Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2019/0368

 

Т.Г-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, О.У, хариуцагч Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Т.Г-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газарт тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хууль /2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр/-ийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 27.2.1, 27.2.3, Төрийн албаны тухай хууль /2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр/ 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг тус тус баримтлан Т.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд “Санал хүргүүлэх тухай” албан тоотын 1 дүгээр хавсралтын 8-д дурдагдсан Т.Г-д холбогдох хэсэг, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Г-ын урд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц Улсын бүртгэлийн ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн /2017/ 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 69.1-д заасныг баримтлан Т.Г-ын ажилгүй байсан хугацааны цалин 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 12.688.800 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасны дагуу нэхэмжлэгч Т.Г “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Э-д хүргүүлсэн 2018 оны 1-4/3298 дугаартай албан бичгийн 1 дүгээр хавсралтын 8-д буй Т.Г Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтэс” гэх заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, О.У нар давж заалдах гомдолдоо: “ ... 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хууль /2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасныг зөрчин, “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар зохицуулж, ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, Оюуны өмчийн газарт шилжүүлэх орон тоонд багтаан хүргүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурлын “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2018 оны 31 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын “Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” 2018 оны 175 дугаар тогтоолоор “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар”-ыг татан буулгаж, “Засгийн газрын хэрэгжүүлэгч агөнтлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газар”, “Засгийн газрын хэрэгжүүлэгч агөнтлаг-Оюуны өмчийн газар”-ыг тус тус байгуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40,1 1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасны дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байсан нийт албан хаагчдад “Мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлсэн тул тухайлан Т.Г-д мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн агуулгаар дүгнэсэн нь  алдаатай гэж үзэж байна

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч, Оюуны өмчийн газарт шилжүүлэх орон тоонд багтаан Оюуны өмчийн газарт хүргүүлсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулсан саналын Т.Г-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах ...” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгийг захиргааны акт гэж үзэж дүгнэсэн байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичиг нь захиргааны актын захирамжилсан шинж чанарыг агуулаагүй, ажлаас чөлөөлөгдөх шууд үр дагавар бий болгоогүй. саналын шинжтэй байхад захиргааны акт гэж үзэж, дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, хүргүүлсэн саналыг хүлээн авах, хэрхэн шийдвэрлэх нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газрын эрх хэмжээний асуудал юм.

“Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолын дагуу татан буугдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас чиг үүрэг нь шилжиж байгаа Оюуны өмчийн газарт 31 албан хаагчийн орон тоо, төсөв хөрөнгийг шилжүүлсэн. Оюуны өмчийн газарт орон тоо, төсөв хөрөнгөөр шилжсэн албан хаагчийг Улсын бүртгэлийн ерөнхий газар ажлын байраар хангах үүрэг хүлээхгүй гэж үзэж байна.

3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Оюуны өмчийн газрын даргад өмнөх Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргыг чөлөөлөх нь өөрийн чиг үүрэгт хамааралгүй” гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

“Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор татан буугдаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт чиг үүрэг нь шилжиж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/103 дугаар тушаалаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгож, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу шинээр байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 тоот албан бичгээр Оюуны өмчийн газарт ажиллах 29 албан хаагчдыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Ингэхдээ өмнө нь Оюуны өмчийн газарт ажиллаж байсан албан хаагчдын нэрсийг хүргүүлсэн. Мөн ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой албан хаагчдыг мэргэжил, мэргэжлийнх нь дагуу хүргүүлсэн болно.

“Орон тоо, төсөв хөрөнгө шилжүүлэх тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/128 дугаар тушаалаар агентлагийн дарга нарт тус тусын агентлагт албан хаагчдыг томилохыг даалгасан.

4. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... хариуцагч Оюуны өмчийн газраас “Т.Г-ын эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаал байхгүй” талаар санал Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдээгүй атлаа ...” гэж дүгнэж, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг илт хууль бусад тооцсон мөртлөө Т.Г-ыг урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц Улсын бүртгэлийн ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинээр байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар Т.Г-ыг ажлаас чөлөөлөөгүй болно. 31 албан хаагчийн орон тоо, төсвийг Оюуны өмчийн газарт шилжүүлсэн, шилжүүлэн авсан албан хаагчийг ажлын байраар хангах үүргийг Оюуны өмчийн газар хэрэгжүүлэх ёстой эсэхийг шүүгч дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна

5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ажилгүй байсан хугацааны цалинг тооцон олгохдоо ... , Т.Г-ын ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тооцож 12,688,800 /Арван хоёр сая зургаан зуун наян найман мянга найман зуу/ төгрөгийг олгох нь зөв байна” гэж дүгнэснийг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” 73 дугаар тогтоол, Засгийн газрын 1995 оны “Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай” 96 дугаар тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” 21 дүгээр тогтоол, Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 382 дугаар тогтоолын 4,5 дугаар хавсралт, Засгийн газрын 2019 оны “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолын дагуу тооцон үзэхэд дээрх мөнгөн дүн буюу 12,688,800 төгрөг хүрэхгүй байгаа бөгөөд илүү тооцсон байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль хэрэглээ болон бичиглэлийн алдаа гаргасан, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцон олгохоор шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичиг[1]-ээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар болгож, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу 1 дүгээр хавсралтад дурдсан 29 нэр бүхий албан хаагчдыг төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх саналыг хүргүүлж, улмаар Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаал[2]-аар Т.Г-ыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Т.Г “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газарт Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн, Оюуны өмчийн газрын эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтний ажлын байр нь миний урьд эрхэлж байсан албан тушаал болон цалингийн зэрэглэлээс 3 шатлалаар буурч байгаа тул ажиллах боломжгүй гэдгээ хэлж, өөрийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал дээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр өгсөн. Гэтэл намайг Оюуны өмчийн газарт хууль бусаар шилжүүлж, улмаар ажлаас чөлөөлсөн” гэх үндэслэлээр “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/256 дугаар албан бичгийн 1 дүгээр хавсралтын 8-д дурдагдсан Т.Г-д холбогдох хэсэг, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар “... Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/103 дугаар тушаал[3]-аар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Оюуны өмчийн газарт ажиллах 29 албан хаагчийг урьд Оюуны өмчийн газар ажиллаж байсан болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдөх үед шинээр томилогдсон албан хаагчдын мэргэжил зэргийг харгалзан 2018 оны 1/256 дугаар албан бичгээр саналыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн, Т.Г-ыг Оюуны өмчийн газарт шилжүүлж байгаа талаар түүнд мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн, Т.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа ... ” гэж, хариуцагч Оюуны өмчийн газар “... Батлагдсан орон тоонд Т.Г-ын ажиллаж байсан Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын орон тоо байхгүй тул түүнд “эрх зүй, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллах санал тавьсан боловч ажиллах боломжгүй гэсэн хариу өгсөн, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Т.Г-тай уулзаж, сонсох ажиллагаа явуулж, улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

Нэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 31 дүгээр тогтоол[4], Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоол[5]-оор Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг татан буулгаж, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Оюуны өмчийн газрыг тус тус байгуулж, татан буугдсан газрын албан хаагчыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт шилжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасны дагуу ажлын хэсэг байгуулагдсан, тус ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичгээр нэр бүхий 29 албан хаагчдыг төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар байна.

Энэ тохиолдолд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газар гэсэн хоёр тусдаа байгууллага болж өөрчлөн байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч Т.Г-ын хэрэгжүүлж байсан Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэвээр хадгалагдаж үлдсэн, нэхэмжлэгчээс албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасаар байхад хариуцагч түүнийг уг албан тушаалд томилоогүй нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, хууль бус байх тул нэхэмжлэгчийг Оюуны өмчийн газрын мэдэлд үлдээх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Т.Г-д холбогдох 8 дахь хэсэг, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Т.Г-ыг шинээр байгуулагдсан Оюуны өмчийн газрын төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд үлдээх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажил эрхлэх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсон, улмаар шинээр байгуулагдсан Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх тул дээрх 1/256 дугаар албан бичиг болон түүнийг ажлаас чөлөөлсөн Б/07 дугаар тушаал нь тус тус нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэсэн захиргааны акт юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаал[6]-аар Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тооны дээд хязгаарыг баталсан байна. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар батлагдахаас өмнө 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/256 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Т.Г-ыг ямар нэгэн, шалтгаан үндэслэлгүйгээр Оюуны өмчийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэснээр нэхэмжлэгчид сөрөг үр дагавар үүсгэсэн, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөөтэй захиргааны акт болсон байна.

Зүй нь, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг нэмэлт баталгаагаар хангах хуулийн зохицуулалтыг мөрдөж ажиллах байжээ.

Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тооны дээд хязгаарыг батлаагүй байхад шинээр зохион байгуулагдаж байгаа Оюуны өмчийн газарт нэхэмжлэгч Т.Г-ыг шилжүүлэхээр болсон нь үндэслэлгүй, хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуульд заасан нэмэлт баталгааг алдагдуулсны улмаас маргаан бүхий 1/256 дугаар албан бичгийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг түүнд сөрөг нөлөөтэй, үр дагавар бүхий захиргааны акт байх тул тус албан бичгийг холбогдох хэсгийг шүүх хүчингүй болгосон нь буруу биш тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч Т.Г нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хууль /2002 оны/-д заасан баталгаагаар хангагдах эрхтэй.

Нэхэмжлэгч Т.Г-ыг Оюуны өмчийн газрын мэдэлд шилжүүлж, Оюуны өмчийн газраас тус газрын эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтнээр шилжүүлэн ажиллуулах болсныг мэдэгдсэн байх боловч тэрээр “... ТЗ-9 дүгээр зэрэглэлээр цалинжин ажилладаг ТЗ-6 зэрэглэлээр шилжин ажиллах боломжгүй, албан тушаал болон цалин 3 зэрэглэлээр буурч байна” гэж татгалзсан, харин хариуцагч  Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/123 дугаар тушаалаар Оюуны өмчийн газрын бүтэц, орон тоо батлагдсан” гэсэн үндэслэлээр өмнөх бүтэц болох Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна.

Учир нь, Төрийн албаны тухай хууль /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болох үндэслэлийг заасан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд дээрх үндэслэл бүрдээгүй байсан, мөн нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын нэр “Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга” гэж өөрчлөгдсөн боловч түүний төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд хэвээр хадгалагдан үлдсэн нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга”-ын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт[7]-оор тогтоогдож байна.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хууль /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4-д төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, мөн тухайн байгууллага нь татан буугдсан, бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан бол ажлаас чөлөөлж болох үндэслэлүүдийг заасан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд дээрх нөхцөл байдал бүрдээгүй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн, мөн маргаан бүхий захиргааны акт болох Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалд “төрийн улс төрийн болон үйлчилгээний албан тушаалд сонгогдон, томилогдон ажиллах болсон, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан”, “ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн” болон нэхэмжлэгч Т.Г Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ямар шаардлагыг хангахгүй болсон талаарх үндэслэлүүдийг дурдаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй байна.

Мөн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд “Т.Г нь Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй байгаа” гэж тайлбарлан маргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт”[8]-оос үзэхэд Ерөнхий шаардлагын “Чухал шаардлагатай” гэсэн хэсэгт “Багш, эрх зүйч болон бусад”, “Шаардлага” гэсэн хэсэгт “Эрх зүйч болон бусад” гэж тус тус заасан байна.

Харин шинээр байгуулагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт[9]-д мэргэжил-“Эрх зүйч”, мэргэшил-“Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага” гэж өөрчлөгдсөн байх хэдий ч ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, мэргэжлийн /эрх зүйч/ шаардлага хангахгүй талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гаргаагүй, өмнө нь Эрх зүйч болон бусад мэргэжил шаардлагатай байх үед нэхэмжлэгчийг тухайн ажил албан тушаалын чиг үүргийг гүйцэтгүүлж ирсэн байх тул шинэ ажлын байранд “эрх зүйч” мэргэжилтэй байх шаардлага тавигдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг байгууллагын бүтэц өөрчлөгдөхөөс өмнө ажиллаж байсан албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй, хууль бус байна.

Түүнчлэн шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод “Захиргаа” гэсэн чиг үүрэг нэмэгдсэн байх хэдий ч нэхэмжлэгч Т.Г нь Удирдлагын академийг “Төрийн захиргааны менежмент”-ээр төгссөн[10] байх тул “захиргааны чиг үүргийг гүйцэтгэх боломжгүй” гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй, өмнө нь “эрх зүйч” гэсэн шаардлага тавигдаж байхад 2 жил тухайн ажлын байрны чиг үүргийг гүйцэтгүүлж байсан атлаа шинэ бүтцээр “эрх зүйч” гэсэн шаардлага тавигдсан тул “Ажлын байрны шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр маргаж буй хариуцагчийг зөвтгөх үндэслэлгүй.

Ийнхүү Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 тушаалаар Т.Г-ыг төрийн албанаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хууль /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.6,  27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул тус тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэгэнт шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн томилж байгаа тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнд олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй боловч анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-ийг баримтлаагүй нь буруу юм.

Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зохицуулсан, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь шинэ бүтэц болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын “Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга”-ын албан тушаалд томилогдож чадаагүй, хэрэв хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч цалин хөлс авах боломжтой байсан тул 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулах нь хуулийн дээрх заалтад нийцэхээр байна.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “... Т.Г-ын ажилгүй байсан хугацааны цалинг тооцож үзэхэд 12.688.800 төгрөг хүрэхгүй, илүү тооцсон” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгчийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож үзэхэд сүүлийн 3 сар буюу 2018 оны 4, 5, 6 дугаар сард авсан нийт цалин, хөлс 4.387.808 төгрөг, үүнээс 4, 5, 6 дугаар сарын хоол, тээврийн хөлс болох 320.000 төгрөгийг хасч нийт 4.067.808 төгрөгийг сүүлийн ажилласан 3 сард хуваахад 1 сарын дундаж цалин хөлс 1.355.936 төгрөг болж байна. 

2018 оны 4, 5, 6 дугаар сар нь нийт ажлын 64 хоногтой байх бөгөөд /64:3= 21/ 1 сард дунджаар ажлын 21 хоног байх тул 1 сарын дундаж цалинг ажлын 21 хоногт хувааж тооцвол /1.355.936:21=64.568 төгрөг/ 1 хоногийн дундаж цалин 64.568 төгрөг байх бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хүртэл нийт ажлын 202 хоног байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцвол, /64.568x202/ нийт 13.042.736 төгрөг /Арван гурван сая дөчин хоёр мянга долоон зуун гучин зургаа/ төгрөг болж байна.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг дутуу тооцон олгохоор шийдвэрлэжээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул анхан шатны шүүх шийдвэрийнхээ 3 дахь заалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсаныг батлахдаа холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь учир дутагдалтай болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон бичиглэлийн мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөвтгөсөн өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120  дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/256 дугаар албан бичгийн 1 дүгээр хавсралтын Т.Г-д холбогдох 8 дахь хэсгийг, Оюуны өмчийн газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Г-ыг урьд эрхэлж байсан албан тушаалтай нь дүйцэхүйц Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан Т.Г-ын ажилгүй байсан 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговор 13.042.736 /Арван гурван сая дөчин хоёр мянга долоон зуун гучин зургаа/ төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Т.Г-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэж, 3 дахь заалтын “... татгалзсныг баталсугай” гэснийг “... татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              О.НОМУУЛИН

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ 

 


[1]ХХ-23-25, 42-48, 104-108 дугаар хуудас

[2]ХХ-ийн 49 дүгээр хуудас

[3]ХХ-ийн 84 дүгээр хуудас

[4]ХХ-ийн 63 дугаар хуудас

[5]ХХ-ийн 65 дугаар хуудас

[6]ХХ-ийн 88-96 дугаар хуудас

[7]ХХ-ийн 137-141 дүгээр хуудас

[8]ХХ-ийн 191-196 дугаар хуудас

[9]ХХ-ийн 137-141 дүгээр хуудас

[10]ХХ-ийн 157-158 дугаар хуудас