Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 4568

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 40 дүгээр байр, 54 тоотод оршин суух, Тай ярат овогт Тайяратын Утхай /РД: УХ83091822/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, 911 789 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Б.Наранханд,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Утхай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэгт “тээвэрлэлтийн төлөвлөгөө биелүүлэх, орлого нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан судалгаанд үндэслэн тээврийн үйлчилгээний цар хүрээг өргөтгөх, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, үйл ажиллагааны хүрээг өргөтгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах”-аар заасан байдаг. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажлын байранд хийгдэх ажлын дагуу Тээврийн үйлчилгээний төвийн хаяг рекламыг хийлгэх, үнийн судалгаа хийхээр Тээвэр зуучийн төвийн Цогцолмаа болон бусад хүмүүстэй уулзаж мэдээллийн самбар, реклам хийлгэх талаар ярилцсан. Мөн Зуун айл, Хермес төв, Би Эс Би сервис зэрэг газраар явж ТоисН-тэй дэлгэцийн загвар, үнийн судалгаа хийсэн. Мөн 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн тус төвийн хурал дээр дарга Ц.Хүрэлбаатар нь “Гадуур дотуур ажлаар яваач, хэн чамайг бариад байгаа юм.” гэсэн. Тиймээс би дараа 7 хоногт нь буюу 3 дугаар сарын 2,3,4-нд гадуур ажилтай гэдгээ бичиг хэргийн ажилтанд хэлээд ирцийн дэвтэрт тэмдэглээд гадуур ажил хөөцөлдөж, хүмүүстэй уулзаж дээрх ажпуудыг хийсэн. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Тээврийн үйлчилгээний төвийн дарга Ц.Хүрэлбаатарын өрөөнд шуурхай хурал хийж, уг хурлаар намайг 3 дугаар сарын 2,3,4,7-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн. Би тодорхойлолтондоо тус өдрүүдээр ямар газруудаар явж, хэн гэдэг хүмүүстэй, ямар ажлаар уулзалт хийснээ бичсэн боловч намайг ажил тасалсанд тооцож Тээврийн үйлчилгээний төвийн даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 130 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Хуульд зааснаар сахилгын шийтгэлийг зөвхөн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан эрх бүхий албан тушаалтан ноогдуулдаг. Т.Утхай миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тээврийн үйлчилгээний төвийн дарга Ц.Хүрэлбаатар нь сахилгын шийтгэл ноогдуулах эрх бүхий албан тушаалтан биш юм. Сахилгын шийтгэл ноогдуулсан тушаалыг нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хэлэхэд хэд хоногийн дараа Замын дарга Л.Пүрэвбаатарт санал оруулж 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Замын даргын Б-II-39 тоот үндсэн цалинг хоёр сарын хугацаагаар 20 хувь хасахаар сахилгын шийтгэл ноогдуулах тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж оногдуулна” гэж заасан. Хууль зүйн хариуцлагын нэг төрөл болох сахилгын хариуцлага хүлээлгэх нэг гол үндэслэл нь сахилгын зөрчил гаргасан байх, түүнчлэн сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн хангагдсан байхыг шаарддаг. Үүнээс үзвэл: Сахилгын шийтгэл ногдуулах нэг гол үндэслэл нь тухайн ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Үүний тулд тухайн ажилтын ямар үйлдэл, эс үйлдэхүйг “сахилгын зөрчил” гэж үзэх талаар тодруулах хэрэгтэй болно. Хууль зүйн шинжпэх ухааны доктор, профессор Л.Баасан “Ажилтнуудаас өөрт ногдуулсан сахилгын үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй зэргээр Монгол улсын хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, сахилгын дүрмийг зөрчсөн хууль бус, гэм буруутай үйлдэл хийгээд, эс үйлдлийг сахилгын зөрчил гэж тодорхойлсон байна. Сахилгын шийтгэл нь тухайн хүний гэм буруу, учруулсан хохирлын хэр хэмжээ, зөрчил гаргасан шалтгаан зэргээс хамаарах ёстой. Гэтэл намайг ажпын байрны тодорхойлолтын дагуу судалгаа хийж, гадуур ажпаа хийсэн байхад шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдлагуудад хэлээгүй хэмээн буруутгаж сахилгын шийтгэл хоёр удаа ноогдуулж байгаад гомдолтой байна. Сахилгын шийтгэл ноогдуулах нь хууль ёсны дагуу, бодит үндэслэлтэй байх ёстой. Гэтэл гадуур ажилтай байснаа тодорхойлолтондоо бичиж, хийсэн ажлын тайлан, ирцийн дэвтэрт бүртгүүлсэн байтал ажил тасалсанд тооцсон. Сахилгын нэг зөрчил гаргасан хүнд сахилгын нэг арга хэмжээг ноогдуулах, сахилгын шийтгэлийг давхар ноогдуулахыг хориглодог. Гэтэл нэг зөрчилд хоёр удаа хоёр өөр албан тушаалтан сахилгын шийтгэл ноогдуулж тушаал гаргасан. Иймд хууль зүйн үндэслэлгүй сахилгын шийтгэл ноогдуулсан Л.Пүрэвбаатарт санал оруулж 2016 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Замын даргын Б-II-39 тоот  тушаалыг хүчингүй болгох, сахилгын шийтгэлээр хасагдсан 911 789 төгрөгийг эргүүлж олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, Б.Наранханд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр замд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан бүр Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Сахилгын тусгай дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажпын байрны тодорхойлолтуудыг мөрдөж ажиллах үүрэгтэй. Тээврийн үйлчилгээний төвийн хөдөлмөрийн дотоод журмын 12.1-т заасны дагуу маркетингийн мэргэжилтэн Т.Утхай нь ажлын дараалсан 3 өдөр буюу нийлбэр дүнгээрээ 4 хоног ажилдаа шалтгаангүйгээр ирээгүй, шууд удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй зэрэг асуудлыг тодруулах шуурхай зөвлөлгөөнийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Тээврийн үйлчилгээний төвийн дарга удирдан хийсэн. Маркетингийн мэргэжилтэн Т.Утхай нь Төмөр замын ажилтны сахилгын тусгай журмын 3 дугаар бүлгийн 3.1.3, 3.1.7, 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7,1, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 171 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.19, 8.20, 8.21, 8.24, 8.25, 10 дугаар зүйлийн 10.2, ажлын байрны тодорхойлолтын 6 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.27 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул удирдлагын шуурхай хурлын шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д заасны дагуу үндсэн цалинг 1 сарын хугацаатайгаар 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Сахилгын тусгай дүрмийн 5.1 дэх заалтад “Төмөр замын тээврийн болон Хөдөлмөрийн тухай хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, бусад холбогдох дүрэм, журам, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гаргасанд тооцно” гэж заасан байдаг. Гэтэл ажилтан Т.Утхай нь оногдуулсан сахилгын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа Үйлдвэрчний эвлэлийн хороонд гомдол мэдүүлж, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Тээврийн үйлчилгээний төвийн захиргаанд хандсаны дагуу, удирдлагын зөвлөгөөний хурлыг дахин хуралдуулж, төвийн даргын 130 тоот тушаалыг хүчингүй болгож, зохих журмын дагуу Хүний нөөцийн албанд уламжилж, Замын даргын Б-II-39 тоот тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаатайгаар 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ тооцож, мөрдөж ажилласан. Төвийн даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 130 тоот тушаалыг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 133 тоот тушаалаар хүчингүй болгосон тул нэхэмжпэгчийн сахилгын шийтгэлийг давхар ноогдуулсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилтан Т.Утхай нь шуурхай 2016 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн хуралд өөрөө оролцсон бөгөөд алдаа дутагдлаа  “ойлголоо”, “гэмшиж байна” гэж хүлээн зөвшөөрсөн, мөн хийсэн ажлын тайлангаа өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байна. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Утхай нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б-II-39 тоот  тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлээр хасагдсан 911 789 төгрөгийг эргүүлэн олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр ажилтан Т.Утхай нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тээврийн үйлчилгээний төвийн маркетингийн мэргэжилтэний ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх ба хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. Зохигчид уг гэрээ болон гэрээний дагуу хөдөлмөрлөсөн үйл баримтын талаар маргаагүй байх тул тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Улаанбаатар төмөр замын Тээврийн үйлчилгээний төвийн даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг үндэслэн ажилтан Т.Утхайг төвийн хөдөлмөрийн дотоод журам зөрчиж, ажлын цаг ашиглалт хангалтгүй биелүүлсэн гэж үзэн түүний үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ба мөн төвийн даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 133 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан дээрх 130 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-39 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг үндэслэн ажилтан Т.Утхайг удирдлагад ажлаа танилцуулж, зохих зөвшөөрөл шийдвэргүйгээр 2 өдөр ажил тасалж, гадуур ажиллаж, ажлын хариуцлага алдсан гэж үзэн түүний үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан ба нэхэмжлэгч нь уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтаны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварыг харгалзан мөн зүйлийн 131.1.1-131.1.3-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлий хэлбэрийг сонгон ногдуулдаг ба уг тохиодолд ажилтан нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байх, мөн зүйлийн 131.2-т заасан хугацаа хэтрээгүй байх зэрэг урьдач нөхцөл байдал тогтоогдсон байхыг шаарддаг.

 

Ажилтан Т.Утхай нь 2016 оны 3 дугаар сарын 02, 03, 04-ны өдрийг хүртэл нийт ажлын 3 хоног ажилдаа ирээгүй нь зөрчлийг шалгасан талаар материал болох “ажил албан хаагчийн өдөр тутмын ирцийн бүртгэл”, мөн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралд нэхэмжлэгчийн “гэмшиж байна” гэх тайлбараар нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн өдөр ажилдаа ирээгүй талаарх үйл баримтыг үгүйсгээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дээрх хугацаанд гадуур ажил гүйцэтгэсэн” гэж тайлбарлах боловч уг үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байх тул түүнийг Тээврийн үйлчилгээний төвийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.11-д ажилтан ажил таслахыг хориглох, мөн хөдөлмөрийн гэрээний 4.2-т ажилтан нь хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, “Ок дизайн” ХХК-ийн албан бичиг, 2 ширхэг хэвлэмэл хуудас болон Г.Батбаяр, Д.Цогзолмаа нарын тодорхойлолтоор нэхэмжлэгчийг ажил таслаагүй, ажил үүргээ гүйцэтгэж явсан гэх үйл баримтыг нотлох үндэслэл болохгүй юм.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажил тасалсанд тооцон, ажилтаны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан үндсэн цалинг 2 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулсаныг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэхээргүй байхаас гадна ажил олгогч нь мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь мөн зүйлийн 131.1.2-т заасан үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ажилтны үндсэн цалинг бууруулах ёстой. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн үндсэн цалингаас гадна 2016 оны 3 дугаар сарын 4 хоногийн цалин 180 618 төгрөгийг, шагнал цалин 415 422 төгрөгийг, унааны хөнгөлөлт 1 818 төгрөгийг, нийт 597 858 төгрөгийг хассан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан үндсэн цалинг 20 хүртэл хувиар бууруулах гэснийг зөрчсөн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 597 858 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, 313 931 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Тээврийн үйлчилгээний төвийн хуралд нэхэмжлэгч оролцоогүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд тухайн хуралд нэхэмжлэгчийг оролцсон мэтээр бичсэн хурлын тэмдэглэлийг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 597 858 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Утхайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 313 931 төгрөг гаргуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б-II-39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 18 585 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН