Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1429

 

Б.Энхсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Дамдин-Од нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/00050 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Сарантуяад холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дамдин-Одын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баяр, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын аман дахь 18628312260541, 18628312243551, 18628312225561 нэгж талбарын дугаар бүхий тус бүр 400 м.кв, нийт 1200 м.кв талбай бүхий газрыг иргэн Ж.Мөнхнаран, Ж.Мөнхцэцэг, Г.Мөнхзул нараас эзэмших эрхийг нь шилжүүлэн авснаар тус газрыг эзэмшдэг болсон. Уг газарт С.Сарантуяа нь 2015 оны 06 дугаар сард гэр барьсан. 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр "Тэнхлэг уул" ХХК-иар газрын хэмжилт хийлгэсэн ба хэмжилтээр манай эзэмшлийн газар болох нь батлагдсан. Тухайн үед Н.Баярт энэ тухай хэлж суллаж өгөхийг шаардахад хүлээж аваагүй, уг газрыг эзэмших эрхтэйгээ нотлосон ямар нэгэн бичиг баримтыг үзүүлээгүй. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандахад 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нарт шаардах хуудсаар газар чөлөөлөхийг мэдэгдсэн, мөн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Н.Баяртай утсаар холбогдож дүүргийн Газрын албан дээр уулзахаар тохирсон боловч тэрээр ажилтай гэх шалтаг заан очоогүй юм. Би газраа чөлөөлүүлж авахын тулд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч онцгой харьяалал гэх үндэслэлээр, 2015 оны 08 дугаар сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн захирамжийн Б.Энхсайханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай хэрэг  хянан шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний эзэмшлийн газрууд хоорондоо давхцаагүй болохыг Сонгинохайрхан дүүргийн газрын албаны мэргэжилтэн Б.Батзориг, хуулийн зөвлөх Тулга нар газар дээр нь үзлэг хийж тогтоосон. Иймд хууль бусаар эзэмшиж байгаа газрыг члөөлөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Сарантуяа анхан шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 251 дүгээр захирамжаар иргэн С.Сарантуяад, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаар захирамжаар Б.Энхсайханд тус тус газар олгосон бөгөөд энэхүү захирамжууд хүчин төгөлдөр байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхийг Дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамааруулж өгчээ. Гэтэл Б.Энхсайхан нь хариуцагч С.Сарантуяад олгогдсон маргаан бүхий газрын асуудлыг буюу захирамжийг хүчингүй болгуулах газрыг чөлөөлүүлэх талаар Засаг даргад өргөдөл гаргаагүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн гэж үззхээр байна. С.Сарантуяа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 308 дугаар захирамжийн Б.Энхсайханд газар олгосон хэсгийг хүчингүй болгуулахаар 2015 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С.Сарантуяа болон түүний өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр хуралдаж 797 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхээс Б.Энхсайхан, С.Сарантуяа нарт олгосон газар давхцаагүй байна гэсэн хэдий боловч С.Сарантуяад олгосон 18628312465272 нэгж талбарын дугаартай газар нь одоо түүний эзэмшиж байгаа газраас 600 метрийн зайтай байх бөгөөд иргэн н.Даваа, н.Ганбаатар, н.Золбоот нарын хашаа байшингийн газартай давцаж байгаа болно. Эдгээр иргэд нь 2011, 2012 онуудад энд суурьшиж хашаа байшин барьж одоо амьдарч байна. Нийслэл дэх Зхаиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь С.Сарантуяагийн эзэмшил газрыг чөлөөлөх үндэслэл болж чадахгүй байгаа тул Б.Энхсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхсайханы эзэмшлийн Баянгол дүүргийн 22 дугапр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 18628312260541, 18628312243001, 18628312225561 дугаарт бүртгэлтэй, 0325398, 0317672, 0317673 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг чөлөөлөхийг хариуцагч С.Сарантуяад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч С.Сарантуяагаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайханд олгож шийдвэрлэжээ.

   Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 60 дугаар зүйлийн 60.1.2-т "газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга хянан шийдвэрлэнэ", 60 дугаар зүйлийн 60. 2-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.2-т заасан байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ" гэжээ. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд С.Сарантуяад газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах эсвэл газрыг чөлөөлүүлэх талаар Б.Энхсайхан дүүргийн Засаг даргад гомдол гаргаагүй атлаа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Газрын тухай хуулийг зөрчсөн. Б.Энхсайханы гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах байсан. С.Сарантуяа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 308 дугаар захирамжийн Б.Энхсайханд газар олгосон заалтыг хүчингүй болгуулахаар 2015 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар гаргахдаа С.Сарантуяад олгогдсон газар нь нэгж талбарын 18628312465272 дугаарт бүртгэлтэй байна гэжээ. Иймээс шүүх Сонгинохайрхан дүүргийн Газрын харилцааны албанаас 2015 оны 10 сарын 23-ны өдөр  гаргаж өгсөн С.Сарантуяад олгосон гэх кадастрын зургийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх хурлаас хойш 2015 онд С.Сарантуяа нэгж талбарын 18628312465272 дугаартай газрыг кадастрын компаниар хэмжүүлэхэд тэдний гэрээс урагш 600 метрийн зайд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Баянголын аманд оршин суух иргэн Даваа, Ганбаатар, Золбоот нарын хашаа, байшингийн газартай солбилцлоороо давхацсан буюу хуурамч кадастрын зураг болох нь тогтоогдсон. Дүүргийн засаг дарга С.Сарантуяад газар олгосон захирамжаа хүчингүй болгоогүй байхад Б.Энхсайхан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 797 дугаар шийдвэрийг үндэслэн С.Сарантуяагаас өөрийн эзэмшил газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай нэхэмжлэгч Б.Энхсайханы эзэмшлийн газрыг чөлөөлөхийг С.Сарантуяад даалгасан нь үндэслэлгүй болно. Шүүх нотлох баримт дутуу үнэлсэн тухайд С.Сарантуяа 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн засаг даргад Б.Энхсайхан, С.Сарантуяа нарт олгосон газар давхацсан гэх газрын маргааныг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Гэтэл маргааныг шийдвэрлэхээс өмнө Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 797 дугаар шийдвэр нь С.Сарантуяагаас эзэмшил газрыг чөлөөлөх үндэслэл болж чадаагүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Майцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй. Энэ маргааныг Газрын тухай хуульд заасны дагуу Засаг дарга урьдчилж шийдвэрлэх ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Өмнө нь Засаг даргын захирамжийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж уг маргааныг шийдвэрлэсэн захирамж хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан. Уг газар нь нэхэмжлэгчийн өмч болох нь хэрэгт авагдсан гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, 2013 оны Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь хариуцагч С.Сарантуяад холбогдуулан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18628312225561, 18628312243551, 18628312260541 дугаартай газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, газрын талаарх маргааныг Дүүргийн засаг дарга урьдчилан шийдвэрлэхээр хуульд заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн газрын алба газар давхардуулан олгосон гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аман дахь нэгж талбарын 18628312225561, 18628312243551, 18628312260541 дугаартай тус бүр 400 м.кв талбай бүхий газрыг анх иргэн Ж.Мөнхнаран, Ж.Мөнхцэцэг, Г.Мөнхзул нар эзэмшиж байсныг нэхэмжлэгч Б.Энхсайхан нь эзэмших эрхийг шилжүүлэн авч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 тоот захирамж гарч уг газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг олгожээ. Мөн дүүргийн Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 251 дүгээр захирамжаар тус дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд нэгж талбарын 55/5973 дугаартай 650 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг хариуцагч С.Сарантуяад олгосон байна. /хх-43-47/

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 308 тоот захирамжийн Б.Энхсайханд газар олгосон хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан С.Сарантуяагийн нэхэмжлэлтэй хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 797 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-3-7х/

            Дээрх 797 дугаар шийдвэрээс үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаан бүхий газарт болон Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газрын мэдээллийн санд үзлэг хийж дүүргийн Засаг даргын 2013 оны 308 дугаар захирамжаар Б.Энхсайханд, 2011 оны 251 дүгээр захирамжаар С.Сарантуяад эзэмшүүлсэн газрууд давхцаагүй, нэгж талбарын дугаар өөр, хил зааг болон координатууд зөрүүтэй, хоорондоо 600 метрийн зайд орших 2 өөр байрлалд байгаа болохыг тогтоожээ.

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан тул нэхэмжлэгч Б.Энхсайхан нь маргааны зүйл болж буй газрын хууль ёсны эзэмшигч болохын хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Сарантуяагийн хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

            Нэхэмжлэгч Б.Энхсайхан маргааны зүйл болсон өөрийн эзэмшлийн газар дээр хариуцагч хашаа барьж эхлэх үеэс үйлдлээ зогсоох талаар шаардлага тавьсан гэж тайлбарласан, хариуцагчийг 2015 оны 05 дугаар сараас тухайн газар дээр буусан талаар түүний өмгөөлөгч мэдүүлсэн байна. /хх-53 дугаар тал/ Хариуцагч С.Сарантуяа нэгж талбарын 55/5973 дугаар бүхий 650 м.кв газартаа хашаа бариагүй, уг газар нь иргэн н.Даваа, н.Ганбаатар, н.Золбоот нарын газартай давхацсан гэх тайлбарыг хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргаж байгаа нь Б.Энхсайханы нэхэмжлэлтэй холбоогүй тул хариуцагч өөрийн эзэмших эрхтэй газрын талаар жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

Хариуцагч С.Сарантуяа нэгж талбарын 18628312260541, 18628312243001, 18628312225561 дугаартай газрыг эзэмших эрхтэйгээ нотлоогүй, тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэх баримт хэрэгт байхгүй тул түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Энхсайханыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Хууль ёсны эзэмшигчид дээрх “өмчлөгч” гэсэн зохицуулалт хамаарах юм. Харин шүүх Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэснийг хасч шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Иймд нэхэмжлэгчийг газрын албанд гомдол гаргах урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, шүүх хууль буруу хэрэглэсэн талаар гомдлыг хангах нь зүйтэй байна.

Мөн шүүх хариуцагч С.Сарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярыг шүүхийн шийдвэрт хариуцагч гэж заасан нь буруу байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл болохгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/00050 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...91 дүгээр зүйлийн 91.1...” гэснийг хасч, “…106.1...” гэсний дараа “...106.4...” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч Г.Өлзий-Оршихын төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ОЮУНЦЭЦЭГ

                   ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                  Д.ДАМДИН-ОД