Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
Хэргийн индекс | 102/2016/05652/И |
Дугаар | 4522 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 4522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 37-07 тоотод оршин суух, Боржигон овогт Шагдарын Агиймаа /РД: УП88051469/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 10-236 тоотод оршин суух, Түмэнсартуул овогт Баянбадамын Энхболд /РД: ИЧ88092910/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Агиймаа, хариуцагч Б.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Агиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Б.Энхболдтой танилцаж, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулж, 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр охин Учрал төрсөн. Бид 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд охин миний асрамжинд байгаа. Иймд хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Агиймаатай 2015 оны 6 дугаар сар хүртэл гэр бүл болон амьдарч байсан. Үүнээс хойш хүүхдээ бид ээлжлэн асарч байсан. 2015 оны 9 дүгээр сард би танилынхаа ажилладаг 160 дугаар цэцэрлэгт хүүхдээ өгч энэ оны 5 дугаар сар хүртэл охин миний эцэг, эхийн асрамжинд байсан. Ээж нь 7 юмуу 14 хоногтоо хагас, бүтэн сайнаар л хүүхдээ авдаг байсан нь үнэн. Ш.Агиймаагийн хэлснээр хүүхдээ өөрөө ганцаараа асарч байгаа гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа тул миний бие тэтгэлэг өгөхөөс татгалзаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Агиймаа нь хариуцагч Б.Энхболдод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2016/01888 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ш.Агиймаа, хариуцагч Б.Энхболд нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.Учралыг эх Ш.Агиймаагийн асрамжинд үлдээж, талууд хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүйг дурдаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
Дээрх шүүхийн шийдвэрээс үзвэл шүүх хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талууд хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандах эрхтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд шүүх хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Дээрх үндэслэлээр эцэг Б.Энхболдоос тэтгэлэг гаргуулан охин Э.Учралд олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Э.Учралыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Б.Энхболдоос гаргуулан олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН