Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Ш.Насанжаргал;

шүүгдэгч: Э.П, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Энхбаатарын холбогдох эрүүгийн 1809032501068 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 5 дугаар гудамжны 283 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистерийн дугаартай, Боржигон овогт

           

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Э.П нь 2018 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 2 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” төвийн орчим найз Т.Тэмүүжингээ өмөөрөн хохирогч С.Удаанжаргалын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.П мэдүүлэхдээ: Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Удаанжаргал /хх-ийн 46-49/, гэрч А.Болор-Эрдэнэ /хх-ийн 52-53/, Т.Тэмүүжин /хх-ийн 51/,  И.Лодойсүрэн /хх-ийн 50/ нарын мэдүүлэг, Э.Пэрэнлэйжамбын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №8394 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/, Э.Пэрэнлэйжамбын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 58, 60, 61-62/, С.Удаанжаргалын хүсэлт /хх-ийн 67/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 66/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-75/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Э.П нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны шөнийн 2 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Соёл” төвийн орчим “найз Т.Тэмүүжинг зодлоо” гэх шалтгаанаар С.Удаанжаргалыг буруутган зодож түүнийг хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч С.Удаанжаргалын /хх-ийн 46-49/: “...2018 оны 07 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 2 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-430 тоот гэрээсээ өөрийн найз Болор-Эрдэнийг таксинд суулгаж өгөх гээд эхнэр Оюун-Эрдэнэтэй хамт явж байсан юм. Гэтэл “Соёл” төвийн орчимд гудамжны үзүүрт нэг үл таних охин орилоод байхаар нь эргэж хараад юу болсон талаар асуух гээд очтол үл таних нэг залуу нөгөө орилоод байсан охиныг хүзүүдэж аваад “та нарт хамаагүй шүү пизда нар минь” гэж хэлсэн. Манай найз Болор-Эрдэнэ нөгөө залууг “юу гэнээ пацаан минь” гээд очсон чинь цаанаас нь “Соёл” төвөөс 3 залуу гарч ирээд манай найз Болор-Эрдэнэтэй маргалдаад барьцалдаад авсан. Би очиж тэр хэдийг салгаад байж байхад манай гудамжны дүү Тэмүүжин байхаар нь “ахын дүү найз нараа аваад яв” гэж хэлэхэд (одоо нэрийг нь мэдэх болсон) Пэрэнлэйжамба нь үгийн зөрүүгүй миний баруун нүдэнд гараараа цохиод авсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Болор-Эрдэнийн /хх-ийн 52-53/: “...Удаанжаргал нь эхнэр Оюун-Эрдэнийн хамтаар намайг таксинд суулгаж өгөхөөр хамтдаа гарсан юм. “Соёл” төвийн орчим гудамжны үзүүрт нэг охин орилоод байхаар нь манай найз “юу болоод байна” гэж асуухад нэг үл таних залуу нөгөө орилоод байсан охиныг хүзүүдэж аваад “та нарт хамаагүй шүү пизда нар минь” гэхээр нь би нөгөө залууд хандаж “юу гэнээ пацаан минь” гээд өөдөөс нь очиход цаанаас “Соёл” төвөөс 3 залуу гарч ирээд намайг бариад авсан...Удаанжаргал дундуур орж ирээд салгах гэтэл Удаанжаргалын таньдаг пацаан тэр дунд байсан...Удаанжаргал нөгөө пацааныг “найз нараа аваад яв” гээд түлхтэл (одоо нэрийг нь мэдэх болсон) Пэрэнлэйжамба нь үгийн зөрүүгүй Удаанжаргалын баруун нүдэнд гараараа цохиод авсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Т.Тэмүүжингийн /хх-ийн 51/: “…Гудамжны доор үзүүрээс танил Удаанжаргал нь эхнэр, үл таних залуугийн хамтаар явж байсан. Анхилуун бие засчихаад босоод ирэхээр нь би хүзүү хэсгээс нь гараараа бариад явтал Удаанжаргал “энэ 2-ыг харчих, буудлаас гарч явж байна, муусайн янхан, гичийнүүд” гээд хэл амаар доромжлоод байсан. Би Удаанжаргалыг “яасан гэнээ” гэж хэлтэл шууд миний нүүрэнд цохисон. Тэгсэн чинь Пэрэнлэйжамба шууд Удаанжаргалын нүүр рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч И.Лодойсүрэнгийн /хх-ийн 50/: “…Удаанжаргал нь Тэмүүжинг хойшоо түлхтэл Тэмүүжин газарт унасан юм. Тэмүүжинг газарт унахад Пэрэнлэйжамба үсэрч орж ирээд Удаанжаргалын нүүрэнд гараараа нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлгээр,

 

Э.Пэрэнлэйжамбын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-5/: “…Удаанжаргал нь манай найз Тэмүүжингийн нүүрэнд шууд нэг удаа цохиод авахаар нь би Удаанжаргалын нүүр рүү хөмсөг хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон...Удаанжаргалын хөмсөг хэсгээс цус гараад байсан...” гэх мэдүүлгээр,

Э.Пэрэнлэйжамбын буруутай үйлдлийн улмаас С.Удаанжаргалын биед “баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завьжинд язрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №8394 тоот шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 22/  зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан, нөхцөл, шүүгдэгчийн буруутай  үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 05-ны шөнийн 2 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Соёл” төвийн орчим Э.П нь “найз Т.Тэмүүжинг зодлоо” гэх шалтгаанаар С.Удаанжаргалыг буруутган зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

 

Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг хөнгөн гэмтээсэн Э.Пэрэнлэйжамбын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Э.Пэрэнлэйжамбын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч С.Удаанжаргалын “...Э.Пд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, уг хүнтэй эвлэрсэн тул хэргийг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон, Э.Пэрэнлэйжамбыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Э.П нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохих ялыг нэмж нэгтгэхээр тогтов.

 

Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх буюу торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар 3 хоног хорих ялаар тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шүүгдэгч зөвшөөрсөн болохыг дурьдаж байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Э.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Пэрэнлэйжамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пэрэнлэйжамбыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Пд энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 3 хоногийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Э.Пэрэнлэйжамбын нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 1 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пэрэнлэйжамбын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Э.П нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ