| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 182/2023/00567/И |
| Дугаар | 210/МА2023/01907 |
| Огноо | 2023-10-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2023/01907
2023 10 30 210/МА2023/01907
“З” СӨХ-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/02359 дугаар шийдвэртэй
“З” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.А-т холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 703,431 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
“З” СӨХ нь 2017 оны 05 сарын 04-ны өдрөөс үүсгэн байгуулагдсан бөгөөд намайг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр СӨХ-ны даргаар томилсон. Улмаар оршин суугчид СӨХ-ны төлбөрийг багасгах шаардлага гаргасны дагуу төлбөрийг 5,000 төгрөгөөр бууруулсан. Тус байрны оршин суугч Б.А нь 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар дуусталх хугацаанд нийт төлбөр болох 704,431 төгрөгийг төлөөгүй. СӨХ-ны төлбөрт жижүүр 4,000 төгрөг, цэвэрлэгээ үйлчилгээ 4,200 төгрөг, амьтан тэжээдэг бол 5,000 төгрөг, хогны мөнгө 2,500 төгрөг, нийтийн эзэмшлийн талбай болон цахилгааны мөнгө 4,450 төгрөг зэрэг багтдаг. Иймд хариуцагчаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 703,431 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. “Б” ХХК-ийн барьж гүйцэтгэн ашиглалтанд оруулсан МҮОНТ-ийн ажилчдын орон сууцны оршин суугчдын анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу “З” СӨХ 2017 онд байгуулсан бөгөөд А.Л нь 2019 оныг хүртэл СӨХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. С.Б “З” СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн байсан ба нөгөө хоёр удирдах зөвлөлийн гишүүний тогтоолоор гүйцэтгэх захирлаар хууль бусаар томилогдсон. Өөрөөр хэлбэл, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн гүйцэтгэх захирлыг албан ёсоор захирал болох байтал удирдах зөвлөлийн 3 гишүүний 1 нь өөрөө байж байгаад өөрийгөө сонгон удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралд томилсон. Дээрх хууль бус үйлдлийн дагуу оршин суугчдын зүгээс Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт шалгуулахаар хандахад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр хууль зөрчсөн болохыг шалган тогтоосон. Иймд “З” СӨХ-ны захирал С.Б нь хуулийн дагуу эрх барих албан тушаалтан биш буюу нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд болно.
2.2. Нэхэмжлэлийн шаардлага болох 703,431 төгрөгийг хариуцагчаас шаардаж боловч хэдэн сарын төлбөр, сарын хэдэн төгрөг, хэрхэн яаж тогтоогоод шаардаад байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээний зардлыг тооцож авахдаа хуульд заасны дагуу бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн тогтож, үүнээс гарах шийдвэрийг удирдах зөвлөл баталж, тогтоол гарсны үндсэн дээр шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байхад өөрөө эрх мэдлээ урвуулан ашиглан СӨХ-ны төлбөрийг тогтоосон хууль зөрчсөн байна. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “...дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч “З” СӨХ нь хариуцагчаас шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд ямар нотлох баримтад үндэслэн шаардаж байгаа нь тодорхойгүй. “З” СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Б нь өнөөдрийг хүртэл улирал бүрийн санхүүгийн тайлангаа оршин суугчдад тайлагнаагүй, жилд 2-оос доошгүй удаа удирдах болон хяналтын зөвлөлдөө ажлаа танилцуулах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “...дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна” гэж заасны дагуу СӨХ бүх гишүүдийн хурлыг хийх улмаар гүйцэтгэх захирал болон удирдах зөвлөл нь тухайн жилийн тайлан тооцоог бүх гишүүдийн хурлаар тайлагнах үүрэгтэй. Тус СӨХ-ны гүйцэтгэх захирал, нягтлан нар байцаагчийн ажил болон бусад орон тоо хэмнэн давхар гүйцэтгэж байгаа бөгөөд хавсран гүйцэтгэж буй ажлын цалингийнхаа хэдэн хувиар нэмэгдэл цалин авдаг эсэх, СӨХ-ны төлбөр юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй тул төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Б.А-ээс 704,431 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “З” сууц өмчлөгчдийн холбоонд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “З” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 21,432 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “З” сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэжээ.
4.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлээгүй, хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл муутай болсон. Учир нь хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/2807 тоот албан бичгийг нотлох баримтаар өгсөн. Уг нотлох баримтаар 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон С.Б-ыг холбооны гүйцэтгэх захирлаар сонгосон. Гэтэл холбооны удирдах болон хяналтын зөвлөл нь хурал зохион байгуулсан байдал, хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр, холбогдох баримт бичгийн бүрдлийг дутуу хангасан, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг удирдах зөвлөлөөр шийдвэр гаргасан, оршин суугчдад санхүү, үйл ажиллагааны тайланг албан ёсоор танилцуулаагүй байна гэсэн зөрчил тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч “З” СӨХ-ны 247 дугаар гэрчилгээг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр олгосон байх бөгөөд уг гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй, хугацаа дууссан бөгөөд сунгасан эсэх нь тодорхойгүй байна.
4.2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “З” СӨХ нь засвар үйлчилгээний сарын хураамжийг Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн жишиг №06 тогтоолын жишиг тарифт нийцүүлэн шаардах эрхтэй агуулга бүхий дүгнэлтийг хийж, засвар үйлчилгээний хуримтлалын үнийн жишиг тарифыг 2014 онд баталсан бөгөөд уг тарифын агуулга нь нэг өрхөөс авах суурь хураамж нь хэдэн төгрөг байх, цаашлаад дээд зөвлөлд албан ёсны бүртгэлтэй СӨХ уг тарифыг мөрдлөг болгон шаардахаар баталсан. Гэтэл “З” СӨХ нь дээд зөвлөлд бүртгэлгүй, уг тарифыг мөрдлөг болгон шаардах эрхгүй. “З” СӨХ нь холбооны дээд зөвлөлд бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа тодорхойлолтыг гаргуулах талаар хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлэх үүргээ хэргжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй. Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “...дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ...” гэж заасан. Гэтэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт хийсэн.
4.3. Хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар нотлох баримтаар нотлоогүй буюу нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Гэтэл шүүх хариуцагчийг тухайн орон сууцны өмчлөгч гэж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн эсэх нь ойлгомжгүй.
4.4. Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн эрх ашгийг хохироосон. Иргэний хэрэг үүсгэснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн боловч өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хуралдаан болох өдөр санал болгосны дагуу өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Иймд шүүх хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрхэд хууль бусаар халдаж талуудын мэтгэлцэх зарчмыг хязгаарласан. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “З” СӨХ нь хариуцагч Б.А-т холбогдуулан 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 704,431 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг ...З СӨХ-ны захирал С.Б тус сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөх эрхгүй, ... З СӨХ нь дээд зөвлөлд бүртгэлгүй, уг тарифыг мөрдлөгө болгон шаардах эрхгүй” ...тус СӨХ нь тайлангаа танилцуулдаггүй, ...хариуцагч тухайн орон сууц өмчлөгч мөн болохыг нэхэмжлэгч нотлоогүй, ...шүүх өмгөөлөгч авах эрхээр хангаагүй... гэж тус тус маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Баянгол дүүргийн Засаг даргаас тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, 43а дугаар байрны сууц өмчлөгчдийн хурлын холбогдох материалыг үндэслэн “З” СӨХ-г Баянгол дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ олгосон үйл баримт хэргийн 3 дугаар тал дахь гэрчилгээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.
4.а. Хэргийн 57-65 дугаар тал дахь баримтаас үзвэл 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “З” СӨХ-ны бүх гишүүдийн хурал хуралдаж уг хурлаар тус холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон С.Б-ыг холбооны удирдах зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/62 дугаар тушаалаар гүйцэтгэх захирлын ажилд томилсон бөгөөд уг тушаалыг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
4.б. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хуульд зааснаар “З” СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан талаарх 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/2807 тоот албан бичиг хэрэгт авагдсан байх бөгөөд уг албан бичигт “З” СӨХ нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон С.Б-ыг холбооны гүйцэтгэх захирлаар сонгосон, холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөл нь хурал зохион байгуулсан байдал хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр, холбогдох баримт бичгийн бүрдлийг дутуу хангасан, бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг удирдах зөвлөлөөр шийдвэр гаргасан, оршин суугчдад санхүү болон үйл ажиллагааны тайланг танилцуулаагүй гэжээ.
4.в. Талуудын тайлбар болон дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл С.Б нь “З” СӨХ-г төлөөлөх эрх бүхий этгээд байх бөгөөд анхан шатны шүүх С.Б-ыг “З” СӨХ-г төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн зөв болжээ. Харин энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /хх-4/
5. Баянгол дүүргийн Засаг дарга нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, 43а байруудыг хамруулан, З сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, 247 дугаар гэрчилгээг олгосон. Харин хариуцагч Б.А нь Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байр, 72 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 3/
5.а. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан тул нэхэмжлэгч “З” СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагч Б.А-ээс шаардах эрхтэй. Хариуцагч нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугч бүр хуульд заасан журмын дагуу төлөх үүрэгтэй.
5.б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “СӨХ-ны гэрчилгээний хугацаа дууссан, хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 05/2807 тоот албан бичгээр 4 төрлийн зөрчил дутагдал илэрсэн” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь хариуцагчийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6. “З” СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/19 дүгээр тогтоолоор оршин суугчид ба орон сууцны байр хонгилын хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс авах засвар үйлчилгээний сарын хураамжийг Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн жишиг тарифт нийцүүлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.
6.а. Дээрх тогтоолд заасан засвар, үйлчилгээний сарын хураамжийн хэмжээг Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоолд заасан жишиг тарифийн хэмжээтэй харьцуулан үзэж, жишиг тарифийн хэмжээний дотор байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг засвар үйлчилгээний сарын хураамжийн хэмжээг бүх гишүүдийн хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоолоор тогтоосон гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 40-41/
6.б. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.А-ээс 704,431 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “З” СӨХ-нд олгуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...хариуцагч нь тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хариуцагчийг өмчлөгч гэж үзсэн нь ойлгомжгүй...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
7.а. Хэрэгт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авагдаагүй боловч хариуцагч Б.А нь СӨХ-ны төлбөрийн асуудлаар өмнө шүүхээр маргаж шийдвэрлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн орон сууцны өмчлөгч биш гэж анхан шатны шүүх хуралдаан дээр мэтгэлцээгүй, мөн зогсоолын болон лифтний төлбөрийн талаар маргаагүй болох нь шүүх хуралдааныг тэмдэглэлээр тогтоогдож байна. Анхан шатны шүүх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагч Б.А-т хариуцуулсан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг зөрчихгүй.
7.б. Нөгөөтэйгүүр хариуцагч нь нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу тухайн орон сууцны өмчлөгч биш гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
8. Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Иймд анхан шатны шүүх хариуцагч талд хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжийг олгосон, энэ талаар тайлбарласан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/02359 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ