Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга О.Алтанзул,                                  

Улсын яллагч Т.Жавхлантөгс,

Шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Секел кешубай овогт ............ холбогдох эрүүгийн 1809041061142 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, МУБИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, 2 ах, 1 эгчийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын 5 дугаар баг, Хужиртад оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж 110 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, .......... регистерийн дугаартай, Секел кешубай овогт ...................

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Ш.Н нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 46 дугаар байрны 4 дүгээр орцны гадна 2018 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 4 цагийн үед иргэн М.Майцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орохоор завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Майцэцэг /хх-ийн 13-17/, гэрч Ё.Жаргалсайхан /хх-ийн 20-21/, Ш.Нарбулан /хх-ийн 22-23/, Г.Цогтгэрэл /хх-ийн 24-25/ нарын мэдүүлэг, Ш.Нын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 29-31/, Ш.Нын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 32-37, 39-46, 48/, шинээр өгсөн 3 хуудас баримт зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 4 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 46 дугаар байрны 4 дүгээр орцны гадна М.Майцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орохоор завдсан болох нь: 

 

хохирогч М.Майцэцэгийн /хх-ийн 13-15/: “... 2018 оны 9 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө ажлаа тараад такси бариад Монгол гуравдугаар сургуулийн урд талд шөнийн 04 цаг 40 минутын орчим буугаад хойшоогоо Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах 46 дугаар байр руу эргээд явж байтал араас нэг эрэгтэй “хөөе” гээд дуудахаар нь би эргэж харчихаад орц руугаа гүйгээд орох гэтэл нөгөө эрэгтэй араас ирээд миний куртканы ар зах хэсгээс татаад орц руу оруулахгүй хааж зогсоод орцны хажууд байдаг зүлгэн дээр намайг түлхэж унагаасан. Миний дээр гараад миний өмд болон курткийг тайлах гэж оролдсон. Дараа нь миний хүзүүн дээр 4-5 удаа үнссэн. Мөн куртика тайлах гэж байгаад миний цамцыг дээш сөхөөд гараа оруулаад миний хөх болон гэдэс хэсгийг илсэн. Миний дээрээс дарсан байхдаа гараараа миний нүүр рүү хоёр удаа алгадсан. Уруул дээр хүчээр үнссэн ба тухайн үед би болиулах гээд эсэргүүцэж “туслаарай” гэж орилсон. 5 дугаар орцноос нэг эгч, 6 дугаар орцноос нэг ах гарч ирээд тэр эрэгтэйг салгаад цагдаад дуудлага өгсөн. ...Ш.Н надад 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 400.000 төгрөгийн хохирол барагдуулсан ба надаас уучлалт гуйсан. Надад одоо нэхэмжлэх хохирол, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ё.Жаргалсайханы /хх-ийн 20-21/: “...Байрны гадаа нэг эмэгтэй тусламж гуйж хашхирхаар нь би цонхоор харсан чинь нэг эмэгтэй орилоод байсан. Түүний дээр нэг залуу дараад хэвтэж байх шиг байхаар нь би залууд хандаж “боль, тавь цагдаа ирж байна” гэж цонхоор хашхирахад болихгүй байсан. Би гэрээсээ гараад тэр эмэгтэйн дээр гарсан байсан казах залууг болиулах гэхэд тэр казах залуу босож ирээд зугтах гэсэн. Би тэр залууг зогсоогоод түлхсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. ...Намайг салгах үед тэр эмэгтэйг нүцгэлсэн зүйл харагдаагүй. Дээр нь гараад хэвтсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

Ш.Нын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 18-19, 29-31/: “... Би тэр үл таних эмэгтэйг оролдсон. Гэхдээ бэлгийн харилцаанд ороогүй. Би тэр эмэгтэйг үнсэхэд хашхираад байсан. Би согтуу байсан болохоор л тэр эмэгтэйг оролдсон байх. ...Тухайн үед үл таних настай эмэгтэй хүн, хоёр үл таних залуу намайг салгаж доош харуулан хэвтүүлэхэд би амьсгалж чадахгүй байсан. … Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Майцэцэгийг байрныхаа гадаа явж байхад нь хүчиндэхээр завдсан үйлдэлдээ харамсаж байна. Би хохирогч М.Майцэцэгийн сэтгэл санааны хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Нын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч Ш.Н нь М.Майцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүчээр бэлгийн харьцаанд орохоор завдсаныг хохирогч, гэрч нар болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ш.Н  нь согтуурсан үедээ М.Майцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орох үйлдэл хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас уг үйлдэл  төгсөөгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүчиндэх” гэмт хэргийн завдалтын шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Нын “Хохирогчийн хүсэл зоргийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Хохирогч М.Майцэцэг нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Секел кешубай овогт Шүкирханы Нурбахытыг хохирогчийн хүсэл зоргийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ш.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Ш.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                   

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ