Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 4588

 

         Зохигчийн эвлэрлийг баталж,

                                                      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 6 дугаар баг, Дөрвөлж 10-8 тоотод оршин суух, Тэмээчин овогт Дэмбэрэлийн Мөнхцэцэг /РД: ЦГ66031509/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12-217 тоотод байрлах, “Мангут” ХХК /РД: 2577593/-д холбогдох,

 

10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн төлөөлөгч Ү.Зуунай, хариуцагчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн, иргэдийн төлөөлөгч Л.Чимэдлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол Жалханз Хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах “Мангут” эмнэлэгг хэвтэн эмчлүүлэх үйлчилгээ авахаар очоод 2 хоног болж байхад тус эмнэлэгт гал гарсны улмаас тус эмнэлгийн харьяа гэх “Мойлтын тохой” сувилалд шилжин эмнэлгийн үйлчилгээ авч байсан. Ийнхүү сувилалд байх үед "Мангут” эмнэлгийн ажилтан Х.Ууганжаргал нь 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бариа эмчилгээнд бумба тавих гэж байгаад нурууг минь түлсэн ба мөн миний үс галд өртсөн. Надад учирсан гэмтлээс болж тухайн үед миний суганы булчирхай цочиж, түлэгдсэн талдаа хавантаж, цэврүүтэж, идээлж, таталдах, лугшиж өвдөх, ар нуруугаараа хэвтэх боломжгүй болсон, бас нойргүйдсэн, маш их зовиур шаналгаатай байсан, одоо миний нуруунд түлэгдэлтээс үүссэн их хэмжээний сорви бий болсон байдалтай байна. Ийм хэмжээний сорвийг манай улсад “Блю Скай” эмнэлэг 5 000 000 төгрөгөөр эмчилнэ гэсэн тул миний бие эмчилгээний энэхүү зардлыг урьдчилан гаргуулахаар миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст хийсэн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон н.Ариунцэцэг нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг давтсан шинжтэй мэдүүлэг өгсний улмаас шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэн цаашид гарах болон гарсан зардлаа хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй болох тухай шийдвэр гаргасан билээ. Ингээд би өөрийн биед учирсан гэмтлээ эмчлүүлэхээр БНСУ-ын “Чондам Оракил” эмнэлэгт шинжилгээ өгөхөд нэг бүр нь 1 сая воны лазерийн эмчилгээг 5-аас доошгүй удаа очиж хийлгэх болон цайруулах тос түрхэх шаардлагатай гэсэн болно. Иймд “Мангут” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас миний биед учирсан үр дагаврыг арилгаж, гэмтэл учрахаас өмнөх байдлыг сэргээлгэх мөнгөн төлбөрт 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Мангут” ХХК-ийн төлөөлөгч Ү.Зуунай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Мангут” эмнэлэг нь иргэн Д.Мөнхцэцэгийн биед ямар нэгэн гэмтэл, гэм хор учруулаагүй. Харин тус эмнэлэгт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан их эмч Х.Ууганжаргал нь эмнэлгээс өгсөн үүрэг даалгавар, стандартыг зөрчин эмчилгээ хийж байхдаа Д.Мөнхцэцэгийн нурууг бага зэргийн түлж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэдэг. Тухайн үед их эмч Х.Ууганжаргал нь өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээ хийж, улмаар улмаар 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлж, тос түрхүүлж боолт хийлгэн, бусад зардлыг төлсөн байна. Их эмч Х.Ууганжаргал нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лицензтэй эмч тул өөрийн гаргасан алдаа зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлоо өөрөө хариуцаж төлөх үүрэгтэй билээ. Мөн “Мангут” эмнэлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажлын алдаа зөрчил гаргавал өөрөө хариуцана гэсэн байдаг. Х.Ууганжаргал нь Д.Мөнхцэцэгийн зардлыг хариуцах ёстой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрүүл мэндэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” байна. Иймд Д.Мөнхцэцэг нь эмч Х.Ууганжаргалаас нэхэмжлэх нь шударга явдал юм. Д.Мөнхцэцэгт 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдэг. Энэ гэмтэл нь 30 хоногийн дотор ямарч сорвигүй эдгэрдэг юм. Д.Мөнхцэцэгт түлэгдэлтээс үүссэн сорви гэж одоо байхгүй үүнийг мэргэжлийн мэс засалч эмч Ү.Зуунай би дүгнэж байна. Тэр үед би үзлэг хийж байсан ба одоо дахин үзэхийг хүсч байна. Д.Мөнхцэцэг нь манай улсын “Блю Скай” эмнэлэг нь 5 000 000 төгрөгөөр эмчилдэг гэх боловч тийм эмнэлэг байдаггүй. Харин “Блю Скай” гэдэг гоо сайхны газар байдаг ба тус газар нь ямар ч зөвшөөрөлгүй, хүн эмчлэх эрхгүй билээ. Д.Мөнхцэцэг нь удаа дараа ирж гуйгаад байхаар нь 5 000 000 төгрөгөөр эмчилдэг гэсэн бичиг хийж өгсөн гэж гэрч Ц.Ариунцэцэг шүүх хуралдаанд мэдүүлдэг. Үүнээс харахад Д.Мөнхцэцэг нь шүүхэд хуурамч баримт цуглуулж өгдөг юм. Түүний одоо нэхэмжилж байгаа 10 000 000 төгрөг гаргуулах баримт нь хуулийн шаардлага хангаагүй, ойлгомжгүй баримт байна. "Мангут” эмнэлэг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрээр Д.Мөнхцэцэгт учирсан хохирлыг бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч өөрийн шаардлага 10 000 000 төгрөгийн 5 500 000 төгрөгийг төлүүлэх шаардлагаас татгалзаж, хариуцагч “Мангут” ХХК нь үлдэх 4 500 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож талууд эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь хариуцагч “Мангут” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 10 000 000 төгрөгийн 5 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4 500 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр зөвшөөрч тадууд эвлэрсэн нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Д.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй, “Мангут” ХХК-д холбогдох, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 10 000 000 төгрөгийн 5 500 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 4 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 175 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 86 950 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД                                                      Б.АЗБАЯР

 

                                                                                                           Н.ХАНГАЛ