| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2023/03192/И |
| Дугаар | 210/МА2023/01857 |
| Огноо | 2023-10-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2023/01857
2023 10 11 210/МА2023/01857
М.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
М.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, ** тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мядагмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэгийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн магадлалаар “Ш” ХХК, Б.Б, С.Б нараас 1,344,591,588 төгрөгийг гаргуулж “О ОМЗ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байр, 110 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 330,000,000 төгрөгөөр тогтоосныг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдэл өгснийг хүлээн авч танилцсан. Тус мэдэгдэлд шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн албан бичгийг хавсаргасан бөгөөд хөрөнгийн үнэлгээний дэлгэрэнгүй тайланг хавсаргаагүй ба миний бие тус тайлантай танилцах боломжийг олгоогүй.
1.3. Тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг авах үед миний бие ойролцоо байрнуудын үнэлгээг судалж 660,000,000 төгрөгөөр үнэлж шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхэд төлбөр авагч тал энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээгээр миний байрыг 330,000,000 төгрөгөөр буюу үнийн саналаас 2 дахин бага үнээр тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь одоогоор Улаанбаатар хотын захын дүүргүүдээр дөнгөж суурь цутгаж байгаа барилгын захиалгын гэрээг 1 м.кв талбайг 2,600,000 төгрөгөөс эхлэн үнэлж, гүйцэтгэл дөхсөн тохиолдолд 3,000,000 төгрөгт хүрч байна. Ойролцоо байрны үнийг үзэхэд 1 м.кв нь 5,000,000 төгрөгөөс эхэлж байгааг зараас харж болно. Гэтэл үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо илт нэг талыг барьж, зах зээлийн үнээс хэт доогуур тогтоож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэгийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн магадлалаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “Ш” ХХК, Б.Б, С.Б нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан М.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Үйлдвэр зайсан гудамж, 30 дугаар байр, ** тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураасан.
2.2. Талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхэд 330,000,000 төгрөгөөр үнэлснийг талуудад биечлэн болон баталгаат шуудангаар мэдэгдэж гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар М.Б-ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 330,000,000 төгрөгийн 70 хувь болох 231,000,000 төгрөгөөр доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагт оруулахаар нийтэд зарлаж, мэдэгдэл, тогтоолуудыг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт биечлэн болон баталгаат шуудангаар гардуулсан. М.Б нь оролцогч биш учраас хөрөнгөтэй холбоотой мэдэгдлийг биечлэн хүргэж байсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-22060149** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, ** тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт аасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т хөрөнгийн үнэлгээ хийхэд үнэлгээний олон улсын стандарт, энэ хуулийн 4.5, 7.2-т хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, журам, аргачлалыг удирдлага болгоно гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээчин үнэлгээний олон улсын стандартад заасны дагуу хөрөнгийн үнэлгээг хийгээгүй, илт нэг талыг барьж, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж маргаж байгаа бөгөөд олон улсын стандарт нь нийтэд ил тод, олж авч болох баримт бичиг биш учир шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй орхисон нь шүүх хуралдаанд мэтгэлцэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчмыг хангаагүй. Мөн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт хэсэгт орон сууцны үнэлгээг тооцохдоо зах зээлийн хандлагыг сонгож авч, эцсийн үнийг 330,000 төгрөгөөр тогтоосон нь байж болох хамгийн дээд үнэ гэжээ. Гэвч үл хөдлөх хөрөнгийн зарын сайтны мэдээллээс үзэхэд уг орон сууцтай ижил төрлийн хөрөнгө нь 400,000,000 төгрөгөөс эхэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан үнэлгээ бодитой үнэлгээ байсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч М.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 байр, ** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060149** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг 330,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэгийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр хариуцагч “Ш” ХХК, Б.Б, С.Б нараас 1,394,591,588.49 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “О ОМЗ ББСБ” ХХК-д олгож, хариуцагч “Ш” ХХК, Б.Б, С.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр, 3 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48б байр, 4 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 505 байр, 904 тоот хаягт байрлах, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 байр, ** тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Л-ний гудамж, 47/г хаягт байрлах, 6,390 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 40-51/
4.а. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2022/00690 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэгийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “О ОМЗ ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс 50,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 1,344,591,588.49 төгрөгийг хариуцагч “Ш” ХХК, Б.Б, С.Б нар хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлж, төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 52-56/
4.б. Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1753 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 38, 60/
4.в. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060149** дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, ** тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22261137/10 дугаар тогтоолоор тухайн үл хөдлөх хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгч энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна. /хх-ийн 18/
4.г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг өмчлөгч М.Б-д мэдэгдэхэд тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгөө 660,000,000 төгрөгөөр үнэлүүлэх саналыг бичгээр гаргажээ. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4/134 тоот тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасанг шинжээчээр томилж, эрх, үүргийн тайлбарлажээ. /хх-ийн 49-51, 66/
4.д. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчин Ж.Уртнасан нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 93/
4.е. Шинжээч нь Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, Үйлдвэр Зайсан гудамж, 30 дугаар байр, ** тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнийг 330,000,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгч М.Б-д мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 106/
4.ё. Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, Олон улсын үнэлгээний /International vaIuation standards/ стандартад нийцсэн. Түүнчлэн, шинжээч нь үнэлгээний обьектод биечлэн очиж үнэлгээ хийсэн талаар шүүхэд мэдүүлсэн болон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтаар тус тус нотлогдож байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 125-126
5. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар болон гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хөрөнгийн үнэлгээтэй холбоотой олон улсын стандартыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, мэтгэлцэх болон шүүхээр хамгаалуулах зарчмыг хангаагүй...” агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
6.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь ...өөрөө олж авах боломжгүй... хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь Олон улсын үнэлгээний /International vaIuation standards/ стандартыг өөрөө олж авах боломжгүй нотлох баримт гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгджээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/03606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ