Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 896

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;

улсын яллагч: Ц.Сүхбат;

шүүгдэгч: Ч.Д (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чин Дө холбогдох эрүүгийн 1809048891147 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, SPS HTV-д ерөнхий найруулагчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчний 60 дугаар байрны 191 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистерийн дугаартай, Жалайр овогт

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Ч.Д нь 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхоны 60 дугаар байрны 191 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч болох иргэн Э.Янжиндуламыг “бизнес эрхэлнэ, зээл авна” гэснээс болж марган улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Янжиндулам /хх-ийн 8-12/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13162 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/, Ч.Дий гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 34-35/, Ч.Дий хүсэлт /хх-ийн 49, 56/, Э.Янжиндуламын хүсэлт /хх-ийн 50-51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ч.Д нь 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхоны 60 дугаар байрны 191 тоот гэртээ хамтран амьдрагч Э.Янжиндуламтай хэрэлдэж марган улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Э.Янжиндуламын /хх-ийн 8-12/: “... 2018 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхоны 60 дугаар  байрны 191 тоотод гэртээ нөхөр Дөлгөөнтэй миний ажил хийх болсон талаар ярилцаж байгаад маргалдсан. Дөлгөөн намайг толгой, түрийгүй цохиж, зодож эхэлсэн. Дөлгөөнд зодуулснаас болоод миний толгой өвдөж, хоёр нүд хөхөрч, биеийн энд тэндгүй хавдар, хаван болсон...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Дий /хх-ийн 28-29, 34-35/: “... 2018 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үес эхэлэн эхнэртэйгээ маргалдсан. Тэрээр гэртээ хүүхдээ харахын хажуугаар гоо сайхны салон нээж ажиллуулах талаар өөрөө ярьж эхэлсэн бөгөөд тэр бизнесийг хийхийн тулд авах зээлэнд намайг тусалдаггүй, дэмждэггүй гэх талаар ярьж, түүнээс нь болж санал зөрөлдөөд маргалдаж эхэлсэн. ...Маргаан сүүлдээ ширүүсээд бид 2 маш их өндөр дуугаар маргалдаж би түүнийг хэд хэдэн удаа алгадсан..., ...Би Э.Янжиндуламтай хэсэг зуур маргалдаж байгаад толгой, нүүр хэсэгт нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,

 

Ч.Дий буруутай үйлдлийн улмаас Э.Янжиндуламын биед “зулай, дагз, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, баруун хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр талын завьжинд цус хуралт, уруулын салстад язрал, эрүү, хүзүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт зүүн бугалга, зүүн өвдөг, нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13162 тоот дүгнэлт /хх-ийн 13/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Өөр хоорондын хэрүүл маргааны улмаас хамтран амьдагч Э.Янжиндуламыг зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ч.Дий санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ч.Дий “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Янжиндулам нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Жалайр овогт Чинбаярын Дөлгөөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ