Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 4600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух, Тариаланч овогт Хурцгэрэлийн Жаргал /РД: ЧД86092106/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 хороо, Зүүн Ард Аюуш 25-5 гудамж, 90 тоотод оршин суух, Жононгууд овогт Эрдэнэбатын Энэбиш /РД: ЧС83080800/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Жаргал, хариуцагч Э.Энэбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Энэбиштэй 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч Э.Энэбиш нь зээлийн төлбөрийг төлөөгүй. 2 сарын хүү 1 600 000 төгрөгийг төлсөн. Тэрээр гэрээний хугацааг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгах хүсэлт гаргасан тул амаар гэрээний хугацааг сунгасан. Уг хугасаанд хүүнд 800 000 төгрөг төлсөн. Мөн 3 000 000 төгрөг төлсөн ба уг төлбөрийг үндсэн зээл 8 000 000 төгрөгөөс хасаж, үлдэх 5 000 000 төгрөг, алданги 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 130 хоногийн алданги, хоногийн 0.5 хувиар тооцхоор 3 200 000 төгрөг болж байна. Уг алдангийн хэмжээ нь 50 хувиас хэтэрч байх тул 5 000 000 төгрөгийн 50 хувь болох 2 500 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Иймд нийт 7 500 000 төгрөгийг Э.Энэбишээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Энэбиш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Х.Жаргалтай 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зээлсэн. Гэрээний хугацаанд 2 сарын хүүнд 1 600 000 төгрөг төлсөн ба үүнээс хойш нийт 3 800 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрт 4 200 000 төгрөгийг төлнө. Алдангийг төлөх боломжгүй. Гэрээний хугацааг сунгаагүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Жаргал нь хариуцагч Э.Энэбишд холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...үндсэн төлбөрөөс 3 800 000 төгрөгийг төлсөн, үлдэх 4 200 000 төгрөгийг төлнө, алданги төлөхгүй, гэрээний хугацааг сунгаагүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр зээлдэгч Э.Энэбиш нь зээлдүүлэгч Х.Жаргалаас 8 000 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурж, гэрээ байгуулсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох юм.

 

Зээлийн гэрээний зүйл болох 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь дээрх 8 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн, хариуцагч нь уг мөнгийг хүлээн авсан үйл баримтаас үзвэл мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тооцохоор байна.

 

Нөгөөтэйгүүр, зээлийн гэрээний зээлдэгч гэсэн хэсэгт хариуцагч Э.Энэбиш болон Б.Цовоосэргэлэн нар гарын үсэг зурсан байх боловч зээлийг хариуцагч хүлээн авсан талаар талууд маргаагүй байхаас гадна Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болохоор байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь хуульд харшлаагүй байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 800 000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 800 000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон Хаан банкны депозит дасны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг амаар сунгаж, хариуцагчаас 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 800 000 төгрөгийг зээлийн гэрээний хүүнд тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг аман хэлбэрээр сунгасан үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Гэрээний хугацаа дууссахад хариуцагч үндсэн зээлийг төлөх үүрэгтэй байсан боловч 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 800 000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 400 000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 800 000 төгрөгийг, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 800 000 төгрөгийг, нийт 3 800 000 төгрөгийг үндсэн зээлээс хугацаа хэтрүүлэн төлсөн нь, мөн үндсэн зээлээс 4 200 000 төгрөгийг төлөөгүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон Хаан банкны орлогын мэдүүлэгээр нотлогдож байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 4 200 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд гэрээний 3-т талууд алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувь байхаар харилцсан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь үндсэн зээлээс зарим хэсгийг хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн, зарим хэсгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гэрээний 3 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гэрээний үүргийн хариуцлага буюу алданги төлөх үүрэгтэй юм.  

 

Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүрэг 4 200 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байх бөгөөд нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан алданги буюу гэрээний хариуцлагыг 1 500 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 4 200 000 төгрөг, алдангинд 1 500 000 төгрөг, нийт 5 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Э.Энэбишээс 5 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Жаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 417 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөдшүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                                       

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.БАЯСГАЛАН