Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/00812

 

А.Жавхлангийн нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын дээд шүүхийн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00117 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 773 дугаар магадлалтай,

А.Жавхлангийн нэхэмжлэлтэй,

Ж.Эрдэнэчимэгт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2.487.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Эрдэнэчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч А.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Эрдэнэчимэгт 2.000.000 төгрөгийг сарын 15% хүүтэйгээр нэг жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Ж.Эрдэнэчимэг 2014 оны 10 дугаар  сарын 29-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү болох сарын 300.000 төгрөгийг төлсөн.

Иймд зээлдэгч Ж.Эрдэнэчимэг нь гэрээгээр тохирсон хугацаандаа зээлийг төлөөгүй тул түүнээс үндсэн зээл болох 2.000.000 төгрөг зээлийн хүү 487.000 төгрөг нийт 2.487.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Жавхлангаас 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөг зээлж авсан ба сарын хүүг 15 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай байгуулсан. Ингээд сар бүр 300.000 төгрөгийн хүү төлж хугацааны эцэст үндсэн зээлийн хүүгийн хамт төлөхөөр гэрээ байгуулсан. Зээл авсан өдрөөс хойш зээлийн хүүгээ төлөөгүй сар байхгүй. 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү болон үндсэн зээлийн төлбөрөө А.Жавхлангийн Хаан банк, Төрийн банк, Голомт банк, мөн эхнэрийнх нь дансанд төлж байсан. Энэ нь дансны хуулгуудаар нотлогдоно. Мөн 3-4 удаа бэлнээр гэрт нь аваачиж өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр эхний сарын зээлийн хүү болох 300.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үндсэн зээлээс 900.000 төгрөг, хүүд 225.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 176.250 төгрөг харин үндсэн зээлийн үлдэгдлээс дахин 220.000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 880.000 төгрөг болсон. 880.000 төгрөгний үндсэн зээл үлдэж, 142.500 төгрөгний хүүг төлж, мөн 880.000 төгрөгний үндсэн зээлээс дахин 100.000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл хүүний 142.500 төгрөг, мөн үндсэн зээлийн 100.000 төгрөг нийт 242.500 төгрөгийг энэ сард төлсөн.

Харин гэрээний хугацаа дууссанаас хойш үндсэн зээлийн үлдэгдэл болох 780.000 төгрөгийг 2015 оны 11, 12 саруудад, мөн 2016 он гараад 1 дүгээр саруудад төлж дуусгасан. Эдгээр баримтуудыг нэхэмжлэгч А.Жавхлангийн дээр дурдсан банкны хуулгуудаар нотлогдоно.

Иймд миний бие А.Жавхлангаас зээлсэн 2.000.000 төгрөгөө хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00117 дугаар шийдвэрээр: Монгол улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хариуцагч Ж.Эрдэнэцэцэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.487.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1.625.240 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.Жавхланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 861.760 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.742 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.Эрдэнчимэгээс 40.954 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч А.Жавхланд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 773 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа Ж.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Эрдэнэчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00117 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 773 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А.Жавхлантай зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг зээлсэн. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 900.000 төгрөгийг үндсэн зээлд төлсөн байхад хүүнд тооцон шийдвэрлэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний хувьд А.Жавхлангийн Төрийн банкинд 2.785.700 төгрөг, Хаан банкинд 384.760 төгрөг, Голомт банкинд 365.000 төгрөг, баримт үйлдэлгүй бэлнээр 1.134.500 төгрөг, нийт 4.669.960 төгрөгийг төлсөн байхад дахин 1.625.240 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч А.Жавхлан нь хариуцагч Ж.Эрдэнэчимэгээс 2.487.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээ гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийг төлж барагдуулсан гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2014  оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч 2.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаагаар, сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч мөнгийг гэрээнд заасан нөхцлөөр буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Талууд хүү тогтоосон зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр байгуулсан, зээлдэгч гэрээний зүйлийг хүлээн авсан бөгөөд энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч гэрээнд зааснаар зээл, хүүд 5.600.000 төгрөг төлөхөөс 3.974.760 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагчийн хүлээх үүрэг, зээлийн тооцоо зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлээс 1.625.240 төгрөгийн шаардлагыг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ.

Анхан шатны шүүх шийдвэрт хариуцагч Ж.Эрдэнэчимэгийн нэрийг “Ж.Эрдэнэцэцэг” гэж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзлээ.

Зээлийн гэрээнд зааснаар  хариуцагч нь зээлийн хүүг сар бүр, харин зээлийг  хугацааны эцэст төлөхөөр тохирсон тул 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 900.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн гэх гомдол үндэслэлгүй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй  хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2017/00117 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 773 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 41.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ