Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 4625

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 44Д дүгээр байр, 65 тоотод оршин суух, Хохь тайж овогт Хүрэлбаатарын Даваасайхан /РД: УШ80102011/-ы нэхэмжлэлтэй,

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “НТОДИ” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Даваасайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр “НТОДИ” ХХК-д өөрийн мастераар сарын цалин 400 000 төгрөгөөр үнэлж цалинжихаар тохиролцож гэрээ байгуулсан. 2013 оны 10 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 798.5 метр, 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргал суманд 125 метр, 2014 оны 8 дугаар сараас 9 дүгээр сард Архангай аймгийн Их тамир суманд 1375.5 метр, 2014 оны 10 дугаар сараас 11 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар суманд 819 метр өрөмдсөн болно. Энэ тууш метр нь нийтдээ 3118 метр бөгөөд гэрээнд зааснаар 4000 төгрөгөөр тооцоход 12 472 00 төгрөг, сарын үндсэн цалин болох 4 400 000 төгрөгийг гаргуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй гэсэн. Иймд “НТОДИ” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Даваасайхан нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Шинэбаярыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Даваасайхан нь “НТОДИ” ХХК-д холбогдуулан 12 472 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нарны зам-62 Юнион бюлдинг С блок 16 давхарт байрладаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2016/01041 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч Х.Даваасайханд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “НТОДИ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “НТОДИ” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг хүсэлт гаргагч Х.Даваасайханд мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газарт даалгав.

 

“НТОДИ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, нарны зам-62 Юнион бюлдинг С блок 16 давхарт байрладаг байсан, захирал Б.Аринуболд, 8808-7202 дугаарын утастай болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулалгүй хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “НТОДИ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “НТОДИ” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч Х.Даваасайхан /утас:9914-9759, 8918-2787/-д мэдэгдэхийг Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН