Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 77

 

Ш.Амгаланд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранчимэг,

ялтан Ш.Амгалан, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ш.Амгалангийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ш.Амгаланд холбогдох 201525031434 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Шуураахүүгийн Амгалан, 1976 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1-33 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЧО76052413/,

-1996 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 126 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

-1996 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Өвөрхангай аймаг дахь Хархорин дахь Сум дундын шүүхийн 99 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

-2002 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 113 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 124 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих,

-2008 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан.

 Ш.Амгалан нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 18-ын 579 тоот хашаанд танхайн сэдэлтээр Б.Дондогийг толгой тус газар нь хүрзээр олон удаа цохиж, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан,

бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр:

-Ш.Алтанхуяг, Ү.Батсуурь нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, нохойн сургуулийн хашааны гадна байрлуулсан иргэн Ө.Цогхүүгийн “Соната-6” загварын 76-63УНН улсын дугаартай автомашины обудтай 4 ширхэг дугуй, аккумлятор зэрэг эд зүйл хулгайлж 500.000 төгрөгийн,

-Б.Батцэнгэлтэй бүлэглэж 2013 оны 10 дугаар сарын 17-ны Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1-69 тоотод суух В.Алтангэрэлийн гэрээс мөнгөн тоногтой бүс, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Ш.Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Амгаланд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 145.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ш.Амгаланд холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ш.Амгаланг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэнээс бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тоооцож,

Шүүгдэгч Ш.Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ш.Амгаланд энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 17 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ш.Амгаланд оногдуулсан 17 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ш.Амгалангийн цагдан хоригдсон 1020 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хүрзийг устгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.Амгалангаас 5.540.060 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мягмарсүрэнд 5.230.060 төгрөг, хохирогч В.Алтангэрэлд 310.000 төгрөг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тунгалаг нь бусад гэм хорын хохирлоо иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Ш.Амгалан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 193 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэсэн хүн амины хэргийг үйлдээгүй. Хэргийн газар Д.Дашням гэх хүнийг 2 удаа хүрзээр цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл намайг Б.Дондогийн толгой тус газар цохиж амь насыг нь хороосон ба хүнийг санаатай алсан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь мөрдөн байцаагч анх эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шалгаж байсан ба надаас байцаалт авахаар ирээд “цохиулсан хүн чинь нас барчихлаа” гэхээр нь би Д.Дашнямыг нас барсан гэж ойлгоод уг хүн амины хэргийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл сүүлд нь тодруулахад надад цохиулсан Д.Дашням биш, Г.Сүхбаатарт цохиулсан Б.Дондог нас барсан байсан... Хүмүүс маргалдаад байх шиг чанга чанга дуугараад байхаар нь П.Арслаа, М.Малчбек нартай хашаа руу ороход Л.Мөнх-Оргил нэг хүнтэй барьцалдсан байхаар нь би тэнд байсан хүрзээр Мөнх-Оргилын барьцалдсан хүнийг 2 удаа цохисон ба тэр хүн нь Д.Дашням юм. Би өөр хүнд хүрээгүй ба П.Арслаа намайг тэвэрч аваад хүрзийг хаяуулсан. Үүнийг гэрч нар янз бүрээр зөрүүтэй мэдүүлсэний улмаас гэмт хэргийн үнэн байдал тогтоогдохгүй байна. Тухайн үед Г.Сүхбаатар нь надтай адилхан хар хүрэм, малгайтай байсан. Гэрч Д.Дашням нь сэжигтэн Г.Сүхбаатарыг таньдаг учраас талийгаач Б.Дондогийг Г.Сүхбаатар зодож цохиж байсан талаар огт ярьдаггүй. Гэрч Д.Дашням нь Л.Мөнх-Оргилыг зодож байхад нь би Л.Мөнх-Оргилыг өмөөрч гэрч Д.Дашнямыг хүрзээр хоёр удаа цохисны улмаас надад өширхөж Г.Сүхбаатарын үйлдлийг нуун далдалж худал мэдүүлж байгаа нь хэргийн явцаас харагдаж байна. Гэрч П.Ганчимэг нь хэрэг гарах үед согтуу байсан ба түүнийг шүүх хуралдаанд гэрчээр оруулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч тэрээр шүүх хуралдаанд оролцоогүй. Прокуророос Г.Сүхбаатарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд энэ талаар гомдол гаргасан боловч шийдвэрлэлгүй орхигдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Прокурор хуульд заасан цагдан хорих хугацааг хэтрүүлж намайг цагдан хорьсон. Хавтаст хэрэг нь эмх замбараагүй дугаарлалттай, архив бичиг баримтын шаардлага хангаагүй байгаа ба олж унших, ойлгон танилцах боломжгүй байна. Мөн миний бие 2015 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 23-ны хооронд Г.Эрхэмбаяр, Г.Анхбаяр нартай 3 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаагчид хэлсэн бөгөөд уг 3 удаагийн үйлдлийг нэмж нэгтгэн шалгуулах хүсэлт гаргасан боловч авч үзэлгүй орхигдуулж, миний эрх зүйл байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийн үнэнийг тогтоож, хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэв.  

Ялтан Ш.Амгалангийн өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Амгалангийн хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс Ш.Амгалангийн Г.Эрхэмбаяртай үйлдсэн гэх 3 удаагийн хулгайн гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасан. Г.Эрхэмбаяр нь Ш.Амгалантай хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдүүлдэг. Хэргийн тухайд Сүхбаатарыг сэжигтнээр татсан. Сүхбаатар нь  хэрэг болох үед хар хүрэм өмссөн байсан. Гэхдээ “би хүрмээ тайлаад өгсөн”  гэдэг ч Ш.Амгалан, Сүхбаатар хоёр хоёулаа “хар хүрэмтэй байсан” гэдэг. Харин урт богино гэдэг дээр л мэдүүлэг зөрдөг. Уг хэргийн гол гэрч болох Ганчимэг нь “тухайн үед согтуу хүүхэн орилоод байсан” гэдэг. Ш.Амгалан нь Дашнямыг хүрзээр цохисон үйлдэл байдаг. Гэхдээ талийгчийг бол цохиогүй гэдгийг гэрч, хохирогч нар мэдүүлдэг. Дондогийг иш нь хугархай хүрзээр нэг удаа цохисон болохыг гэрч Ганчимэг харсан байдаг. Мөн хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогддог. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Ганчимэгийг оролцуулах санал тавьж байсан. Гэвч гэрч Ганчимэг “айгаад байна. Очихгүй” гэдэг. Үнэхээр айгаад байна уу, эсхүл худал гэрчлээд байна уу гэдэгт эргэлзээ төрж байна. Сүхбаатар Дондогыг өшиглөөд зодож байсан талаар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Үүнээс авч үзвэл Сүхбаатарын оролцоог хэрэгсэхгүй болох эсэх асуудал яригдана. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Н.Тунгалаг хэлэхдээ “Ганчимэг манай хашаанд байсан, нялх хүүхэдтэй, шүүх хуралдаанд айгаад ирэхгүй гэсэн” гэдэг. Тухайн үед зүс үзэж тааралдаж байснаас Ш.Амгалангийн зүгээс Ганчимэгт дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Тэгэхээр гэрч Ганчимэгийн мэдүүлгийг хөдлөшгүй үнэн гэж үзэх нь учир дутагдалтай байна. Цагдан хоригдсон хугацааны хувьд Ш.Амгалан хүний эрхийн газар хүсэлт гаргасан. Тухайн хэргийг шалгагдаж байх явцад ял эдлэх нийт хоногийг шалгаж өгөөч гэж хэлж байсан. Ш.Амгалан нь хангалттай цагдан хоригдсон. Тэрээр эхтэйгээ хэд хоног байх талаар хүсэлтийг гаргасан. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд зааснаар шалгагдаж байсан хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс нь тусдаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж илүү хоногоор хууль бусаар хорьсон. Иймд Ш.Амгалангийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Г.Эрхэмбаяртай хамт үйлдсэн хулгайн хэргийг энэ хэрэгт нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. Мөн гэрчийг тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг, гэрч ямар үндэслэлээр шүүх хуралдаанд оролцохгүй гээд байгааг шалгаж тогтоож өгнө үү...” гэв.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ш.Амгалангийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тэрээр Баянгол дүүрэгт бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул энэ хэргээ шалгуулах хүсэлт гаргасан байна. Баянгол дүүргийн цагдаагийн газраас Ш.Амгаланг хэрэгт шалгагдаж байгаа гэх баримтыг өгөөгүй. Мөн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 9 цагийн үед бусдын гэр лүү согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бүлэглэн дайрч ороод бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан улмаар бусдыг санаатай алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Тухайн хэрэг гарах үед Ганчимэг гэх гэрч байсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Ганчимэгийг оролцуулах санал гаргасан боловч Төв аймагт амьдардаг, төрөөд удаагүй, нялх хүүхэдтэй байгаа учраас шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт ирүүлсэн. Ингээд шүүх гэрчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Гэрч Ганчимэгийн “өндөр нуруутай Ш.Амгалан гэх хүн Дондогийн толгойн тус газарт хүрзээр цохисон. Цохиулсны дараа биеийн байдал нь муудаад хашаа налаад сууж байсан” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв. 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн          284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн байна.

Ш.Амгалан нь архи ууж согтуурсан үедээ 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8.30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 18-н 579 тоот хашаанд “Хамт яваа найзуудтай маргалдаж байна” гэдгээр шалтаглан ямар нэгэн үгийн зөрүүгүйгээр иргэн Д.Дашням, Б.Дондог нарыг хүрзээр цохиж зодон улмаар иргэн Б.Дондогийн толгойн тус газарт хүрзээр цохисны улмаас гавал тархины битүү гэмтэл учруулан түүнийг танайн сэдэлтээр санаатай алсан болох нь:

ялтан Ш.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх1, х186/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө манай 7 цаг 30 минутад босоод галаа түлсэн. Ингээд цайгаа уугаад сууж байгаад манай нөхөр өнөөдөр гэртээ амаръя гээд сууж байсан. Ингээд 8 цаг 30 минут болж байхад хар Сүхээ гэж залуу, бас нэг өндөр залуу, арай намхан хөх саравчтай малгайтай саарал куртиктэй залуу гурав манайд орж ирээд “Ганаа хаана байна” гэж надаас асуусан. Тэгэхээр нь “ямар ганаа яриад байгаа юм бэ, би тийм хүн танихгүй” гэж хэлсэн. Гэтэл “Ганаа гээд байна шүү дээ” гэсэн. Тэгсэн нөхөр Д.Дондог “мэдэхгүй гээд байгаа юм биш үү, юу асуугаад байгаа юм” гэсэн чинь намхан залуу нь “дуугүй байгаарай, би чамаас асуугаагүй энэ хүнээс асууж байна” гэж талийгаач руу хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачийг “чи чимээгүй байж бай” гэж хэлчихээд “ямар Ганаа вэ” гэж асуусан. Гэтэл хар Сүхээ “яагаав 7 буудлаар архи уугаад яваад байдаг хар Ганаа” гэж асуусан. Тэгэхээр нь “өө тийм манай дээд талын хашаа” гэж хэлсэн. Гэтэл “нуучихаад худлаа яриад бай” гэж Сүхээг хэлэхээр нь “юу яриад байгаа юм бэ, тэр айл чинь манай дээд талын дээд айл” гэж хэлсэн. Манай хүн “Монгол хэлээр хэлээд байгаа юм биш үү, та нар гараач” гэж хэлсэн чинь намхан саравчтай малгайтай залуу “чи яасан том дуутай п.... вэ, гараад ир” гээд тэд гарсан. Тэгэхээр нь талийгаачийг гарах гэхээр нь “чи яах гээд байгаа юм бэ, битгий гар” гэж хориод үлдээсэн. Тэгсэн талийгаач “Даашка гадаа хүнтэй маргалдаад байна, би гарчихаад ирье” гэсэн. Даашка гэдэг нь манай хойд талын айл буюу миний төрсөн дүү Д.Дашням юм. Би бага охиноо хувцасыг нь өмсгөх гэж байтал талийгаач гараад явсан. Би гадна юу болж байгааг мэдээгүй. Хүүхдээ хувцаслаад сууж байтал манай хашаанд хөлсөөр суудаг Ганчимэг гэх эмэгтэй гаднаас “Тунгаа эгчээ цагдаа дуудаач аллаа шүү дээ” гэж орилсон. Тэгтэл Даашка манайх руу үсрээд ороод ирсэн. Араас нь намхан, саравчтай малгайтай залуу орж ирээд “чамайг алнаа п... минь” гээд манай гэрт орж ирж Дашнямыг 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь тэр хүн гараад явчихсан. Тэгээд би араас нь гартал нөгөө хүмүүс хашаанаас гараад явчихсан, манай талийгаач хашаан дотор хашааны шон налаад зогсож байсан. Би “яасан бэ чи” гэсэн чинь “намайг нэг юмаар л цохьчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү дагуулж орсон. Тэд манайд анх орж ирээд гарахдаа хаалга хүчтэй савсан. Тэгэхэд нь 2-3 унь унаж хаалга гажсан байсан. Талийгаач гажсан хаалгыг сүхээр хадаад янзалж байснаа “Тунгаа миний дотор муухай оргиод байна” гэсэн. Тэгсэнээ амандаа хуруугаа хийж байгаад хүчээр бөөлжсөн. Тэгсэн талийгаач сууж байснаа “миний толгой өвдөөд байна, би ер нь явж ээж дээрээ очиж үхье” гэж хэлэхээр нь толгойг нь харсан чинь духны дээхэн хэсэгт үл ялиг бага зэрэг шалбархай, толгойны орой дээр бас нэг жижиг шалбархай байсан....талийгаач 30 минут хэртэй унтаад босч ирээд “толгой сонин болоод байна” гэж хэлсэн. Тэгээд би диклолинк гэж эм авч ирсэн. Тэгсэн бас л яриа нь сонин болчихсон байсан. Тэгээд эм уулгачихаад хоол хийгээд аягалах гэж байтал манай хүү “аав сонин болчихлоо” гэсэн. Тэгээд эргээд хартал хөл, гар нь татганаад амнаас нь хөөс гарч байсан. Очоод татсан чинь ямар ч ухаангүй болчихсон хүчтэй хурхираад байсан. Тэгээд сэрэхгүй болохоор түргэн дуудаад гэмтлийн эмнэлэгт аваачсан. Хагалгаанд ороод 48 цаг ухаангүй байж байгаад нас барсан” гэх мэдүүлэг /хх1, х56-59/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би бэр Тунгалагаас “яасан юу болсон юм” гэж асуухад “манайд согтуу 3 хүн орж ирээд манай дээд талын дээдэх айлыг асууж орж ирээд агсам тавиад гарахдаа гэрийн тотгоны унийг унагаад гарсан” гэж хэлсэн. Тэгээд талийгаач тэдний араас гарч “та нар айл андуурсан байна, явцгаа” гэж хэлсэн гэсэн. Тэгсэн хүрзээр талийгаачийг толгойд нь бөмбөр нүдэж байгаа юм шиг олон удаа цохисон гэж хажуу айлынх  нь Ганчимэг гэх эмэгтэй бидэнд хэлсэн юм. Ингээд миний хүү “толгой өвдөөд байна” гэж гэртээ орж хэвтэж байгаад ухаан алдаад гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн юм байна лээ” гэх мэдүүлэг /хх1, х36-38/,

хохирогч Д.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний хувьд тухайн үед Ш.Амгалан гэж залууд хавтгай дөрвөлжин хүрзний арын хэсгээр толгойдоо 2 удаа цохиулсан. Тэр өдрийн өглөө намайг гэртээ байж байхад манай хүүхэд гэр дотроос чимээ сонсоод “аав эмээгийн гэрт хүмүүс хашгираад байх шиг байна, та гараач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрээс гараад иртэл хүргэн ах талийгаач Б.Дондогийн гэрийн үүдэнд 2 залуу зогсож байсан. Нэг нь Батзориг гэж зүс таних залуу байсан, нөгөөх нь Мөнх-Оргил гэж залуу зогсож байсан. Гэтэл талийгаачийн гэрээс хар хочтой Сүхээ гэж залуу гарч ирсэн. Тэгэхээр нь би “юун хүмүүс вэ” гэсэн чинь талийгаач Б.Дондог гарч ирээд “мэдэхгүй хүн асууж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь Батзоригоос “чи энд юу хийж яваа юм бэ” гэсэн чинь “Сүхээ ах л хүн асууж явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та нар хар өглөөгүүр таньж мэдэхгүй айлд орж ирлээ, гарцгаа” гэж би хэлсэн. Тэгсэн хар Сүхээ нь “чи Ганааг мэднэ шүү дээ” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь “чи ах гээд байхаар битгий давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгсэн Мөнх-Оргил нь намайг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би гарыг нь цохиж тавиулаад цааш нь түлхтэл ардаас хүрзээр толгойны дагз хэсэг рүү 2 удаа нилээн хүчтэй цохисон. Би газар унаад дахин босоод ирсэн, тэгтэл тэр залуу хүргэн Б.Дондогийн толгойд дахиад цохиод авахаар нь би унасан газраасаа чулуу аваад тэднийг айлгах гэж шидсэн боловч хэн нэгнийг оноогүй. Тэгтэл Мөнх-Оргил газраас чулуу авахаар нь би зугтаад хүргэн ах Б.Дондогийн гэр рүү гүйгээд ороход ар нуруу, зүүн бөөр орчимд алгын чинээ том чулуу ирж цохисон. Тэгээд гэр рүү гүйгээд ортол араас Мөнх-Оргил нь орж ирээд “би чамд сануулсан биз дээ” гэж хэлээд миний баруун гуя руу өшиглөсөн. Тэгсэн ээж байсан уу, эгч байсан уу орилоод “цагдаа дуудлаа шүү” гэж хашгирсан. Тэгтэл Мөнх-Оргил нь гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг /хх1, х40-42/,

 “...Манай ээжийн гэрт манай эгч Тунгалаг, нөхөр Б.Дондог болон хүүхдүүдтэйгээ амьдардаг юм. Тэгээд би 2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө гэртээ унтаж байтал манай 13 настай охни Намуунтуяа намайг сэрээгээд “аав гадаа зодоон болоод байх шиг байна” гэхээр нь босоход манай хашаанд хүмүүс хэрэлдээд байх шиг чимээ гарахаар нь хувцасаа өмсөөд гартал Б.Дондог гэрийнхээ гадаа үүдэнд үл таних хоёр эрэгтэй хүнтэй хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би гараад тэд нар дээр очоод “та нар яагаад айл амьтан амраахгүй хэрүүл хийгээд байгаа юм, гараач” гэхэд Б.Дондогийн гэрээс хар Сүхээ гараад ирсэн. Тэгэхээр нь би Сүхээ ахтай урьд нь таньдаг байсан болохоор мэндлээд “та нар юу хийж яваа юм” гэж асуухад нөгөө жижиг залуу нь “энд Гансүрэн гэдэг хүн амьдардаг биз дээ” гэхээр нь “энд тийм хүн байдаггүй, та нар айл андуурсан байна” гэж хэлсэн. Тэгээд тэд нарыг Б.Дондог ах бид хоёр нийлээд “та нар гар” гээд хашаанаасаа гаргахын завдалгүй л өндөр хар хувцастай кепик малгай өмссөн залуу хаанаас ч юм гэнэт гартаа хүрз барьчихсан гарч ирээд шууд миний араас толгой руу цохисон. Тэгээд намайг холдтол шууд манай хүргэн ах Б.Дондогийн толгой руу нь хүрзний урд төмөр ажлын хэсгийн ар хэсгээр нь хоёр удаа цохисон. Тэгээд би салгах гэхэд нөгөө хэдэн залуу нь миний урдаас чулуу шидээд байхаар би зугтаагаад гэртээ орчихсон. Намайг зодож цохисон асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэх мэдүүлэг /хх1, х51-52/,

гэрч П.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө манай хашаанд хүмүүс хэрэлдээд байхаар нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод гартал манай хашаанд үл таних 3 хүн ороод ирчихсэн Дашням ахтай хэрэлдээд байсан ба тэр хүмүүс Ганаа гээд дээд айлын эгчийг асуугаад манай хашаанд андуураад ороод ирсэн юм шиг байсан. Тэр үед бас Б.Дондог ах гараад ирчихсэн байсан бөгөөд тэгтэл нэг өндөр биетэй хар хувцастай хүн Б.Дондог ахын гэрийн хойно байсан хүрзийг аваад шууд Даашка ахыг толгой руу нь хэд хэдэн удаа цохисон ба Дашка доошоо суугаад толгойгоо хамгаалтал нөгөө хүрз барьсан залуу Б.Дондог ахыг хүрзний ишнээс нь барьж байгаад төмөрний ар хэсгээр толгой руу нь цохиод маш олон удаа цохиж нүдсэн. Тэгж байгаад нөгөө хүрзнийх нь иш мултраад унахад л нөгөө хүн Б.Дондог ахыг хүрзээр цохихоо больсон ба би очоод нөгөө хүнээс хүрзнийх нь ишийг гараас нь булаагаад авчихсан. Тэгээд намайг нөгөө хүнээс хүрзийг нь булааж авсаны дараа хар урт куртиктэй хар Сүхээ гэдэг хүн талийгаач Б.Дондог ахыг хашаанд шахаж байгаал өшиглөөд гараараа цохиод “чи яасан овоо байна” гээд нүдээд байсан. Тэгж байгаад тэр хүмүүс гараад явчихсан. ...Хүрз барьсан том биетэй залуу Даашка ахыг хүрзээр толгойд нь хоёр удаа цохисон. Тэгсэн Даашка ах доошоо суугаад хашаа руу орсон. Тэгсэн тэр хүрз барьсан залуу талийгаач Б.Дондог ахыг хашааны жижиг хаалганы хажууд толгой руу нь хүрзээр нилээн хэдэн удаа цохисон. Бараг 6-7 удаа цохисон. Тэгсэн хүрзний иш сугараад унахад тэр хүн цохихоо больсон.” гэх мэдүүлэг /хх1, х62-65/,

гэрч Ш.Нанзаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө манай охин Тунгалаг, хүргэн Б.Дондог, хоёр зээгийн хамт тавуулаа байсан. Хүмүүс орж ирээд “Ганаа гэж хүүхэн байна уу” гэж чангаар хашгирч асуусан. Охин Тунгалаг “та нар гарцгаа, нялх нойтон хүүхэд, сохор хүн байна” гэж дуугарч байсан. Тэгтэл тэд гарах шиг болсон. Хаалга хүчтэй савах чимээ гарч, унинууд унах шиг болсон. Нэг нь “яасан том дуутай п.... вэ, гараад ир” гэж хашгирсан. Тэгэхээр нь би талийгаач Б.Дондогийг “миний хүү битгий гар” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач “хүмүүс гадна хашгираад байна, би гарчихаад ирье” гэж дуу гарах шиг болж гараад явчихсан байсан. Тэгээд гадна юу болсныг би мэдэхгүй, гэртээ сууж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа талийгаач Б.Дондог орж ирэн “толгой өвдөөд байна, бөөлжмөөр байна” гэж байсан. Би “яасан миний хүү, юу болсон юм бэ” гэхэд “миний толгой руу хүрз юм уу нэг юмаар цохичихлоо, толгой өвдөөд байна” гээд байсан. ...хаалга эвдэрсэн байна гээд гэрийнхээ хаалгыг хадаасаар хадаад байх шиг байсан. Үүний дараа бөөлжөөд байсан.  Тунгалаг эм авчирж өгч байсан. Нэг мэдсэн бие нь муудлаа гээд түргэн аваад явсан.” гэх мэдүүлэг /хх1, х68-69/,

гэрч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Оргил /Л.Мөнх-Оргил/, Дашка /Д.Дашням/ хоёр маргалдсан. Тэгтэл гэнэт Ш.Амгалан хүрз бариад гарч ирээд л ямар ч байсан Дашкаг хүрзээр цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх1, х77-78/,

гэрч П.Арслаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бид нар автомашин дотор юм яриад 5-10 минут орчим болсон. Гэтэл Ш.Амгалан “нөгөө хэд чинь энэ айлд байх шиг байна, чанга чанга дуугараад байна шүү. Хэдүүлээ бууж оръё” гэж хэлсэн. Тэгээд автомашинд манай авгай үлдээд Ш.Амгалан, Отгоо, Бек бид дөрөв тэр айлын хашаагаар араас нь давж орсон. Ш.Амгалан түрүүлж орсон. Тэр айлын хашаанд ороход нэг жижигхэн залуу Мөнх-Оргилын өөдөөс чанга чанга дуугараад хашгичаад байсан. Тэгтэл Ш.Амгалан нь хаанаас авчирсан юм мэдэхгүй нэг хүрз барьчихсан ирээд тэр залууг хүрзээр нуруу руу нь 2 удаа цохиод тэр залуу газар унасан. Тэгэхээр нь би дундуур нь ороод Ш.Амгаланг тэвэрч аваад хүрзийг нь гарнаас нь мулталж унагасан. Тэгээд “энэ айл биш гэж байна шүү дээ, айл андуурсан байна шүү дээ” гэж би хэлсэн. Тэгээд хашааны үүдээр гадагш гарцгаасан.” гэх мэдүүлэг /хх1, х81-83/,

гэрч М.Малчбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ш.Амгалан хаанаас авсан юм мэдэхгүй хүрз барьсан очоод тэр залуугийн араас толгой руу нь 2 удаа далайж байгаад савж цохисон, цохиулсан залуу гэр рүү гүйгээд ороход араас нь Мөнх-Оргил чулуугаар араас нь 2 шидсэн. Нэг чулуу нь гэрийн хаалгыг онож байсан. Тэгээд Мөнх-Оргил нь гэр рүү араас нь орох гэж байсан. Тэгсэн нэг хүүхэн “та нар яваач, зайлаач” гээд хашгирч байсан. Би Ш.Амгаланг очиж аваад хашаанаас гарсан. Сүхээ нь хашааны үүдэнд бас нэг хүнтэй маргаад барьж аваад зууралдаад байсан. Тэгэхдээ Сүхээ цээжээ нүцгэлж “та нар хэзээ ийм болчихсон юм, алив хүрээд ир, алаад өгье. Сайхан зодолдохыг чинь харъя” гээд нэг хүнийг заамдаж барьж аваад эрүү, толгой, гэдэс рүү нь гараараа цохиод, хөлөөрөө өшиглөөд байж харагдсан. ...намайг очиход Ш.Амгалан нь ямар ч байсан нэг хүнийг хүрзээр цохиж байсан, миний харсанаар лав 2 удаа цохиод хүрзний иш сугараад унасан, би очоод Ш.Амгаланг бариад авахад хажуунаас нэг эмэгтэй тэр хүрзний ишийг булааж авсан.” гэх мэдүүлэг /хх1, х87-89/,

гэрч Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гараад иртэл Ш.Амгалан хүрз барьчихсан Дашкаг газар унагачихсан хүрзээр дээрээс нь цохиод зодож байсан. Тэгээд Мөнх-Оргил бид хоёр салгаж аваад явцгаасан.” гэх мэдүүлэг /хх1, х104-105/,

“...Ш.Амгалан хүрз барьчихсан Дашкаг газар унагачихсан хүрзээр дээрээс нь цохиод зодож байсан. Хохирогч Б.Дондогийг бол Ш.Амгалан зодсон. Ш.Амгалан гартаа хүрз барьчихаад л хүн зодоод байсан.” гэх мэдүүлэг /хх1, х195/,

гэрч Л.Мөнх-Оргилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэгсэн гэр дотроос нэг эмэгтэй “нялх нойтон хүүхэдтэй байхад согтуу орж ирлээ та нар” гээд орилоод тэгтэл Сүхээ гэрээс гараад ирсэн. Тэгтэл арын гэрээс нэг жижигхэн залуу гарч ирсэн. Тэр залуу гарч ирээд “та нар юу юм бэ, яах гэж үүгээр эргэлдээд байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “айл асуух гэж орж ирсэн юм, одоо бид нар гарлаа” гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу бид нар руу чанга чангаар орилж “та нар 7 буудлын архичид, ямар айлаа асуудаг юм” гээд урдаас дайраад давшлаад байсан. Тэгээд хашааны хаалгаар бид гараад иртэл хашааны том хаалга онгойж Арслаа, Ш.Амгалан хоёр ороод ирсэн. Ш.Амгалан хашааны том хаалга өшиглөж онгойлгоод орж ирсэн. Нэг харсан чинь Ш.Амгалан хүрз барьчихсан тэр жижиг залууг 2 удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх1, х106-107/,

шинжээч О.Болороогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Талийгаач Б.Дондог гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Энэ гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн болно. Энэ гэмтэл нь амь насыг аврах боломжгүй гэсэн үг юм. Талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 буюу түүнээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байж болох боломжтой юм.” гэх мэдүүлэг /хх1, х121/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Б.Дондог нь дээрхи гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач Б.Дондогийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархайн хэсгээс зулай яс, суурь ясны дунд хонхор руу үргэлжилсэн хугарал, баруун чамархайн хатуу хальсны дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, тархины дагзны баруун хэсгийн няцрал, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байжээ. Талийгаач нь ГССҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байсан тул цусанд спиртийн зүйл үзэх шаардлагагүй болно.” гэх 1900 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х109-110/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “...Ш.Амгалан нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. Ш.Амгалан нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ш.Амгалан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ш.Амгаланд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Ш.Амгалан нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх 1092 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х126/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х11/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х12/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х13/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х14-15/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх1, х17/,

Хүрзэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х18/,

Хүрзэнд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х19-20/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х21/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х22-26/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх1, х132-144/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Мөн Ш.Амгалан нь урьд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр:

-Ш.Алтанхуяг, Ү.Батсуурь нартай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, нохойн сургуулийн хашааны гадна байрлуулсан иргэн Ө.Цогхүүгийн “Соната-6” загварын 76-63УНН улсын дугаартай автомашины обудтай 4 ширхэг дугуй, аккумлятор зэрэг эд зүйл хулгайлж 500.000 төгрөгийн,

-Б.Батцэнгэлтэй бүлэглэж 2013 оны 10 дугаар сарын 17-ны Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидийн 1-69 тоотод суух В.Алтангэрэлийн гэрээс мөнгөн тоногтой бүс, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

ялтан Ш.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...В.Алтангэрэл ах тааралдаж “манайд очиж ганц шил архи ууя” гэж хэлэхээр нь Батбаатарын хамт гэрт нь очсон. Гэрт нь очоод “Хараа” нэртэй 0.5 граммын архи хувааж уугаад байж байтал цаад талын өрөөнөөс нь Батбаатар “мөнгөн бүсийг нь аваад гар” гэж хэлсэн. Тэгээд тэндээс гараад Батбаатар надад тэр мөнгөн бүсийг өгсөн. Тэр мөнгөн бүсийг шалгахад төмөр байсан. Би тэр мөнгөн бүсийг гэртээ аваачиж тавьсан. Тэр мөнгөн бүсийг би Нарантуул зах дээр хуучин эдлэл авдаг Өлзийбатад 20.000 төгрөгөөр барьцаанд тавьсан.” гэх мэдүүлэг /хх2, х222/,

сэжигтэн Ү.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Жигжидын зуслангийн амны эцэст биеийн тамирын талбайн гадна засмал зам дээр саарал өнгийн “Соната-6” загварын автомашин ертөнцийн зүгээр зүүн тийш харчихсан зогсож байсан. Тэгсэн чинь манай дүү Ш.Амгалан “энэ зогсож байгаа “Соната-6” миний толгойг хагалсан хүний автомашин мөн байна, би тэр хүнээсээ эм тарианы мөнгө аваагүй, энэ хүнээс хариугаа авна, энэ автомашин дээр очоод зогсоодох” гэж хэлээд тэр автомашин дээр очиж зогсоод гурвуулаа буусан. Тэгсэн чинь нөгөө автомашины баруун талын хойд хаалганы жижиг шилийг Ш.Амгалан гараараа цохиж хагалаад, миний автомашины домкратыг гаргаж өргөөд 4 дугуйг нь тайлж аваад, копутыг нь онгойлгож аккумляторыг нь авчихаад доошоо уруудаад засмалаас гараад явж байгаад цасанд суусан. Тэгээд автомашинаа цаснаас гаргах гэж ноцолдсоор байгаад өглөөний 05 цаг 30 минутын орчимд автомашинаа цаснаас гаргаж аваад гэртээ харилгүй шууд хотын төв рүү явж, Өгөөмөр зах дээр очиж зах онгойхыг хүлээж байгаад онгойнгуут Алтанхуяг зах руу орж 4 дугуйгаа 150.000 төгрөгөөр зарчихлаа гэж хэлээд мөнгийг нь авчирсан. Тэгээд мөнгөө аваад гэртээ харихаар явж байхдаа замаасаа 2 шил 0.5 граммын “Ерөөл” архи, тамхи, ундаа зэрэг зүйл авчихаад яьж байтал миний автомашины дугуй хагараад зам дээр дугуйгүй тул зогссоор байгаад сүүлдээ авсан архиа уугаад байж байтал цагдаа нар ирж барьж авсан юм.” гэх мэдүүлэг /хх2, х182/,

сэжигтэн Ш.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Автомашин цасанд суусан тул ганцаараа гарах гэж оролдоод гаргаж чадахгүй байсан тул автомашинаасаа бууж буцаж Ш.Амгалан, Ү.Батсуурь хоёр руу алхаж очсон чинь тэр хоёр 4 ширхэг дугуй, хар өнгийн аккумлятор 2 замын хойд талд тавьчихсан зогсож байсан. Тэгэхээр нь “юун дугуй юм” гэхэд Ш.Амгалан “миний толгойг хагалсан хүний автомашин энд зогсож байна. Автомашиных нь дугуйг зарж эмчилгээнийхээ мөнгийг гаргаж авахаас” гэж хэлсэн. Тэгээд бид гурав нөгөө 4 дугуй, аккумляторыг нь авч автомашин дээрээ очоод өглөө Өгөөмөр зах руу явсан. Дугуйгаа 150.000 төгрөгөөр зарчихаад гэр рүүгээ явж байгаад замаасаа 3 шил архи л лав авсан. Нэг мэдэхэд цагдаа ирээд авч явж байсан юм.” гэх мэдүүлэг /хх2, х208/,

хохирогч Ө.Цогхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 19 цагийн орчим гэртээ харих гэсэн чинь цас ороод өгсүүр газар явахгүй болохоор нь Жигжидийн зуслангийн Нохойн сургуулийн хашааны гадаа гэрээс 20 орчим метр зайтай газар өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын 76-63УНМ улсын дугаартай автомашинаа тавьсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд очиход 4 дугуй байхгүй, баруун талын хойд хаалганы жижиг гурвалжин шил хагархай, урд гуперийн баруун доод эмжээр нь цуурсан байдалтай байсан. Автомашины дугуй нь 4 улирлын 15-тай, хайлшин обудтай боорцогон хээтэй. Аккумлятор нь 60 ампер цагтай, өнгө нь хар байсан, загварыг нь сайн мэдэхгүй. Хайлшин обуд дугуйтайгаа нийлээд 440.000 төгрөг, аккумлятор нь 60.000 төгрөг болно” гэх мэдүүлэг /хх2, х142/,

хохирогч В.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Найзууд” дэлгүүрийн гадаа Ш.Амгалан, түүний найз хоёртой тааралдаж Ш.Амгалан “таньд мөнгө байна уу” гэж асуухаар нь “яах гэж байгаа юм” гэхэд “ганц юм уух гэсэн юмаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “манайд нэг шил архи байгаа, манайх руу явъя” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт очиж “Хараа” архи 0.5 граммыг задалж хувааж ууж байгаад би Ш.Амгалангийн найзад “өрөө рүү ороод бууз жигнэчих” гэж хэлсэн. Тэр залуу бууж жигнэсний дараа “таны аяга хаана байна” гэж асуухаар нь “цаад өрөөнд чинь байгаа” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Ш.Амгалан найздаа “чиний ажил болохоо байлаа” гэж хэлээд манайхаас хурдан гараад явсан. Манай гэрт Ш.Амгалан найзтайгаа ирдэг өдрийн маргааш нь гэрт байж байтал манай хөгшин “бүс чинь хаана байна” гэж асуухаар нь би тэр хоёр л гэрт ирж авсан байна даа гэж бодсон. Бас мөнгөн аяга хулгайд алдсан.” гэх мэдүүлэг /хх2, х214-215/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх2, х116/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх2, х117-120/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх2, х130/,

Алдагдсан эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх2, х131-132/,

Эд зүйлийн үнэлгээ /хх2, х143/,

Автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /хх2, х149/,

Эд зүйлийн үнэлгээ /хх3, х211-212/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар мөн тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Ш.Амгалангийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдлийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ялтан Ш.Амгалангийн гаргасан “...Би хүн амины хэргийг үйлдээгүй, Б.Дондогийн толгой тус газар цохиж амь насыг нь хохироосон гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хуульд заасан цагдан хорих хугацааг хэтрүүлж намайг цагдан хорьсон, 2015 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын 23-ны хооронд Г.Эрхэмбаяр, Г.Анхбаяр нартай 3 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар нэмж шалгуулна” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Учир нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08.30 цагийн үед Ш.Амгалан нар нь “Ганаа гэгчийг сураглаж айл асуух” нэрийдлээр Г.Сүхбаатар, Б.Батзориг, Л.Мөнх-Оргил нар эхэлж Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 18-ын 579 тоот хашаанд талийгаач Б.Дондогийн гэрт зөвшөөрөлгүй орж, нялх хүүхэд, өндөр настай хүмүүс байсныг үл тоомсорлон бусад руу дайрч, давшилж амь хохирогч Б.Дондогийг “чи яасан том дуутай юм, гараад ир” хэмээн өдөн хоргоож түүнийг гэрээс дуудан гаргаж, улмаар Б.Дондог болон түүний дүү Д.Дашням нарыг “Хашаанаас гарцгаа, хайж яваа айл нь манайд байхгүй” гэснээр шалтаглан тэдэнтэй зууралдаж маргаан үүсгэсэн байх бөгөөд энэ үед автомашинд хүлээж байсан Ш.Амгалан нь хашааны арын хаалгаар орж ирээд, гэрийн ард түшүүлж тавьсан байсан хүрзийг авч ямар ч үгийн зөрүүгүйгээр Д.Дашням, Б.Дондог нарыг хүрзээр зодож, улмаар Б.Дондогийн бие махбодид гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

Мөн түүнийг үндэслэлгүйгээр цагдан хорьсон, хорьж мөрдөх хугацааг хэтрүүлсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж түүний эрх чөлөөнд халдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдан хорих хугацааг тухай бүр шүүгчийн захирамжаар сунгаж байсан, түүнчлэн 2015 онд Г.Эрхэмбаяр, Г.Анхбаяр нартай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэрэг хэлэлцэх ажиллагааг явуулсан нь зөв байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Ш.Амгаланг 2008 онд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсаны дараа ялтайд тооцогдох хугацаандаа 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ашигтай үндэслэлээр ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг өршөөлд хамруулан түүний хулгайн үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2” -т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр ялтан Ш.Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ш.Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                                 ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                              Ц.ОЧ