Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/05479/И |
Дугаар | 4517 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 4517
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Мандал женерал даатгал” ХХК /РД: 5473489/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3-23 тоотод оршин суух, Боржигин овогт Баянбулагийн Наранцэцэг /РД: УГ63091004/-т холбогдох,
144 968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-ийн төлөөлөгч Ч.Бат-Идэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Наранцэцэг нь 2009 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр Мобиком Корпорацитай 20093068 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 99990067 дугаар авч ашигласан. 2013 оны 08 дугаар сарын 01-ны өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 07 дугаар сар, 08 дугаар сарын 01-ны өдөр хүртэл төлбөр нь 88,645 төгрөг болсон. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар "өлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 88,645 төгрөг, алданги 44,322 төгрөг, нийт 132,968 төгрөг болсон байна. Мандал Женерал Даатгал ХХК нь Мобиком Корпораци ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр Мобиком Корпорацийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. Мобиком Корпораци нь Мандал Женерал Даатгал ХХК-аас нөхөн төлбөрт 88,645 төгрөг хүлээн авсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. Иймд хариуцагчаас нийт 144 968 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Мандал женерал даатгалын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Мобиком корпораци ХХК-тай гэрээ байгуулж, 9999-0067 дугаар авч ашигласан. 2013 оны намар гадаад яваад ирэхэд миний дугаарыг өөр хүнд шилжүүлсэн байсан. Миний төлбөр сардаа 50 000 орчим гардаг байсан бөгөөд нэг сарын төлбөр 165 000 төгрөг байсан тул энэ талаар лавлагаа авах гэхэд устчихсан гээд өгөөгүй. Мөн барьцаа 100 000 төгрөгийг төлбөрт суутган авсан байсан. Иймд миний бие үндсэн төлбөрт төлсөн 88 645 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул төлөх болно гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 144 968 төгрөгийн 44 322 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Наранцэцэг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 646 төгрөгийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нь хариуцагч Б.Наранцэцэгт холбогдуулан 144 968 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах нь нэхэмжлэлийн шаардлага 144 968 төгрөгийн 44 322 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Наранцэцэг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 646 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн нь талуудын шүүх гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрийгөө оролцуулалгүй хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар тэдний эзгүйд эвлэрлийг батлав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Наранцэцэгт холбогдох, 144 968 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК нэхэмжлэлийн шаардлага 144 968 төгрөгийн 44 322 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Наранцэцэг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 646 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК-д төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН