Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/0063

 

“В” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны

газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

                  Даргалагч, Шүүгч:        Ц.Цогт

                  Танхимын тэргүүн:       Д.Мөнхтуяа

                  Шүүгчид:                       М.Батсуурь

                                   П.Соёл-Эрдэнэ

                  Илтгэгч шүүгч:              Д.Батбаатар

                  Шүүх хуралдааны

                  нарийн бичгийн дарга: А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0377 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 494 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 381 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч З Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн орчуулагч В.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай”.

2.Хэргийн нөхцөл байдал: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр “ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй” үндэслэлээр “В” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.

3.Нэхэмжлэгчээс “ ... бүх хувьцаа эзэмшигчид эмх замбараагүй байдалд бий болсон К Улсад байсан, онц байдал зарласны улмаас төлбөрийг төлж чадаагүй ч 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлбөрийг алдангийн хамт төлсөн байтал 02 дугаар сарын 17-ны өдөр цуцалсан шийдвэр гаргасан нь хууль бус” гэж, хариуцагчаас “ ... тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө, харин төлбөрийг алдангийн хамт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0377 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан “В” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 494 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар шийдвэрийн “В” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З Д-оос гаргасан гомдолдоо:

6.1.Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх эцсийн хугацааг анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 16, давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрүүдээс төлөх ёстой гэж Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан зохицуулалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөрүүтэй хэрэглэсэн.

6.2.Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан зохицуулалтаар тайлбарлан дүгнэсэн.

6.3.Гэтэл уг зохицуулалт нь тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн үндэслэл тогтоогдсон буюу ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тухайн хуулийн 34.7-д заасан хугацаа дууссан үеэс үүсэх эрх зүйн харилцаа юм.

6.4.Давж заалдах шатны шүүх зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэн хянан шийдвэрлэсэн ба К Улсад үүссэн нөхцөл байдал ба хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заасны дагуу ажиллагаа явуулсан эсэх талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

6.5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан гэж дурдсан ч маргаан бүхий захиргааны акт гарсан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч байгууллагын үйл ажиллагааг дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

6.6.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянасан уу, гомдлын хүрээнд хянасан уу гэдэг нь тодорхойгүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

6.7.Дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд давж заалдах шатны шүүх хуулийг илтэд зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргасан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 494 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2022/0377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 381 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

10.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан.

11.Хуулийн эдгээр заалтаас харвал “В” ХХК-ийн эзэмшиж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “З” нэртэй газарт орших 136 гектар талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг анх олгогдсон 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс тоолж, жил бүрийн 12 дугаар сарын 17-ны өдөр, алдангийн хамт дараа жилийн 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөх боломжтой гэж үзэхээр байна.

12.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад баримтуудаас үзэхэд “В” ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр, алдангийг хуулийн хугацаанд нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө төлөөгүй, хугацаа хэтрүүлж 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

13.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “В” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх үүссэн боловч тухайн үед нь хэрэгжүүлэлгүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлснөөс хойш буюу 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “...заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй” үндэслэлээр цуцалсан нь захиргааны байгууллагыг тухайн дурдагдсан зөрчил арилсны дараа буюу шийдвэр гаргахаас өмнөх бодит нөхцөл байдлыг тогтоолгүй, өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тусгагдсан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчиж захиргааны акт гаргасан гэх үндэслэл болно.

14.Давж заалдах шатны шүүх “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны шийдвэр гарах хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төлбөрийг төлөөгүй байх тохиолдолд хэрэглэх нь хуулийн зорилгод болоод тухайн үндэслэлээр гарах захиргааны актын зорилгод илүү нийцэх”, мөн захиргааны акт гаргахаас өмнө “тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлснөөр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл арилсан гэж үзэх” талаар тус тус дүгнэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 217[1], 2020 оны 240[2] дугаар тогтоолуудаас зөрүүтэйгээр хуулийг тайлбарлаж хэрэглэжээ.

15.Анхан шатны шүүх дээрх хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглээгүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт уг маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

16.Эдгээр үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч З Д-ын гомдлыг хангахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 494 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “26 дугаар зүйлийн 26.1” гэснийг “4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч В” ХХК-ийн гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч В” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ЦОГТ

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Д.МӨНХТУЯА

                       ШҮҮГЧИД                                                              М.БАТСУУРЬ

                                                                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                     Д.БАТБААТАР

 

 

 

[1] “Аз макс” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, 128/2019/0070/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2019/0217,

[2] “Сансар сүлжээ” ХХК ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, 128/2019/0608/з, УДШ (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2020/0240.