Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 4589

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Экспресс тауэр, 14 дүгээр давхар, 1401 тоотод байрлах, “Экохүрээ” ХХК /РД: 2867249/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн гудамж, өөрийн байранд байрлах “Суурь” ХХК /РД: 2041588/-д холбогдох

 

12 989 914 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Экохүрээ” ХХК-ийн төлөөлөгч Л.Наранзул шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Суурь” ХХК-тай бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба бид гэрээгээр хүлээсэн үүрэг болох “Сики Рапид1” хэмээх түргэн бэхжүүлэгч бүтээгдэхүүн нийлүүлсэн. Хариуцагчаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид Б-15-10 дугаар албан бичиг хүргүүлж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10 239 262 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө барагдуулахгүй бол гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу хоногийн 0.3 хувийн алданги тооцож эхлэх талаар мэдэгдсэн. Ийнхүү төлбөрөө бүрэн төлөөгүй тул 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 9 345 262 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар хоёр талаас тооцоо нийлсэн. Алданги нь 2015 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 130 хоног буюу 3 644 652 төгрөг болсон. Иймд нийт 12 989 914 төгрөгийг “Суурь” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч “Суурь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авсан тул төлбөрийг төлөх нь үнэн. Уг нь төлбөрийн асуудлаар эвлэрэх боломжтой гэж үзэж байгаа. Эдийн засгийн хямралаас болоод төлбөрийг төлөх боломжгүй байсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Экохүрээ” ХХК нь хариуцагч “Суурь” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9 345 262 төгрөг, алданги 3 644 652 төгрөг, нийт 12 989 914 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...Эдийн засгийн хямралаас болоод төлбөрийг төлөх боломжгүй байсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талууд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч “Экохүрээ” ХХК нь нийт 24 000 000 төгрөгийн үнэтэй, “Сика Рапид 1 буюу түргэн бэхжүүлэгч нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан авагч “Суурь” ХХК-д нийлүүлэх, худалдан авагч “Суурь” ХХК нь бүтээгдэхүүний үнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлөх бөгөөд тухайн сард худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулсан талаар тооцоо нийлсэнээр дараагийн сард бараа бүтээгдэхүүнийг авахаар талууд тохиролцсон байна. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн гэрээний дагуу гэрээнд заасан бүтээгдэхүүнийг худалдсан, худалдан авсан үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцэж байна.

 

Гэрээний агуулга, шинж, талуудын эрх үүрэг, гэрээний зүйл, төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг талуудад үүссэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгчид “Сика Рапид 1 буюу түргэн бэхжүүлэгч нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагч “Суурь” ХХК-д нийлүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг гэрээний үндсэн дээр талуудад үүссэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Худалдан авсан тул төлбөрийг төлөх нь үнэн. Уг нь төлбөрийн асуудлаар эвлэрэх боломжтой гэж үзэж байгаа” гэсэн тайлбараар нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. Харин талуудын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчид 9 345 262 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч уг төлбөрийн талаар маргаагүй байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нь мөн зүйлд зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр 9 345 262 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Гэрээний 3-т алдангийн хэмжээг хоногийн 3 хувь байхаар заасан боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд алдангийн хэмжээг хоногийн 0.3 хувиар тооцсон гэж тодорхойлжээ.

 

Гэрээний 3-т “худалдан авагч нь тухайн сард авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулсан талаар тооцоо нийлсэнээр дараагийн сард бараа бүтээгдэхүүнийг авах эрхтэй болно” гэж, 2-т “худалдан авсан барааны тоо хэмжээ нь нийлүүлэгчээс олгосон зарлагын баримтаар тодорхойлогдоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагчид алданги тооцож эхлэх хугацаа, үндсэн үүргээс үлдэх хэдэн төгрөгийн төлбөрт алданги тооцох зэргийг нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9 345 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 3 644 652 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “Суурь” ХХК-иас 9 345 262 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Экохүрээ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 644 652 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хяналан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 222 789 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 164 475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.БАЯСГАЛАН