Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 10

 

2017,2,3                №10

Х.Ангарагсандуйд холбогдох

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0012/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 
Шүүх хуралдаанд: 
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам, 
Прокурор: Ц.Цэен-Ойдов,
Ялтны өмгөөлөгч: Ж.Батбаатар,
Ялтан: Х.Ангарагсандуй нар оролцов.
 
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Ангарагсандуйн давж заалдах гомдлоор эрүүгийн 201623000307 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Монгол улсын иргэн, 1992 онд Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, охины хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А27-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Адарга овогт Хүрэлбаатарын Ангарагсандуй /РД: СЮ92101912/ 
Х.Ангарагсандуй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн гэр хорооллын хойд талд иргэн Б.Ариунбатыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Адарга овогт Хүрэлбаатарын Ангарагсандуйг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Х.Ангарагсандуйг 03 жил 05 сарын хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  заасныг журамлан   шүүгдэгч Х.Ангарагсандуйд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,
энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичгүүд  шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар шүүгдэгч Х.Ангарагсандуйд оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг тэнсэж, 03 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавиж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгаж,
шүүгдэгч Х.Ангарагсандуйд авсан батлан даалтын таслан сэргийлэх хэвээр үргэлжлүүлэхийг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Ялтан Х.Ангарагсандуй нь давж заалдах гомдолдоо: ... 2016 оны 10 дугаар сарын 27 нд Эрдэнэ зоогийн газарт Бээжин, Нямхишиг бид гурав хоол идэх гэж очсон. Хажуу талын ширээнд 5 залуу (танихгүй) архи ууж байсан юм. Нилээн удаж байгаад бид нарыг танилцъя гээд ширээн дээрээ урьж суулгасан. Тэдний нэг Ариунбат гэдэг залуу намайг үгээр идэж хэрүүл үүсгэсэн. Бид гурав паб хаах болоход явлаа гээд гарсан. Тэд нарын нэг нь намайг дуудаж эвлэрье, “ХААН” буудалд байна ир гэхээр нь очсон. Буудал руу Бээжин бид хоёр орж, Нямхишиг гадаа машинд үлдсэн. Ариунбат нь надтай учраа ололцоно гээд гарсан. Такси бариад явж байснаа Баянмөнх гэр хорооллын хойно очоод зогссон. Бид хоёр машинаас буугаад маргалдсан. Ариунбат намайг эхэлж хоолойг маань гараараа шахаж боогоод би эсэргүүцэл үзүүлж нэг  удаа цохисон. Тэгээд тэр ах цохиулаад урд зүгт алхаад явахаар нь хөлдөж үхнэ гэж бодоод бид нар машинаар буудалд нь хүргэж өгсөн.  Ариунбат бид нарыг буцаж явснаас хойш удалгүй утсаар залгаад найзынхаа цогцосыг ирж ав гэхээр нь сандраад очтол цагдаа дуудсан байсан. Ариунбат нь намайг анхнаасаа үгээр өдөж, хэрүүл үүсгэж, миний хоолойг боогоогүй бол би түүнийг цохихгүй байх байсан. Хохирогчийн хувьд болсон явдлын талаар, өөрийн буруутай үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлэх ёстой атал үнэн зөвөөр мэдүүлээгүй. Гэрч Нямхишиг нь миний эхнэр бөгөөд түүнээс мэдүүлэг авахдаа миний эсрэг мэдүүлэг өгүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Таксины жолооч Бямбахатан, миний эхнэр Нямхишиг хоёроос өөр харсан хүн байхгүй. ... Гэрч Басбиш, Бээжин нар дам сонссон зүйлээ л ярьсан. Шүүхээс намайг догшин авирлан танхайрсан гэж эрүүгийн хуулийн 181.2.1-д зааснаар ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн зүй бус үйлдлээс болж би түүнийг цохисон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлж, эсхүл уг хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ. 
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Х.Ангарагсандуй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн гэр хорооллын хойд талд иргэн Б.Ариунбатыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Ариунбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...Ангарагсандуйтай яриан дээрээсээ болоод маргалдсан.  Надад “танд хоол хийж өгье манайд очьё” гээд намайг дагуулаад Хаан буудлын өрөөнөөс гарсан. Таксинд суулгаж авч яваад зодсон. Би түүнд гэм хийгээгүй ... гэх /хх-14-15х/
Гэрч Б.Нямхишигийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Ангарагсандуй Ариунбат гэх ахыг дагуулж гадагшаа гарч ирээд таксиндаа суулгасан. Бид 3 такситайгаа Хаан буудлын гаднаас хөдлөөд явахад тэр хоёр учраа ололцоно гэж байсан. Би яг юу гэж ярьж байсан болохыг нь сайн санахгүй байна. Тэгээд л Ангарагсандуй такситайгаа Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн гэр хороололын хойд талд очиж таксигаа зогсоогоод Ариунбат ахыг зодож дээд үүдэн хоёр шүдийг нь хугалсан ...гэх /хх-22 х/
Гэрч О.Бямбахатаны мөрдөн байцаалтад өгсөн: Ангарагсандуй гэх залуу надад  Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн гэр хороол руу явъя гээд Ангарагсандуй зам дуусаад явж байхад энд зогсчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоотол буудлаас  хамт гарч ирсэн залуутайгаа миний машинаас бууж жоохон холдож байгаад хоорондоо маргалдаж муудалцаж байх шиг байсан...гэх /хх-14 х/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний №243:
Б.Ариунбатын биед дээд буйлан дахь үүдэн 2 шүд унасан, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-38х/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3 х/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5 х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байх тул Х.Ангарагсандуйн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүссэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА
                                 ШҮҮГЧИД                                            О.БААТАРСҮХ
                                                                                                    Б.СҮХГОМБО