Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01845

 

 

                                                                                   

 

 

 

 

 

 2023          10            09                                        210/МА2023/01845

 

 

Э.Б, Ж.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч  Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01523 дугаар шийдвэртэй

Э.Б, Ж.Т нарын нэхэмжлэлтэй, Ч.С-д холбогдох,

Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Т, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Цэлмүүн,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Э.Б, Ж.Т бид Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Дундгол гудамж, 30в байр, ** тоот хаягт байрлах 71.3 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 140,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар Ч.С-тай харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсан өдөр Ч.С нь 70,000,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 70,000,000 төгрөгийг өөрийн эрхэлдэг мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг орлогоос сар бүр төлж барагдуулах тухай амаар тохиролцсон.

1.2. Ч.С нь Ж.Т миний төрсөн ахын эхнэр тул би түүнд итгэл хүлээлгэж, ахынхаа амьдрал ахуйд тодорхой хувь нэмэр оруулах үүднээс нөхөр Э.Б-тэй зөвлөлдөөд дээрх шийдвэрт хүрч, ахынхаа эхнэр Ч.С-гийн нэр дээр өөрсдийн орон сууцыг шилжүүлсэн. Гэтэл Ч.С нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл 70,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй бөгөөд биднийг луйварчин, хулгайчаар дуудан хэл амаар доромжилж, утсаа авахгүй, хаалгаа ч тайлахгүй, нүүр буруулж биднийг ноцтой хохироож байна.

1.3. Ч.С нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байгаа тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа болгон төлсөн төлбөрөөс зохих хэмжээний төлбөрийг буцаан олгож байраа буцаан авах талаар ярилцсан боловч байрыг буцааж өгөхгүй, одоо миний нэр дээр нэгэнт шилжсэн байрыг та нар яаж авч чаддаг юм гэх зэргээр хэрүүл, тэмцэл хийдэг болсон.

1.4. Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бус Дундгол гудамж, 30в байрны ** тоот хаягт байрлах 71.3 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ч.С-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ. Иймд Ч.С-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бус Дундгол гудамж, 30в байрны ** тоот хаягт байрлах 71.3 м.кв талбайтай 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Э.Б, Ж.Т нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Ч.С-д даалгаж, тухайн орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Худалдах, худалда авах гэрээ байгуулаад уг орон сууц Ч.С-гийн өмчлөлд шилжсэн. Ч.С-д холбогдуулан 25,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаад Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдүүлсэн.  Энэ мөнгө маань уг орон сууц авахад зээлж авсан мөнгө юм. Ж.Т эрүүгийн хэрэгт шалгагдаж, уг хэрэгтэй холбогдуулан Ч.С-гийн өмчлөлийн байранд хязгаарлалт тогтоосон бөгөөд хэрэгт прокурорын яллах дүгнэлтийн хавсралтыг өгсөн. Энэ бол зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж яриад байгаа боловч зээлээр худалдан авсан баримт ч байхгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Үл хөдлөх хөрөнгийн худалдах худалдан авах гэрээг бичгээр үйлдэнэ. Талууд тухайн үед нотариат дээр гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Харин доголдолтой гэрээ байсан бол шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Б, Ж.Т нарын хариуцагч Ч.С-д холбогдуулан гаргасан улсын бүртгэлийн Ү-22050605** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бус Дундгол гудамж, 30в байр, ** тоот хаягт байрлах, 71.3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын  давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч талаас өөрт байгаа бүхий л нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн бөгөөд хариуцагч тал маргаан бүхий орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулж байгаа талаарх бидний гаргаж өгсөн гар бичмэлийг үгүйсгэх баримт гаргаж өгөөгүй байхад шүүх энэхүү баримтыг маргааны зүйлтэй холбоотой эсэх нь эргэлзээтэй гэх агуулгаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай болсон. Хариуцагч тал өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд дээрх баримтын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй, түүнийг няцаасан баримт гаргаж өгөөгүй байхад маргааны зүйлтэй холбоотой эсэхэд эргэлзэн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрх хуулиар шүүгч, шүүх бүрэлдэхүүнд олгогдсон. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж үзсэн атлаа хариуцагч энэхүү баримтыг үгүйсгэсэн, няцаасан баримт гаргаж өгөөгүй байхад эргэлзээтэй гэх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анх нэхэмжлэл гаргахдаа уг орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, өмчлөлд буцаан шилжүүлэх болон орон сууц албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй. Хариуцагч талаас шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцохдоо Ж.Т болон Ж.Ч-ын ах Ж.Б нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангид заасан мөрийтэй тоглоом ажиллуулах хэргээр шалгагдаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон бөгөөд шүүх энэ талаар баримт байгаа боловч худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан юм гэж тайлбарлаж хэргийг зөв шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хууль зөрчиж хугацаа сэргээснийг ойлгохгүй байна. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээсэн бол хэргийн оролцогчдод мэдэгдэх ёстой. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч биечлэн оролцож байсан. Хэн нэгэн нь биечлэн оролцоогүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байж болох бөгөөд гомдол гаргах хугацаа өнгөрсний дараа сэргээсэн асуудал байна. Харин шүүхэд орон сууц 147,000,000 төгрөгөөр зарагдсан, урьдчилгаа 70,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл төлбөр өгөх ёстой гэдэгт нэхэмжлэгч болон хариуцагч маргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Анхан шатны шүүх талуудын маргааны зүйл, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх үндэслэлд хамаарч байна.

 

3. Нэхэмжлэгч Э.Б, Ж.Т нар нь хариуцагч Ч.С-д холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, буцаан шилжүүлэхийг даалгуулах, түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Хэрэгт Э.Б, Ж.Т нар болон Ч.С нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 11-ний Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Дунд гол гудамж 30в байрны ** тоот хаягт байрлах 71.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц худалдах худалдан авах гэрээ авагдсан байна. /хх-ийн 6/

 

3.б. Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай зөвшөөрөлд Ч.С-гийн өмчлөлийн Ү-22050605** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газраар хязгаарлуулах прокурорын зөвшөөрөл олгосон, мөн Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаар тогтоолоор Э.Б, Ж.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх баримтууд авагджээ. /хх-ийн 27-35/

 

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газраар хязгаарлуулах мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар прокурорын зөвшөөрөл олгосон боловч уг ажиллагаа хийгдсэн эсэх талаарх баримт болон улсын эрхийн бүртгэлийн газраас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх түүхчилсэн лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдаагүйгээс маргаан бүхий зүйл буюу орон сууц хэний өмчлөлд байгаа эсэх нь тодорхой бус байна.

 

3.в. Нэхэмжлэгч нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийг 140,000,000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч нь 70,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж зөрүүтэй тайлбар гаргаж маргасан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан хэргийн 49 дүгээр талд авагдсан баримтад Ж.П болон Ч.С нарын хэн нь гарын үсэг зурсан, уг баримт талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд хамааралтай эсэх нь тодорхой бус тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй болжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...орон сууц 140,000,000 төгрөгөөр зарагдсан, урьдчилгаа 70,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг өгөх ёстой талаар зохигчид маргаагүй...” гэх тайлбар гаргасан боловч уг тайлбарыг шууд үнэлэх боломжгүй. Учир нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй тайлбар, үйл баримтыг давж заалдах шатны шүүх дүгнэх боломжгүй.

 

5. Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                       ШҮҮГЧИД                                     Т.БАДРАХ

 

                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ