Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 181

 

 

****д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/859 дүгээр цагаатгах тогтоолНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ДШМ/44 дүгээр магадлалтай,  ****д холбогдох 2011008640679 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “ **** ****” ХХК-ийн захирал ажилтай, урьд ял шийтгэлгүй, **** нь Эрүүгийн хуулийнтусгайангийн 23.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ****ыг цагаатгаж шийдвэрлэжээ.    

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.       

Хяналтын шатны шүүхэд прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж сүрдүүлсэн тодорхой үйлдэл хийгдсэнээр төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, шууд хор, хохирол учирсан байхыг шаардахгүй гэмт хэрэг юм. Хавтастхэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч ****, гэрч ****, ****, ****, **** нарын мэдүүлэг болон эд мөрийн баримтаар хураагдсан ****, **** нарын хоорондын ярианы бичлэг, үүрэн холбооны оператор компани Мобикомын **** дугаарын 2020 оны 03 дугаар сарын ярианы дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаар **** нь нийтийн албан тушаалтан болох Нийслэлийн **** ****, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч ****ыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “ **** ****” худалдаа үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай Нийслэлийн засаг даргын А/216 тоот захирамжийн биелэлтийг хангуулан ажиллаж байсныг эсэргүүцэж, улмаар утсаар ярьж “дүүжилж ална” хэмээн заналхийлсэн үйл баримт тогтоогдсон.

**** нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зөвхөн нэг удаа “дүүжилж ална” гэж утсаар заналхийлээд зогсоогүй бөгөөд дээрх заналхийллээс хойш дахин хоёр удаа залгаж “ална, шулна” гэж заналхийлсэн үйлдэл, хууль бус шаардлага, хор, уршиг учруулж болзошгүй нөхцөл байдлыг таслан зогсоох зорилгоор, мөн өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалуулахаар хамгаалалт хүсэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэргээс дүгнэхэд ****ы зүгээс хэрэгжүүлж буй “дүүжилж ална” гэсэн заналхийлэл болох хууль бус шаардлагыг ирээдүйд хэрэгжинэ, хэрэгжих боломжтой байна гэж хохирогч өөрөө итгэсэн, аюул бодитойгоор учирна гэсэн болгоомжлол төрсөн байх ба өөрийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж оюун санаандаа тусгаж авч, сэтгэл санааны хохирол учирсны улмаас гомдол гаргасан, гомдолдоо дээрх нөхцөл байдлыг дурдсан нь хохирогчийн анх цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хохирогчоор өгсөн мэдүүлэг, гар утасны ярианы лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй шууд буюу бодит хор, хохирол учирсан байхыг шаарддаггүй нь бусад гэмт хэргээс ялгаатай болохыг анхаарч үзэх нь зүйтэй байна. Давж заалдах шатны шүүх магадлалдаа ****ы үйлдлийг эрх зүйн зөрчил мөн боловч нийгэмд аюултай үйлдэл биш, гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүйбайна. Учир нь шүүх “эрх зүйн зөрчил мөн” гэж үзсэн атлаа “нийгэмд аюултай үйлдэл биш, гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилдсөн дүгнэлт байх ба нийтийн албан тушаалтныг заналхийлэх эрх зүйн зөрчлийг зөвхөн Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Монгол хэлний тайлбар толь бичигт “дүүжлэн алах” гэсэн үгийг “дүүжлэх аргаар амийг нь хөнөөх” гэж, “заналхийлэх” гэсэн үгийг “хорслоо илэрхийлэх, занах байдал” гэж тус тус тайлбарласан байх ба нийгэмд, нийтийн дунд “ална, ална шүү” гэх зэрэг хүний Үндсэн хуулиар баталгаажсан амьд явах эрхэд шууд, бүдүүлгээр халдсан үг хэллэг эрээ цээргүй хэрэглэх болсон ёс зүйгүй үйлдэлд дасан зохицсон дүгнэлтийг шүүх хийсэн гэж үзэж байна.

Нийтийн албаны ашиг сонирхлыг хамгаалж, нийтийн албан тушаалтан хэнийг ч болов эрхэлж буй ажил, албан тушаалын дагуу шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн... үйлдэл хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулиар гэмт халдлагаас хамгаалсан байхад хохирогч ****ын эрхэлж буй ажил, албан тушаалын дагуу шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж түүнийг “дүүжилж ална” гэж амьд явах эрхэд нь халдан заналхийлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн “... ****, **** нарын хооронд утсаар маргалдсан 2 хүний хоорондын энгийн маргаан биш асуудлын шалтгаан нөхцөл, шүүхийн шийдвэрийг үл хэрэгсэж, биелүүлэхгүй байгаа үйлдэлд зохих шаардлага тавих зайлшгүй нөхцөл байдал тулгарсан эсэх, улмаар хохирогчид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хохирол, хор уршиг учирсан тохиолдолд, гэм буруутай гэж яллаж байгаа этгээдийн заналхийлсэн үйлдэл нийгэмд аюултай нөхцөл байдал үүсгэсэн эсэх зэрэгт огт дүгнэлт хийгээгүй, ...зарим үйл баримтыг таслаж дүгнэсэн...” гэсэн дүгнэлтийг ямар ч тохиолдолд тодорхой сэдэлттэй, маргааны зүйлтэй 2 тал маргаж буй эрхээ хууль бусаар хэрэгжүүлэх, эс үйлдэхүйгээр бусдыг яаж ч болно гэж ойлгогдохоор хийсэн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

“Дүүжилж ална” гэсэн хүний амьд явах эрхэд халдсан, энэ халдлагыг хийх аргаа тодорхойлсон, ална гэсэн заналхийлэлийг нийгэмд аюулгүй үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй тул ****ы нийтийн албан тушаалтныг утсаар удаа дараа залгаж, “дүүжилж ална” гэж заналхийлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлд заасан нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдсэн тохиолдол байхгүйг /Шүүхийн шийдвэрийн санд байхгүй/ дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ. 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа: “ **** нь төрийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцээгүй, халдлага үйлдээгүй, түүнийг алах санаа зорилго байгаагүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй. Захиргааны хэргийн шүүхээс **** **** худалдааны төвийг ус, дулаан, цахилгаанаар хангах үүрэг өгснийг биелүүлээгүй учир **** **** руу утсаар ярьж, улмаар хоорондоо хэрэлдсэн байдаг. **** утсаар ярьсны маргааш очиж уучлалт гуйсан үйлдлийг прокуророос заавал гэмт хэрэг болгох гэж буй нь үндэслэлгүй.”гэв. 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлд заасан “...нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэг нь хэлбэрин бүрэлдэхүүнтэй шууд буюу бодит хор, хохирол учирсан байхыг шаарддаггүй” гэмт хэрэг юм. Энэ агуулгаараа шүүгдэгч **** нь хохирогч ****ыг “дүүжилж ална” гэсэн хүний амьд явах эрхэд халдсан, энэ хадлагыг хийх аргаа тодорхойлсон ална гэсэн заналхийлэл хийснээр энэ гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна.   

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс заналхийлэл нь бодитой болоогүй, түүнчлэн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Хэрвээ “дүүжилж ална” гэсэн заналхийлэлийг 2 шатны шүүхийн хийж байгаа дүгнэлтээр бодитой болгож, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзнэ гэвэл ямар тохиолдлыг ойлгох вэ, магадгүй энэ тохиолдолд хэргийн зүйлчлэл өөр байхаар, жишээлбэл хүн амины гэмт хэрэг байхыг үгүйсгэхгүй юм.

Иймд эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч ****д холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав. 

Шүүгдэгч ****ыг прокуророос нийтийн албан тушаалтан болох ****ыг тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хийсэн хууль зүйн дүгнэлт нь оновчгүй болжээ. 

Учир нь шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаж, гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг тогтоох бөгөөд гэмт хэргийн шинжийг хуульд зааснаас зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэсэн тохиолдолд шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх зарчмыг баримтлах нь хэргийн үйл баримт буюу жинхэнэ байдлыг гуйвуулах байдлаар гэмт этгээдэд ял завших боломж олгох эрсдэлтэйн гадна хэргийн үйл баримт тогтоогдсон, эсхүл эс тогтоогдсон тухай дүгнэлт байхаас бус шүүгдэгчид ашигтай үйл баримтын хувилбар гэж байх боломжгүй юм. 

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч ****ыг цагаатгаж шийдвэрлэх нотлох баримтын үндэслэлээ болгож, ****, **** нарын утсаар ярьсан ярианы бичлэгт хийсэн үзлэг, тэмдэглэлийг үнэлсэн байх бөгөөд уг бичлэг тэдний маргааны төгсгөлд хийгдсэн тул нотлох баримтын эх сурвалжийг үнэлэх талаар алдаа гаргасан гэж үзнэ.

Хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл нь эрх зүйн үр дагаврыг үүсгэх анхдагч нөхцөлийг бүрдүүлж байгааг зөв тодорхойлж, эрх зүйн суурь зориулалт нь иймэрхүү зүй бус зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй болохыг анхааран үзэж дүгнэлт хийх нь эрх зүйн алдаатай дүгнэлт хийхээс зайлсхийх, хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг болно.  

Шүүх тухайн эрх зүйн зөрчил маргаан үүсэх болсон шалтгаан, үйл явцын эхлэл, өрнөл, маргаанд оролцогч нарын үйлдэл, түүнд болон үүссэн үр дагаварт хандаж буй хандлага, илрэлийн талаарх нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тал бүрээс нь тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх эрх хэмжээг хэрэгжүүлэхдээ хэрэгт холбогдсон хүн, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийх үүрэгтэй юм. 

Шүүгдэгч **** нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “ **** ****” үйлчилгээний төвийн байрнаас өөрийн эзэмшлийн үүрэн холбооны **** дугаараас хохирогч буюу нийтийн албан тушаалтан болох Нийслэлийн **** ****, удирдлагын газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч ****ын үүрэн холбооны **** дугаар луу залгаж, “ **** ****” үйлчилгээний төвийн хэвийн үйл ажиллагаа буюу цахилгаан, дулаан, ус хязгаарласан үйл ажиллагаагаа таслан зогсоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2195 дугаартай “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж биелүүлэхийг шаардан маргалдаж, улмаар дүүжилж ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ. 

Нийгэмд аюултай байх шинжид юуны өмнө Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол бодитой учруулсан, эсхүл учрах байсан, тухайн хохирлыг ямар нөхцөлд ямар аргаар, хэрхэн учруулсан зэргийг хамтатган авч үзэх ёстой. 

 Хүч хэрэглэхээр заналхийлсэн гэдэгт ямагт тодорхой албан тушаалтны эсрэг шууд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа байдаг бөгөөд шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах, шийдвэр гаргахгүй байх, үйл ажиллагаа явуулахгүй байхаас гадна ямар нэгэн үйл явц, арга хэмжээг тасалдуулах эсхүл саатуулах зорилгоор айлган сүрдүүлэх замаар хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгодог ба энэхүү хүчирхийлэл заавал бие махбодийн идэвхтэй үйлдлүүд бус мөн үгээр илэрхийлийгдсэн байж болно.

****ин уг үйл явдал болсон тодорхой нөхцөл, тохироо, уг заналхийлэл нь бодитой хэрэгжих боломжтой байсан эсэхийг нягтлан тогтоосон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг учиртай.

 Шүүгдэгч ****ы зүгээс нийтийн албан тушаалтныг тодорхой үйл ажиллагаа явуулахыг шаардаж, хохирогч ****ыг дүүжилж ална гэж хүч хэрэглэхээр заналхийсэн хэдий ч энэ нь бодитой хэрэгжих боломжтой байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн4-т зааснаар гэмт хэрэгт тооцогдохгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг дээр дурдсанаар зөвтгөх замаар цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/859 дүгээр цагаатгах тогтоолНийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ДШМ/44 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

  

                        ДАРГАЛАГЧ                                       Ч.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН