| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0145/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2019-02-11 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
хохирогч Э.Алтантогос,
шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Г.Гхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803009220477дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 18-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Трансбус” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 17 дугаар гудамж, 71 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Г.Г
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 16 минутын орчимд, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн урд замд Г.Г нь нь “Трансбус” ХХК-ийн эзэмшлийн Дэү-106 маркийн 88-56 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Энхтөр жолоочтой Д.Рэгзэдмаагийн эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 05-37 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Сүнжээ, Э.Алтантогос нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Рэгзэдмаагийн эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 05-37 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.570.000 төгрөгийн шууд, 2.685.000 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Шугаманд явж байгаад 100 айлын автобусны буудал руу орох гэж байхад хажуунаас нэг жижиг тэрэг орж ирээд сандраад зогсож байсан микроны араас мөргөөд энэ хүний гарыг гэмтээсэн. Мөн наана нь байсан нэг охины гар гэмтсэн байсан. Түүнд 200.000 төгрөг өгсөн. Гомдолгүй болсон байгаа...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 16 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, их тойруугийн гудамж, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн урд замд Дэү маркийн 88-56 УБХ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас Х.Грейс маркийн 05-37 УНЧ автомашинтай мөргөлдөж зорчигч Б.Сүнжээ, Э.Алтантогос нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан…” гэсэн мэдүүлэг /хх-85/,
Хохирогч Э.Алтантогос шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 10 сарын 29-ны өдөр аавтайгаа хамт ханын материалаас шар хад хүртэл шугаманд явж байсан. Гэр бүлээ тэжээдэг бизнес юм. Би кондуктор хийдэг учраас Галхүүг маш хурдтай ирж байгааг харсан. Аавдаа хэлэхийн завдалгүй ороод ирсэн. Нэг мэдэхэд би газар уначихсан байсан. Би гадна талын хаалгатайгаа хамтзамын хашлага руу шидэгдсэн. Энэ хэргээс 2 сар гаруйн хугацаанд манай гэр бүл санхүүгийн хямралд орсон. Түргэн түрүүлж ирээд би гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Хамгийн эхэнд учирсан гэмтлийг эмчлээд эмнэлгээс гаргасан. Намайг эмнэлэгт байх хугацаанд ганц ч удаа эргэж ирээгүй. Галхүү ахын амьдрал хэцүү гэдгийг би мэдэж байна. Тухайн үед гарсан эмчилгээний зардлаа л танаас авсан гэдгээ өөрт нь хэлсэн. 2.854.000 төгрөг авсан. Тухайн хэрэг болсноос 2 хоногийн дараа би няравын ажилд орох гэж байсан. 1 жилийн дараа хагалгаанд орно. Тэр хагалгааны зардлаа нэхэмжилж байна. Эмчилгээ сайн хийлгэх бодолтой байгаа гэв. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна. Микро автобусны хохиролд 2.600.000 төгрөг өгсөн. Машин явж болохгүй болтлоо эвдэрсэн. Одоо огт ашиглахгүй байгаа...” гэв,
түүний мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 16 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Их тойруугийн зам, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн урд автобусны буудал дээр өөрийн эцэг Энхтөрийн Хьюндай Грейс маркийн машинтай үйлчилгээнд явж, хүн аваад зогсож байтал гэнэт араас Дэү маркийн 88-56 УБХ автомашин хүчтэй мөргөсөн. Энэ үед би машины баруун талын хаалгатай газарт унасан. Энэ үедээ би зүүн гараараа замын хажуугийн хашлага мөргөж унасан. Тэгэхдээ зүүн гар бугалга хугарсан байсан. Осол гарах үед цаг агаар цэлмэг хальтиргаа гулгаа байхгүй, замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Манай машин автобусны буудал дээр баруун гар талдаа шахаад зогсож байсан. Тухайн үед яагаад мөргөсөн талаар мэдэхгүй, Автобус л машины араас хүчтэй мөргөсөн. Тэгээд би хаалгатайгаа газарт унасан. Миний зүүн гар хугарсан.Тэгээд хагалгаа хийлгэсэн. Одоо эмчилгээнд багцаагаар 2.500.000 орчим төгрөг зарцуулаад байна. Автобусны жолооч Галхүү эмчилгээнд 1.800.000 төгрөг өгсөн. Энэ талаараа баримтуудаа авчирч өгнө. Миний ярьсан бүгд үнэн, цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гараад байна. Иймээс цаашид эмчилгээ хийлгэх мөнгийг нэхэмжлэх болно, одоогоор сайн мэдэхгүй байна санал гомдол одоогоор байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-20-22/,
Хохирогч Б.Сүнжээгийн “...2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 16 минутын үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Их тойруугийн зам Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн урд автобусны буудал дээр Трансбус ХХК-ны эзэмшлийн 88-56 УБХ улсын дугаартай Дэү-106 маркийн автомашины хойд суудалд сууж явтал гэнэт тоормос гишгэж хүчтэй машин мөргөөд зогссон, энэ үед би автобусны хойд суудалд сууж явсан учир гэнэт урагш шидэгдэж урагш газарт шалан дээр унасан. Тэгэхдээ гараараа эвгүй дарж унаад баруун гарын шууны яс хугарсан. Тухайн үед яаж, ямар осол гарсан эсэхийг мэдэхгүй. Автобуснаас буугаад ирэх үед миний сууж явсан автобус микро автобусыг мөргөсөн байсан. Тэр микро автобус дотор мөн хүн гэмтсэн гэж ярьж байсан. Тэгээд би 103-аар гэмтэл явж үзүүлсэн. Осол гарах үед цаг агаар цэлмэг халтиргаа гулгаа байхгүй, замын хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тухайн үед яагаад мөргөсөн талаар мэдэхгүй, Автобус гэнэт тоормос гишгээд микро автобус мөргөөд л зогссон. Автобус хэдэн км/ц хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Зөөлөн л хурд багатай явж байх шиг байсан. Миний баруун гарын шуу хугарсан байсан. Одоо харьцангуй гайгүй болж байгаа. Эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал 117200 /зуун арван долоон мянга хоёр зуун төгрөг/ болсон. Энэ мөнгийг жолооч Г.Г өгч хохирлыг барагдуулсан. Мөн эмчилгээнд хэрэглэ гэж 200.000/хоёр зуун мянган/ төгрөг жолооч Г.Г өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг жолооч бүрэн барагдуулсан тул гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/,
Иргэний хариуцагч Э.Ганбилэгийн “...Г.Г нь манай байгууллагын үндсэн жолооч учир өөрийн томилогдсон автобусаар албан ажлаа хийж хөдөлгөөнд оролцож явсан юмаа, Галхүү нь осол хийсэн талаараа байгууллагадаа мэдэгдсэн. Манай байгууллага жолоочийн хариуцлагын иж бүрэн даатгалтай учир даатгалын байгууллагаас хохирлыг барагдуулж өгөх үүрэгтэй. Даатгалын байгууллагатай хийсэн гэрээ хүчинтэй байгаа. Иймээс гэрээ ёсоороо даатгалын байгууллага хохирлыг шийдэж өгнө. Бид хохирлыг шийдүүлэх талаараа даатгалын байгууллагадаа хандсан. Би өөрийн эрх үүргийг ойлгож байгаа, хохирлыг гэрээ ёсоор манай даатгалаас шийдэж өгнө. хохирлыг барагдуулна. Надад татгалзаж байгаа зүйл алга. Манай байгууллагын Автобуснууд хяналтын камертай. Харин энэ осол хийсэн Автобусны камер хэд хоногийн өмнө ажиллахгүй болсон байсан. Тийм учраас камерын бичлэг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-34/,
Иргэний нэхэмжлэгч Д.Рэгзэдмаагийн “...Ослын улмаас манай охин Э.Алтантогос нь хүндэвтэр гэмтсэн. Тэгээд эмнэлэгт хэвтэж байгаад гарсан. Манай нөхөр Д.Энхтөр жолооч Г.Гтэй хоорондоо зохицоод охин Э.Алтантогосын цаашдын эмчилгээнд зориулж 1 сая төгрөг авсан гэсэн. Одоо манай зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл хохирол байхгүй. Машины хохирлыг даатгалын байгууллага нь бүрэн шийдэж өгнө гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-29/,
Гэрч Д.Энхтөрийн “...Тухайн үед би автобусны буудал дээр хүн аваад зогсож байсан. Осол гарах үед хөдөлгөөн сийрэг, зам орчин чөлөөтэй харагдаж байсан. Халтиргаа гулгаа байхгүй байсан. Автобус гэнэт ирээд л микроны араас мөргөсөн. Их хүчтэй мөргөсөн. Яагаад мөргөсөн талаар мэдэхгүй байна. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийж байх үед автобусны тоормосны мөр байсан. Тэгэхээр тоормос гишгэсэн байсан. Харин яагаад зогсоож чадахгүй мөргөсөн юм бол гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-35/,
Хүний биед хийгдсэн шүүх шинжилгээний №13302 тоот актын “...Э.Алтантогосын биед зүүн атгаал ясны хугарал, баруун суганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой…” гэсэн дүгнэлт,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №13881 тоот актын “...Сүнжээгийн биед баруун шууны дээд 1/3-н далд хугарал тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт,
Техникийн шинжээчийн 805 тоот актын “1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Дэү В5-106 маркийн 88-56 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Гэзгээгийн Галхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. дахь заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. 2. Грейс маркийн 05-37 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Дуламсүрэнгийн Энхтөр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /хх-73/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-3-4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/,хохирлын баримтууд /хх-112/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-100/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-99/, Ажлын газрын тодорхойлолт /хх-51/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-115/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-92/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /115-120/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 16 минутын орчимд, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн урд замд “Трансбус” ХХК-ийн эзэмшлийн Дэү-106 маркийн 88-56 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Энхтөрийн жолоочтой Д.Рэгзэдмаагийн эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 05-37 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Б.Сүнжээ, Э.Алтантогос нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Рэгзэдмаагийн эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 05-37 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.570.000 төгрөгийн, нийт 2.685.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Э.Алтантогос, Б.Сүнжээ нарын мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 13302, 13881 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Г.Ггийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.Сүнжээ, Э.Алтантогос нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сүнжээгийн эмчилгээнд 200.000 төгрөгийн, хохирогч Э.Алтантогосын эмчилгээнд 2.850.000 төгрөгийн зардал тус тус гарсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч нарт учирсан дээрх төлбөрийг төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтаар, мөн иргэний нэхэмжлэгч Д.Рэгзэдмаагийн Х.Грейс маркийн 05-37 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 2.685.000 төгрөгийг даатгалын байгууллагаар төлж барагдуулсан нь хохирогч Э.Алтантогос, шүүгдэгч Г.Г нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Э.Алтантогос шүүх хуралдаанд “гараа хадуулсан байгаа, гарын хадаас авахуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн тул хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ггийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.ГАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогч Э.Алтантогос нь цаашид гарсан эмчилгээний зардлаа хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР