Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 895

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ;

шүүгдэгч: О.Г (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оюунчимэгийн холбогдох эрүүгийн 1809050801169 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 52 дугаар байрны 50 тоотод оршин суух, регистерийн дугаартай, Боржигон овогт ..

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч О.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 52 дугаар байрны 50 тоот гэртээ эхнэр Э.Оргилмааг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: Хэрэгт бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа тул нэмж мэлүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Оргилмаа /хх-ийн 9-10/, гэрч Ц.Буянбаатар /хх-ийн 13-14/ нарын мэдүүлэг, О.Гын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 20-21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13440 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 28-37/, О.Гын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-49/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 50/, Э.Оргилмаагийн хүсэлт /хх-ийн 52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

О.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 52 дугаар байрны 50 тоот гэртээ эхнэр Э.Оргилмааг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

хохирогч Э.Оргилмаагийн /хх-ийн 7-10/: “... 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөр О.Г “их сургуулийн найзууд уулзана, би орой гарна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед “чамайг явуулахгүй” гээд “мөнгө өгчих” гэхээр нь өгөөгүй. Тэгээд надаас хэсэг мөнгө нэхэж байгаад найзуудтайгаа уулзах гээд мөнгө авалгүйгээр гараад явчихсан. ... Шөнө 00 цаг өнгөрч байхад манай нөхөр гаднаас их сургуулийн найз Буянбаатарын хамт согтуу орж ирээд чанга, чанга орилоод ариун цэврийн өрөөний хаалга үүдийг чанга хааж чимээ гаргаад байхаар нь би “чимээгүй бай, хүүхэд унтаж байна” гэхэд миний өөдөөс уурлаад “би хүүхдээ харж байна, хоол ундыг чинь бэлдэж байхад” гээд агсарч эхэлсэн. ... Тэгээд үснээс зулгааж, нэг удаа толгой руу гараараа цохисон. Мөн өмднийхөө тэлээгээр намайг 3-4 удаа ороолгосон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Буянбаатарын /хх-ийн 14/: “... 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр манай их сургуулийн найзууд уулзаад шөнийн 00 цагийн үед тарсан. Би Ганбаттай хамт тэднийд очиж хонохоор болсон. Ганбатынд очоод унтаж амарч байтал  О.Г эхнэртэйгээ маргалдаад гэнэт хэрүүл маргаан болоод явчихсан. ... Ганбат уурлаж өрөөнөөс гарч цаад өрөөнөөс өөрийнхөө өмдний тэлээг барьж орж ирээд 2-3 удаа Оргилмааг тэлээгээр ороолгосон. Би Оргилмааг өмөөрч биеэрээ хааж тэвэртэл Оргилмаа доошоо сууж Ганбат Оргилмаагийн үснээс зулгаасан...” гэх мздүүлгээр,

 

О.Гын буруутай үйлдлийн улмаас Э.Оргилмаагийн биед “зүүн суга, дал, нуруу, зүүн ташаа, зүүн бугалга, цээж, хүзүү, баруун мөр, зүүн гарын чигчий хуруу, хоёр чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн зулай, дагз, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13440 тоот дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Согтуурсан үедээ өөрийн эхнэр Э.Оргилмааг буруутгаж зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан О.Гын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч О.Гын “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Оргилмаа “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд О.Гыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.    

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Ганбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ