Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00811

 

“Силкрөүт трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01284 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 620 дугаар магадлалтай,

“Силкрөүт трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.Ариунбаярт холбогдох,

хохиролд 4.720.340 төгрөг гаргуулах тухай үндсэн,

ажилгүй байсан хугацааны цалин 8.700.000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, диплом, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхадын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ариунбаяр нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажилд орж, түүнтэй хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын болон нууц хадгалах гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус тус байгуулсан. Э.Ариунбаяр нь өөрийн ажил үүргийн дагуу бараа худалдан авах гэсэн харилцагчдаас захиалга авч, тэрхүү захиалгын дагуу харилцагчдад бэлнээр эсвэл дараа төлбөрт нөхцөлтэйгөөр барааг нийлүүлдэг ба компани болон хувь хүн барааг зээлээр авсан тохиолдолд төлбөрийг дараа нь компанид төлж, харин бэлэн мөнгөөр авсан үед төлбөрийг худалдааны төлөөлөгчид шууд төлдөг. 2015 оны 01 сараас 2015 оны 9 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн хариуцсан 7 харилцагч газраас авсан мөнгөө компанид тушаагаагүй хувьдаа авч компанид нийт 4.720.340 төгрөгний хохирол учруулсан нь “Аудитын зөвлөмж” болон Прокурорын тогтоолоор нотлогдож байна. Улмаар “Силк рөүт трейдинг” ХХК-иас 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган түүнийг шалгуулахад, компанид хохирол учруулсан нь тогтоогдсон ч “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 294 дугаартай прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын  хооронд байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаартай хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 5.4-т заасны дагуу Э.Ариунбаяраас компанид учруулсан бодит хохирол 4.720.340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ариунбаяр шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие “Силк Рөүт Трейдинг” ХХК-нд 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Үүнээс хойш буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр компани надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн. Ажиллаж байх хугацаандаа ажлын дутагдал болон ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр компанид хохирол учруулсан гэж ажлаас чөлөөллөө гэж надад мэдэгдсэн. Уг ажлаас чөлөөлсөн тушаалыг надад танилцуулаагүй буюу гардуулаагүй. Ийм учраас 2015 оны 08 дугаар сар болон 9 дүгээр сарын цалин 1.000.000 төгрөг, мөн анх ажилд орсноос эхлэн буюу 2013 оны 09 дүгээр сараас эхлэн сар бүр цалингаас барьцаа гэх нэрийдлээр 50.000 төгрөг буюу нийт 24 сарын барьцаа мөнгө 1.200.000 төгрөг, мөн миний ажилгүй байсан хугацааны цалин 6.500.000 төгрөг нийт 8.700.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны бичилт хийлгэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэнд болон бакалаврын диплом зэргийг компанийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01284 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар Э.Ариунбаяраас 4.720.340 /дөрвөн сая долоон зуун хорин мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Силкрөүт трейдинг” ХХК-иас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/  төгрөгийг гаргуулж, хариуцагч  Э.Ариунбаярт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 620 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01284 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.Ариунбаяраас 4.720.340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “хариуцагчаас 90.476 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01284 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 620 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэр гаргах гол үндэслэл нь Аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Аудиторын дүгнэлтэд захирал, эсхүл партнер гарын үсэг зурж баталгаажуулсан байна.” гэсэн заалт байна. Аудитын тухай хуулийн 3.1.1.“аудитын үйл ажиллагаа” гэж аудитын хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлтгаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг; ойлгоно гэж заасан байна.Энэ заалтаас үзэхэд зөвлөмж, дүгнэлт хоёрыг ижил утгаар ойлгох нь буруу гэж үзэх буюу хуулийн 16.3 дахь заалт нь зөвхөн дүгнэлтэнд тавигдах шаардлага гэж үзэж байна. Мөн Давж заалдах шатны шүүх нь “Сүлд Аудит” ХХК-ийг аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн. Сүлд Аудит ХХК нь оноосон нэрийнхээ ард “аудит” гэдэг үгийг хэрэглэдэг, тамга тэмдгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу хийлгэн, ашиглаж байгаа, тусгай зөвшөөрөл бүхий компани юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь зөвхөн гарын үсэг зураагүй гэдэг шалтгаанаар нотлох баримтыг үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох харилцагчийн гаргаж өгсөн тайлбар, прокурорын тогтоол зэрэг нотлох баримтууд, хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр дүгнэлт гаргасан байна. Мөн хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаа үндэслэлээ нотлох ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнгөнзул хариуцагч Э.Ариунбаярын Хаан банкин дахь дансны хуулгыг гаргуулан авсан байдаг ба энэхүү хуулгаар хариуцагч нь өөрийн хувийн дансандаа харилцагчдаас 26.774.000 төгрөг хүлээн авсан байдаг.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2016/01284 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 620 дугаартай магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Силкрөүт трейдинг” ХХК-ийн “...4.720. 340 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч, ажилгүй байсан хугацааны олговорт 6.500.000 төгрөг, цалингаас үндэслэлгүй суутгасан 1.200.000 төгрөг, 2015 оны 8, 9 дүгээр сарын цалин 1.000.000 төгрөг нийт 8.700.000 төгрөг болон баримт бичиг гаргуулах сөрөг шаардлага гаргажээ.

“Силкрөүт трейдинг” ХХК  нь Э.Ариунбаяртай 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж худалдааны төлөөлөгчөөр томилж, улмаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулжээ.

Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нөхцлүүд тусгагдсанаас үзвэл зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч “...тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй, аудитын зөвлөмжид аудитын баг эсхүл эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Аудитын тухай хуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

“Сүлд-аудит” ХХК-ийн аудитын баг нь “Силкрөүт трейдинг” ХХК-ийн хүсэлтээр тус байгууллагын худалдааны төлөөлөгч Э.Ариунбаярын 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны 7 харилцагчийн тооцоог хүлээн авч санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд хөндлөнгийн баталгаажуулах шалгалтыг хийж, аудитын зөвлөмж тайлан гаргасан байх ба уг  баримтад Сүлд аудит ХХК-ийн тэмдэг дарагджээ /хэргийн 23-26 дугаар тал/.

Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-т аудитын тухайн гэрээт ажлыг гүйцэтгэхээр аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг аудитын баг гэж тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “аудитын баг гүйцэтгэсэн ажлын баримтад тэмдэглэл хөтөлж, дүгнэлтээ баримтжуулна” гэжээ. Иймд  Аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан “аудиторын дүгнэлтэд захирал, эсхүл партнер гарын үсэг зурж баталгаажуулах” тухай зохицуулалт нь аудитын багийн дүгнэлтэд тавигдах тусгайлсан шаардлага гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, “Силк аудит” ХХК нь аудитын үйл ажиллагааг багаар гүйцэтгэсэн, энэ тохиолдолд зөвлөмжийг компанийн тэмдгээр баталгаажуулсныг буруутгах боломжгүй юм.

Тусгай зөвшөөрөл авсан аудитын хуулийн этгээд нь “Аудит” гэсэн үгийг оноосон нэрийн ард хэрэглэхээр Аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т заасан. “Сүлд-Аудит” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй хэдий ч тус компани оноосон нэрийн ард аудит гэсэн үгийг хэрэглэсэн ба хариуцагч энэ талаар маргаагүй тул аудитийг тусгай зөвшөөрөлгүй гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа байгууллагад хохирол учруулсан гэж тодорхойлсон бол хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа эд хөрөнгө хүлээн аваагүй гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.3-т “тооллого, тооцоо бодолтоор гарсан дутагдалд ажилтан буруутай болох нь тогтоогдвол хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 294 тоот тогтоолоор  Э.Ариунбаярт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэл дурджээ /хэргийн 30-31 дүгээр тал/. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан тул хариуцагчийн гэм буруутай болох нь дээрх тогтоолоор тогтоогдсон гэж үзэхгүй. 

Түүнчлэн хэргийн 69-79 дүгээр талд авагдсан, Аудитын зөвлөмжийн үндэслэл болсон баримтуудад дурдсан бүтээгдэхүүнийг хэн хүлээн авсан, хэнд хүлээлгэн өгсөн талаарх мэдээлэл тусгагдаагүй байна. Тодруулбал, дээрх баримт нь хариуцагчийг барааг хүлээн  хүлээн авсан гэж үзэх хангалттай үндэслэл  болохгүй байна.    

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу хариуцагчтай сар бүр тооллого, тооцоог хэрхэн хийж байсан, учирсан хохирлыг хэрхэн яаж тогтоосон нь тодорхой бус бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй, энэ утгаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэх байжээ.

Сөрөг нэхэмжлэлээс 1.200.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 620 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхадын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 90.476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ