Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 877

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

шүүгдэгч:  Д.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Боржигон овогт Дугаржавын Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 1809046341164 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр 01-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хавчгийн Ногоон Мод” ХХК -д ойжуулагч, ой зохион байгуулагч ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймгийн Даланзадгад хот, 4 дүгээр баг, Дундсайхан 2 дугаар гудамж, 44 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 7 дугаар гудамжны 203 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистерийн дугаартай, Боржигон овогт

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Неведа” гэх караокед иргэн С.Баатартай харилцан маргалдаж, эрх чөлөөнд халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Баатар /хх-ийн 4-5/, гэрч Б.Бат-Эрдэнэ /хх-ийн 7/ нарын мэдүүлэг, Д.Эын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8, 37-38/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12469 тоот дүгнэлт /хх-ийн 13/, хохирогч С.Баатарын эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 29/, Д.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25-28, 41/, хохирогч С.Баатарын хүсэлт /хх-ийн 42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Д.Э нь 2018 оны 10 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах “Неведа” нэртэй караокед “удаан бие заслаа” гэж С.Баатартай хэрүүл маргаан үүсгэж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч С.Баатарын /хх-ийн 4-5/: “... Би найзуудтайгаа караокед 2 цаг дуудаад тооцоогоо хийчээд 00 ороод бие засаад зогсож байтал танихгүй залуу орж ирээд “яасан удаан бие засдаг юм, цуг бие засах уу” гэхээр нь би “хүнтэй цуг бие засдаггүй” гэсэн чинь бараг сулралтай юмуу энэ тэр гэж доромжилсон. Тэр үед манай найз Найдан орж ирээд “та нар манай найзыг дээрэлхээд байгаа юм уу, зүгээр бие засуулаач” гэсэн чинь хажуу талын 00-оос монхор хамартай залуу гарч ирээд Найдантай хэрүүл хийсэн. Тэгээд манай найзууд хориод салгасан. ... Хар хувцастай залуу гараараа миний зүүн нүд рүү 2 удаа цохьсон. Тэгээд үүдэнд гараад байж байтал бас нэг залуу ирээд “та нарыг алах байсан юм” гээд байсан. Тэр үед нөгөө хар хувцастай залуу хамар руу гараараа 1 удаа цохисон. Мөн үсдэхээр нь би зөрүүлээд үсдсэн. Миний зүүн мөр рүү өшиглөсөн. Тухайн үед бидэнтэй хамт Найдангийн эхнэр, манай эхнэр Сарантуяа нар байсан. Манай найзууд зодоонд оролцоогүй. Зодоон нь “Невада” гэх караокед болсон. Миний зүүн нүд хавдаад тагларсан, хамраас цус гарсан, үснээс зулгаасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Бат-Эрдэний /хх-ийн 7/: “... 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Неведа” караокед найзуудтайгаа ороод 2 цаг үйлчлүүлээд гарах замдаа 00-н өрөө орсон. Ороход өргөдөл гаргасан ах бие засаад байж байхаар нь би “ахаа дөхөж байна уу” гэсэн чинь “хөгшин настай хүн удаан шээж болохгүй юу” гээд уурласан. Тэгэхээр нь аав шиг хүн байна гэж байж байтал найз нь гээд шар ах ууртай орж ирээд “яагаад найзыг явуулахгүй байна” гэсэн. Тэр үед нь би зөрөөд 00-д орсон. Хажуу талын 00-оос Ариунтулга гарч ирээд тэр шар ахтай муудалцсан. Би гараад ирсэн чинь Ариунтулгын хамарнаас цус гарсан, шар ахтай барьцалдаад зогсож байхаар нь “боль” гэсэн чинь болихгүй байсан. Эрдэнэ-Очирыг нөгөө ах хөлийг нь бариад буланд шахсан байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэтэл толгой дээгүүр гараараа цохиод байсан. Эрдэнэ-Очир тэсэхгүй эргүүлээд цохьсон. Тухайн үед гаднаас эхнэрүүд нь орж ирээд салгасан. Нүдээ цохиулсан ахыг хэн цохисныг мэдэхгүй байна. Би салгаж байсан, нэг мэдсэн чинь тэр ахын нүд хөхөрсөн байсан. Би хэнийг ч цохиогүй. Тухайн үед Эрдэнэ-Очир л тэр ахтай муудалцаад байх шиг байсан...” гэх мэдүүлгээр,

 

Д.Эын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8, 37-38/: “... “Неведа” караокед 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр найзуудтайгаа ороод 2 цаг дуулаад гарах замдаа 00-ын өрөөнд орсон. Тэр үед гаднаас бүдүүн шар ах орж ирээд “найзыг яагаад байгаа юм бэ” гэхээр нь би “зүгээр ээ ах, хамт ороод бие засчихуу гэсэн чинь яахаараа хөгшин настай хүнтэй бие засдаг юм гээд Ариунтулгын хамарруу цохьсон, тэгээд тэр 3 муудалцаад байхаар нь би гаргах гээд түлхсэн чинь намайг цохиод авахаар нь би зөрүүлээд тэр ахыг цохисон. Нүдээ цохиулсан гэх эрэгтэй намайг нэг цохихоор нь би зөрүүлээд 2 удаа цохьсон. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Д.Эын буруутай үйлдлийн улмаас С.Баатарын биед “хамрын ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12469 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Эын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Эын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч С.Баатар “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Д.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.  

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дугаржавын Эрдэнэ-Очирыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ