Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1399

 

Д.Ундармаагийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03669 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ундармаагийн

Хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдох

           

Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, замын зардал 462 700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг, нийт 1 762 700 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, Н.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байгаад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнайгийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Х/306 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдлөө. Ажил олгогч нь өөрийн санаачлагаар шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтууд, хөдөлмөрийн гэрээний 1.9, 1.10, 6.2.1 дэх заалтуудыг үндэслэсэн байна. Өмнө нь мөн ажил олгогч эрх мэдлээ хэтрүүлэн, хууль бусаар ажлаас удаа дараа чөлөөлж, шүүхийн шийдвэрээр эргүүлэн тогтоогдож байсан. Энэ удаа бас л ажил олгогч нь хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад дураараа аашилж, эрх мэдлийн давуутай байдлаа ашиглаж, үүрэгт ажлаас минь үндэслэлгүйгээр чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг маш ноцтойгоор зөрчиж байна. Би хууль бусаар чөлөөлөгдсөн хэдий ч үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс ажилдаа эгүүлэн тогтоолгох шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл цалинд 5 045 887 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн урьд нь үндэслэлгүйгээр халагдаж 2 удаа шүүхээр шийдвэрлүүлж байх уед Мөрөн-Улаанбаатар-Мөрөн хооронд явахад гарсан зардлыг нэхэмжилнэ. Үүнд: 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр болон 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тус тус үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөж, шүүхээр шийдвэрлүүлэх үеийн Улаанбаатар-Мөрөн рүү ирж буцах унааны зардал 462 700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг, нийт 1 702 700 төгрөг нэхэмжилнэ. 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийи ажилд томилогдсон өдөр хүртэлх цалинг мөн нэхэмжлэх ба нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ундармаа нь "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар өдрийн Х/1650 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн холбооны газрын даргаар томилогдсон бөгөөд шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацаны цалин 2 029 560 төгрөгийг олгож ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хурааамжийг нөхөн төлсөн. Д.Ундармааг “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Аймгийн холбооны газрын дарга нь орон нутагт “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээ болон түүний хавсралтаар баталсан менежментийн төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах үндсэн үүрэгтэй. 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай болон иргэн Д.Ундармаа нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9.1-т “талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон” нөхцөл шаардлага нь энэхүү гэрээний хавсралтуудад заагдсан нөхцлүүдийг бүрэн хангаж ажиллахаар ажил олгогч ажилтан нь хүсэл зоригоо илэрхийлсэн болно. Мөн гэрээний 1.10-т “Ажилтан 3 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн салбарын үйл ажиллагааг сайжруулах, авлага барагдуулах, орлогын төлөвлөгөөг биелүүлж чадахгүй бол ажил олгогчийн зүгээс тус салбарын орон тоог хасах, цөөрүүлэх, татан буулгаж, тусгай менежментийн багийг гүйцэтгэх захирлын тушаалаар томилохыг талууд харилцан зөвшөөрлөө" гэж заасан.

Гэтэл тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлдэггүй, ажлын байран дээр ажлын цагаар соггууруулах ундаа хэрэглэж, хэрэглэгчтэй зүй бус харьцаж, компанийн бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд сөрөг үр дагаврыг бий болгосон нь ажиллагсад болон хэрэглэгчийн тайлбар мэдээллээр тогтоогдсон учир Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Монгол Улсын Дээд Шүүхийн Хөдөлмөрийн хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т "ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна" гэж заасны дагуу талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүд, 6.2.1-т гэрээгээр хүлээсэн аль нэг үүрэг, хавсралтад заагдсан үзүүлэлтүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, салбарын санхүүгийн үзүүлэлтүүд буурсан тохиолдолд гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэдгийг нэрлэн заасан болно. Нэхэмжпэлийн шаардлагад дурдсан 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөх тогтоол гарахаас өмнө заргалдаж байх үеийн онгоцны болон өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байгаа. Энэ нь одоогийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм.

Бид 2 629 560 төгрөг буюу цалинг нь өгөөд 20 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Д.Ундармаа нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 170 хэрэглэгчийг төлбөрөө төлөөд гэрээгээ цуцалсан байдлаар авлагыг хааж, гэрээг цуцлахыг ахлах нягтлан бодогчдоо үүрэг болгож, авлагыг хааж гэрээг цуцалсан байдаг. Хэрэглэгчээ олж амьдрах гэж байгаа бизнесийн байгууллагад шууд 170 хэрэглэгчийг хассан нь хохирол учруулсан. Өөрөө яагаад хассан үндэслэлээ хэлдэггүй. Ерөнхийдөө энэ нь байгууллагын бизнесийн сахилга батыг зөрчсөн үйлдэл юм. Д.Ундармаа нь 2 удаа халагдаж 2 удаа орж ирдэг. Д.Ундармаа нь халагдсан шалтгаанаа намын зөрчлөөс болж халагдсан гэж тайлбарладаг бөгөөд тэрээр хов яриад ажлаа хийдэггүй. 2015 оны 8 дугаар сарын байдлаар Хөвсгөл холбооны салбарын ажлыг дүгнэхэд бүх аймгуудаас доороосоо 3 дугаар байранд байсан бөгөөд он дуусахад дахиад ажлыг нь дүгнэхэд мөн л доороосоо 3 дугаар байранд байсан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Даваадоржийн Ундармааг Хөвсгөл аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Д.Ундармаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 308 624 төгрөгийг хариуцагч "Монголын цахилгаан холбоо" ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.Ундармаад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 27 695 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар нэхэмжлэгч Д.Ундармаагийн замын зардал  462 700 төгрөг,  өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг нийт 1 762 700 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгөөс 43 154 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 27 045 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Монголын цахилгаан холбоо“ ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 179 888 тоөгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Монголын цахилгаан холбоо" ХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онилогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой... Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн боловч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй байна... Ажилтан зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох ёстой бөгөөд нэхэмжлэгч Д.Ундармааг ажлын байранд архидан согтуурсан, төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлээгүй, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх боловч энэ нь тогтоогдохгүй байна" гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Ундармаа болон “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 20 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1. 6.2 дах хэсэгт ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг маш тодорхой зааж харилцан тохиролцсон байдаг. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан нь тодорхой байгаа. Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр хавсралтад ...Менежментийн төлөвлөгөө болон үйлчилгээ борлуулалтыг нэмэгдүүлэх, одоо байгаа хэрэглэгчийн тоог бууруулахгүй байх гэсэн үндсэн үүргээ зөрчиж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 174 хэрэглэгчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, авлага барагдуулсан мэтээр харагдуулах ноцтой үйлдэл гаргасан. Гүйцэтгэх захирлын шууд удирдлагад байдаг МЦХ ХК-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үр дүнгийн биелэлтийн тайланг гаргах эрх бүхий бүтцийн нэгж юм. Ийм байхад шүүх Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дүгнэлтийг эрх бүхий биш гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4-т заасантай нийцээгүй гэж үзэн гол нотлох баримтуудыг үнэлээгүй хэрнээ зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн холбооны газрын ахлах нягтлан бодогчийн тэмдэг бүхий 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн лавлагааг шүүх үнэлсэн атлаа дээр дурдсан компанийн эрх бүхий нэгжийн дүгнэлтийг ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хуулийн этгээд баримт гаргахдаа өөрөө баталгаажуулан шүүхэд гаргаж өгөх нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй хэмээн үнэлээгүй нь хуулийг буруу тайлбарласан гэж дүгнэхэд хүргээд байна.

          2. Нэхэмжлэгч Д.Ундармаа нь анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш түүнийг ажилд томилсон 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд 5 290 432 төгрөг авах байжээ...гэжээ. Гэтэл “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Х/160 дугаар тушаалаар Д.Ундармааг хөвсгөл аймгийн холбооны газрын даргаар томилж, шүүхийн шийдвэрт заасны дагуу 2 629 560 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, бичилтийг хийлгэж, 20 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулснаар дээр дурдсан маргаантай асуудлыг нэгэнт шийдвэрлэн дуусгаж шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байгааг хархад дээр дурдсан ажилгүй байсан хугацааны олговорыг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд уг асуудлыг ухамсарлан шүүхийн шийдвэрт заасан 2 629 560 төгрөгийг хүлээн авч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

 

Нэхэмжлэгч Д.Ундармаа нь хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдуулан Хөвсгөл аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, замын зардал 462 700 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг, нийт 1 762 700 төгрөг гаргуулах,  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “…Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлдэггүй, ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэрэглэгчтэй зүй бус харьцдаг” гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ундармаа нь “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн харьяа Хөвсгөл аймгийн холбооны даргаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Х/306 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 1.9, 1.10, 6.2.1-т заасан үндэслэлээр болгон ажлаас чөлөөлөгджээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт юм.

 

Ажил олгогч “Монголын цахилгаан холбоо” ХК нь Д.Ундармааг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.

 

          Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-т гэрээгээр хүлээсэн аль нэг үүрэг, хавсралтад заагдсан төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелүүлээгүй, салбарын санхүүгийн үзүүлэлтүүд буурсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Ундармааг ажлаас чөлөөлсний дараа Хөвсгөл аймгийн холбооны газарт 2016 оны 4 дүгээр сард хийсэн шалгалтаар 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх үйл ажиллагааг шалгахад 174 хэрэглэгчийн авлагыг 210-1140 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцэхгүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байхад олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш хийсэн шалгалтын дүнг ажлаас халах ноцтой зөрчлийн үндэслэл болгон зааж буй тайлбарыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж  үзэх үндэслэл болохгүй юм.  

 

          Түүнчлэн хэргийн 47 дугаар талд авагдсан баримтаар 2015 онд нэхэмжлэгчийн удирдаж байсан Хөвсгөл аймгийн Холбооны газрын орлогын төлөвлөгөө бүрэн биелээгүй талаарх тоо мэдээ байх боловч тухайн 2015 оны тайланг дүгнэхээс өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 13-нд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-т заасан ноцтой зөрчил гаргасан нь ажлаас халах тушаал гаргах үед тогтоогдоогүй гэж үзэхгүй байна.

 

          Иймд нэхэмжлэгч Д.Ундармааг Хөвсгөл аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 308 624 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ундармаагийн замын зардал 462 700 төгрөг,  өмгөөлөгчийн хөлс 1 300 000 төгрөг нийт 1 762 700 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/03669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Батмагнайгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монголын цахилгаан холбоо” ХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179 888 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА