| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0302/Э |
| Дугаар | 900 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 900
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга О.Бадмаараг,
улсын яллагч П.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Д.Н (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... холбогдох эрүүгийн 1809022561133 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Од” нэртэй цайны газарт тогооч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 18 дугаар байрны 04 тоотод оршин суух, урьд:
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, .... регистерийн дугаартай, Соёд овогт .............
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:
Яллагдагч Д.Н нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Сүбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 35 тоотод орж хохирогч Б.Соёлмаагаас “утсаа өгөөч, хүнтэй ярьчихаад өгье” хэмээн хуурч, бусадтай холбогдон утсаар ярьж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “Ай фоне 6 эс” загварын гар утсыг авч бусдад 472.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11/, хохирогч Б.Соёлмаа /хх-ийн 19-21/, гэрч Л.Ижилцэцэг /хх-ийн 23-24/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-28/, Д.Нгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33, 39-42/, Д.Нгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-73/, Б.Соёлмаагийн хүсэлт /хх-ийн 78/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Д.Н нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчим Сүбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны 35 тоотод Б.Соёлмаагаас “утсаа өгөөч, хүнтэй ярьчихаад өгье” хэмээн хуурч, төөрөгдөлд оруулан “Ай фоне 6 эс” загварын гар утсыг нь залилан авсан болох нь:
хохирогч Б.Соёлмаагийн /хх-ийн 19-21/: “... Би гэртээ хувцасаа угаагаад 1 сартай хүүгээ хараад сууж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирсэн. Тэр хүн надаас “утсаа өгөөч, нэг яриад өгье” гэсэн. Би түүнд “надад нэгж байхгүй” гэхэд тэр хүн “утсаа өгч байгаач” гээд гуйхаар нь өөрийн “Ай фоне” маркийн 6 эс загварын гар утсаа түүнд өгсөн. Гэтэл тэр хүн, өөр хүнтэй утсаар 2-3 минут ярьж байгаад миний утсыг аваад гэрээс гараад явсан. Тэр хүн 30 орчим настай, туранхай биетэй цэнхэр өнгийн цамц өмссөн байсан. Намайг гэртээ байхад хажуу айлын үүдээр тонголзоод байхаар нь яах гэснийг нь асуухад “түлхүүрийг нь хайж байна, үлдээгээд явна гэсэн юм” гэж хэлсэн. Хажуу айлын хүнээс орой нь асуухад “манай гэрт ирэх хүн байхгүй, ямар ч хүн над руу яриагүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
Д.Нгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33, 39-42/: “... Би тухайн үед утасгүй явж байсан учраас ТҮЦ орж утсаар ярих гээд явж байгаад нэг айлын хашааны том хаалга нь онгорхой, гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь гэрт ороход 30 гаран насны эмэгтэй, нярай хүүхдийн хамт байсан. Би тэр эмэгтэйд “та гар утсаараа яриулаач” гэхэд тэр эмэгтэй “тэг, тэг” гээд “Ай фоне 6 эс” маркийн гар утсаа өгөхөөр нь би найзруугаа залгахад утсаа авахгүй байсан. Тэр эмэгтэйн хүүхэд уйлаад байхаар нь би гэрээс нь гараад хашаан дотор ээж, эгч нар руугаа залгахад утсаа аваагүй. Би хашаан дотор удаан зогсож байгаа гар утсыг нь аваад зугтаасан. Тэгээд машин засварын газрын орчим явж байгаад 2 ахад 70.000 төгрөгөөр зараад эм тариа аваад гэртээ очиж хүүхэддээ өгсөн...” гэх мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд /хх-ийн 26-27/: “...шууд харьцуулалтын аргаар зах зээлийн үнэлгээгээр “Ай Фоне 6 эс” загварын гар утасыг 424.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэснээр болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Д.Нгийн “утсаар нь ярьчихаад өгье” гэсэн гэсэн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчийн гар утсыг худал хэлж авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Н нь “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хохирогчийг төөрөгдүүлэн, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.
Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Д.Нгийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Соёлмаагийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт санал хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, мөн прокурорын саналыг харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Соёд овогт Дамбын Наранхүүг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ