| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0171/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2019-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809053480083 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 71 тоотод оршин суудаг, Батлан хамгаалахын их сургуулийн удирдлагын академийн сонсогч ажилтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ревер саунд бааранд “эхнэрийг чинь шаамаар байна.” гэж хэлсний улмаас М.Батмөнхтэй маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Д.Быг 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ревер саунд бааранд “эхнэрийг чинь шаамаар байна.” гэж хэлсний улмаас М.Батмөнхтэй маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Д.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Ревер саунд бааранд “эхнэрийг чинь шаамаар байна” гэж хэлсний улмаас М.Батмөнхтэй маргалдан улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч М.Батмөнхийн “Би 2018 оны 9 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө найз Ганбаатар, Ариунбат нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд Ривер саунд бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед бүжгийн талбай дээр манай хоёр найз бүжиглэж байхыг харж байтал Д.Б гээд залуу талбай дээр бүжиглэж байсан танихгүй залуугийн нэг юмыг аваад өөр нэг эмэгтэйтэй уулзах шиг болохоор нь би тэр эмэгтэй дээр очоод хулгайн хэрэг дээр хамтарч ажиллаж болно шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй чи юу яриад байгаа юм бэ гэж Д.Бт хэлсэн. Тэгсэн чинь Батбаатар намайг чи миний авгайтай унтана гэж хэллээ гээд олон хүмүүсийн дунд уурлаад намайг бүжгийн талбай нааш цааш нь авч шидсэн. Тэгснээ намайг ална гэж орилсон. Тэгээд баарнаас гараад бас бөөн хэрүүл маргаан болсон. Тухайн үед манай найз цагдаа дуудсан. Миний чихэнд учирсан гэмтлийг Л.Батбаатар гэдэг залуу бааран дотор байхдаа намайг нааш цааш нь болгож газарт унагааснаас болж миний чих гэмтсэн. Миний чих хамранд цохигдож гэмтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-17/,
гэрч Ж.Ганбаатарын “...Батмөнх бүжиглэж байтал Батмөнх нэг эмэгтэйг “чи хулгайч нартай нийлж хулгай хийгээд байгаа юм уу?” гэж асуух шиг болсон. Тэгсэн чинь гэнэт хажуу талаас нэг залуу Батмөнхийг хөлөөрөө өшиглөөд зууралдаад байсан. Намайг нэг харсан чинь Батмөнх газар унаж байсан. Батмөнх газар унаад босоод ирэхэд түүний чихнээс нь цус гарч байсан...” /хх-25/,
хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11844 тоот актын “…М.Батмөнхийн бид баруун чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2018 оны 9 дүгээр сарын 29-ний 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад хэргийн яамны урд байдаг Ривер саунд бааранд орж суусан. Ревер саунд бааранд би хоёр шил пиво уусан. Тэгээд 23:00 цагийн үед намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Батмөнх над дээр ирээд миний гарын булчин хэсгээс гараараа бариад эхнэрийг чинь шаамаар байна гэж надад хэлсэн. Би юу гэнээ гэж асуусан чинь намайг жаахан хойшоогоо татсанаа хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ би чамд мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд би Батмөнхөд юу гээд байгаа юм бэ яагаад намайг доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь хэн Батмөнх намайг хэн доромжилсон юм бэ чи янхан зардаг биз дээ гэж хэлсэн. Тэгээд Батмөнх бид хоёр барилцаж авсан. Би Батмөнхтэй зууралдаж байгаад өөрийнхөө хөлөөр Батмөнхийн хөлийг хавсарч унагаахад Батмөнх унахдаа баарны ширээ мөргөөд унахдаа чихээ гэмтээсэн. Надаас өөр хэн ч гар хүрээгүй…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Бт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Д.Бт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР