Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

­

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: О.Алтанзул,       

улсын яллагч: П.Бямбасүрэн,

хохирогч: Х.Анар,

шүүгдэгч: Х.И, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэн ирүүлсэн холбогдох эрүүгийн 1809042391069 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их Засаг” Олон Улсын Их Сургуулийн барилгын архитектурын 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, хойд эх, 2 дүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр 8 дугаар баг, Бүрэнбүст, 5 дугаар хороолол, 13 дугаар байр 9 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 4Б байрны 43 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистерийн дугаартай, Тайж овогт

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:

Яллагдагч Х.И нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний оройн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны орцонд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Х.Анарын Ай фоне 8 плас загварын гар утсыг үзээд өгье хэмээн хуурч аван бусдад 1784000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.И мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Анар мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 19-нд найзындаа байхад Итгэлбаяр надруу залгаад бид уулзсан. 220 мянгатын байрны орцонд байхад “утсыг чинь үзээд өгье, фэйсбүүк орьё” гээд миний утсыг авсан. Бид хамт яваад “Өргөө-2” кино театр дээр кино үзэх гэж очсон. Доод талын тоглоомын хэсэгт тоглоом тогтож байхад Итгэлбаяр хажууд картаа үлдээгээд “би 00 ороод ирье” гээд явсан. Тэгээд тэр чигтээ яваад өгсөн. Итгэлбаяр тогтоосон хугацаандаа төлбөрөө төлбөл гомдолгүй.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс Эрүүгийн цагдаагийн тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 8/, хохирогч Х.Анарын мэдүүлэг /хх-ийн 11/, Х.Иын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12, 21-22/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/, Х.Иын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-29/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Х.И нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний оройн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны орцонд найз нөхөрийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Х.Анарын “Ай фоне 8 плас” загварын гар утсыг нь залилан авсан болох нь:

 

хохирогч Х.Анарын /хх-ийн 11/: “... 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагийн орчимд би найз Мичидмаагийнд байж байхад нэг Юнителийн дугаараас Итгэлбаяр залгаад “хаана байгаа юм бэ, уулзъя, цэргээс чөлөөгөөр 3 хоногийн хугацаатай гарч ирсэн, өнөөдөр буцна” гэхээр нь “тэгье” гэсэн. .... Итгэлбаяр “би маргааш буцна, надтай хамт яваад кино үзчих” гээд миний утсыг өгөхгүй байсан. Бид хамт “Өргөө 2” кино театрт ороод 17 цагаас кино үзэхээр болоод Б1 давхарын тоглоомын хэсэг рүү ороод тоглож байхад Итгэлбаяр “ХААН” банкны карт хажууд үлдээгээд “би “00” орчихоод ирье” гээд гарч яваад ирээгүй. Би түүнийг цаг хүлээж байгаад фэйсбүүкээрээ ороод харахад миний фэйсбүүкийг блоклосон байсан. Би өөр фэйсбүүкээрээ ороод найзын хүсэлт явуулахад Х.И гэсэн хаягаа бүр устгасан байсан. ... Би утсаа 2017 онд ээжрүүгээ Америк руу захиалж авч байсан. “Ай фоне 8 плас” загварын саарал өнгийн сэв зураасгүй ягаан өнгийн гэртэй гар утас байсан...” гэх мэдүүлгээр,

 

 Х.Иын гэрчээр болон яллагдагчаар мэдүүсэн /хх-ийн 12, 21-22/: “... Би цэргийн алба хааж байхдаа чөлөөгөөр хотод ирээд өөрийн хуучин танил Х.Анарын фэйсбүүк хаягруу нь “уулзъя” гээд уулзсан. ... Бид хамт “кино үзье” гээд “Өргөө-2” кино театрт ороод тоглоомын төв дээр тоглож байгаад би “ “00”-ийн өрөө орчоод ирье” гээд Х.Анарын гар утсыг аваад шууд гараад “Тэди” төв рүү явсан. Кодыг нь гаргуулах гэж үзээд гаргаж чадаагүй. Тэгээд тэнд гадаа нь байсан 35-40 орчим насны намхан таргандуу ахад 1.000.000 төгрөгөөр зараад мөнгийг нь бэлнээр аваад шууд хорооллын дэлгүүр орж хувцасаа солид шинэ пүүз, фудволка, цамц, малгай авч өмссөн. Мөн хуучин ажиллаж байсан баарандаа ороод найзуудтайгаа уулзаад жаахан пиво уусан. Би хувцас 700.000 төгрөгөнд авсан. 100.000 төгрөгөөр нь архи пиво уугаад, 100.000 төгрөгөөр нь дэлгүүрээс 2 цэрэг бүс аваад үлдэгдлээр нь тамхи, чихэр ундаа аваад цэргийн ангируугаа явсан...” гэх мэдүүлгээр,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд /хх-ийн 14-15/: “...үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 09 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1.784.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэснээр болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Х.Иын “утсыг нь үзээд өгье” гэсэн гэсэн үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчийн гар утсыг худал хэлж авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Х.И нь “утсыг нь үзээд өгье” хэмээн найз нөхдийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангасан байна.

 

 Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч Х.Иын хохирогчийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгч Х.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт  1.784.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан байна.

 

Ийм учраас шүүгдэгч Х.Иаас дээрх мөнгийг гаргуулж хохирогчид олгох нь хууль зүйн үндэстэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Х.Иыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага, ялын зорилгын нэг хэсэг нь хохирлыг нөхөн төлүүлэхэд оршино. Ийм учраас шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэж Х.Ит оногдуулсан ял дээр нэмж гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.

 

          Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Хундагын Итгэлбаярыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Иыг нийт 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ит оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.И 3 (гурав) хоног баривчлагдсан бөгөөд түүний баривчлагдсан 1 (нэг) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож нийт 24 (хорин дөрвөн) цагийн ажлыг эдлэх ялаас хассугай. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Иаас 1.784.000  төгрөгийг гаргуулж хохирогч Х.Анарт олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Иыг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор нийт 1.784.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ