Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0239

 


 

 

2019 оны 05 сарын 01 өдөр 

Дугаар 221/МА2019/0239

Улаанбаатар хот

                                                                                                                                                              

“M” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагч Д.Эрдэнэбаяр, гуравдагч этгээд Г.Б , гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Энхболд нарыг оролцуулан, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлоор, “M” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 52.1, 52.3, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.9.11, 10.10 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “M” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14-06-023/252 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14-06-023/252 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С  , М.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогч нь хууль тогтоомжинд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй, 130 дугаар зүйлийн 130.1-т “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх" гэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу ажилтны төлөөлөгчдийн санапыг харгалзан өөрийн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмыг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар Ерөнхий захирлын тушаалаар баталсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ гаж зохицуулсан байх бөгөөд ажил олгогч буюу нэхэмжлэгчийн зүгээс ажилтны дээрх хуулиар олгогдсон амрах эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан жил бүр гэх ойлголт нь хуанлийн жилээр биш, харин тухайн ажилтан ажилд орсон өдрөөс эхлэн нэг жил гэх ойлголт хэрэглэгдэж эхлэх юм. 

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулиар хоёр амралтын хоорондох хугацаа, ээлжийн амралтын эрх хэзээ үүсэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлдэг байна. 

Үүнээс үзвэл ажил олгогч болон иргэний хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсдэг байна. 

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнээр талуудын хооронд үүссэн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн баталж мөрдүүлж буй Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулахаар заасан байна. Харин Хөдөлмөрийн дотоод журам нь хууль тогтоомжид нийцээгүй бол мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9-д зааснаар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан байна. 

Харин мөн хуульд заасан хариуцагч болох улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилсан боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.6-д хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх гэж заасан байна. 

Гэтэл хариуцагч нь хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж захиргааны хяналтыг хэрэгжүүлэх үүргээ умартан албан шаардлага Эрүүл мэндийн сайдын 166 дугаартай тушаалыг хэрэгжүүлээгүй хэмээн албан шаардлагын үндэслэл болгосныг шүүх зөвтгөж байгаа нь үндэслэлгүй байна. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн хуульд зааснаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэсэн хугацаа гэх ойлголтод ямар нөхцөлийг хамааруулан үзэхийг хариуцагч болон шүүх огт дүгнэлт хийхгүйгээр хууль зүйн үндэслэлгүйгээр шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар зохицуулсан. Хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан нь ажил үүрэг гүйцэтгээгүй, харин ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж, хуулиар олгогдсон амралтаа эдэлж байгаа ажилтан юм. 

Амралтаа эдлээд ажилдаа орж ирсэн ажилтны ээлжийн амралтын эрх хэзээ үүсэхийг хуулиар зохицуулаагүй нь хөдөлмөрийн зохион байгуулалт, хүний нөөцийн менежмент, байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамааруулан өөр өөрөөр шийдвэрлэх боломжтойгоор хуульчилж, уг хоёр амралтын хоорондох хугацаа болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтны ажилласан хугацааг хэрхэн зохицуулахыг ажил олгогчид үлдээсэн байна. 

Нэхэмжлэгчийн хувьд дээрх харилцааг хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулсан байхад анхан шатны шүүх ямар нэгэн хязгаарлалт бүхий хөдөлмөрийн дотоод журам батлан мөрдөх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заагаагүй ямар нэгэн хязгаарлалт бүхий хөдөлмөрийн дотоод журам батлан мөрдүүлээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 5 дугаар зүйлийн 5.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хөдөлмөрийн дотоод журмаараа ажилтны ээлжийн амралт хэзээ үүсэх талаар л зохицуулсан байдаг. 

Шүүх нэхэмжлэгчийг хууль зөрчсөн гэх үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт амрах гэх эрхийг үндэслэсэн ба нэхэмжлэгчийн зүгээс ажилтны амрах эрхийг нь хязгаарлаагүй, харин маргаан бүхий зохицуулалтаар шинээр ажилд орсон болон хүүхэд харах эрхийн чөлөөтэй байсан ажилтны амрах эрхийг эдлүүлэхдээ хөдөлмөрийн зохион байгуулалтаа оновчтой зохион байгуулж буй зохицуулалт юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ хэмээн хуульчилсан. Нэгдүгээрт нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журмаа батлахаас өмнө бүх ажилчдаа дотоод журмын төслийг танилцуулж, сургалт зохион байгуулж, хөдөлмөрийн дотоод журам батлах удирдлагын нэгдсэн хуралдаанд тасаг нэгж бүрийн төлөөллийг оролцуулан саналыг авч хөдөлмөрийн дотоод журмаа баталсан. 

Хоёрдугаарт нэхэмжлэгч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ажилтныхаа эрхийг дордуулсан зүйл, заалт байхгүй болно. 

Анхан шатны шүүхийн хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хувийн эрх зүйн харилцаанд хамаарах ба “хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрөх зарчим”-тайг, анхан шатны шүүх анхааралгүй, хариуцагчийн гаргасан хууль бус захиргааны актад бодитой бус, хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 18-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ :

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаартай шийдвэртэй “M” ХХК-н нэхэмжлэлтэй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбаярт  холбогдох хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын Улсын байцаагч Д.Эрдэнэбаяр нь “M” ХХК-ийн M төв эмнэлгийн их эмч Г.Б ын гаргасан өргөдөл, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14/262 дугаартай Хяналт шалгалтын удирдамжийн дагуу “M” ХХК-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14-06-023/252 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх албан шаардлагын 1 болон 2 дахь заалтыг хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав. 

Анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14-06-023/252 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлагын 1 дэх заалтын тухайд үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна.  

Албан шаардлагын 1 дэх заалтаар “M” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.7-д /...хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа орсон ажилтан нь ажилдаа эргэж орсноос хойш 11 сарын дараа ээлжийн амралт авах эрх үүснэ/ заасан заалтыг өөрчилж, хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх шаардлага хүргүүлсэн байна. 

Энэхүү хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.7 дахь заалтаа ”... хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан нь ажил үүрэг гүйцэтгээгүй, харин ажил албан тушаал хэвээр хадгалагдаж, хуулиар олгосон амралтаа эдэлж байгаа ажилтан юм” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо тайлбарлаж, улмаар амраад ирсэн ажилтны дараагийн ээлжийн амралтын эрх хэзээ үүсэхийг тогтоох эрх ажил олгогчид байгаа гэж тайлбарлаж  буйг хүлээн авах боломжгүй. Энэхүү заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 130 дугаар зүйлийн 130.1-д заасантай нийцээгүй байна. 

Тухайлбал : Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх ... эрхтэй” гэж зааснаас хууль тогтоомжийн заалт болон агуулгаас дордуулж Хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх эрхтэй гэж заагаагүй юм. 

Түүнчлэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн  “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдлын баталгаа” гэсэн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Талууд хамтын гэрээ, хэлэлцээрт эмэгтэй, эрэгтэй ажилтанд ажил, мэргэжлийн эрх ашиг, гэр бүлийн үүргээ хослуулах, хүүхэд төрүүлэх, асрах нөхцөл бололцоо олгох, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд ажиллах, түүнчлэн ижил ажилд адил цалин, нэмэгдэл хөлс тогтоох, ижил нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгана” гэж заажээ. 

Гэтэл M эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журам нь хүүхэд төрүүлсэн, асарсан эмэгтэй ажилтны тухайд бусад ажилтнуудаас ээлжийн амралтыг өөрөөр тогтоож, эрх зүйн байдлыг дордуулсан агуулгатай байгааг дурдах нь зүйтэй.

Иймд улсын байцаагчийн албан шаардлагыг “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалт /хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах/-ыг зөрчөөгүй, хөдөлмөрийн дотоод журмын уг заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалтыг зөрчсөн гэж зөв дүгнэсэн байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг /Ажилтан нь...цалин хөлс авах, амрах...эрхтэй/-т заасан ажилтны эрхийг хангах, хуульд заагаагүй ямар нэгэн хязгаарлалт бүхий хөдөлмөрийн дотоод журам батлан мөрдөх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, гагцхүү ажил олгогчийн зүгээс байгууллагын хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангах, иргэд эмчлүүлэгчдэд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээг хэвийн тасралтгүй явуулах үүднээс ажилтнуудтайгаа тохиролцон тухайн жилийн ээлжийн амралтын хуваариа батлах эрх байхыг үгүйсгэхгүй боловч энэхүү зохицуулалт ч өөрөө хуульд нийцсэн байх ёстой болохыг тэмдэглэж байна. 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                       С.МӨНХЖАРГАЛ

               ШҮҮГЧ                                      Э.ЗОРИГТБААТАР