Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191

 

                                Б.Б-т холбогдох эрүүгийн  хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр магадлалтай Б.Б-т холбогдох эрүүгийн 1912003730336 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, Архангай аймгийн орон нутгийн өмчит ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай байсан, ял шийтгэлгүй Д овогт Б-ийн Б.

Б.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Булган уулын урд талын автомашины зогсоол дээр хохирогч Ж.Ц-ыг Төрийн банкнаас 600,000,000 төгрөгийн төслийн зээл авах гэж байгаа, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүүгийн хамт буцаан төлж барагдуулна хэмээн хууран бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүнээс 80,000,000 төгрөгийг залилж, их хэмжээний хохирол учруулсан,

мөн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн орон нутгийн өмчит ХХК-ний тамгыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр 302 тоотод зориуд нуусан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг байгууллагын тамгыг зориуд нуусан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцон, Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт 10,500,000 төгрөгөөр торгосон байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 01 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “...хохирогч Ж.Ц-ын нэхэмжлэлээс 96,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэснийг “...хохирогч Ж.Ц нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо: “Хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл анхан болон давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд: Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд Гэмт хэргийн ойлголт, шинжийг тодорхойлохдоо уг зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус хуульчилж өгсөн байна. Шүүгдэгч Б.Б намайг шийтгэсэн Эрүүгийн хуулийн 23.3-т “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэсэн зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, төлбөр, тооцоо хийснийг баталсан баримт бичгийг зориуд хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна.

Миний бие Улсын дээд шүүхийн шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон байсан үед (Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх дүр үзүүлэх байдлаар ажилд буцаан авсан байсан) орон нутгийн өмчит компани дээр эрүүгийн шинжтэй асуудал үүссэн байсан, энэ байдлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад гомдол өгсөн байсан үед буюу шүүхийн шийдвэр биелэгдээд дөнгөж 3 сар гаруй хугацаа болж байсан үед уг гомдлыг шалгуулахгүй байх, өөрсдийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нуун дарагдуулах, хаацайлах зорилгоор дахин намайг хууль бусаар ажлаас халсан юм. Энэ үед миний бие байгууллагын эрх бүхий албан тушаалтан, нууцын ажилтны хувьд уг хууль бус гэмт үйлдлийг үргэлжлүүлэхгүй байх, дахин гарахаас сэргийлэх зорилгоор компаний тамгаа хуулийн хамгаалалтад авахуулахаар эхлээд хууль хяналтын байгууллагад хандаж, тухайн байгууллага нь ийм үүрэг байхгүй гэж буцаан өгсөн үед өөртөө хадгалсан нь ямар нэгэн хууль зөрчөөгүй бөгөөд харин ч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг тухайлбал, өмчлөх эрх, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрх ашгийг хамгаалах зэрэг харилцааг гэмт халдлагаас хамгаалах, сэргийлэхэд чиглэгдсэн үйлдэл байсан билээ.

Энэ үйлдэл дээр миний бие Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд байгууллагын тамга тэмдгийг хуульд заасанчлан зориуд хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан асуудал байхгүй билээ. Би энэ байдлаа хууль хяналтын байгууллагад ч, намайг худал хэрэгт хэлмэгдүүлэхийг санаархаж байсан тэдгээр хүмүүст ч хэлж байсан, тагнуул, цагдаагийн байгууллагад байгууллагын тамгыг хамгаалалтад авахуулахаар өгч байсан билээ. Уг баримт хэрэгт авагдсан байгаа болно. Миний гаргасан байгууллагын тамгыг биедээ авч явсан үйлдэл нь цаашид харин уг тамгыг буруугаар ашиглаж иргэд, олон нийтэд, улмаар орон нутгийн өмчид хохирол учруулах, гэмт этгээдүүд гэмт үйлдлээ нуун дарагдуулахаас сэргийлсэн үйлдэл байсан бөгөөд миний энэ үйлдлийн улмаас бусдад, нийгэмд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй болно. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус хуульчилж өгсөн байгаа бөгөөд миний үйлдэлд хуулийн энэ зүйл мөн хамаарах ёстой болов уу. Би байгууллагын захирлын хувьд, Улсын дээд шүүхээр хэргээ шийдүүлэх хүртэл явж, үнэн зөвөө тогтоолгон ажилдаа буцаж орсон хүний хувьд байгууллагынхаа эрх ашиг, нутгийн хүн амын эрх ашгаас өөрийн эрх ашгийг дээгүүр тавьж, хууль зөрчин аймгийн төвийн хэмжээнд ундны цэвэр усны асуудлыг хариуцдаг Орон нутгийн өмчит компанид хохирол учруулах үйлдэл хийх хүн биш билээ. Миний энэ үйлдлээс бусдад, аймаг орон нутагт, хүн амд, байгууллагад ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй билээ. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд ч ийм хохирол, хор уршиг бусдад учруулсан болохыг тогтоогоогүй болно. Мөн намайг шийтгэсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн шинжийг уг зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол....” гэж тодорхойлсон байна. Би Ж.Цэ-оос 80,000,000 төгрөгийг хүү, хугацаа тохиролцон зээлж авсан бөгөөд энэ зээлийн хүүнд 4,000,000-5,000,000 төгрөгийг төлсөн. Зээлээ хүүгийн хамт төлөх болохоо илэрхийлж 4 удаагийн баталгааг баримтаар гаргаж өгч байсан (3 дугаар хавтаст хэргийн 18-21 дэх талууд), зээлийн төлөлт удааширсан үед газар шилжүүлэх байдлаар уг зээлийг хаах зэрэг нөхцөл байдлуудыг зээлдүүлэгч Ж.Ц-той харилцан тохиролцож байсан зэрэг байдлууд хэрэгт авагдсан байдаг бөгөөд энэ зээл авсан үйлдэл маань Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг биш бөгөөд зээлдүүлэгч бидний хооронд хүү, хугацаагаа тохирч, зохих хэмжээнд хүүгээ төлж, буцаан төлөх нөхцөл байдлаа тохиролцож явсан иргэд хоорондын шинжтэй, иргэний эрх зүйн харилцаа бөгөөд иргэний хэргийн шүүхээр шийдэгдэх асуудал юм.

Ж.Ц-ыг залилахын тулд хуурч мэхлэн, ямар нэгэн зохиомол байдлыг зориуд бий болгосон, энэ үйлдэлд эд зүйл ашигласан зэрэг аливаа зүйл байхгүй бөгөөд бусдыг төөрөгдүүлэх, итгэл эвдэх зэрэг хууль бус үйлдэл, үйл ажиллагаа хийсэн, ийм санаа зорилго агуулсан зүйл огтхон ч байхгүй. Зээлдэгч миний хувьд Ж.Ц-оос мөнгө аваад буцааж өгөхгүй байя, мөнгийг нь авчихъя гэсэн санаа зорилго, сэдэл огт байхгүй бөгөөд Ц нэгэнт хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан тул хууль шүүхийн байгууллага энэхүү гомдлыг хэрхэн шийдвэрлэхийг харзнах байдал үүссэн болно. Үүнээс өөр ямар ч санаа зорилго байхгүй, зээлдүүлэгч Ц-ын зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж, төлж дуусгана гэсэн л төлөвлөгөө, зорилготой байсан. Энэ ч үүднээс миний бие болон хамаарал бүхий компани маань удаа дараагийн зээлийн төлбөрийн баталгаа бичиг гарган өгч байсан. Зээлийн төлбөрийг анхан шатны шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан болно. Дээр дурдсан нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн зүгээс бүрэн дүүрэн үнэлж, дүгнээгүй, уг зээлийн нөхцөл байдал, үнэн бодит байдлыг мэдэх гэрч болох иргэн Чойжанцанг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй, дан ганц хохирогч талын мэдүүлэг дээр үндэслэж шийдвэр гаргасан нь миний эрхийг зөрчсөн, хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр хамгаалуулах, хэргээ шударгаар шийдвэрлүүлэх эрхийг минь зөрчсөн үйлдэл болсон. Бидний энэ зээл авсан, өгсөн харилцаанд гэмт хэргийн шинжтэй зүйл огтхон ч байхгүй миний зүгээс зээлийг эргэн төлж байсан, зээлийн эргэн төлөлтийг тодорхой хүү, хугацаатайгаар эргэн төлөхөө илэрхийлж удаа дараа баталгаа гаргаж өгч байсан, мөн зээлдүүлэгч Ж.Ц-ын хувьд өөрийн данснаас надад энэхүү зээлийг гарган өгсөн (надад зээл өгөхийн тулд өөрийн ажиллаж байсан банкнаасаа зээл авсан гэж ярьдаг), өөрөө мөн цааш нь өөрийн авсан гэх зээлийн хүүгийн эргэн төлөлтийг данснаасаа хийж байсан, өөрөөр хэлбэл надад өгсөн зээлээ, цааш өөрөө төлсөн зээлийн хүүгийн хамт Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагч надаас гаргуулан авахад нотлох баримт нь хангалттай байсан зэрэг тодорхой шалтгаан, хүчин зүйлүүдээс үзэхэд зээлдүүлэгч, зээлдэгч бидний хоорондын харилцаа нь Иргэний журмаар иргэний шүүхээр шийдэгдэх асуудал байсан нь тодорхой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д “Гэмт хэргийн шинжгүй” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй. Уг зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийг шүүх хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана гэж хуульчилсан байна.

Миний бие дээрх 2 үйлдлийн алинд нь ч гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гаргаагүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хүнийг үндэс угсаа, нас хүйс, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол зэрэг байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн гэм буруугийн зарчмууд хуульчлагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Хэргийн бодит байдлыг тогтоохдоо нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоох үүрэгтэй бөгөөд хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилж өгсөн.

Мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч. шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэм буруугүйд тооцох зарчмыг хуульчилж өгчээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тухайд: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь удаа дараа давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно, Улсын онцгой комиссоос зарласан Бүх нийтийг хамарсан өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас болон өвчний учир эмнэлгийн магадалгаагаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргаж байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийг оролцоогүйгээр явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлд “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэснийг зөрчсөн.

Давж заалдах шатны шүүхийн магадлал гаргасан шүүх хуралдаан болсон 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нь Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226  дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хамаарч байсан бөгөөд энэ хугацаанд миний өмгөөлөгч өвчтэй, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд эмнэлэгт очиж үзүүлэх боломжгүйн улмаас дахин үзүүлж, урьд өгсөн эмнэлгийн магадалгааг сунгуулах боломжгүй, Улаанбаатар хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд очиж, онлайнаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан.

Мөн нэлээдгүй удаан хугацаанд зарласан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шалтгааны улмаас улс орон даяар зарласан хөл хорионы үед Улаанбаатар хотоос Архангай аймагт очиж шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан, уг хуралд оролцож үйлчлүүлэгч миний эрхийг хуульд заасан арга хэрэгслээр, бүрэн дүүрэн хамгаалахын тулд өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ биечлэн уулзах, ярилцах шаардлага байсан, мөн хэргийн материалыг дахин унших, судлах шаардлагатай байсан.

Энэ бүх шалтгааныг дурдаж уг өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн өмгөөлөгчийн болон гомдол гаргагчийн хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйл (Шүүх хуралдааныг хойшлуулах)-ийн 1.4-т “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон” шүүх хуралдааныг хойшлуулж болно гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасныг мөн зөрчсөн болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны үед шинжлэн судлуулахаар нэр зааж цохон тэмдэглүүлсэн, нотлох баримтаар судлуулсан нөхцөл байдлыг тухайлбал Улсын дээд шүүхийн 2 удаагийн тогтоол болох 2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 457, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 273 дугаар тогтоолуудыг шүүх хуралдааны тэмдэглэл, уг шийтгэх тогтоолд дурдалгүй зориуд орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т "дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т ”дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол”, 1.4-т “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” уг хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэж давж заалдах болон анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх гэсэн заалтын шаардлагыг хангаж байна гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий уг чухал нотлох баримтыг огт дурдаагүйгээр зогсохгүй, давж заалдах шатны шүүхээс уг байдалд дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргагч болон өмгөөлөгчийн зүгээс дээр дурдсан бүх нийтийг хамарсан бэлэн байдал, хорио цээрийн улмаас болон өвчний учир шүүх дээрх хэргийн материалтай дахин сайн танилцах боломж гардаггүй, биечлэн уулзах, хуралд биечлэн оролцох боломжгүй байсны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах, хуралд биечлэн оролцох хүсэлт өгөөд байхад уг хүсэлтийг хангахгүйгээр хийгдсэн шүүх хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зүйл, заалтууд бүрэн биелэгдсэн байсан эсэх дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийсэн эсэхэд эргэлзээтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэл шалтгаанаар анхан шатны болон давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Ц-оос 80,000,000 төгрөгийг зээлж авахдаа хохирогчид итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авсан байдаг. Тухайлбал, Б.Б нь 600,000,000 төгрөгийн зээл авна гэж банкны урьдчилгаанд тавина гэж авсан. Давж заалдах шатны шүүх зохих өөрчлөлтийг оруулсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд болоход 5 удаагийн завсарлага авч байж төлсөн үйл баримт байдаг. Иймд Б.Б-ийн үйлдэл залилангийн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсны дагуу хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүх Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаар тогтоолд дурдагдсан тайлбарын дагуу шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх хууль зүйн дүгнэлттэй байна. Давж заалдах шатны шүүх дээр Б.Б-ийн өмгөөлөгч 2 удаа хурал хойшлуулсан байдаг. Тэр үндэслэлээр дахин хойшлуулах тухай шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нотлох баримт болон хүсэлтээ шүүхэд гаргаж өгөөгүй тул давж заалдах шатны шүүх хуралдаан болсон. Б.Б-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь Ж.Ц-т Төрийн банкнаас төслийн зээл аваад мөнгийг чинь удахгүй өгнө гэж бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 80,000,000 төгрөгийг залилан мэхэлж авсан. Мөн аймгийн Засаг даргын ажлаас халсан тухай захирамж гарсан байхад Архангай аймгийн орон нутгийн өмчит ХХК-ний тамгыг өөрийн гэртээ зориуд нуусан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогджээ. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна гэв. 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлын хүрээнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээр хоёр шатны шүүх нь Б.Б-т холбогдох бусдын эд хөрөнгийг их хэмжээтэй залилсан болон байгууллагын тамгыг нуусан гэмт хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан Б/21 дүгээр захирамж нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд Б.Б шүүхэд гомдол мэдүүлэхийн оронд захирлаар нь ажиллаж байсан орон нутгийн өмчит ХХК-ний тамгыг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөлгүйгээр нуусан нь Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн баталгаа болгон баримт бичгийг албажуулахад дардаг тамга нь байгууллага, аж ахуйн нэгжээс чиг үүргээ хэвийн хэрэгжүүлэхэд ашигладаг чухал хэрэгсэл бөгөөд бусдын хууль бус үйлдлийн улмаас тамга хэрэглэх боломжгүй болсон нь тэдгээрийн үйл ажиллагаанд зайлшгүй сөргөөр нөлөөлнө.

Шүүгдэгч Б.Б нь  ХХК-ний тамгыг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөлгүйгээр 2019 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зориуд нууснаас уг компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, тасалдсан, ажилтнууд цалин хөлсөө авч чадахгүй нөхцөл байдал үүссэн талаар гэрчүүд тодорхой мэдүүлсэн байх бөгөөд дээрх нөхцөл байдал нь тамга нуух гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлж байна.

Шүүгдэгч Б.Б нь урьдын харилцааг ашиглан Төрийн банкнаас зээл бүтмэгц эргүүлж төлөхөөр Ж.Ц-оос 80,000,000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр авсан бөгөөд уг банкнаас 600,000,000 төгрөгийн зээлийг олгосон байхад мөнгийг буцаан төлөөгүйн гадна гэрч Ч.Ө-т өглөгтэй мөртлөө авлагатай, үүнийг авч байж өрийг нь дарна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг төөрөгдүүлсэн зэргийг хоёр шатны шүүх залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, гэрч Б.Л-ийн“ “Цогт-Өнжүүл” ХХК-ний захирал  Э.Д, хамтран зээлдэгч Б.Б нарын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан 600,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд ямар нэгэн урьдчилгаа мөнгө байршуулах заалт байгаагүй, 80,000,000 төгрөгийг дансанд байршуулаагүй”, гэрч Ч.Ө-ын “Б.Б мөнгөний өглөг байхгүй, харин авлага байгаа”  гэх мэдүүлгүүдийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан үзсэний үндсэн дээр тэдгээрийг шүүгдэгч Б.Б-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.Ц-оос мөнгө авахдаа дээр дурдсанаар худал хэлж хуурсан нь тэрээр анхнаасаа бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах санаа зорилготой байсныг илэрхийлж байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь тэдгээрийн  хооронд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, эрх тэгш гэрээний харилцаа үүсээгүйн нотолгоо юм.

Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэнээс гадна шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн шүүгдэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хянаж байх явцад тэдгээрийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулсан боловч эдгээр хүмүүс нь өмнөхтэйгээ ижил агуулгатай, шүүх хуралдааныг 3 дахь удаагаа хойшлуулах хүсэлт гаргасныг мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх нь магадлалын тодорхойлох хэсэгт (хэргийн 5 дугаар хавтас, 81 дэх тал) “шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангах боломжгүй” гэж дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                                 Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ