Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 4614

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 11 дүгээр гудамж, 260 тоотод оршин суух, Өнжүүл овогт Бүргэдийн Энхтайван /РД: ЦВ82041100/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 21 дүгээр байр, 3-9-107 тоотод оршин суух, Боржигон овогт Мятарын Баярсүрэн /РД: НЙ75110705/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 21 970 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхтайван, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баттогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Баярсүрэнтэй 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Зээлийн гэрээ" байгуулан 16 900 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч М.Баярсүрэн нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд хариуцагч М Баярсүрэнгээс гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 60 хоногийн алданги 5 070 000 төгрөг, үндсэн зээлийн 16 900 000 төгрөгийн хамт нийт 21 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Баярсүрэнд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатайгаар 5 000 000 төгрөг болгож авахаар зээлдүүлсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөн дээрхи нөхцөлтэйгээр дахин 4 500 000 төгрөгийг өөрийн нөхөр болох Р.Зоригтбаатарын данснаас шилжүүлсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз Я.Буянтогтохын данснаас 4 500 000 төгрөгийг мөн адил 30 хоногийн хугацаатай 5 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн юм. М.Баярсүрэн нь өнгөрсөн 2015 оны 10 сараас хойш зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөхгүй сар бүр хүү төлөх зарчимаар хугацааг сунгаж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулах эцсийн хугацаа байсан боловч төлөөгүй. Иймд миний бие дахин хугацааг 10 хоног сунган төлбөрийг бүрэн барагдуулах хугацааг олгонсон гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан. Иймд М.Баярсүрэнгээс үндсэн зээл 16 900 000 төгрөг, 60 хоногийн алданги 5 070 000 төгрөг, нийт 21 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Баярсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зээл 16 900 000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. Гэрээ гэх зүйлийг сүүлд гэрт ирж нөхөн бичүүлсэн. Гэрээний дагуу мөнгийг аваагүй. Иймд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ.    

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхтайван нь хариуцагч М.Баярсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 970 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 4 500 000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатайгаар 5 000 000 төгрөг болгож авахаар, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мөн дээрхи нөхцөлтэйгээр дахин 4 500 000 төгрөгийг өөрийн нөхөр болох Р.Зоригтбаатарын данснаас шилжүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз Я.Буянтогтохын данснаас 4 500 000 төгрөгийг мөн адил 30 хоногийн хугацаатай 5 000 000 төгрөгийг тус тус зээлдүүлсэн” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...зээлийн гэрээний дагуу мөнгийн аваагүй, ...гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан мөнгө зээлдүүлсэн тухай баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 16 900 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, алдангийг хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар тохирч талууд гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч нь уг баримтын үндэслэлээ 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг нэгтгэн баримт үйлдсэн гэж тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

Гэтэл нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан мөнгө зээлдүүлсэн тухай баримтаар хариуцагчид 16 900 000 төгрөгийг шилжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргаж байх боловч хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан баримтанд хариуцагч гарын үсэг зурсан үйл баримтаас үзвэл талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 02-ны байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч М.Баярсүрэн нь зээлдүүлэгч Б.Энхтайвангаас 4 500 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлэхээр талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...хариуцагч 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний хүүнд нийт 738 870 төгрөг төлсөн” гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн дээрх зээлийн гэрээний хүүг хариуцагч төлж байсан үйл баримтаар мөн зүйлийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Дээрх гэрээнд зааснаар хариуцагч нь үндсэн зээл болох 4 500 000 төгрөгийн 30 хоногийн хүүнд 450 000 төгрөг төлөх байснаас 738 870 төгрөгийг төлсөн тул зөрүү 288 870 төгрөгийг хариуцагчийн төлөөгүй үндсэн зээл 4 500 000 төгрөгөөс хасаж 4 211 130 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус хариуцагчид 4 500 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохиролцож тус бүр 4 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх боловч хавтаст хэргийн 24, 27 дугаар талд авагдсан Хаан болон Голомт банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон төлбөрийн баримтаар З.Энхбаатараас 4 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл явдал, Рэнцэн Зоригтбаатарын 5057325290 дугаар данснаас 4 500 000 төгрөгийн зарлага гарсан үйл явдлыг дээрх 2 гэрээний дагуу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн мөнгийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, З.Энхбаатараас болон Рэнцэн Зоригтбаатарын 5057325290 дугаар данснаас тус бүр 4 500 000 төгрөгийн зарлага гарсан болон шилжүүлсэн мөнгийг зээлийн гэрээний зүйл гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 4 211 130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 758 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг гаргасан уг хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч М.Баярсүрэнгээс 4 211 130 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхтайванд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 758 870 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 267 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82 328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

                                                                                                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             М.БАЯСГАЛАН