| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0103/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809046691255 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Оюу толгой” ХХК-нд орчуулагч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 47-1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн Д.Энхжаргалын гээсэн Ай Фоне-7 Плас загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж зарж борлуулан завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Хүүхдийн 100-с такси бариад гэрийнхээ гадаа очоод таксинаас буутал, таксины гадна талаас гар утас олсон түүнийг ашиглахгүйгээр гэрт 2 сар орчим байлгасан...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн:“… Ай фоне 7 плас маркийн гар утсыг олсон. Тэгээд тухайн гар утсанд сим картаа хийгээд асаатал гаднаас дуудлага авагдаж байсан. Гадагшаа ярьж болохгүй байсан. Тэгээд тухайн гар утсыг гэртээ байлгаж байгаад би Тэди төвийн гадаа гар утас зарж авдаг хүнд 150.000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-16/,
Хохирогч Д.Энхжаргалын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...Баянгол дүүргийн нутаг дэвсгэр UB Palace орчмоос хар өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд ...сууж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Bull хоолны газарт хүргүүлж буухдаа гар утсаа мартаж буусан. ...2017 онд АНУ-аас 850 ам доллараар худалдаж авсан Iphone-7 plus загварын ягаан өнгөтэй, 128 гигабайт санах ойтой гар утас байсан. ...Уг утсыг гээгдүүлэх үед дотор нь 99115972 дугаарын сим карт байсан. ...Одоо гар утсаа 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. ...чанга дууны горим дээр байсан. Цэнэг нь 20 орчим хувьтай байсан. Энэ цэнэг нь хүлээлгийн горимд 4-5 цаг ажиллана. ...нэг цагийн дараа мэдээд гар утас руу гаа залгаж үзэхэд унтраасан байсан. Цэнэг дуусаж унтрах боломжгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Гэрч А.Баттулгын “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ub plaza”-гийн үүднээс дөрвөн хөгшин настай хүмүүс гараа өргөхөөр нь авсан. Тэгээд хүүхдийн 100-д байрлах Булл гэх нэртэй хоолны газар орно гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүсийг хүүхдийн 100-д байрлах Булл хоолны газар буулгасан. Тэгээд цаашаа явж байтал Төрийн банкны хажуугаас үл таних залуу гар өргөхөөр нь тухайн залууг аваад 115 дугаар сургуулийн хажуу талд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-08/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-47-48/, Хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-29-32/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-50-51/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн Д.Энхжаргалын гээсэн Ай Фоне-7 Плас загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж зарж борлуулан завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Энхжаргал, гэрч А.Баттулга нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Эийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Энхжаргал нь 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсаа буцаан авсан бөгөөд тэрээр гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Эийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, Харин тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжээр торгох буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР