Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/01975

 

 

 

 

 

 

 

 

    2023        11         13                                           210/МА2023/01975

 

 

Т.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/02783 дугаар шийдвэртэй

Т.Г-ийн нэхэмжлэлтэй, Ц.М-т холбогдох,

Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57А дугаар байр, **** тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22041056** дугаартай орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Долгор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би хариуцагч Ц.М-тай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгууулж,  Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, **** тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-22041056** дугаартай, 51.95 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 88,315,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Дээрх гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанд байсан тул надаас авсан мөнгөөр зээлийг төлж дуусган үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. Би гэрээний дагуу урьдчилгаа 44,157,500 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 44,157,500 төгрөгийг хуваарийн дагуу төлж байсан. Худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авсан зээлээ төлж, зээлийн барьцаанаас чөлөөлж өгөөгүй учраас 2022 оны 10 дугаар сараас төлбөр төлөлтийг зогсоож, Ц.М-тай уулзаж асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон.

1.3. Миний бие үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 93.1 хувийг бүрэн төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 6,133,000 төгрөгийг төлөөгүй нь миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Би үлдэгдэл төлбөрийг хэзээ ч төлөхөд бэлэн байгаа тухайгаа хариуцагчид мэдэгддэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, тус үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж авсан зээлийн гэрээний үүргээ өөрөө биелүүлж, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардсан.

1.4. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж заасан тул би тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч юм. Иймд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, **** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22041056** дугаартай орон сууцны өмчлөлд шилжжүүлэх, тус үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Т.Г-ийн гаргасан Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, **** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22041056** дугаартай орон сууцны өмчлөлд шилжүүлэх, тус үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.М-т холбогдох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57А дугаар байр, **** тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22041056** дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 669,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй мэтээр дүгнэж, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 57а байр, **** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22041056** дугаартай 51.95 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 88,315,000 төгрөгөөр худалдан авахаар талууд тохиролцож, төлбөрийг хариуцагчид төлсөн. Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлсөн, мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрхийн зөрчилтэй хөрөнгө шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрт гэрээний үүргийн гүйцэтгэлийн харилцааг зохицуулсан заалтыг хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчийн тухайн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг гаргахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой. Талууд гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө зээлийн гэрээний барьцаанд байгааг мэдэж байсан нь тухайн хөрөнгийг эрхийн доголдолтой гэж үзэх үндэслэл болохгүй. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалбартай байна гэдэг нь хариуцагчийг зээлийн төлбөрийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр төлбөрийг төлсөн байхад шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож болохгүй. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байна.

4.2. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг зэргээс үзвэл дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь төлбөр авагч “А” ХЗХ-ны барьцаанд байх бөгөөд тухайн хөрөнгө дээр өөр бусад төлбөр авагч байхгүй. Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөр төлөгч Ц.М, н.Г болон төлбөр авагч “А” хадгаламж зээлийн хоршоонд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Т.Г-ийн хувийн өмчид холбогдуулан гүйцэтгэгдэж байгаа ажиллагааг холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тухайн орон сууцны анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй байхад дээрх байдлаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Ц.М-т холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57А дугаар байр, **** тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-22041056** дугаартай орон сууцыг өмчлөлд шилжүүлэх, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай  нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байна.

 

3. Т.Г- нь Ц.М-тай 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн Ү-22041056** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, **** тоот хаягт байрлах, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 88,315,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, уг үл хөдлөх хөрөнгө нь зээлийн барьцаанд байгаа, Ц.М- нь барьцаанаас чөлөөлсний дараа гэрээг нотариатаар батлуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 6-7/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Дээрх худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж, бичгээр байгуулжээ.

3.1. Худалдан авагч Т.Г нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57А дугаар байр, **** тоот орон сууцны урьдчилгаанд болон гэрээнд заасан графикийн дагуу 25 удаагийн гүйлгээгээр нийт 78,178,619 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, цахим төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. Мөн тухайн орон сууц нэхэмжлэгчийн эзэмшилд шилжсэн, гэрээгээр тохирсон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн дийлэнх хэсгийг төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй болно. /хх-ийн 8-31, 45/

3.2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл нь хөрөнгийн үнэ болон гэрээний зүйл байдаг. Нэхэмжлэгч нь хөрөнгийн үнээс 78,178,619 төгрөгийг хариуцагчид төлсөн, үлдэх төлбөрийг тэрээр төлөхийг зөвшөөрсөн, энэ талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57А дугаар байр, **** тоот орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг даалгах эрхтэй байна.

3.3. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээгээр эрхийн зөрчилгүй хөрөнгө нэхэмжлэгчид шилжүүлээгүй, уг хөрөнгө бусдын барьцаанд бүртгэлтэйг гэрээг байгуулахдаа мэдэж байсан, тухайн хөрөнгийг барьцаалсан этгээд уг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч Ц.М-т холбогдох, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57А дугаар байр, **** тоот орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

3.4. Хэргийн баримтаас үзвэл Ц.М нь “А” хадгаламж зээлийн хоршоотой 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр “А” хадгаламж зээлийн хоршоо болон Ц.М- хооронд барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.М-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22041056** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, **** тоот хаягт байрлах, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 70-74/

3.5. Харин Т.Г болон Ц.М нар худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний 6-д тухайн үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанд байгаа..., гэрээний 9-т зээлийн барьцаанаас чөлөөлсөний дараа гэрээг нотариатчаар батлуулахаар харилцан тохиролцсон байна. Түүнчлэн, гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлийн барьцаанд байгаа талаар нэхэмжлэгч маргахгүй байна.

3.6. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэж заасны дагуу эд хөрөнгийн өмчлөгч солигдсон ч үл хөдлөх эд хөрөнгийн үүссэн барьцаа хүчинтэй байх тул нэхэмжлэгч Т.Г-т улсын бүртгэлийн Ү-22041056** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, **** тоот хаягт байрлах, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасанд нийцэхээр байна.

4. Харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22290572/137 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, **** тоот хаягт байрлах, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул нэхэмжлэгчийн “урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.1. Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын тэмдэглэл хийж болно” гэж   зохицуулсан. Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр улсын эрхийн бүртгэлийн газар хандсан талаар баримтгүйгээс гадна, улсын эрхийн бүртгэлийн газар нь урьдчилсан тэмдэглэгээ хийхээс татгалзсан нөхцөлд иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх асуудал биш юм. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/02783 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-ийг улсын бүртгэлийн Ү-22041056** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, **** тоот хаягт байрлах, 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөлийг шилжүүлэхийг хариуцагч Ц.М-т даалгаж, нэхэмжлэлээс үлдэх урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг “...56.1” гэсний дараа “...56.2” гэж нэмж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Ц.М-аас 599,525 төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Т.Г-т олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Г-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,525 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ                    

 

            ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ