| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0005/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-01-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: О.Алтанзул,
улсын яллагч: П.Бямбасүрэн,
хохирогч: Г.Долгоржав,
шүүгдэгч: С.О, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... холбогдох эрүүгийн 1809016770916 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ангария Трейд” ХХК-д орон нутаг хариуцсан менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 56 дугаар байр, 56 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 13А байрны 24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ........... регистерийн дугаартай, Илжигин овогт ..............
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:
Яллагдагч С.О нь 2016 оны 04 дүгээр сард цагаан будаа худалдан авахаар харилцан тохиролцож хохирогч Г.Долгоржаваас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж удаа дараа зээлээр цагаан будаа аван эргүүлэн төлбөрийг хийж итгэлийг олох замаар хуурах аргаар нийт 12.750.000 төгрөгийн үнэ бүхий цагаан будаа авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Долгоржав мэдүүлэхдээ: С.О нь миний дүүгийн найз юм. 2016 оны 4 дүгээр сараас 6 дугаар сар хүртэл хугацаанд мөнгөө өгөөд будаагаа худалдан авдаг байсан. Гэтэл тодорхой хугацааны дараа буюу 2016 оны 6 дугаар сараас эхлэн зээлээр авдаг болсон. Ингэхдээ зээлсэн мөнгөө дандаа дутуу буцааж төлдөг байсан. Тухайлбал 5.000.000 төгрөгийн будаа худалдан авчихаад 4.000.000 төгрөгийг нь буцааж өгөх жишээтэй. Нэг удаа “тэнгэр муухайраад бороо орох гээд байна, хүлээж байгаад ачаад яв” гэтэл “яаралтай хэрэг болоод байна” гээд аваад явсан. Дараа нь 2, 3 шуудай будааны хорогдол гарсан гэж байсан. Одбаяр ганцхан намайг хохироогоод яваад байгаа юм биш. Миний ард 10 гаруй ажилчид байдаг. Тэдгээр хүмүүсийг би өөрийн хувийн ашиг сонирхолоос болоод хохироож болохгүй. Хохирлын хувьд 1 тонн будаа 1.800.000 төгрөг байдаг. Надаас нийт 7 тонн будаа авсан. Иймээс С.Оаас 12.750.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Долгоржав /хх-ийн 29-30/, гэрч Г.Батдорж /хх-ийн 31/, Д.Уранцэцэг /хх-ийн 32/ нарын мэдүүлэг, С.Оын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33, 37-38/, Г.Долгоржавын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-12/, “Зетта трейд” ХХК-ийн зарлагын баримтын хуулбар /хх-ийн 13-27/, С.Оын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-50, 93/, С.Оын “ХААН” банкны дансны хуулга /хх-ийн 51-76/, шинээр 3 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О нь 2016 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Эм Ти Эс” ХХК-ийн байранд “цагаан будаа зээлээр авч зараад, мөнгийг буцааж өгнө” хэмээн хохирогч Г.Долгоржавын итгэлийг эвдэж нийт 12.750.000 төгрөгийн үнэ бүхий 7 тонн цагаан будаа буюу үлэмж хэмжээний бусдын эд хөрөнгийг залилан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Долгоржавын /хх-ийн 29-30/: “...Одбаяр нь 2016 оны 04 дүгээр сараас хойш манай компаниас будаа аваад мөнгийг нь хийчихдэг байсан. 2016 оны 09 дүгээр сард өглөгийн үлдэгдэл 4.000.000 орчим төгрөг үлдсэн. Одбаяр 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “дахиад 5 тонн будаа авъя, өнөөдөр 1 тонныг нь аваад 30-нд үлдсэн 4 тонныг нь авъя, төлбөрийг нэг мөсөн өгье” гэж явсаар байгаад өдийг хүрч байна. Одоо ажлаасаа гараад утсаа солиод холбоо барих боломжгүй болсон. Би нийт 12.750.000 төгрөгийн будаа өгсөн. Тухай бүрдээ санхүүгийн зарлагын баримт падаанууд үйлдэж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж “Эм Ти Эс” ХХК-ийн байранд өгсөн. ... 2016 оны 06 дугаар сарын үед надаас 3 тонн цагаан будааг ачиж яваад явахад нь би “бороо орох нь байна шүү, хучлага байгаа юу” гэж асуухад “хучлага байхгүй” гэж хэлэхээр нь манай агуулахын ажилчид муу хучлагаар бүтээж өгөөд явуулсан байдаг. Дараа нь би Одбаяраас асуухад “бороонд будаагаа норгосон гэхдээ гайгүй ээ 5-6 шуудайны хорогдол гарсан” гэж хэлж байсан. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 5 тонн цагаан будаа нэмж аваад мөнгөө өгөөгүй. Би нийт 12.750.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Батдоржийн /хх-ийн 31/: “... 2016 оны хавар байсан санагдаж байна Одбаяр гэх залуутай таарахад “ “Од групп”-т ажиллаж байгаа. Хүнсний бүтээгдэхүүн цуглуулаад явж байна” гэж хэлж байсан. Тэгээд “цагаан будаа худалдаж авна” гэж хэлэхээр нь би өөрийн төрсөн ах Долгоржавтай танилцуулж өгөөд “наад хүн чинь найдвартай хүн байгаа юм, та хоёр ярьж тохироод бараа таваараа өгч авалцахгүй юу” гэж хэлж байсан. Долгоржав ах, Одбаяр хоёрыг цагаан будааны наймаа арилжаа хийгээд бүтэмжтэй байгаа юм байх гэж бодож байтал Долгоржав ах “нөгөө залуу чинь байхгүй ээ, нилээд хэмжээний цагаан будааны мөнгийг нь дараа нь өгнө гэж хэлээд авч яваад одоо болтол эргэж ирэхгүй байна” гэж хэлж байсан. Би Одбаярыг бизнес эрхэлдэг, тодорхой хэмжээний эдийн засгийн боломжтой байна гэж итгэж найдаж байснаас биш С.Оыг яг ямар ажил төрөл эрхэлж байгааг нь болон хаана, хэн хэнийхээ хамтаар хэрхэн амьдарч байгаа талаар үзэж харж сонсож мэдсэн зүйл байхгүй…” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Уранцэцэгийн /хх-ийн 32/: “... Би тухайн үед өдөр тутмын ажилд нь оролцдоггүй байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан Долгоржав ахаас авсан цагаан будааны үлдэгдэл мөнгө төгрөгийг өгч чадахгүй, өглөгөтэй байгаа талаараа хэлж байсан. Яг хэдэн төгрөг өгөх ёстой талаар би хэлж мэдэхгүй…” гэх мэдүүлгээр,
С.Оын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 33, 37-38/: “... Долгоржавтай 2016 оны хавар анх өөрийн найз Батдоржоор дамжуулан танилцаж цагаан будаа бөөний үнээр тооцож аваад хүнсний дэлгүүрүүдээр тарааж өгч зардаг байсан. Зарсан мөнгөө Долгоржав ахад өгч дундаас нь ашиг олдог байсан. Хамгийн сүүлд 2016 оны 10 сард 1 килограмм бүрийг 1760 төгрөгөөр тооцон 8.800.000 төгрөгийн 5 тонн цагаан будааг авч үнэ мөнгийг нь дараа нь өгөхөөр тохирсон. Гэвч цаг хугацаандаа мөнгийг нь төлж өгч барагдуулж чадаагүй. Өмнө нь авч байсан цагаан будааны үлдэгдэл үнэ 3.950.000 төгрөгийн үлдэгдэл байсан бөгөөд одоо нийт 12.750.000 төгрөгийн өглөгтэй. 12.750.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна…” гэх мэдүүлгээр болон “Зетта трейд” ХХК-ийн зарлагын баримтын хуулбар /хх-ийн 13-27/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогч нар ажил хэргийн шугамаар холбоо харилцаатай байсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчийн хүсэлт гуйлгын дагуу түүнд эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч С.О нь “будаа зээлээр авч, мөнгийг нь дараа өгье” хэмээн бизнессийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийн үлэмж хэмжээний эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, мөнгийг буцааж өгөлгүйгээр өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулж буй нь итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.
С.Оын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.
Ийнхүү дээрх байдлаар шүүгдэгч С.Оын хохирогчийн итгэлийг эвдэх аргаар эд хөрөнгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж…” залилах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр залилах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хөнгөрсөн байх тул прокуророос шүүгдэгч С.Оын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Оаас нөхөн төлсөн 950.000 төгрөгийн хохирлыг хасч, үлдэх 11.800.000 төгрөгийг шүүгдэгч Г.Одбаяраас гаргуулан хохирогч Г.Долгоржавт олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч С.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Илжигин овогт Сүхээгийн Одбаярыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оаас нийт 11.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Долгоржавт олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ