Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 204/МА2023/00024

 

 

 

С.А, А.Ц нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дугаар шийдвэртэй

 

С.А, А.Ц нарын нэхэмжлэлтэй Г.Б-д холбогдох бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгох тухай иргэний хэргийг хариуцагч Г.Б-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, түүний өмгөөлөгч М.Дамбийням, хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох, нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б-той 2018 онд танилцаж 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хамтран амьдарсан. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний бие нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, *** дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг ****** тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн миний төрсөн эх А.Ц нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, *** дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** *** тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус бэлэг хүлээн авагч Г.Б-ийн зөвшөөрснөөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж түүнд бэлэглэсэн. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр миний бие Г.Б-той маргаан болсон бөгөөд Г.Б нь миний биед халдан намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, *** дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** *** тоотод байрлах 459 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, *** дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** *** тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг бэлэглэгчдэд буцаан олгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч А.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б 2018 оноос хойш манай охин С.А-тэй харилцаж хамтран амьдарсан. Би Г.Б-ийг өөрийн хүргэн болчихлоо гэж бодоод хүү С.Д-ий эзэмшил газрыг Г.Б-д бэлэглэсэн. 2022 оны 09 дүгээр сард Г.Б хүү С.Д-ийг зодож, хөл гар руу нь өшиглөж, элдвээр доромжилсон байсан. Энэ үед миний хань нас бараад удаагүй байсан. С.Д насанд хүрээгүй, одоо 13 настай хүүхэд. Тиймээс би хүүхдийнхээ газрыг Г.Б-оос буцааж авмаар байна. 2022 оны 11 дүгээр сард миний бага охин С.А-ийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Г.Б дэндүү харгис, хэлсэн зүйл нь дандаа худлаа байдаг. Үнэн зөв хоёрыг шүүх шийдэж өгөх байх гэж бодож байна. Өнөөдөр хэрэг шүүх гэж орж ирээгүй. Хамгийн гол нь С.А бид хоёр С.А-ийн газрыг болон хүү С.Д-ий газрыг буцааж авах гэж л нэхэмжлэл гаргасан. Тийм учраас болоод өнгөрсөн асуудлыг нүдэж зодсон, тэгсэн ингэсэн гэж яримааргүй байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж хүүгийнхээ газрыг буцааж авах хүсэлттэй байна гэжээ.

 

3. Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь нэхэмжлэлдээ “...намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, ...биднийг өөрийн эд зүйлээ эвдэж сүйтгэсэн, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн мэтээр ор үндэслэлгүй гүтгэх болсон” гэж худал бичжээ. Би С. А-ээс салсныхаа дараа түүнтэй нийлэхээсээ өмнө үерхэж байсан хүнтэйгээ хамтран амьдарч эхэлсэн. Тэрээр нэхэмжлэлдээ намайг өөртэй  нь хамт амьдарч байхдаа өөр хүүхэнтэй явалдсан мэтээр бичжээ.

 

Мөн өөрийгөө зодсон гэсэн байсан бөгөөд би түүнийг зодоогүй, харилцан зодоон хийж тэр ч битгий хэл С.А нь заазуураар миний хоолойг зүсэж, өмсөж байсан цамцыг минь заазуураар зүсэж урсан төдийгүй гэрийн эд хогшил /шкаф, хаалга/ эвдэлж сүйтгэсэн үйлдэл гаргасан. Салчихсан байхад хүртэл араас мөрдөн мөшгиж гэрт хүчээр дайран орж ирэн, гэрийн эд хогшил эвдэлж, хүүхдийн минь ээжийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, ажлын байран дээрээ үүрэгт ажлаа хийлгүйгээр үйлчлүүлэх гэж орж ирсэн хүнээ хэлээр амаар доромжилж хөөж тууж, олон нийтийн газарт /БОЭТ/ хэрүүл маргаан хийж, аймгийн шүүх дээр хүртэл ээж А.Ц-тойгоо нийлж эхнэр бид хоёр луу дайрч давшилж, хаа явсан газраа биднийг харлуулах гэж миний ажлын байран дээр очиж, манай байгууллагын удирдах албан тушаалтан буюу инженер, даргатай уулзаж худал ярьж, ажил хэргийн нэр хүндийг гутаагаад зогсохгүй Өвөрхангай аймаг дахь Газрын албаны дарга болон нотариатч А.Т, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга тус тус уулзаж, намайг таньж мэдэх, надтай ойр дотно байдаг хүмүүс рүү чат бичиж миний талаар худал ярьж миний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл удаа дараа гаргаж ёс зүйгүй аашилж байгаад нь харин ч эсрэгээрээ би түүнд маш их гомдолтой байна. Мөн өмнө нь С. А нь намайг бичиг баримт хулгай хийж, гарын үсэг дуурайж зурж энэ газрыг авсан гэж шүүхэд хандсан бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийн дагуу ажиллагаа хийснээр би түүний юмыг хулгайлаагүй буюу газар бэлэглэх гэрээ нь хуулийн дагуу явагдсаныг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

 Хэрвээ тэр надад үнэхээр л гомдсон бол өмнөх нэхэмжлэлээ намайг гүтгэж гарын үсэг дуурайж зурсан гэж худал бичихгүйгээр гомдоосон гэж гаргах ёстой байсан. Гэтэл хэзээ хойно нь гомдсон гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь анхаарч үзэх л асуудал гэж бодож байна. 2018 онд би С.А-тэй танилцаж байсан. С.А 2020 онд надад газраа бэлэглэсэн. Өмнөх нэхэмжлэл дээрээ намайг бичиг баримтыг нь авдарнаас нь аваад Т гэх нотариатчтай хамтраад намайг хулгай хийсэн гэж яриад байгаа. Одоо болохоор намайг эхнэртэйгээ байж байтал хэрүүл маргаан хийгээд орж ирсэн талаар яриад байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр миний бие Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод байрлах өөрийн эзэмшлийн газар нохойдоо хоол өгчихөөд гэртээ ороод байж байтал С.А хаалга тогшоод байсан. Тухайн үед би хаалгаа онгойлгохгүй 20, 30 минут болоход цонх хагалчих гээд чулуугаар цонх руу шидээд болохгүй байхаар нь хаалгаа онгойлготол Сайнзаяагийн А орж ирээд хаана байна, би чамайг олохдоо л нэг олон гээд манай эхнэр рүү дайраад зодоо хийсэн. Би тэр хоёрыг салгасан ч эрүүгийн хэрэгт холбогдоод шүүхэд дуудагдсан. Тэр нь шийдвэрлэгдээд надад 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Тухайн үед би энэ хоёр хүнийг салгасан гэсэн ч би зодоогүй. Тэр хоёр л зодолдоод байсан. С.А заадуур барьж дайраад, машин эвдээд, шкафны хаалга, өрөөнүүдийн хаалгануудыг онгойлгож байгаад тийрээд, агсам согтуу тавиад байсан. Тэр үед би С.А-ийн согтуу, эрүүлийг нь мэдээгүй. Шууд л чулуу бариад цохих гээд дайраад байхаар нь буйдан дээр дарж авсан. Тэрийг өөрийг нь зодсон болгож яриад байгаа. Тэрнээс би зодоогүй. Хамт амьдарч байх хугацаанд хүү Д буюу А.Ц-ын өргөж авсан 4 дэх хүүхэд бөгөөд алдарт эхийн 2 дугаар одон аваад тэтгэвэрт гарч байсан хүүхэд нь. Би тэр хүүхдэд гар хүрч байсан зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн Хөл бөмбөгийн холбооны дасгалжуулагч хийдэг хүн. Тэр хүүхдийг дагуулаад хөл бөмбөг тоглуулаад явж байсан. Тэрнээс биш зодсон асуудал байхгүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлт нь хэрэгт байгаа. Ногоон өнгийн заадуур нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан. Тэр эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээд гарч байхад шүүх дээр танхайраад С.А-ийн ээж А.Ц манай эхнэр рүү дайрсан. Намайг мөн ална, хядна, гараад ир гээд байсан. Энэ хэргийг шүүгч М.Мандахбаяр шийдвэрлэсэн. 11 сард хүүхэд маань халуураад эмнэлэг дээр очоод стори нээлгэх гээд С.А дээр очтол манай эхнэртэй бас хэрүүл маргаан хийгээд Д.Цэцэгээ гээд шүүгч шийдвэрлэсэн. Одоо энэ хэрэг нь давж заалдах шатны шүүхээр явж байгаа. Миний шкаф, цамц урсан, заадуурдсан, манай эхнэрийн куртикийг урсан хэрэг нь шийдэгдээгүй бас давж заалдах шатны шүүх дээр байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн С.А-ийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би өөрийнхөө гэрт байсан. Тэрнээс би С.А-тэй хамт амьдарч байсан зүйл байхгүй. Тэр өдөр эвдэлсэн улаан машин нь сэв зураастайгаа, шүүхийн шийдвэрийг хүлээгээд одоохондоо засуулж чадаагүй байгаа. Ямар ч гэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээгээд зураг хөрөг дарах байх гээд хүлээж байгаа. Манай эхнэрийн хувцас куртикийг нь урсан. Намайг хойноос орж ирээд заадуурдсан. Хүзүүн дээр мэсний сорви байгаа. Энэ талаар бүгд хэрэгт авагдсан. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энэ хэрэг болсон ч цагдаа нар нь солигдчихоод байгаад байдаг. Хэрэг болсноос 3 долоо хоногийн дараа шүүх шинжилгээ дээр бид нарыг очиход шархнууд нь эдгэсэн, сорвийг авч хэлэлцээгүй. Нөгөө 2 зодолдож байхдаа шилбэ, нүүр, толгой ингэсэн тэгсэн гэж хэлсэн байсан. Тэрийг би сүүлд нь хэлсэн. С.А 6 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Эхний 2 мэдүүлэгтээ намайг зодсон гэж ярихгүй 3 дахь мэдүүлгээсээ эхлээд намайг чи надад 10 сая төгрөг, 4 айлын газар өг гэсэн. Надад 13, 14-н үл хөдлөх хөрөнгө байдаг. Тэгэхгүй бол би чамайг зодсон болголоо, 10 сая төгрөг өгөөд миний зээлийг хаа гэсэн. 4 айлын газар өг, дундуур нь хуваадаг гэж байна, надад таньдаг шүүгч байгаа, надад ах байгаа гээд дарамтлаад байсан. Тэгээд цагдаа нь өөрчлөгдөөд байцаагч Н гэх хүн дээр очсон чинь намайг зодсон болгосон. Нэхэмжлэл дээрээ С.А тэр өдөр гомдсон гэж яриад байгаа болохоор би тэр өдрийн процессыг яриад байгаа. Энэ асуудлаарх шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон. Тухайн өдөр 500,000 төгрөгөөр торгуулчихлаа одоо ингээд болох байх гэж бодсон ч газар нэхэмжлээд нөгөө зүйлээ эргүүлж яриад байгаа. Манай дарга дээр ороод, газрын алба дээр ороод, нотариатч Т дээр орж дарамтлаад, газрын даамлуудыг чичрүүлээд байгаа энэ хүмүүс. Ажил дээр хүртэл хачин зүйл яриад байгаа. Яагаад салсан байж ийм зүйл яриад яваад байгааг ойлгохгүй байна. Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б С.А нар нь анх 2018 онд танилцаж үүнээс хойш хамтран амьдарч байгаад 2020 онд С.А, хадам ээж А.Ц нар нь өөрсдийн нэр дээрх газруудыг Г.Б-д бэлэглэлийн гэрээ байгуулж бэлэглэсэн байдаг. Тодорхой хугацаа өнгөрсний дараа 2022 оны 08 дугаар сард А.Ц-ын хүүхэд болох С.Д-ийг зодсон, 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бага охин С.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд гаргасан. С.А-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд Г.Б-ийг хохирогч С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ийм учраас Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг ноцтой гомдоосон, бэлэглэгчийн болон төрөл садангийн хүний эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэх үндэслэлүүд тогтоогдож байгаа учир дээрх бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байгаа. Хариуцагч талын тайлбарыг сонслоо. Ярьж байгаа зүйл нь намайг заадуураар зүсч байсан, эд зүйл эвдсэн гэсэн асуудлууд ярьж байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон, эсхүл түүний болон төрөл садангийн хүний биед санаатай хохирол учруулсан бол гэж заасан. Бэлэг хүлээн авагчийг, бэлэг хүлээн авагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэсэн нэг ч заалт байхгүй. Тиймээс хэрэгт ач холбогдолгүй зүйлийг ярьж байна гэж үзэж байна. С.А-ийг зодсон зүйл байхгүй гэж ярьж байна. Анхан шатны шүүхээр ороод 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй ч уг хугацаандаа гомдол гаргаагүй байдаг. Улмаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Гомдол гаргаагүй нь шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдохоор байна. Иймд бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулж, дээрх хоёр газрыг эзэмшигч нарт нь буцаан олгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А, А.Ц нар нь Г.Б-ийг хариуцагчаар татаж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ***, *** дугаартай үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулах, дээрх гэрээнүүдэд дурдсан гэр бүлийн хэрэгцээний газруудыг буцаан олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад тухайн газруудын бэлэглэлийн гэрээ байсан. С.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Г.Б-д 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зодуулж, биедээ хөнгөн гэмтэл авч, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон гэдэг. Мөн Г.Бийг биднийг өөрийн эд зүйлээ эвдэж сүйтгэсэн, олон нийтийн газар хэрүүл маргаан хийсэн гэж ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж байгаа үйлдлүүдэд гомдолтой байна гэсэн. Хэрэгт авагдсан баримтаар Г.Б ор үндэсгүй зүйлээр нэхэмжлэгч нарыг хохироож, гүтгээсэн асуудал харагдахгүй байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад нэмэлтээр өгсөн баримтуудаа шинжлэн судална. Хэрэгт авагдсан баримтуудаар С.А Г.Б-ийг өөрийн хүсэлтээр хэрүүл маргаан хийсэн байдаг. Өөрөө гэрт нь очиж бусдыг доромжилж, эд зүйлийг нь эвдсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан баримтууд хангалттай авагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл харагдахгүй байна гэж үзэж байна. Мөн тэмдэгтийн хураамжийг С.А өөрийн нэрээр 2 удаа төлсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөх, нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ёстой. Тэмдэгтийн хураамжийг буцааж иргэнд олгох эрх зүйн үндэслэл гарвал зөвхөн С.А-т өгнө. Нэхэмжлэгч А.Ц нэхэмжлэлийн шаардлага тохирох тэмдэгтийн хураамж төлөөгүй нь харагдаж байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С.А нь Г.Б-д гомдоод байгаа, 500,000 төгрөгөөр торгуулсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэ тогтоол байгаа. Дээр нь намайг эд зүйл сүйтгэсэн, олон нийтийн газар хэрүүл маргаан хийсэн гэж гүтгээд байгаа гэсэн зүйлүүдийг дурдсан. Нэхэмжлэгч А.Ц-ын талаас Г.Б-ийн үйлдэлд гомдсон үндэслэл харагдахгүй байгаа. Харин шүүхэд гаргасан тайлбартаа хүү С.Д-ийг зодож байсан гэж байгаа ч нотлох баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх гэсэн байр суурьтай байна. Нотлох баримт шинжлэн судлах шатанд С.А-ийн Г.Б-ийн эд зүйлийг эвдээгүй, олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж байгаагүй, Г.Б намайг гүтгээд байна гэдгийг няцаах баримтуудыг шинжлэн судлуулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэлээ гаргана гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ***, *** дугаартай бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** *** дугаар гудамжны *** тоот газрыг бэлэглэгч С.А-т, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газрыг бэлэглэгч С.Д-д буцааж олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч Г.Б давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгаагүй. Мөн шүүх хөндлөнгийн, хараат бус байх зарчмыг хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч А.Ц нь хүү С.Дийг зодож хөл гар руу нь өшиглөж, элдвээр хэлж доромжилсон байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад намайг С.Д-ийг зодсон гэх баримт байхгүй. Мөн А.Ц нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээтэй, *** дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** *** тоотод байрлах 482 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг буцаан олгуулах нэхэмжлэл гаргахдаа шүүхэд зохих хэмжээний улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Шүүх түүний нэхэмжлэлийг хүлээж авсан бол Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн тохирох зүйл заалтад тусгаснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, эсхүл хураамж төлөхийг хойшлуулсан эсэх талаар ямар нэгэн шийдвэр, захирамж гараагүй. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр бүрэн хангагдаагүй нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хөндлөнгийн хараат бус байх зарчим зөрчиж нэхэмжлэгчийн талд шүүх үйлчилсэн. 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны өмнө шүүгчийн туслах нэхэмжлэгчдэд танай баримт нотариатаар баталгаа хийлгээгүй байна, нотариатаар баталгаажуул гэж хэлснээр нэхэмжлэгчид шүүх хуралдаанаас завсарлага авч холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан. Шүүгчийн туслахын энэ үйлдэл нь нэг талд буюу нэхэмжлэгч нарт үйлчилж, тэдэнд давуу байдал олгосон учир шүүх, шүүгчийн хөндлөнгийн хараат бус байдал алдагдсан гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дугаартай шийдвэрийн А.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх үүргийнхээ хүрээнд хэргийн материалтай танилцсан бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бэлэглэлийн гэрээнүүдийн нэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу нотариатаар батлуулаагүй болохыг мэдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. 38.7-д Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө. 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж тус тус хуульчилсан. Дээрх хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны эхлэхийн өмнө шинээр нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар хойшлуулж шийдвэрлэн нэхэмжлэгч нарын зүгээс шүүх хуралдаанд хойшилсон хугацаанд бэлэглэлийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан /нотариатаар батлуулан/ шүүхэд гаргаж өгч улмаар шүүх хуралдаан эхэлсэн. Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдсан “шүүгчийн туслах нэг талд үйлчилсэн, нэхэмжлэгч нарт давуу байдал бий болгосон” гэсэн нь ор үндэслэлгүй, шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн үйлдэл бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд хүсэлт гаргаж, шүүх түүнийг хуульд зааснаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхээс зохигчдын маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө авч байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэгч нар нь хамтарсан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас зөвлөгөө авч, татварын код үүсгүүлэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс бодуулж улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн төлсөн байх тул нэхэмжлэгч А.Ц-ыг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүхийн шийдвэрт надаас газар гаргуулах гэж заагаагүй байсан. Заагаад байгаа газрыг нь би мэдэхгүй. Энэ хүмүүс өөр хүмүүсээс нэхэмжлэх байсан юм шиг байгаа юм. Би түүнийг нь мэдэхгүй. 53 дугаар газрын эзэмшигч нь би биш харин 153 дугаар газрын газар эзэмшигч нь би байгаа юм гэв. 

 

10. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн зүйлийн 280.1.2-т зааснаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 281 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны ***-н тоот газрыг А-т, мөн Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны ***-н тоот газрыг Д-д олгосугай гэсэн шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээр Г.Б-оос газар гаргуулах заалт энэ шүүхийн шийдвэрт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага бол Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны ***, *** тоот газруудыг С.А, А.Ц нар Г.Б-оос гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн гол үндэслэлийг харвал иргэний хэрэг үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлагад байхгүй газрыг С.А, Д нарт гаргуулахаар шийдсэн байна. Г.Б-оос газрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ хариуцагч Г.Б-ийн өмчлөлд энэ газар байгаа гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй хэрэгт зөвхөн бэлэглэлийн гэрээ байгаа. Бэлэглэлийн гэрээ гэдэг нь хэлцлээр нөгөө этгээдэд шилжүүлэх талаар нотариатын үйлдэл хийж байгаа үйлдлийг харуулсан баталгаажуулсан баримт болохоос биш тухайн гэрээгээр Г.Б эд хөрөнгийг эзэмших өмчлөх эрхтэй байна гэдгийг нотолсон нотолгоо биш юм. Тухайн хүний өмчлөлийн эрх Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйл, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 5.1, 5.3 дугаар зүйлд зааснаар хэлцлийг нотариатаар хэлцлийг гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх бүртгэгдэж гэрчилгээ олгогдож өмчлөх эрх баталгааждаг. Ийм нотлох баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлоогүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүд байна. Мөн шүүх хэргийг хэзээ хүлээж авсан нь тодорхойгүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээж аваад нэхэмжлэлд хавсаргасан баримтуудын тоо, дугаарыг тавиад хүлээн авсан огноогоо тэмдэглээд нэхэмжлэлийг баталгаажуулах ёстой. Ийм ажиллагаа хийгдээгүй байгаа учраас нэхэмжлэл шүүхэд хэзээ ирсэн, дараагийн хуульд заасан ажиллагаануудыг хуулийн хугацаанд хууль зөрчсөн эсэхийг харах боломжгүй нөхцөл байдлууд харагдаж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйл, 165 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

11. Нэхэмжлэгч С.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Энэ газрын асуудлаар жил гаран явж байна. Эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийн тогтоол, шийтгэвэрт Б-той 5-н жил амьдарч байхад огт амьдраагүй, Б миний биед халдсан гэдэг нь тогтоогдсон байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Монгол Улсын иргэн бүр 0.7 га газрыг нэг удаа өмчлөх эрхтэй байдаг. Би өөрийн газар болон хүүхдийнхээ газартай хамт Бид бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Миний биед халдаж хохирол учруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 153 дугаар гудамжийг 53 дугаар гудамж гэж бичсэн гэдэг асуудал ярьж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг, үндэслэх хэсэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэлийн шаардлагатай тохирч байгаа. Харин тогтоох хэсгийн 1 дүгээр заалт дээр техникийн шинжтэй алдаа гаргаж 153 дугаар гудамж гэснийг 53 дугаар гудамж гэдгээр үг, үсгийн алдаа гаргасан. Үг үсэг тооцооны алдааг техникийн шинжтэй алдаа гэж үздэг. Тийм учраас давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгодог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 7-н үндэслэлийн аль нэг нь тогтоогдсон тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй. Тухайн хэрэгт дээрх 7-н үндэслэлийн аль ч үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулж  өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 13. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

 14. Нэхэмжлэгч С.А 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай бэлэглэлийн гэрээг, нэхэмжлэгч А.Ц нь насанд хүрээгүй С.Д-ийг төлөөлж 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан *** дугаартай бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газруудыг бэлэглэгчид буцаан олгуулах шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ бэлэг хүлээн авагч нь бэлэглэгч нарыг маш их гомдоосон гэж тодорхойлсон.

 

 Хариуцагч Г.Б “...Би С. А-ээс салсныхаа дараа түүнтэй нийлэхээсээ өмнө үерхэж байсан хүнтэйгээ хамтран амьдарч эхэлсэн. Тэрээр нэхэмжлэлдээ намайг өөртэй  нь хамт амьдарч байхдаа өөр хүүхэнтэй явалдсан мэтээр бичжээ. Мөн өөрийгөө зодсон гэсэн байсан бөгөөд би түүнийг зодоогүй, харилцан зодоон хийж тэр ч битгий хэл С.А нь заазуураар миний хоолойг зүсэж, өмсөж байсан цамцыг минь заазуураар зүсэж урсан төдийгүй гэрийн эд хогшил /шкаф, хаалга/ эвдэлж сүйтгэсэн үйлдэл гаргасан...намайг таньж мэдэх, надтай ойр дотно байдаг хүмүүс рүү чат бичиж миний талаар худал ярьж миний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл удаа дараа гаргаж ёс зүйгүй аашилж байгаад нь харин ч эсрэгээрээ би түүнд маш их гомдолтой байна. Мөн өмнө нь С. А нь намайг бичиг баримт хулгай хийж, гарын үсэг дуурайж зурж энэ газрыг авсан гэж шүүхэд хандсан бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийн дагуу ажиллагаа хийснээр би түүний юмыг хулгайлаагүй буюу газар бэлэглэх гэрээ нь хуулийн дагуу явагдсаныг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрвээ тэр надад үнэхээр л гомдсон бол өмнөх нэхэмжлэлээ намайг гүтгэж гарын үсэг дуурайж зурсан гэж худал бичихгүйгээр гомдоосон гэж гаргах ёстой байсан...Иймд түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

   Шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасан бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэжээ.

 

   15. Нэхэмжлэгч С.А, А.Ц нар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагыг бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон үйлдэл хийснээс хойш 1 жил өнгөрөөгүй байхад буюу Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан хугацааны дотор гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ А.Ц нь С.А-ийн ээж болох нь тогтоогдсон, бэлэг хүлээн авагч Г.Б нь бэлэглэгч А.Ц-ын охин С.А, мөн бэлэглэгч С.А-ийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 14-29 дүгээр хуудас/ нотлогдсон. 

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдлийг бэлэг хүлээн авагч хийсэн байхыг шаарддаг. Энэ нь бэлэглэгчийн шаардах эрхийг тодорхойлж байгаа тул хариуцагч Г.Б-ийн “...намайг таньж мэдэх, надтай ойр дотно байдаг хүмүүс рүү чат бичиж миний талаар худал ярьж миний нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл удаа дараа гаргаж ёс зүйгүй аашилж байгаад нь харин ч эсрэгээрээ би түүнд маш их гомдолтой байна...” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.   

 

Бэлэглэгч бэлэг хүлээн авагчид гомдсон байх урьдчилсан нөхцөл нь бэлэглэгчийн буюу нэхэмжлэгч нарын хувь хүний үнэлэмжээр тодорхойлогддог бол “бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байх” нөхцөл байдал нь бэлэг хүлээн авагчийн буюу хариуцагчийн үйл ажиллагааны үр дүн байх ба тухайн ноцтой үйл ажиллагаанаас болж бэлэглэгч гомдсон байхыг ойлгоно.

 

Хариуцагч Г.Б нь бэлэглэгч А.Ц-ын охин С.А-ийн биед гэмтэл учруулсан үйл баримтыг бэлэглэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Мөн “...С. А нь намайг бичиг баримт хулгай хийж, гарын үсэг дуурайж зурж энэ газрыг авсан гэж шүүхэд хандсан бөгөөд шүүх түүний нэхэмжлэлийн дагуу ажиллагаа хийснээр би түүний юмыг хулгайлаагүй буюу газар бэлэглэх гэрээ нь хуулийн дагуу явагдсаныг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” гэсэн тайлбарыг гаргаж байсан.

 

Нэхэмжлэгч С.А, А.Ц нар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай бэлэглэлийн гэрээг, нэхэмжлэгч А.Ц нь насанд хүрээгүй С.Д-ийг төлөөлж 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан *** дугаартай бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болгохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хавтаст хэргийн 90-96 дугаар хуудас/.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болон мөн хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох зохицуулалтуудын шаардах эрхийн үндэслэл, нөхцөлийг хуульд тодорхой заасан байдаг.

 

Нэхэмжлэгч нараас урьд нь шүүхэд гаргасан болон одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлүүд нь өөр бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6.-т заасан үндэслэлд хамаарахгүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

16. Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг дутуу, буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийг нэрлэж заагаагүй, Иргэний хуулийн зохих заалтыг хэрэглээгүй, шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн дугааруудыг буруу бичсэн алдаа, зөрчлүүдийг гаргажээ. Үүнд:

 

16.1. Нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, эд хөрөнгө буцаан олгох шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ “Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн.

 

Нэгэнт иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, улмаар зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн бөгөөд дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зохигчдын эрх ашигт нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах үр дагавар үүсгэхээр байна. 

 

16.2 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/ маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг “...Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газар, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газрыг...” гэж зөв бичсэн боловч тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “...Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газар, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газрыг...” гэж буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан.

 

Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийг тодорхой нэрлэж заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт...хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана гэснийг зөрчжээ. 

 

16.3. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасны дагуу бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.

 

Хариуцагч буюу бэлэг хүлээн авагч Г.Б нь  бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэх нөхцөл тогтоогдоогүй, харин  бэлэглэгч нарыг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байхад шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэжээ.

 

16.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, эд хөрөнгө буцаан олгох шаардлага гаргасан байхад “Бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн, Иргэний хуулийг зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийг нэрлэж заагаагүй, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн дугааруудыг буруу бичсэн зэрэг алдаа, зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-т заасан үндэслэлүүдэд хамаарахгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй тул давж заалдах шатны шүүх дээрх алдаа, зөрчлүүдийг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

17. Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнээд магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд уг зөрчлийг илрүүлсэн аль ч шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх боломжтой” гэж дурдсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4.-д зааснаар бэлэглэлийн гэрээнд заасан үнийн дүнгээр буюу 2000000 /хоёр сая/ төгрөгөөр тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас Г.Б-оос улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү 46950 төгрөгийг нэмж нийт 117150 төгрөг гаргуулан /нэхэмжлэгч С.А-ээс нэхэмжлэл гаргахдаа 70200+8750=78950 төгрөг төлсөн. Бэлэглэлийн гэрээнд заасан үнэ 2000000 төгрөгөөс тооцоход 46950 төгрөг дутуу төлсөн тул 78950+46950=117150/  нэхэмжлэгч С.А-т олгохоор шийдвэрийн 2 дахь заалтанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 145/ШШ2023/00281 дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ***, *** дугаартай бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газрыг бэлэглэгч С.А-т, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газрыг бэлэглэгч С.Д-д буцааж олгосугай.” гэснийг “1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ***, *** дугаартай бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, хариуцагч Г.Б-оос Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газрыг бэлэглэгч С.А-т, Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** дугаар гудамжны *** тоот газрыг бэлэглэгч С.Д-д буцааж олгосугай.” гэж, 2 дахь заалтын “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-оос 70,200 төгрөг гаргуулж...” гэснийг “2... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-оос 117150 төгрөг гаргуулж...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

    

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б-оос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.