| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0104/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 16.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809010221263 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Соёл урлагийн удирдлага мэргэжилтэй, “МОНГОЛ ТВ” телевизэд төлөвлөгч, менежер ажилтай, ам бүл-2, эхийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 44а байрны 17 тоотод түр оршин суух, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 7 дугаар гудамжны 12 тоотод байнга оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Г.Г
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МОНГОЛ ТЕЛЕВИЗ’’-ийн байранд иргэн А.Намуунаатай “ажлаа хийсэнгүй” гэх шалтгаанаар марган, түүний үснээс зулгааж, газарт унагаах явцдаа гарын хумсаар нүүр хэсэгт нь маажин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…ажлын сэтгүүлч Намуунаад “чи сайтад мэдээ оруулсан юм уу, оруулаагүй байна. Би зөндөө хэлж байна, дарга руу ...орж танилцууллаа шүү” гэж асуусан чинь “завгүй яваад байна, тэрийг ойлгооч” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдсан чинь намайг элдвээр хэлээд байсан. Тэгээд би Намуунаагийн баруун мөр рүү нь нэг удаа түлхсэн. Тэгсэн чинь өөрийнхөө цүнхээр миний нүүр хэсэгт цохисон. Тэгээд бид 2 үсдэлцээд авсан. Тэгээд Намуунаа газар унаад өгсөн. Тэр үед миний гарыг Намуунаа маажсан. ...Намуунаа босож ирээд над руу дахиад дайрахаар нь би өөдөөс нь нэг удаа өшиглөсөн. ...Би шүүх эмнэлгийн 14091 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хоорондоо барилцаад ноцолдож байгаад үүсгэсэн. Бусдаар шууд нүүрийг нь маажаагүй ...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-17/,
Хохирогч А.Намуунаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө өөрийн ажил дээр байж байтал манай ажлын төлөвлөгч хийдэг Ган-Эрдэнэ гэх эмэгтэй амралтын өдрүүдэд намайг ажлаа хийсэнгүй гэж уурласан. Тэгэхлээр нь би ганцаараа амжсангүй Авьяаслаг Монголчууд дээр ажиллаад гэж хэлсэн чинь “энэ та нарын хариуцсан нэвтрүүлэг чи ажлаа хийж чадахгүй бол зайлаарай” гэж хэлсэн чинь над руу бал шидсэн. Тэгээд босож миний нуруу хэсэг рүү 2 гараараа түлхсэн. Тэгэхлээр нь би өөдөөс нь босоод очсон чинь намайг үстээд нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд би газар унаад өгсөн тэр үед бас намайг үстсэн байсан. Тэгээд би тухайн эмэгтэйн гарыг салгах гээд үстээд авсан. Тэгээд би хэлэх газар нь хэлнэ гэж хэлсэн. Нүүр хэсэгт маажигдсан сорив, толгой их өвдөж байна …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14091 тоот актын “…А.Намуунаагийн биед дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-11/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-17/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-18-19/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-20-21/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-24-25/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МОНГОЛ ТЕЛЕВИЗ’’-ийн байранд иргэн А.Намуунаатай “ажлаа хийсэнгүй” гэх шалтгаанаар марган, түүний үснээс зулгааж, газарт унагаах явцдаа гарын хумсаар нүүр хэсэгт нь маажин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч А.Намуунаагийн мэдүүлгүүд, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹14091 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Г-ийн хохирогч А.Намуунаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч А.Намуунаа нь энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г-н дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР