Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 204/МА2023/00025

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

         Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Н даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2023/00434 дугаар шийдвэртэй

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй А.О, “БХ” ХХК нарт холбогдох “Гэм хорын хохирол 3049000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Нийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 05-р сарын 12-ны өдөр *** сумын төвд байдаг иргэн А.О-ийн эзэмшлийн “БХ” шатахуун түгээх станцаас түлш авах гэж очиход тэдний түгээгч Ч.Н нь дизель түлш авахаар зогсож байхад миний машинд АИ92 бензин андуурч хийснээс болж машинд эвдрэл учирснаас болж надад машинаа засуулах, сэлбэг хэрэгсэл авах, аймгийн төвд ачиж ирэх зэрэг нийт 3.049.000 төгрөгийн хохирол учирсан. Гэтэл шатахуун түгээх станцын эзэн А.О сайн дураараа надад учирсан хохирлыг төлөхгүй байна. 05 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг өнгөрч байхад колонк дээр очоод дизель гэсэн хэсэг нь очиж зогсоход түгээгч хэд вэ? гэхээр нь 30 литр гэж хэлчхээд түлшээ хийсний дараа савандаа бензин авахдаа чи сая бензин хийчихсэн үү? гээд асуусан чинь үгүй гэж хэлсэн. Түлш хийж байхад аль хошуунаас хийж байсныг нь би тухайн үед хараагүй. Тэр хооронд би зарим 80-ууд түлшээр явдаг, зарим нь бензинээр явдаг, андуурдаг юм байна лээ гэхэд өнгөрсөн жил би цагаан сараар нэг портерт бензин шахаад өгчихсөн байсан гэж надад хэлсэн. Тэгээд тооцоогоо хийх гээд нөат нь гарахгүй тэнд нэлээд удсан. Тооцоо хийхэд 30 литр түлшний мөнгийг бензинээр бодсоныг нь би тэр үедээ хараагүй. Тэгээд бензиний тооцоогоо яах уу? гэхээр нь хамт шүү дээ гээд ахиад 20 литр бензиний мөнгийг уншуулсан. Тухайн үед өглөө эрт мал бэлчихээс өмнө явна гээд 7 өнгөрч байхад төвөөс гараад 7, 8 километр яваад машин гэнэт хүчгүй болоод унтарсан. Би яадаг юм болоо гэж бодоод бууж ирээд дугуйгаа хараад, хамраа сөхөж байгаад харахад салсан юм байхгүй байсан. Тэгэхээр нь хүн рүү утсаар яриад асуусан чинь шланк нь сугарчихсан юм биш үү? урд шөнө аль колонкоос түлш авсан юм гэхээр нь тэднийхээс гээд хэлтэл бензин хийчихсэн юм биш үү? гээд ирж үзээд яах аргагүй бензин хийчихсэн байна гэсэн. Тэгээд хүний машинаар машинаа чирүүлж ирээд нөгөө колонк дээрээ очсон чинь онгойгоогүй байсан. Гэрт нь очсон ч хүн байгаагүй. Тэгээд эзэн А.О-ийнх нь дэлгүүр дээр нь очсон чинь колонк онгойж байгаа байхаа, надад ийш тийшээ явна гэж хэлээгүй гэсэн. Би өдөржингөө яваад олдоогүй хоносон. Тэгээд А.О-т хэлэхээр та хоёр л мэдэх юм байгаа биз гэсэн. Тухайн үед түлш хийхэд нь юу хийж байгааг нь хараагүй миний буруу. Хэд үү? гэж асуухаар нь 30 литр гэж хэлсэн. Уг нь машины банк дээр дизель гээд бичээстэй байгаа. Надаас бензин үү? түлш үү? гэж надаас асуугаагүй хэдэн литр вэ? гэхээр нь 30 гэж хэлчихээд саванд бензин авахдаа би асуусан. Би андуурдаг юм байна лээ гэхэд өөрөө портер машинд андуурч хийгээд, буцаад суллаж байсан гэж хэлсэн. Тэгж ярьж байгаа хүнийг би бензин хийсэн байх гэж бодоогүй. Үгүй гэхээр нь түлш л хийсэн байх гэж бодсон. Нөгөөдөр нь эрт 7 өнгөрөөд гэрт нь очиход унтаж байсан. Чи өчигдөр миний машинд бензин хийгээд явуулчихсан байна, төвөөс урагшаа хэдэн километр яваад зогсчихсон гэхэд би бензин юм бодоод бензин хийсэн гэсэн. Тэгээд машинаа хашаандаа чирч авчирсан байсан болохоор одоо яана аа, төвд засдаг хүн байгаа болов уу? хүнээс асуучхаад ирье гээд 2, 3 хүн дагуулж ирээд банкийг нь доогуур нь тайлж аваад бензинээ суллаж авсан. Тэгээд сумаас 22-ны өдөр ачааны машинд машинаа ачиж ирсэн. Аймагт засварын газарт ирээд засуулсан. Бензин хийснээс болж эвдэрсэн гээд засварын тооцоо ийм гарсан гэсэн. Би тэрийгээ л нэхэмжилж байгаа. Тэрнээс биш өөр зүйл нэхэмжлээгүй. Би энэ асуудлаас болоод суманд олон хоносон. Мал төллөх цаг, ган зудтай үед машингүй хэцүү байсан. За төвөг гэж бодоод олон хоног харсан. Чи засварынх нь төлбөрийг хийчих гэж хэлсэн. Өмнө нь хамт яваад машинаа янзлуулъя гэсэн чинь надад ямар ч боломж байхгүй байна, цаг зав байхгүй байна чи янзлуулчхаад ир гээд колонк түгээгч Н хэлсэн. Нэг сумын хүмүүс нэгнийгээ таньдаг юм чинь болох байх гэж бодсон. Суманд задалж болохгүй, задлаад мэдэх хүн байхгүй болохоор шууд аймаг руу ачиж ирсэн. Аз байвал мотор нь гайгүй байх, мотор руугаа орчихсон бол мотор солих шаардлагагүй гэж засварчин хэлээд 2,649,000 төгрөгөөр янзалсан. Сумаас аймаг руу ачиж ирсэн зардал 400,000 төгрөг нийт 3,049,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би машинаа янзлуулаад олон хоног энд ажил төрлөө алдаад байсан. Бүхэл бүтэн компани байж хариуцлага хүлээх байх гэж бодсон ч яаж байна гэж ерөөсөө асуугаагүй. Түгээгч Н нь болохоор надад төлбөрийн чадвар байхгүй, би төлж чадахгүй гэсэн. Бас чи надаас асуугаагүй, би тэгж хэлээгүй гээд байгаа. Тухайн үед сая бензин хийчихсэн үү? гэж асуухад үгүй үгүй гэсэн. Тэгэхээр нь би түлш хийсэн гэж ойлгосон. Надтай хамт манай хашааны хүн бас хамт явж байсан мэдэж байгаа гэв.

 

  1. Хариуцагч А.О шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цаг 33 минутад 3-н удаагийн худалдан авалт хийсэн байна. Ингэхдээ шатахуун түгээгч Ч.Н-ийн тайлбарлаж хэлснээр АИ-92 бензин авна гээд 82500, 55000, 100000 гэсэн дүнгээр АИ-92 бензин авна гээд АИ-92 бензин хийж өгсөн гэсэн. Энэ нь постны машины баримтаар нотлогдож байна. Жолооч шатахуунаа буруу сонгож хэрэглэсэн бол энэ нь тус ШТС-д хамааралгүй учир нэхэмжилж буй мөнгөн дүнг барагдуулах боломжгүй юм. Түгээгч Ч.Н 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “БХ” ШТС-д ээлжийн түгээгчээр ажиллаж байна. Ч.Н нь ажлын ур чадвар сайтай, тохитой томоотой, үнэн үгтэй, хүн чанартай, архи дарс уудаггүй, сайн залуу болно гэжээ. 

 

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм хорын хохирлын үнийн дүн бүгд орсон. Харамсалтай нь хариуцагч тал зөвшөөрөхгүй, эвлэрэх боломжгүй гэж байна. Нэгэнт л хүнд хохирол учруулсан бол хариуцах ёстой шүү дээ. Яагаад гэвэл энэ хүн юу ч болоогүй байж байхад өөрөө эвдэлсэн машинаа колонкоор төлүүлэх гээд байгаа юм биш. Хариуцагч талаас тийм юмны зардал, ийм юмны зардал гэж илүү зардал нэхэмжлээгүй. Хамгийн наад зах нь аймгийн төв рүү *** сумын *** дугаар багаас 3 удаа ирсэн зардал, өмгөөлөгч авсан зэрэг зардлуудыг нэхэмжлээгүй. Зөвхөн машины засуулсан зардал, аймгийн төв рүү машинд ачиж ирсэн 2 зардлыг л нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй учир Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан гэм хорын хохирлыг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна.

 

              Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар хохирол учруулсан гэдгээ зөвшөөрч байгаа юм байна. Харин тэр түлш хийсэн нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдэл гэж үзэж байна. Энэ нь боломжгүй. Учир нь ямар ч шатахуун түгээх станцад түгээгч гэдэг орон тооны хүн ажилладаг. Өөрөө очоод машиндаа хийгээд өөртөө үйлчилдэг бол өөрөө буруу зүйл хийчхээд хэнээс юу нэхэх гээд байгаа юм гэж болно. Гэтэл тэнд тусгай үйлчлэгч ажиллаж байгаа. Ямар ч жолооч цонхоо онгойлгоод тийм юм хийнэ гээд картаа өгөөд машиндаа сууж байдаг биз дээ. Гараад юу хийж байна, шалгаж үзье гэдэггүй шүү дээ. Гэтэл тийм дүрэм журамтай юм шиг, эсхүл эзэнгүй юмнаас өөрөө дураараа очоод авчихсан юм шиг ярьж байгаа нь хүнд учруулсан гэм хорын хохирлоосоо зайлсхийж байгаа нь хүмүүнлэг бус заншилтай хүмүүсийн гаргадаг зан. Хүнд гарцаагүй гэм хор учруулчхаад өөрөө болгоомжгүйгээсээ болсон гэж ярьж болохгүй. Өөрөө өөртөө үйлчилдэг бол болгоомжгүй гэдгийг хүлээнэ. Түгээгч нь үйлчилдэг учир ажил олгогч тэр хүний гэм хорын хохирлыг барагдуулах ёстой. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Хамгийн наад зах нь ийм ийм бензиний баримтууд байна гэж хариуцагч тал өөрөө зөвшөөрч байна. Тэрийгээ уншихгүй яасан юм бэ? гэх гэж байгаа байх. Хөдөөний яаруу сандруу хүмүүс чинь тийм зүйл хийгээд сууж байхгүй. Мал бэлчихээс өмнө, өглөө хонь явахаас өмнө очно гээд яараад явж байдаг. Мөн өөр төрлийн түлш хийчихвэл болдоггүй гэдгийг хүн болгон мэднэ гэж байна. захын надаас эхлээд техниктэй харьцдаггүй хүмүүс мэдэхгүй шүү дээ. Мөн энэ хүн чинь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шиг төв суурин газар яваагүй, хээр талд, эзэнгүй талд явж байгаа. Малчин хүний зовлонг төв суурин газар өссөн хүмүүс мэддэггүй юм шиг байна. Тийм боломж байхгүй шүү дээ. Тиймээс энэ хүний хохирлыг болгоомжгүйгээр үүссэн гэж байгаатай санал нийлэхгүй байна гэв.

         

          4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн цаг хугацаанд 3 удаагийн гүйлгээ хийсэн баримтууд байдаг. Үүнийг харахад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд өөрийн гэм буруугаас болоогүй гэдгийг нотолсон бол гэж байгаа. Түгээгч АИ92 авсан 3 нөат-ийн баримтыг нь өөрт нь өгсөн. Хөдөө суманд 2 төрлийн хошуутай байдаг. Нэг нь АИ92, нөгөө нь 80. Нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хувьд дизель шүү гэж хэлээд, савандаа АИ92 шүү гэж тодорхой хэлэх ёстой байтал бензин авна гээд авсан 3 удаагийн баримт байгаа. Өөрөө мөн сая хэдэн литр үү? гэж асуухад нь 30 литр гэж хэлсэн гэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дизель тэдэн литр, АИ92 тэдэн литрийг хийнэ шүү гэдэг шаардлагыг хэлэх ёстой байсан. Мөн маргааш өглөө нь мэдсэн гэж байгаа. Бензин масло солигдсон бол тэр дороо доголдоод, утаа хаяад, хүчгүй болоод явахгүй. Энийг жолооч хүн болон энгийн хүн ч ойлгох байх. Тэгэхээр маргааш нь хөдөө гэр рүүгээ яваад нүүдлээ хийх гэхэд доголдоод ирэхээр нь мэдсэн гэж байна. Дизель түлш, бензин хоёр шал өөр найрлагатай, шатамхай бодисууд байдаг. Тэр дороо доголдоод, утаа хаядаг гэдгийг засварын хүмүүс мөн хэлэх байх. Тэгэхээр гэм хор юунаас болж учирсан, шалтгаан нөхцөл нь юунаас болсон гэдгийг тогтоох ёстой гэв.

 

          БХ ХХК-ийн захирал нь хариуцагч А.О-ийн нөхөр Б байдаг. Тэр өдөртөө А.О-т хэлсэн гэж байна. А.О тухайн цаг хугацаанд гэртээ байгаагүй, Сэлэнгэ аймагт ээжийнх нь бие муу гээд ажилтай байсан гэдэг. Нэхэмжлэгчийн өөрийн илтэд болгоомжгүй байдлаас болж гэм хор учирсан. Тухайн хүн өөрийн машинд ямар түлш, бензин шахаж байна гэдгийг анхаарч харах ёстой байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.3-т тус тус зааснаар өөрийнх нь илт болгоомжгүй үйлдлээс болоод гэм хор учирсан гэж үзэж байгаа учир гэм хор учирсан хариуцлагыг А.О болон “БХ” ХХК хариуцах үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар АИ92 түлш тухайн машинд хийсэн, АИ92 бензин авсан баримтууд байгаа, нэхэмжлэгч дансны хуулгаа гаргаж өгсөн, 2 хоногийн дараа ийм асуудал гарсан зэрэг нь харагдаж байна. Хэдий тийм боловч дизель түлш, бензин хоёр холилдвол тэр дороо машин доголдоод, хар утаа хаяад хүчгүй болдог гэдгийг хүн болгон л мэднэ. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

             

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч БХ ХХК-аас 2,439,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 609,800 төгрөгийг мөн хариуцагч А.О-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч “БХ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 53,977 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэгч Д.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,734 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2023/00434 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд өөрийн буруугаас болоогүй гэдгийг нотолсон бол гэсний дагуу. Нэхэмжлэгч ямар шатахуун авах талаараа түгээгчид мэдэгдээгүй 30 литр гэж хэлээд картаа өгсөн байдаг. Түгээгч Ч.Н нь 3-н удаагийн АИ92 бензин авсан баримтыг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч өөрөө худалдан авалт хийсэн баримтаа болон АИ92 бензин болон дизель түлш авах талаараа түгээгчид хэлж баримтаа шалгах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй. /хэргийн материалд хавсаргасан баримтууд байгаа/. Нэхэмжлэгч өөрийн данснаас гарч байгаа орлого, зарлагыг хянаад бензин болон дизель түлшний үнийн зөрүүг харах боломжтой. Шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлана гэжээ.

 

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б-гийн хувьд худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэж байна. Худалдан авагч авч байгаа бараа бүтээгдэхүүнээ шалгаж авах үүргээ биелүүлээгүйн улмаас гэм хор учирсан. Хөдөө сумын бензин колонк 92, дизель гэсэн хоёр хошуутай байдаг. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохдоо би 30 литр шүү гэж хэлээд авсан тэрнээс биш ямар бензин болон дизель түлш авна гэсэн шаардлагыг тавиагүй гэдэг буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч шүүхээс гэм хор учирсан байна гэж үзээд 2439000 төгрөгийг О болон “БХ” ХХК-гаас гаргуулсан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учирвал өөрийн гэм буруугүйгээс болоогүй гэдгээ нотолсон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Д.Б-гийн хувьд нэгэнт өөрийнх нь картаар гүйлгээ хийсэн гүйлгээний баримт дээр дизель түлш болон 92 бензиний үнийн зөрүү 1000 төгрөгийн зөрүүтэй байгаа зүйлүүд байдаг. Үүнийгээ анхаарч үзээгүй асуудлууд байдаг. Иймд Д.Б-гийн хувьд шалгаж авах үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлууд байдаг учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв. 

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон. Шүүх хэргийг шийдэхдээ нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн, тодорхой хэмжээний төлбөрийг багасгасан. Үүнийг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрч шүүхийн шийдвэрийг хүндэтгэж давж заалдах гомдол гаргахгүй орхисон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд өөрөө шалгаж хийгээгүй юм чинь нэхэмжлэгчийн буруу гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэвэл үйлчлүүлэгч очоод наадах чинь бензин үү түлш үү гэж шалгаж зогсох шаардлагагүй. Машинтайгаа ирээд зогсоход машины марк нь ил тод байж байгаа. Үйлчлүүлэгч машинаасаа бууж ирээд хошууг нь аваад шалгаж үзэх шаардлагагүй. Худалдаж авсан зүйлээ шалгаагүй байна гэж байна. Биечлэн шалгахгүй бол түүнд чанар муутай зүйл зориуд өгнө гэдэг бол хорлон сүйтгэх ажиллагаа болов уу гэж харагдаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т хүний эд хөрөнгөд гэм хор учруулсан бол тэр этгээд хариуцлага үүрэх үүрэгтэй гэж хуульчилсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс түлшээ авсан гэж тооцоогоо хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

         9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

         10. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

         11. Нэхэмжлэгч Д.Б нь А.О-т холбогдуулан гэм хорын хохиролд 3049000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “БХ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.  Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “БХ шатахуун түгээх станцаас түлш авах гэж очиход тэдний түгээгч Ч.Н нь дизель түлш авахаар зогсож байхад миний машинд АИ92 бензин андуурч хийснээс болж машинд эвдрэл учирсан” гэж тодорхойлсон.

            12. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Жолооч шатахуунаа буруу сонгож хэрэглэсэн бол энэ нь тус ШТС-д хамааралгүй учир нэхэмжилж буй мөнгөн дүнг барагдуулах боломжгүй” гэж маргасан.

          13. Анхан шатны шүүх хариуцагч тал нэхэмжлэгчид гэм хор учруулсны төлбөр төлөх үүрэггүй болохоо нотолж чадаагүй, хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнээд гэм хорын төлбөрийг 20 хувиар багасгаж хариуцагч “БХ” ХХК-аас 2 439 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ц-д олгохоор шийдвэрлэжээ.

          14. Зохигчид Ч.Ц-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Land Cruiser 80 маркийн машинд өөр төрлийн шатахуун хийсэн болон, үүнээс үүссэн хохирлын хэмжээний талаар маргаагүй, харин “БХ” ХХК-ний түгээгч Ч.Н нь шатахуун андуурч хийсэн эсэх нэхэмжлэгч шатахууны төрлөө хэлсэн эсэх талаар маргасан.

           15. Нэхэмжлэгчийн машинд өөр төрлийн шатахуун хийсэн үйлдэл болон үүнээс болж 3049000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирлын баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдон тогтоогдсон, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Ч.Ц өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна. 

         16. Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй, түгээгч Ч.Н-ийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь Ч.Ц-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Land Cruiser 80 маркын машинд хэрэглэх ёстой төрөл, маркийн шатахууныг хийсэн гэдгийг хангалттай, эргэлзээгүй нотолж чадахгүй байна.

         Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.

       Үүнээс үзвэл “БХ” ХХК-ний түгээгч Ч.Н тухайн үед Ч.Ц-ийн машинд ямар төрлийн шатахуун хийлгэхийг нь асууж тодруулах өөрөөр хэлбэл  зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангах үүрэгтэй байна.

            Анхан шатны шүүхээс хариуцагч тал гэм буруугүй гэдгийг нотолж чадаагүй, хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.     

         17. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

           Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.  

            18. Гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53977 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 145/ШШ2023/00434 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 53977 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.