээсэн. Би болохоор Номингийн дүү Оюу-Эрдэнэтэй цуг яг хойморийн орны доод талын газарт хэвтсэн. Хэвтээд 5 минут болоод л найз Номин гэнэт орилж босож ирээд шууд Батзаяа руу хандаж “чи наад гичийгээ өмөөрөөд байна” гэснээ шууд босч ирээд намайг үсдэж аваад үүд рүү чирээд өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Ямар ч байсан нилээн хэд өшиглөсөн. Тэгтэл Батзаяа уурлаж босож ирээд Номин руу хандаж “унтмаар байна, чи чинь яасан ядаргаатай пизда вэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Оюу-Эрдэнэ уурлаад “чи миний эгчийг пизда гэдэг хэн бэ” гэж хэлээд гал тогооны шкафны дээр байсан хутганы комноос том хутга аваад Батзаяа руу дайрсан. Ингээд Батзаяа Оюу-Эрдэнэ хоёрыг ноцолдож байхад Номин хутганы комноос жижиг хутга аваад гарынхаа судсыг ханах гэж байсан. Тэр үед Оюу-Эрдэнэ Батзаяагийн хэвлий рүү хутгалсан. Батзаяагийн хэвлийнээс цус гарсан. Батзаяа уурлаад Номин, Оюу-Эрдэнэ хоёрт хандаж “та хоёр яг одоо манайхаас зайл” гэж хэлсэн. Тэгтэл Номин над руу “чи манай нөхөртэй явалдаа биз дээ” гэж хэлээд Батзаяад хандаж “чи энэ нэг юмаа өмөөрөөд үхлээ, одоо энийг чинь ална” гээд Номин гартаа байсан хутгаа бариад над руу дайрсан. Номин уг хутгаараа миний зүүн мөрөн тус газарт 2 удаа хатгасан. Тэр үед миний мөрнөөс цус гарсан. Намайг манарч байх хооронд Номин “би өөрийгөө хутгална” гэж хэлээд хутга бариад зогсож байсан. Тухайн үед би манараад тэр хооронд болсон зүйлийг санахгүй байгаа юм. Би үүдэнд нэг сэргэхэд газарт Номин хажуу тийшээгээ харчихсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Хажууд нь төрсөн дүү Оюу-Эрдэнэ нь уйлаад сууж байсан. Би бодохдоо Номин өөрийгөө хутгална гээд орилоод байсан тул өөрийгөө хутгалчихсан байна гэж бодсон. Тэр хооронд Гантулга босож гараад цагдаад дуудлага өгчихсөн байсан. Гаднаас хоёр цагдаа орж ирээд Оюун-Эрдэнийг аваад машинд суулгаад явсан. Цагдаа ирснийхээ дараа 103 руу залгаж түргэн дуудсан. Батзаяагийн хэвлийнээс цус гараад дээшээ хараад шалан дээр хэвтэж байсан. Номин хажуу тийшээ харчихсан шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан. ... Батзаяа нь Номинг “ядаргаатай пизда вэ” гэснээс болж Оюу-Эрдэнэ хутга барьж Батзаяа руу дайрж хэвлийд нь хутгалсан. Номин намайг Батзаяатай хардсанаас болж миний мөрөн тус газар хутгалсан. Номин намайг хутгаар зүссэнийхээ дараа “би өөрийгөө хутгална” гээд гартаа хутга барьчихсан орилоод зогсож байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний гол гэмтсэн газар болох мөрний гэмтлийг учруулсан Номин өөрөө нас барсан учир миний бие үүнийг үзүүлээд байх шаардлагагүй гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Цэрэнпилийн /хх-ийн 91-92/: “... Батзаяагийн найз Гантулга ганцаараа гүйж орж ирээд “ахаа Батзаяа хутгалуулчихлаа, ээж аавтай нь яаж холбоо барих вэ” гэж орж ирэхээр нь босоод Батзаяагийн гэр рүү гүйсэн. Батзаяагийн гэрийн гадаа очтол хар алаг машинтай цагдаагийн 2 алба хаагч ирээд нэг цагдаа нь Батзаяаг хутгалсан гэх охиныг аваад машиндаа суулгаж байсан. Батзаяагийнд ортол Батзаяа гал тогооны текний урд дээшээ харчихсан хэвтэж байсан. Батзаяагийн хэвлий орчмоос нэлээн их хэмжээтэй цус гарчихсан байдалтай хагас ухаантай хэвтэж байсан. Найз охин Номин нь Батзаяагийн цаахан талд үүд рүү нь харчихсан амнаас нь цус гарчихсан бас л хагас ухаантай хэвтэж байх шиг байсан. Үүдэнд нь зүүн мөрөндөө хутгалуулчихсан Номингийн найз гэх охин зогсож байсан. Мөрөндөө хутгалуулсан гэх охиноос “юу болов” гээд асуусан чинь тэр охин өөдөөс “энэ Номин гэх охин миний мөр рүү хутгаар хатгасан, дараа нь дүү нь Батзаяаг хутгаар хатгасан. Тэгээд Номин та нарыг алчихаад дараа нь би өөрийгөө ална гээд хутга бариад байсан, Номин бол өөрийгөө хутгалсан” гэж ярьсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Одгэрэлийн /хх-ийн 98/: “... “Хүн хутгалуулсан байна” гэх дуудлагын дагуу хэргийн газар очиж холбогдох эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тэгээд Батзаяа гэх залуугаас болсон асуудлын талаар замдаа асуухад Батзаяа нь “бид нар хамт архи уусан. Манай найз охин Номингийн дүү нь намайг өөр эмэгтэйтэй хардаж, эгч Номингоо өмөөрөөд намайг хутгалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Гомбын /хх-ийн 104-105/: “... Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Станцын задгай гэсэн хаягаар “хүн хутгалчихлаа” гэх дуудлага ирсний дагуу уг хаяг руу очиход намхан залуу нь гудамжинд гараад зогсчихсон байхаар нь би “яасан бэ” гэхэд нөгөө намхан залуу “манай найзыг найз охиных нь дүү эмэгтэй нь хутгалчихлаа” гэж хэлэхээр нь хашаа руу нь машинтайгаа ороод машинаас буухад байшингаас Оюу-Эрдэнэ гэх эмэгтэй гараад ирсэн. Тэр эмэгтэй “ахаа би эгчийнхээ найз залууг хутгалчихлаа” гэхээр нь “яасан бэ” гэхэд Оюу-Эрдэнэ нь “манай эгчийг доромжлоод хөөгөөд байхаар нь би хутга аваад таныг хутгална шүү гэхэд миний өөдөөс алхаад гэдэс рүүгээ хутгалуулсан. Тэгсэн чинь манай эгч уурлаад найз эмэгтэй Анугийнхаа мөр рүү хутгалчихаад, дараа нь өөрийнхөө гэдэс рүү хутгалчихлаа” гэж хэлсэн. Би цаана эвхрээд хэвтэж байсан эмэгтэйгээс “яасан бэ” гэж асуухад нөгөө эмэгтэй “би өөрийгөө хутгалчихсан юм аа” гэж хэлээд дахиж надад юм хэлээгүй. Мөн Ану гэх мөрөндөө хутгалуулсан гэх эмэгтэйгээс “юу болсон бэ” гэж асуухад Ану нь энэ гээд нөгөө газар хэвтэж байсан эмэгтэйг заагаад “намайг найзтайгаа хардаж, миний мөр рүү 3 удаа хутгалчихаад, өөрийнхөө гэдэс рүү хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд гадаа гараад Оюу-Эрдэнэ дээр очоод “юу болсон бэ” гэж дахин асуухад “манай эгчийн найз залуу нь эгчийн найз Анутай нийлээд доромжлоод хөөгөөд байсан юмаа. Тэгэхээр нь би хутга аваад “таныг хутгалана шүү” гэж хэлэхэд миний өөдөөс алхаад хутга руу өөрөө орсон” гэж хэлсэн. Газар хэвтэж байсан эмэгтэй би өөрийгөө хутгалсан гэж хэлсэн. “Намайг манай дүү хутгалсан” гэж хэлээгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Дөлгөөний /хх-ийн 108/: “... Байшин руу ахмад Гомбын хамт ороход нэг эрэгтэй зуухны хажууд хутгалуулсан байдалтай шалан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Уг эрэгтэйгийн баруун талд нэг эмэгтэй эвхэрсэн байдалтай хэвтэж байсан. Харин мөрөндөө хатгуулсан эмэгтэй нь цонхны хажуу талд юм налаад сууж байсан. Харин нөгөө хутгалсан гэх эмэгтэй нь байшинд зогсож байхаар нь би авч гараад машиндаа суулгаад хараад зогсож байсан. Би гараад нөгөө эмэгтэйгээс “энд юу болсон” талаар асуухад тэр эмэгтэй нь “манай эгчийн найз залуу нь манай эгч рүү дайрч, орилж хашгираад байхаар нь би сандарсандаа айлгах санаатай хутга барьсан чинь, найз залуу нь над руу ойртохоор нь эгчийгээ хамгаалах гээд гэдэс рүү хатгасан. Манай эгч найз залуутайгаа хардаад нөгөө эмэгтэйг хутгаар зүүн мөрөнд нь хатгаж, уурандаа өөрийгөө гэдэс рүү хутгаараа хатгасан” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Нарантуяагийн /хх-ийн 111/: “... 2018 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 4-5 цагийн орчимд ирсэн дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн Станцын буудал гэх газарт очиход 1 залуу тосож дуудлага өгсөн гэх газар очсон. Тухайн хашаагаар машинаа оруулаад 1 давхар байшингийн хаалгаар эмч Одгэрэлтэй цуг ороход эрэгтэй нь зуухны ертөнцийн зүгээр баруун талд нь дээшээ харсан байдалтай цус алдаад хэвтэж байсан. Тухайн эрэгтэйгийн баруун талд нь талийгаач эмэгтэй нь цаашаа хараад эвхрээд хэвтсэн. Мөрөндөө хутгалуулсан эмэгтэй нь хаалганы зүүн талд мөрөө гараараа дараад зогсож байсан. Эмч Одгэрэл нь эрэгтэй дээр очоод биед нь гадна үзлэг хийхэд “хэвлийд нэвтэрсэн байна” гэхээр нь гарч гүйгээд нацилка аваад ороод ирэхэд эмч Одгэрэл цаана хэвтэж байсан эмэгтэй дээр очоод биеийн гадна хэсэгт үзлэг хийхэд хэвлий хэсэгтэй шархтай байсан. Тухайн эмэгтэй нь эмчийг биед нь үзлэг хийж байхад “би зүгээр байна” гээд эсэргүүцээд байсан. Эмч бид 2 эрэгтэйг нацилка нь дээр тавиад машин руу оруулсан. Тэгээд эмч Одгэрэл байшин руу гүйж ороод нөгөө эмэгтэйг тэвэрч гарч ирээд машинд хажуу талын сандал дээр хэвтүүлээд, нөгөө мөрөндөө хатгуулсан гэх эмэгтэйг суулгаад яаралтайгаар цэргийн төв эмнэлэг рүү очиж хүлээлгэн өгсөн. Мөрөндөө хутгалуулсан гэх эмэгтэй нь “хоорондоо муудалцсан, хардалт сэрдэлт болсон, талийгаач эмэгтэйг мөрөндөө хатгуулсан гэх эмэгтэй өөрийгөө хутгалсан” гэж хэлж байсан. Би талийгаач эмэгтэйгээс юу болсон талаар асуугаагүй...” гэх мэдүүлгээр,
Өсвөр насны яллагдагч Э.Оюу-Эрдэний /хх-ийн 191-192/: “... Номин “үлдсэн архиа 3 уулаа хуваагаад уучих уу” гэхэд нь би “одоо унтах юм бол өглөө босож чадахгүй, унтахгүй байж байгаад ажилдаа явлаа” гээд архинаас нь цуг уусан. Тэгээд ганцаараа жорлон орж бие засаад буцаад гэрт нь ороход Батзаяа сэрчихсэн эгч Номин найз Анугаа зодож байхыг хараад зогсож байсан. Би очоод эгч Номин болон Ану нарыг салгахад Батзаяа нь “ямар ядаргаатай пизда вэ, та хоёр яг одоо миний гэрээс зайл” гээд эгч Номин бид хоёрыг хөөсөн. Тэгтэл эгч Номин уурлаад “чи энэ гичийгээс болж намайг хөөж байгаа юм уу” гэж Батзаяад хэлэхэд Батзаяа “тэгэлгүй яадаг юм пизда чинь, өөрөө дуудаж авчирчихаад зодоод байх юм” гэсэн. Эгч Номин гал тогооны тавилга дээрээс арзгар иртэй урт хутга аваад “би үхээд өгье” гээд хашгираад байсан. Би айгаад эгч Номин дээр очоод хутгыг нь булаацалдаж байгаад хутгыг нь аваад “аниа битгий тэгээ, хоёулаа явъя” гэхэд Батзаяа над руу “чи бид хоёрын голоор ордог хэн юм” гээд гараа зангидаад над руу далайгаад ойртсон. Би сандарч цочоод хойшоо болохдоо эгчээс булааж авсан хутгыг барьсан гараа урагшлуулахад Батзаяа “ёо ёо” гэхээр нь харсан чинь царай нь их сонин болоод гэдсээ гараараа дарчихсан, гар нь цус болсон байхаар нь би айгаад тухайн хутгыг тэр дор нь газар хаясан. Тэгтэл эгч Номин нь “чи яаж байгаа юм бэ” гээд эгч, Гантулга хоёр Батзаяаг 2 талаас нь сугадаад зуухны хажууд хэвтүүлсэн. Тэр үед эгч Номин нь найз Анугаа “чамаас бүх юм боллоо” гээд хаалганы хажууд үсдээд зууралдахыг хальт харсан. Эгч Номин нь Анугаас салаад Батзаяа дээр ирээд хажууд нь суухаар нь би Ану дээр очоод “зүгээр үү” гэхэд Ану дуугараагүй. Анугийн зүүн талын мөрний цамцны хэсгээс цус гарсан харагдахаар нь цамцны захыг нь доошлуулаад харахад бага зэргийн зүсэгдсэн шархнаас цус гарч байсан. Эгч Номин дээр очиход “түргэн дуудаач” гэхээр нь би өөрийнхөө утаснаас дуудлага хийх гэтэл гаднаас Гантулга орж ирээд “би цагдаа дуудчихлаа” гэсэн. Би нагац ах Баасанхүүд “би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Буцаад ороход Гантулга зуухны баруун талд зогсчихсон, Ану нь байшингийн хаалганы хажууд хэвтэж байсан. Батзаяа баруун хойд булан руу толгой нь чиглэсэн байдалтай дээшээ хараад, хажуу талд нь эгч Номингийн толгой хаалга руу чиглэсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд Гантулгаас юу болсон талаар асуухад “эгч чинь өөрийгөө хутгалсан” гэж хэлсэн. Би Ануг зодоогүй, харин салгасан...” гэх мэдүүлгээр,
“...С.Батзаяагийн биед хэвлийн хөндийн өмнөд ханаас нэвтэрч S гэдэс, чацархай гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт /2018.06.28-ны өдрийн мэс заслаар 2000 мл цус/ гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8199 дугаартай дүгнэлт /хх-ийн 125/ болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-19/ зэрэг хэрэг бүтгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 6 дугаар гудамжны 16 тоотод 2018 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө шүүгдэгч Э.О нь “эгчийг маань гэрээсээ хөөлөө, пизда гэж хараалаа” гэж уурлан зэвсэг хэрэглэн хохирогч С.Батзаяагийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж шүүх дүгнэв.
Ахуйн хүрээнд, насанд хүрсэн хүмүүс арван найман насанд хүрээгүй хүнтэй нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар согтуурхаж, хоорондоо хэрүүл маргаан, зодоон үүсгэж, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны хэм хэмжээ, харьцааны соёлын түвшин дутагдсан нөхцөл байдлаас шалтгаалж уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Дээрх нөхцөл байдлаас үүдэн хохирогчийн хэлсэн үгэнд дургүйцэн уурлаж, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийн хэвлийд хутгалж, түүнийг хүнд гэмтээсэн Э.Оюу-Эрдэнийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Э.О хүндээр доромжлогдсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг хүнд гэмтээсэн тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх” зэрэг санал, гомдлыг гаргав. Үүнд шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын дүгнэлтэд няцаалт өгөв.
Санаа сэтгэлийн хүчтэй цочролд орсон субъект өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодож ямар нэгэн хүсэл зорилго бүхий үйлдэл гаргах боломжгүй агшин зуур болж өнгөрдөг мэдрэл-сэтгэл зүйн ачаалал юм. Гэтэл Э.О нь хохирогчийн хэлсэн үгэнд уурлаж, гал тогооны шүүгээн дээр байсан “хутганы ком”-оос хутга авч хүнийг гэмтээе гэсэн хүсэл зорилго бүхий, өөрийн үйлдлийг ухамсарлаж удирдсан, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг санаатай хутгалсан үйлдэл хийсэн болохыг тухайн үед хэргийн газарт байсан гэрч, хохирогч нар тодорхой мэдүүлцгээсэн байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “…хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх” гэсэн санал, гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийн зэвсэг (хутга) хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч С.Батзаяагийн “...Э.Од ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт хэргийн 223 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед арван найман насанд хүрсэн боловч шүүх түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулахаар шийдвэрлэв.
Тодруулбал, шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн нас, бие, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, хувийн байдал, тухайн гэмт хэргийг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөө, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчийг цаашид дээд боловсрол эзэмшүүлэх, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан төрөл, хэмжээний дотор 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг хоёр дахин багасгахаар тогтов.
Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хорих ял шийтгүүлсэн арван найман насанд хүрсэн эмэгтэй хоригдлын ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй эсхүл хаалттай хорих ангид эдлүүлэх учиртай тул Э.Од оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх боломжгүй бөгөөд шүүх зөвхөн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмыг баримталсан болохыг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 24,5 см урттай, ажлын хэсэг нь 12,5 см хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, 33,5 см урттай, ажлын хэсэг нь арзгар 20 см, 13,5 см хар өнгийн бариултай, бариул дээр нь цагаан өнгийн жижиг толботой хутга 1 ширхэг, 28,5 см урттай хутга ирлэгч 1 ширхэг, талийгаач О.Номингийн өмсөж явсан хар саарал өнгийн подволк 1, улаан өнгийн хөхөвч 1, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1, гэрч Б.Анугийн өмсөж явсан улбар ягаан өнгийн цамц 1, шүүгдэгч Э.Оюу-Эрдэнийн өмсөж явсан саарал өнгийн подволк 1, биеийн тамирын өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Эрдэнэбилэгийн Оюу-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Э.Од 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О 28 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 24,5 см урттай, ажлын хэсэг нь 12,5 см хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, 33,5 см урттай, ажлын хэсэг нь арзгар 20 см, 13,5 см хар өнгийн бариултай, бариул дээр нь цагаан өнгийн жижиг толботой хутга 1 ширхэг, 28,5 см урттай хутга ирлэгч 1 ширхэг, талийгаач О.Номингийн өмсөж явсан хар саарал өнгийн подволк 1, улаан өнгийн хөхөвч 1, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1, гэрч Б.Анугийн өмсөж явсан улбар ягаан өнгийн цамц 1, шүүгдэгч Э.Оюу-Эрдэнийн өмсөж явсан саарал өнгийн подволк 1, биеийн тамирын өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ДУЛАМСҮРЭН
Д.РЕНЧЕНХОРОЛ